Монголын шоронд хоригдож байгаа гадаадын иргэд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаад улсын иргэд гэмт хэрэгт холбогдох нь элбэгшжээ. Тодруулбал, 2017 он гарсаар гадаад улсын харьяат нийт 30 иргэнийг холбогдох шүүгчийн захирамжийг үндэслэн албадан саатуулсан байна. Үүнд БНХАУ-ын 14,  БНСВУ-ын дөрөв, БНСУ-ын хоёр, Украйн улсын гурав, Малайз улсын дөрөв, Сингапур, Румын, ХБННигер улсын тус бүр нэг иргэн байжээ.

БНХАУ-ын иргэн хамтран амьдрагчаа, зээ дүүгийнх нь хамт хэрцгийгээр хөнөөв

Image result for Өргөнтал

Энэ аймшигт хэрэг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө гарч байв. Хамтран амьдрагчаа, дөрвөн настай зээ дүүгийнх нь хамт заазуурдаж, хөнөөсөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Wurgun Tala-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Ингэхдээ хоёр хүний амийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг үйлдэхийн зэрэгцээ насанд хүрээгүй Б-ын толгойд нэг удаа заазуурдан хүнд гэмтэл учруулж, амийг нь хөнөөхийг завдсан гэх хэрэгт буруутгаж, 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан юм.

АНУ-ын иргэнийг чанга дэглэмтэй хорих ангид 15 жил ял эдлүүлэхээр болов

Андервүүд Марита Раналан гэх 1956 онд Филиппин улсад төрсөн 61 настай АНУ-ын иргэнд Монгол Улсын шүүхээс 15 жилийн чанга дэглэмд хорих ял оноолоо. Ялыг 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эдлүүлж эхэлсэн байна  Андервүүд Марита Раналан 61 настай бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй ВВ&T WEALTH компанийн гадаад талыг хариуцсан төлөөлөгч байсан юм байна. Тэрээр урьд нь буюу  2012-2013 онд Шри-Ланк улсад 1 сар хоригдож байсан гэнэ.

Андервүүд Марита Раналан Монгол Улсын иргэн С-д МУ-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана, энэ хөрөнгө оруулалтыг оруулахын тулд төв банкны зөвшөөрөл авдаг, түүний шимтгэл төлөх шаардлагатай байна хэмээн 2001.07.06-ны өдрөөс 2009.03.26-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.942.455 ам.доллар буюу 2.328.780.905 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Бусдаас 109 сая төгрөгийг залилсан БНСУ-ын иргэн

Image result for Залилан хийсэн БНСУ-ын иргэн

БНСУ-ын иргэн Х нь холбогдох залилангийн хэргийг шүүхээр хэлэлцүүлж, шийдвэрлэжээ. Яллагдагч Х нь "Айрмаркет" ХХК-д интернетээр тооцоо хийсэн гэж хүмүүсийн онгоцны тийзний мөнгийг залилсан ба "Бусдад компаниа зарна" гэж нийт 109.243.375 төгрөгийг залилсан хэрэгт буруутгагдсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ сарын 10-нд хэлэлцэж, шийдвэрлэжээ. Тус шүүх Х-ээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хэргийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Идлэг шонхорын эрлэг Украйн улсын иргэний хэргийг илрүүлэв

Image result for Идлэг шонхор хилээр гаргах

Найман идлэг шонхор хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Украйн улсын иргэн А-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал,  Украйн улсын иргэн А нар нь урьдчилан үгсэн тохиролцож Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар нийт 128 сая төгрөгөөр үнэлэгдэх найман идлэг шонхор шувуу улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг үйлдсэн байна.

Хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг Нийслэлийн прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ. Ингээд тус аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцээд, эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болсон байна.

Идлэг шонхор шувууг  ашиг олох зорилгоор хилээр нэвтрүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор таван жилийн хугацаагаар хориглож, экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон байдаг.

Малайз улсын иргэд манай улсын банкуудад маш их хэмжээний хохирол учруулжээ

Image result for Банкны картаар луйвар

Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүжээ. Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Монгол Улсад хуурамч төлбөрийн карт оруулж ирэн, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын үед хуурамч картаар 133 орчим сая төгрөгийн  бараа худалдан авсан хэрэгт буруутгаж байдаг.
Чуа Син ви, Вон жиан лун, Су го шин, Чиа гуан сун, Хор чи чай,Тэ Ю Лин нарыг урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн нэртэй хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авч Худалдаа хөгжлийн банкинд 43,6 сая төгрөг, Голомт  банкинд  83,2 сая, Хаан банкинд  6,2 сая төгрөгний хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Тэ Ю Линд 10 жил 2 сар,  Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го Шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай нарт тус бүрт 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял болон хүн тус бүрээс нэг сая төгрөгний эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.

Луйврын гүйлгээд гаршсан Румын улсын иргэний хэргийг илрүүлжээ

Image result for Банкны картаар луйвар

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг өнгөрөгч гуравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлжээ. Тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ нь Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.

Сэжигтэн Михайла Флорен нь интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдийн мэдээллийг хууль бусаар олж аван төлбөрийн картын бэлдцэд суулган Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд луйврын гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochid(59.153.113.38) 2017 оны 10 сарын 25

Jastin kapala yadsan be geed baina kumuus

0  |  0
Top