У.Хүрэлсүх: Манай сайдууд давхар дээлтэй биш, давхар хариуцлагатай сайд нар

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг УИХ  хоёр өдөр,  шөнө хуралдснаар шинэ Засгийн газар бүрдлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар сайд нараа 100 хувь УИХ-аас бүрдүүлсэн гэдгээрээ ихэд онцлогтой.  Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Би давхар дээлийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар дээл  ажил хийх боломж хожмоо хүлээх хариуцлагыг эзэнтэй болгож буй шалгуур гэж үзэн сонголтоо хийсэн. Өнөөдрөөс эхлээд манай сайд нар ард түмнийхээ өмнө  УИХ-ын болон Засгийн газрын гишүүн гэсэн давхар хариуцлагыг хүлээх болно. Иймд манай сайд нарыг давхар дээлтэй гэхээсээ давхар хариуцлагатай сайд нар гэж хэлбэл илүү ононо гэж үзэж байна” хэмээн тодотгосон юм.


У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайд нар:

  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Г.Занданшатар 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
  • Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар
  • Барилга хот байгуулалтын сайд  Х.Баделхан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  •   Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
  •   Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар
  •  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  • Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
  •   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
  • Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар боллоо.

 

Ийн  15 сайд  томилогдсоны  дараа  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр “Манай Засгийн газрын ажиллах нөхцөлийг бүрдүүлж танхимын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь томилж өгсөн УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Монголын төр Монгол түмнийхээ төлөө өндөр үүрэг хариуцлага итгэл найдварыг хүлээж хамтдаа зүтгэх томилолт өвөртөлсөн Засгийн газрын  гишүүддээ ажлын амжилт хүсье.

Та бүхэн хариуцсан ажилдаа эзэн болж салбар бүртээ сахилга, дэг журмыг чандлан тогтоож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж танхимын зарчмаар бүтээлч хариуцлагатай, шийдэмгий шуурхай ажиллана гэдэгт би итгэл төгс байна.  У.Хүрэлсүх сайд нараа 100 хувь УИХ-аас бүрдүүллээ, давхар дээл өмслөө, тохиролцоонд  орлоо гэх  шүүмжлэл ихэд  байна. Энэ бол байх ёстой эрүүл шүүмжлэл гэж би үзэж байна. Шүүмжлэлийг ажлаараа харуулж засах болно. Би давхар дээлийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар дээл бол ажил хийх боломж хожмоо хүлээх хариуцлагыг эзэнтэй болгож буй шалгуур гэж үзэн сонголтоо хийсэн. Өнөөдрөөс эхлээд манай сайд нар ард түмнийхээ өмнө  УИХ-ын болон Засгийн газрын гишүүн гэсэн давхар хариуцлагыг хүлээх болно. Иймд манай сайд нарыг давхар дээлтэй гэхээсээ давхар хариуцлагатай сайд нар гэж хэлбэл илүү ононо гэж үзэж байна. Ерөнхий сайдын хувьд ч гэсэн энэ шаардлагыг тавьж ажиллах болно.


 

Та бидний хийж хэрэгжүүлэх ажил маш тодорхой. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-аас баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг бодит ажил болгон хэрэгжүүлэх их ажил мөн хүндхэн сорилтууд манай Засгийн газрыг хүлээж байна. Яг үнэнийг хэлэхэд, манай улсын эдийн засгийн төсөв санхүүгийн байдал туйлын хүнд байна. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ хандаж улс эх орныхоо эдийн засгийн бодит байдлыг тодорхой тоо баримттайгаар үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Цаашид ч гэсэн бодит байдлыг үнэн зөв, ил тод илтгэж байх болно. Нийтдээ 2018 онд 5,7 их наяд төгрөгийн гадаад, дотоод бонд зээлийн үндсэн төлбөрийг манай улс төлж барагдуулна. Хэдийгээр өнгөрсөн жил гаруй хугацаанд эдийн засагт  тодорхой эерэг өөрчлөлтүүд гарсан боловч өмнөх жилүүдийн эдийн засгийн алдаатай бодлого, төсөв санхүүгийн сахилга батгүй байдал, тооцоо судалгаагүй шийдвэрүүдээс улбаатай өр зээлэндээ баригдаж тамирдан туйлдсан эдийн засгийг шинэ Засгийн газар хүлээн авч байна. Бид ийм нөхцөл байдлаас ажлаа эхэллээ. Үүнээс гарахын тулд тогтвортой хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэхийн төлөө манай засгийн газар хичээж ажиллах болно.

  • Нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Шударга ёс, ардчилсан нийгмийн үнэт зүйл, шударга ёсонд суурилсан хөгжил дэвшил бол манай нийгмийн үнэт баялаг мөн. Монгол төрийн эмх цэгц хариуцлага, сахилга бат, дэг журмыг чангатгана. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд төрийн албаны бүх шатанд зөвхөн шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг би хатуу шаардаж мөн үүрэг болгож байна. Сахилгатай төрийг сайн төр гэдэг. Төрийн албыг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг санаархдаг хүмүүст төрийн албанд ажиллах орон зай үгүй болсон гэдгийг хатуу анхааруулна.

 

  • Манай Засгийн газар авилга, хээл хахууль хүнд суртал, шударга бустай хатуу тэмцэж хариуцлага тооцно.  Хуулийн хяналтын байгууллагууд хүний эрхийг дээдэлж улс төрөөс ангид аливаа эрх мэдэлтний гар, хөл болохгүй зөвхөн хууль, шударга ёсонд захирагдан мэргэжлийн өндөр ёс суртахуунтай ажиллах ёстой. Ард түмэн ч үүнд нэхэл хатуу байгаа. Олон түмний энэхүү хүсэмжлэлийг  бид хатуу шаардаж ажиллах болно. Ашигт малтмал болон бусад тусгай зөвшөөрөл, газар олголт зэрэг хээл хахууль хүнд суртал дагуулсан ажлуудыг ил тод нээлттэй болгоно.

 

  • Манай Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, зарлагыг багасгаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж, өр зээлийг хазаарлаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрүүлжүүлж сэргээхийн төлөө бүхий  л боломж нөхцөлөө  дайчилна.

 

  • Газрын доорхи баялагийг газрын дээрхи баялаг болгохын төлөө ажиллана. Байгалийн баялгаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж үр шимийг нь Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ ХАА, эрчим хүч, аялал жуучлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа эрчимтэй хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж цаашид хүнс экспортлогч хүнсний  орон болгохын  төлөө ажиллана. Ингэхийн тулд малчид, тариаланчид  руугаа хандсан төрийн цогц бодлого дэвшүүлэн  малаа эрүүлжүүлэх их ажлыг эхлүүлэхээс гадна "Мах, сүүний анхдугаар аян",  "Үйлдвэржилт 21, 100" хөтөлбөр,  “Атрын гуравдугаар аян”,  "Монгол мал",  "Эрүүл хүнс", "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр зэрэг ХАА-н салбарт дэвшүүлэн тавьсан зорилтуудаа биелүүлнэ. Хоёр хөрш болон бусад улс руу уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх гарц боломж байна. Ингэснээр манай улсын эдийн засаг олон тулгуурт болох эхлэх тавигдах юм.

 

  • Олон жил ярьсан төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоно. Газрын тосны үйлдвэрээ байгуулъя, төмөр зам, эрчим хүч, дэд бүтцийн олон төслүүдээ цаасан дээр бус хөрсөн дээр нь буулгана.  Алдагдалтай мөртлөө ард түмний хөрөнгөөр ажиллаж буй улсын үйлдвэрүүдийг цэгцэлж төсвийн орлогоо ч нэмэгдүүлнэ.

 

  • Бизнес эрхлэгч, гадаад, дотоод хөрөнгө оруулагч, ажил олгогчдоо бүх талаар нь дэмжиж ажиллана. Эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд төр засгийн хүчин чармайлтаас гадна иргэн бүрийн оролцоо нэн чухал байна. Тэдэнд учирч буй хууль бус аливаа  дарамт шахалтыг  үгүй хийж төр засгаас олгодог лиценз зөвшөөрлийн тоог цөөлж аль болох бизнесийн чөлөөт байдал, шударга өрсөлдөөний орчныг бий болгоход анхаарч ажиллана. Ингэхийн тулд манай Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ гар нийлж хамтран ажиллах болно.

 

  • Нийгмийн сайн сайхны төлөө онцгой анхаарч тулгамдсан олон асуудлыг судлан шийдвэрлэнэ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш, эмч нарын цалинг нэмэх бүхий л гарц, боломжийг судална. Өнөөдөр агаарын бохирдол, авто замын түгжрэл, цэвэрлэх байгууламж, хог хаягдал хүнсний аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудалд бодит үр дүн гаргахыг олон түмэн биднээс нэхсээр байна. Нийслэл хотын эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цогц төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.  Тухайлбал, хог боловсруулах үйлдвэр баръя. Цэвэрлэх байгууламжаа шийдье. Аливаа шийдвэрийг гаргахдаа олон түмний санаа бодолд тулгуурлан эрдэмтэн, судлаачид мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, тооцоо судалгаанд түшиглэн шинжлэх ухаанчаар хандах зайлшгүй шаардлага байна.

