Тансаг машины “ХААН” Rolls Royce

2017 оны 10 сарын 25

Тансаг зэрэглэлийн гэдгээрээ даян дэлхийд алдаршсан Роллс-Ройс машины түүх 1904 оны тавдугаар сард эхэлжээ. Техникийн чиглэлээр амжилттай яваа инженер Хенри Ройс тухайн үеийн авто салонуудын нэгний эзэн болох Чарльз Роллстой үдийн зоог барин, хамтран ажиллах гэрээ байгуулснаар энэ түүхийн эхлэл тавигдсан байдаг. Үүнээс хойших нь “мэдээж” домог болсныг нь та бид мэдэж байгаа. Хоёр, гурав, дөрөв, бүр зургаан цилиндр бүхий хөдөлгүүртэй автомашинууд ар араасаа цувран гарч, инженерийн зоримог шийдэл, гүйцэтгэлийн гайхамшигтай ур чадвараараа дэлхийг байлдан дагуулж эхлэв. 1907 онд үйлдвэрлэгдсэн домогт Silver Ghost гэхэд, ганц ч засваргүйгээр 14371 миль явж Дэлхийн шилдэг автомашины билэг тэмдэг болсон юм.

 

Silver Ghost буюу 40/50 HP анх 1907 онд зохион бүтээгдэж, түүнээс хойш 1925 он хүртэл үйлдвэрлэгдсээр байв. Эхлээд түүнд 7036 куб.см багтаамж бүхий зургаан цилиндртэй хөдөлгүүр тавьж байсан бөгөөд 1909 онд 7428 куб.см болгон нэмэгдүүлжээ. Хамгийн алдартай загварууд нь Barker Tourer кузовтой болон хатуу дээвэртэй Barker байсан юм. Анхны автомашин Манчестер гудамж дахь Ройсын үйлдвэрт хийгдэж байсан бол түүнийг алдаршсаны дараа Найтингейл дахь тусгай байгуулагдсан үйлдвэр рүү компани шилжин ирсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Rolls-Royce компани автомашины үйлдвэрлэлээ сэргээн, 1921 онд АНУ-д анхны үйлдвэрээ нээжээ. “Бэйби” Роллс-Ройс хэмээн нэрлэгдсэн Rolls-Royce 20 HP үйлдвэрлэл 1922 онд эхэлсэн байна. Уг машин тухайн үед ид хүчээ авч байсан дундаж анги болох эмч, өмгөөлөгч, бизнесменүүдийн урдаа барьдаг унаа болжээ. Түүнд 3127 куб.см багтаамж бүхий зургаан цилиндрт хөдөлгүүр тавигдсан бөгөөд дээд хурд нь 62 миль/цаг байсан аж.

1925 онд Silver Ghost загварын халааг "New Phantom" авч, хожим нь Phantom I гэдгээрээ алдаршсан юм. Silver Ghost-ын хамгийн сүүлчийн хуягт машинууд 1927 онд Оросын “Аркос” Худалдааны төлөөлөгчийн газарт зориулагдан хийгджээ. Харин Phantom-ыг Их Британид болон АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилд дэх шинэ үйлдвэрт угсарч байв. Харин Silver Wraith-д зориулагдсан бүхээгүүд захиалгын дагуу бэлтгэгдэж байсан бөгөөд эдгээр машины үйлдвэрлэл нь 1959 он хүртэл үргэлжилжээ.

Silver Dawn Роллс-Ройсын стандарт ган бүрхүүл бүхий анхны цуврал машин болж, үйлдвэрлэсэн бүх машин нь гадаадад экспортлогдсон аж. Тэдний заримынх нь бүхээгийг тусгай захиалгаар хийсэн учраас автомашин цуглуулагчдын хувьд уг машин сувд эрдэнэ мэт ховор нандин эд болжээ. XX зууны хоёрдугаар хагаст RollsRoyce хатан хааны гэр бүлтэй удаан хугацааны хамтын ажиллагааг эхлүүлснээр Daimler мэтийн ихэс дээдсийн автомашиныг нийлүүлдэг газруудын халааг авч амжсан байна. 1950 онд Элизабет гүнж болон Эдинбургийн хунтайж нар хатан хааны гэр бүлийн эртний уламжлалыг зөрчин анхны Phantom IV-д суусан аж. Phantom IV бүх 18 машин хатан хааны гэр бүл болон улс орнуудын төрийн тэргүүнүүдэд зориулагдан бүтээгдэж байсан бөгөөд одоог хүртэл дэлхий дээрх хамгийн алдартай машинд тооцогдсоор байгаа аж.

1960-аад онд Роллс-Ройсын нүүр царай өөр төрлийн хэрэглэгчид рүү хандаж эхлэв. Алдартай жүжигчид, тухайн үеийн поп-одод энэ маркийн автомашиныг сонгодог болжээ. Ингэснээр Роллс-Ройс кино дэлгэцийн од болж эхэллээ. 1980 онд Британийн хамгаалалтын Vickers компани Rolls-Royce Motors Limited-ийг худалдан авч, RollsRoyce болон Bentley машинуудын үйлдвэрлэлийг үргэлжлүүлсэн байна. Ингээд 1985 онд компани нэрээ Rolls-Royce Motor Cars Limited болгон өөрчилж, хөрөнгийн биржид бүртгүүлсэн аж. 1990-ээд онд Кру дахь үйлдвэрлэл хаагдан, Rolls-Royce-ийн түүхэнд шинэ удирдлага эхэлжээ. BMW групп Rolls-Royce Motor Cars үйлдвэрлэлийн эрхийг авсан байна. Одоо Rolls-Royce-ийн төв байр болон угсрах үйлдвэр нь Их Британийн Гүүдвүд дэх Сассексийн толгод дунд байрлах бөгөөд хүрээлэн буй орчных нь байгалийн гоо үзэмж дэлхий дахинаа алдартай зохион бүтээгч Николас Гримшоу-ийн төдийгүй, үүнтэй хамт домогт машины түүхийг бүтээлцэж буй хүн бүхний урам зоригийг бадраасаар байдаг аж.

