УГЗ Г.Энхбаяр: Хүнээс илүү төрсөн аавын охин байх юмаа... гэхээр нь тухайн үедээ айж л байлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 21

   

“Зохиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилж байна. Энэ удаад МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр уригдлаа

-Намрын дунд сарын арван долоон бүрийг чимэн эгшиглэж байдаг “Сүүн цагаан хурим” дуу тань хэрхэн зохиогдож байсан бол?

-Намайг хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байх үед зохиогдсон дуу. “Хилчин” дуу хөгжмийн хамтлагийн хоёр дахь үеийг би байгуулж байсан юм. Анхных нь 1970-аад онд байгуулагдаж, хоёрдохыг нь 1984 онд байгуулж байлаа. Хичин хамтлагт анхныхаа уран бүтээлүүдийг хийгээд явж байх үе буюу 1986 онд, одоогийн хилийн цэргийн хурандаа Баянбатын маань архигүй хурим хийж таараад, хуримынх нь өглөө шүлгийг нь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн  удирдаач байсан Наадаа маань зохиогоод би аяыг нь 30 минутын дотор зохиож байлаа. Хамгийн анх хуриман дээр дуулсан дуучин нь Баян Монголын жижиг Оюунчимэг, Хилчин хамтлагийн Ганболд хоёр юм.

 Энэ хоёрын дуулсанаар хүмүүс их сайн мэднэ. Радиогоор одоо ч явж байгаа. Ер нь олон хүн дуулсан дуу л даа. 2000-аад оноос Дашдондог, Бүрнээбаяр хоёр дуулсанаар “сиди” болж цацагдсан. Цогоо, Мягмарсүрэн хоёр мөн тэр үед дуулсан байдаг. Дараа нь “Классик жем” хамтлагийн Энхтайван Туяа хоёр дуулсан. Мөн сүүлийн үед Анхаа, Халиун хоёр дуулж байна. Бүр саяхан Дашдондог, Сарантуяа хоёр дуулахаар болчихсон байгаа. Нийтдээ зургаа дахь хувилбар нь гарч ирж байгаа нь энэ. “Сүүн цагаан хурим”-тай холбогдуулаад хэлэхэд, би Оюуны өмчийн газарт хандаад, энэ дуугаа өөрийн оюуны өмч болгоод гэрчилгээг нь авчихсан байгаа. Би Анхаа, Халиун хоёртой гэрээ хийгээд таван жилийн хугацаанд тэднээс өөр хүн дуулахгүй гэдгийг баталгаажуулчихсан.

 Нэг ч гэсэн уран бүтээлээрээ өөрийн гэсэн зохих оролготой байя гэж бодлоо. Үүнийгээ би Хуримын ордонд мэдэгдэж ашиглахгүй байхыг хэлсэн ч бүр сүүлдээ зургаахан сар ашигласан болж таарч байна. Хуримын ордон миний энэ дууг олон жил ашигласан даа. Олон гэрч бий. Миний мэдэхээс 2003 оноос ашигласан.

-Таны анхны дуу...?

-Миний анх олонд танигдсан дуу бол “Аав” гэж дуу бий. Аялгуугаа биччихээд яруу найрагч Дашзэвэгийн Банзрагчтай уулзаж шүлгийг нь бичүүлж байлаа.1983 онд аав минь тэнгэрт хальсан. Манай Банзрагч их гоё хүн байлаа штээ. Ерөөсөө л их хайлган хүн. За Банзрагч минь, гэж сууж байгаад л шүлгийг нь бичиж өгч байлаа. Анх дуулсан хүн нь “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин Дашдондог, МУГЖ Дашдондог, миний цэргээс олж ирсэн байлдагч шавь Дашдондог маань юм.

- “Охин” гэж сайхан дуу 1990-ээд оны дуу юу?

-1990 оны дуу. Энэ дуу бас олон варианттай. Хамгийн анх Дашдондог дуулж хүнд хүргэсэн дээ. Дөнгөж гарч ирээд хит болж байлаа. Хөх тэнгэр хамтлаг ч гарч ирж байсан, энэ дуу ч гарч ирсэн. Энэ дууг дуулдаггүй охид хөвгүүд гэж байдаггүй байлаа. Яруу найрагч Ламзавын Мягмарсүрэнгийн шүлэг. Монголын радиод бид хоёр хамт ажиллаж байлаа шүү дээ. Ер нь Мяагаа бид хоёр дууг үйлдвэрлэж байсан даа. Мяагаа бас их сонин сэтгэдэг хүн. Сарантуяагийн дуулсан “Тэр өдөр” байна.  Хайр сэтгэлийн халуун илчинд

Харихаа мартан жаргахдаа... гээд, этгээд шүү дээ.