 

  • Манай Засгийн газар гадаад харилцааг эдийн засгаар засаглуулан хөгжүүлж улс төр, хүмүүнлэг, соёл, худалдааны харилцааг өргөжүүлэн  улс орныхоо өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлт байдлыг даван туулахын тулд мөнхийн хоёр хөрш  болон гуравдагч хөрш орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана. Монгол хүн бүр аз жаргалтай, ажилтай, орлоготой, эрүүл энх, ирээдүйдээ итгэл төгс байх боломжийг бүрдүүлэхийн төлөө бид бүхэн Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-тайгаа бүх талаар нягт хамтран ажиллах болно. Манай Засгийн газрын бодлогын төвд Монгол хүн, Монгол Улсын иргэн та байх болно" гэв.

Ш.Адъяамаа

 

 

 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхаа(27.123.214.93) 2017 оны 10 сарын 20

Үнэхээр зангарагтай сайд нар байна. Овоо засаг бүрдлээ шүү хаа очиж. Одоо сайн ажилах хэрэгтэй,.,

0  |  0
Анхаа(27.123.214.93) 2017 оны 10 сарын 20

Үнэхээр зангарагтай сайд нар байна. Овоо засаг бүрдлээ шүү хаа очиж. Одоо сайн ажилах хэрэгтэй,.,

0  |  0
ДАВХАР ХАРИУЦЛАГА (112.72.12.71) 2017 оны 10 сарын 20

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨМНӨ НЬ ХЭД ХЭДЭН УДАА САЙД ХИЙЖ БАЙСАН ХҮН Ч БНА, УИХ-Д НАСААРАА АЖИЛЛАСАН ХҮНЧ БНА, ТӨРИЙН СУУДЛЫГ ТОЙРУУЛАН ЭЭЛЖ ДАРААЛУУЛАН СУУЖ БАЙГАА ХҮН Ч БНА ЭНЭ ХҮМҮҮС УРЬД НЬ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛЖ ХУЛГАЙЛЖ ХУВААЖ ИДЭЖ БАЙХАД НЬ ТЭД ХАРЖ МЭДХИЙН ДЭЭДЭЭР Л МЭДЭЖ БАЙСАН ЯААГААД ТЭР ҮЕД НЬ ХАМГААЛААГҮЙ ЮМ ОДОО ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ САЙН ХҮН БОЛЖ ТАНАЙ МАНАЙ НАМ ТЭГСЭН ГЭЖ ЯРЬДАГ ИЙМ ХҮМҮҮСЭЭС АЖЛЫН ШИНЭ ҮР ДҮН ГАРАХ ЮМ ГЭЖ ҮҮ? ЭД ЧИНЬ ХУЙВАЛДАГЧИД ЮМ БИШ ҮҮ? АРД ТҮМНЭЭР МИНЬ УЛСААР МИНЬ ТОГЛООД ДУУСАЖ БНА ШҮҮ ДЭЭ ХАРЖ БАЙДАА АРД ТҮМЭН МИНЬ ДАВХАР ХАРИУЦЛАГА

0  |  0
ЗОЧИН(112.72.12.71) 2017 оны 10 сарын 20

ИЙМ ХАРИУЦЛАГАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ИНГЭЭД Л ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭЭР ГАРЧ ИРЭЭД АРД ТҮМЭНДЭЭ СОНГУУЛИАР ЗАРЛАСАН АМЛАЛТАНДАА ХҮРЧ ЧАДАХГҮЙ ТЭС ӨӨР ӨӨР ЮМ ЯРЬЖ ӨӨР ӨӨРСДИЙН ХҮССЭНЭЭР АЖЛААД ЭХЛЭХ Л ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ АРД ТҮМЭНД ХУДЛАА АМЛАЛТ ӨГЧ ТӨР БАРИХ ЭРХЭЭ ОЛЖ АВСАН ЮМ БЭ? ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХ НЭР ОЛДОХГҮЙ БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ ДАВХАР ХАРИУЦЛАГАТАЙ ХУДАЛЧ ЗАСГЫН ГАЗАР НЭР ӨГӨХ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ ЭХНЭЭСЭЭ ИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙГААД НЬ ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА ТЭРНИЙ ОРОНД ЗҮГЭЭР Л НАЙДВАРТАЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ АЖИЛЛАХ ДАН ДЭЭЛТЭЙ ХҮНЭЭР САЙД ТАВЬЖ ЧАДААГҮЙГЭЭ Л ХЭЛЭНЭ БИЗ ДЭЭ.

0  |  0
зочин(122.201.24.225) 2017 оны 10 сарын 20

Юуг ч яаж тайлбарлаж болдог. Гайхалтай. АН намын давхар дээлтэй сайдууд давхар хариуцлага хүлээж байсан байхад та нар минь яагаад эсэргүүцээд байв даа. Бүр талбай дээр жагсаад л

0  |  0
ард(150.129.142.90) 2017 оны 10 сарын 20

Шинэ сайдууд дотор ичих булчирхайгүй Ч. Хүрэлбаатар гэгч нүдний булай нэг байнаа, ерөнхийлөгч өө

0  |  0
Top