 

"Бэйби" Роллс-Ройс хэмээн нэрлэгдсэн Rolls-Royce 20 HP үйлдвэрлэл 1922 онд эхэлсэн байна.

 

ROLLS ROYCE ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?

Rolls Royce нэгэн зууны туршид оршин байж, гадна төрхөөрөө нэлээн өөрчлөгдсөн хэдий ч ганцхан зүйл огт өөрчлөгдсөнгүй. Энэ бол машин тус бүрийг гараар угсардаг явдал юм. Нэг машиныг угсрах ажиллагаа ойролцоогоор хоёр долоо хоногийн хугацаанд хийгддэг. Британийн Goodwood дэх Rolls Royce-ийн үйлдвэрээр орж харахад, мянга мянган үл ойлгогдох эд ангиудыг угсран, гайхалтай тансаг машин болгож байгаа нь нүднээ тусна.

Rolls Royce-ийн бусад автомашины үйлдвэрээс ялгагдах нэг гол онцлог нь түүний гол туузан дамжуулагчийн урт ердөө л 500 метр орчим. Бусад үйлдвэрүүдийн гол шугамтай харьцуулахад ийнхүү даруухан үзүүлэлт харагдах нь түүнийг олноор үйлдвэрлэдэггүйтэй холбоотой. Нэг жилд 3000-4000 орчим машин гаргадаг. Rolls Royce машиныг зөвхөн захиалагчийн хүслийн дагуу гараар угсарч, тоноглож чимэглэдэг. Иймээс бүрээс гадаргуугийн ихэнх элементүүдийг гараар оёж хатган урлана.

Тусгай захиалгын дагуу хийгддэг учраас үйлдвэрийн лого тэмдгээс өөр адил төстэй зүйл гэхээр юм бараг гарахгүй. Уг логог 1911 оны хоёрдугаар сарын 4-нд баталж байжээ. Бүсгүйн дүрсийг уран барималч Чарльз Сайкс бүтээн, “Мөнгөлөг сүнс” хэмээн нэрлэсэн байна. Баримлын бодит дүр нь Порт- Саидын ойролцоо британийн хөлөг онгоц руу германчууд дайрах үед амь үрэгдсэн сайхан бүсгүй Элеонора Тортон аж.

Rolls Royce-ийн машинуудыг будахын тулд компани 44 мянган өнгө ашигладаг. Захиалагчийн хүссэн ямар ч өнгийг гаргаж буддагаараа онцлогтой. Машиныг 12 давхарлаж буддаг бөгөөд зөвхөн будах ажиллагаа л автоматаар гүйцэтгэгддэг аж. Хянах самбарын хавтангууд ихэвчлэн цэвэр модоор хийгдэнэ. Ийм учраас үйлдвэр дотор савхи, модны цехүүд ажилладаг. Энд хэрэглэгддэг модыг олон сарын турш хатааж бэлддэг. Эд ангиудыг модоор хийгээд гаргасны дараа үнэхээр урлагийн бүтээл мэт гоёмсог харагдана. Тоормозны колодк дизайн гэхэд, Rolls Royce-ийн хувийн товчоо хариуцан гаргана. Бүхээгийн гадна талын бүхий л деталиудыг гараар маш нямбай зүлгэж арчина. Rolls Royce-ийн машинууд харайхад бэлдэж буй бүсгүйн хөшөө бүхий алдарт эмблемээр чимэглэгддэг.

Бэлтгэсэн: Д.Мягмарсүрэн
"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨӨ(202.9.43.1) 2017 оны 11 сарын 19

ОДОО ТЭР МАШИНУУД АЛДАРТАЙ БОЛСОН

0  |  0
mnb(103.212.119.141) 2017 оны 10 сарын 27

GERMAN MASHIN GEED OROOSGOL OILGOHYUM

0  |  0
Чукча(202.179.24.244) 2017 оны 10 сарын 25

МОНГОЛЧУУД ОРОСУУДЫГ ДУУРИАЖ ГЕРМАН МАШИНУУДЫГ САЙН ГЭЖ ТЭНЭГТЭЦГЭЭДЭГ.АСТОН МАРТИН.ЖАГУАР,РОЛЛС РОЙС БЕНТЛИ ГЭЭД БРИТАНИ МАШИНУУД ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДДЭГИЙГ ХЭЗЭЭ МЭДЭХ ЮМ БОЛ БҮҮ МЭД. ТЕХНОЛГИЙН ХУВ”ЬД Л ГЭХЭД МЕРСЕДЕС БМВ ЖАГУАРЫН ТЕХНОЛОГИ ДЭЭР ТОГТДОГ Л ЮМ ДАА.

0  |  0
Top