...Хүнээс илүү төрсөн аавын охин байх юмаа... гэхээр нь тухайн үедээ айж л байлаа. Гэтэл эсэргээрээ, хүмүүс  шууд хүлээж авдаг байна штээ. “Охин”, “Сүүн цагаан хурим”, “Шинэ жил” энэ тэр их олон маягаар дуулагдсан дуунууд л даа.

-МУГЖ Сарантуяагийн та хоёрын хамтарсан уран бүтээл салшгүй. “Хэн юм бэ” гэж сонирхолтой дуу бий шүү дээ?

-Хөх тэнгэр хамтлагаас хойших уран бүтээл л дээ. Турхайн үед “Хөх тэнгэр” салж бутраад бүгд тус тусдаа уран бүтээлээ хөөж байлаа. 1993 оны үед юмуу даа, Сараагийн бас өөрийнх нь асуудал ч байлаа. Ганхуягаас салчихсан ч байлуу... Сараа ч бас хүнд байдалд байсан. Түүнийг  Ү.Хүрэлбаатар ч олж харсан юм шиг байгаа юм. Үг нь ч надад сонин санагдсан. Аялгуугаа дөнгөж хийчихээд Сараад сонсгосон чинь, өө жинхэнэ гоё дуу байна гээд л шүүрээд авч байсан. Бас л бичлэгэнд орж гараад л хит болж байсан дуу байгаа юм.

-“Шинэ жилийн шөнө сайхан” дууг мэдэхгүй хүн үгүй байх. Төрийн шагналт яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуайн шүлэг. Энэ дууны аялгууг хэрхэн зохиож байсан бол?

-Энэ шүлгийг санамсаргүй олсон. 1985 онд Үнэн сонин дээрээс олж аваад хайчлаад авчихсан юм. Харж суугаад л шинэ жилийн дуу болгож болох юм байна даа гэж бодож байлаа. Нэг өдөр гэнэтхэн ая ороод ирсэн.  Тэгээд Бүрнээбаярыг дуудаад дуулуулсан чинь, үнэхээр гоё дуу болохоор байна. Тэгээд Хилийн цэргийн холимог найрал хөгжим Хилчин хамтлагтай Бүрнээбаяр гоцолж, найрал дуутай хийсэн. 1990 оноос “Хөх тэнгэр”-т орсоноос хойш Сарантуяа дуулаад, Герман явахдаа арай өөр хэлбэрт оруулж ирээд л шинэ жилээс салахаа байсан дуу шүү дээ.

“Хотын гэрэлт гудамж” гэж дуу бий дээ. Явуухулан гуайн Энхээ бид хоёр Монголын Радиод байхдаа хамтарч бүтээсэн дуу. Ер нь Монголын радиод байх үедээ би уран бүтээлийн найзуудаа олсон байдаг. Энэ дууг манай Баяраа анх дуулсан шүү дээ. Одоо хүү Хонгор нь дуулж байна. Өөр бас хамтлагууд дуулж байна. Аль 1985, 1986 оны дуунууд шүү дээ. 30 гаруй настай болж байна. Би чинь өөрөө хорин хэдтэйдээ зохиож байсан. Надтай адилхан хөгшрөөд л байна. Гэхдээ ард түмэн сонсоод л сайхан байна.

-Шинэ уран бүтээл олон төрж байна уу?

-Одоо нэг дуу бэлэн болчихоод байна. Төрийн шагналт жүжигчин Сосорбарам, Ган-Очир бид гурав ноднингоос хойш “Дорнын их хутагт” гэдэг дуу зохиоё гэж ярьсаар байгаад бүтээж дууслаа. Ойрын хугацаанд хийсэн уран бүтээл гэвэл, “Хүүхэд гэдэг дэлхийн нар” дуу маань Морин хуурын шилдэг арван дуунд багтсан. Сая дөнгөж төрөөд, мэддэг болсон дуу бас байна. Наадмын нээлтэн дээр Лхагваа, Дэлгэрмөрөн, Амраа нарын дуулсан “Нууц товчоо” дуу байна.

Ярилцсан: 

Н.Болортунгалаг

Л.Ганзул


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jargalsakhan(202.9.44.188) 2019 оны 01 сарын 31

охин дууг хуучнаар нь олоод сонсчих юмсан байна уу хүмүүсээ

0  |  0
mongol bysgyi(5.48.252.91) 2017 оны 10 сарын 21

Minii sonsox durtai duunuudiin talaar sonin saixan medeelel egsen UGZ Enxbayartaa chin setgeleesee talarxalaa ilerxiilie Tanii uran byteeliin ajild tani amjilt xysei

0  |  0
төр(103.212.116.182) 2017 оны 10 сарын 21

Хоовон ч сайхан уран бүтээлч шүү даан ч манайхан ийм гэгээн юмыг уншихаа байсан даа

0  |  0
Top