Чуулганаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2017 оны 10 сарын 21

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.10.20) хуралдаан 16 цаг 58 минутад 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонслоо.

    Төр засгаас түлш эрчим хүчний салбарыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон салбар гэж үзэж олон жилийн туршид, бүхий л бололцоогоор гадаад, дотоодын боломжит эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүнд өнөөдөр 95 жилийн түүхтэй түлш, эрчим хүчний салбар улс орны эрчим хүч, дулааны өнөөгийн эрэлт хэрэгцээг найдвартай хангаж чадахуйц түвшинд хүрээд байгааг мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй, нийт 330 гаруй сум, сууринг бүхэлд нь найдвартай эрчим хүчээр хангаж, иргэд ая тухтай амьдрах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх таатай боломжийг бүрдүүлээд байгаа аж.


 

    Эрчим хүчний салбар 2016-2017 оны өвлийн улирлын их ачааллыг амжилттай давж, системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр энэ өвлийн хамгийн оргил ачааллыг авч ажиллан, системийн нийт ачаалал 1,2 гегаватт хүрснээс төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 994 мегаватт хүрсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр дулааний эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүчний импорт, экспортын талаар болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Монгол Улсын Засгийн газраас 2016-2017 оны өвөл нийслэлийн гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар ашигласан цахилгааны хэрэглээг шөнийн цагаар 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр хорооллын 114,5 мянган хэрэглэгчдэд 3.4 тэрбумтөгрөгийн тарифын хөнгөлөлтийг үзүүлээд байна.

    Энэхүү арга хэмжээг 2017-2018 оны өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас долдугаар сард гаргасан. 2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 2016-2017 оны өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарт хийхээр төлөвлөөд буй ажлууд, тооцоо судалгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн тэрбээр эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлээд, өсөн нэмэгдэх эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд нийслэл, аймгийн төвүүд, үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зэрэг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төлөвлөсөн цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байгааг хэлсэн.

    Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа.


    2015 оны сүүлчээр Улаанбаатарын III станцын чадлыг 50 МВт, 4 дүгээр станцыг 120МВт-аар нэмэгдүүлснээс хойш шинээр томоохон эх үүсвэр ашиглалтад оруулаагүйг тус санал, дүгнэлтэд дурдсан юм. Мөн Монгол Улсын эрчмийн салбарт үүсээд буй хүндрэлүүд, усан цахилгаан станц байгуулах хэрэгцээ, эрчмийн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалтын дэлхийн чиг хандлагын талаар онцлоод сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэн харах цаг нь болсон гэдгийг төгсгөлд нь хэлсэн.

    Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48.6 дахь заалтын дагуу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Мурат, Б.Пүрэвдорж нар цөөнхийг төлөөлж асуулт асуун, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. 


    Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва танилцууллаа.

    Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэнээс ирүүлсэн мэдээллийг Үндсэн хуулийн цэц холбогдох хууль, журмын дагуу дунд суудлын хуралдаанаараа нээлттэй хэлэлцэн дараах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нас, ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, 5 дахь заалтын “өндөр наслах ...”, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэжээ. Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй гэж үзсэн юм.


 

    Ийнхүү нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд дахь МАН-ын бүлгээс  Монгол Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан.


    Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлагт редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1996-2012 онд Юнител групп, Юнивишн, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр парламенын болон төрийн албаны туршлагатай, боловсролтой, МАН-ын тэргүүний боловсон хүчин тул Монгол Улсын Их Хурлын дэд даргын албыг гүйцэтгэж чадна хэмээн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг үзсэн байна. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нэр дэвшигчийн талаарх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан.

    Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурал дахь олонхийн бүлгээс сонгогдсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Монголын парламентын бүлгэмийн даргын үүргийг давхар гүйцэтгэдэг уламжлалтайг Л.Болд гишүүн тэмдэглээд улс орны эрх ашигтай хамааралтай парламентын гадаад харилцааны асуудалд хамтран ажиллах саналыг хэллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлэг доторх шударга өрсөлдөөний дүнд Л.Энх-Амгалан гишүүн Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшиж байгааг Ж.Мөнхбат гишүүн онцлоод амжилт хүсч, баяр хүргэсэн.


    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 98.5 хувь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгалан сонгогдлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top