Хүүхэд хүчирхийлэгч этгээдүүд нацистын нууц колони байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

“Дигнидад” хэмээх нацистын нууц байгууллагын хоёр гишүүнийг шүүх ажиллагаа Чилид эхэллээ. Ребекка Шафер, Петр Шафер гэх дээрх гэмт этгээдүүдэд шүүх хүн хулгайлсан, хүний амь насыг  санаатай бүрэлгэсэн, мөн хууль бус бүлэглэлийн гишүүн байсан гэсэн үндэслэлээр ял тулгаж байгаа аж. Нацистын “Дигнидад” колонийн толгойлогч Герман руу зугатан гарсан Хартмут Хоппыг албадан баривчлах захирамжийг шүүх мөн гаргасан ажээ. Ребекка Шафер нь тус колонийг үндэслэгч, нацистыг дэмжигч Пол Шаферын өргөмөл охин юм байна. Пол Шафер хүүхэд хулгайлж, зүй бусаар хүчирхийлсэн хэргээр 20 жил шоронд хоригдож, 2010 онд нас барсан юм. Баптист сургааль номлогч агсан нацист үзэлтэй энэ хүн 1961 онд “Дигнидад” нууц колонийг  Сантъяго хотоос 390 км зайд бөглүү зэлүүд газар байгуулж байжээ. Чилийн Хууль зүйн яам Хартмут Хоппыг баривчлахаар интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна. Х.Хопп батлан даалтад гарахаар шүүхийн шийдвэрийг хүлээж байхдаа оргон зайлжээ. Хууль сахиулагчид түүнийг Герман руу зугтсан гэж үзэж байна. Анагаахын эмч мэргэжилтэй Х.Хопп мөн л П.Шаферын адилаар хүүхэд хүчирхийлсэн хэргээр шүүхээс яллагдаж байсан юм. Х.Хоппын бэр нь түүнийг Герман руу зугатсан талаар Чилийн мөрдөн байцаагдад мэдээлжээ. “Дигнидад” колони нь Чилийн дарангуйлагч Августо Пеночеттын үед залхаан цээрлэлийн гол төв байсан ажээ. Чилийн Засгийн газар тус колонийг тараасан юм. Энэ бүлэглэлийн гишүүд  хүүхдүүдийг хулгайлан, тарчлаан тамлаж, зүй бусаар хүчирхийлж байсан ажээ.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top