Он гарсаар гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ

2017 оны 10 сарын 21

 

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Гадаадын иргэнийг саатуулах байрны үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхийг шалгажээ.

Шалгалтаар тус саатуулах байранд 2017 он гарсаар гадаад улсын харьяат нийт 30 иргэнийг холбогдох шүүгчийн захирамжийг үндэслэн албадан саатуулсан байна. Тодруулж хэлбэл, БНХАУ-ын 14,  БНСВУ-ын 4, БНСУ-ын 2, Украйн улсын 3, Малайз улсын 4, Сингапур, Румын, ХБННигер улсын тус бүр 1 иргэн байжээ.

Шалгалтаар гадаад улсын иргэдийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр саатуулсан тохиолдол гараагүй бөгөөд хариуцсан хяналтын улсын байцаагч болон саатуулах байрны жижүүр нь прокурорт тухай бүрт мэдэгдэхээс гадна саатуулагдсан этгээдийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтан, тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газарт албан бичгээр мэдэгдэж хэвшсэн байна.

Шалгалтын дүнг тус саатуулах байрны хамт олонд танилцуулан, цаашид хорих ангид ял эдэлж байгаад хугацаа нь дуусан суллагдсан болон хуулийн тэгшитгэлд хамрагдаж ялаас чөлөөлөгдсөн гадаад улсын харьяат иргэдийг Монгол улсаас албадан гаргах асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор дээд шатны прокурорын газарт санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top