Хойд Солонгос шиг хавчигдсан Бага Тавантолгой

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

Гашуун Сухайт боомтоор Тавантолгойгоос зөөвөрлөж буй нүүрсийг өмнөд хөршөөс хүлээн авахдаа  шуурхай биш ханддаг  бололтой. Өдөрт 800-900 машин хилээр нэвтэрдэг байсан тоо 500-600 болон  буурчээ. Зургадугаар  сард өдөрт 1600 машин нэвтэрч байсан аж.

Гашуун Сухайт боомтын Шалган нэвтрүүлэх албаны аюулгүй байдал хариуцсан орлогч, ахмад Б.Мэндбаяр: Боомтоор өдөрт 3000-3500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай. Эсрэг талд хяналт чангарснаар энэ тоо буураад байна. Хууль бус зүйл нэвтрүүллээ гэж хэлдэг ч илэрсэн зөрчил бараг байхгүй гэв.

Тус боомтын Мэргэжлийн хяналтын Экспорт, импорт, хорио цээрийн  хэлтсийн дарга Б.Наранбаатар: Монгол жолооч нар мах, эмийн ховор ургамал гаргахыг оролдсон тохиолдол мэр сэр гарсан. Мими гэх бодисыг Хятад жолооч нар тээвэрт явдаг байх үед нэлээд хэрэглэдэг байсан юм билээ. Зөрчлийн хуулиар сэтгэцэд нөлөөлөх бодист оруулсан” гэсэн тайлбар өгөв. Мөн үеэр жолооч нарын сэтгэгдлийг сонслоо.

Г.Мөнх-Эрдэнэ: Би Өвөрхангай аймгаас ирсэн. Хятад эзэнтэй Буж-Ма гэдэг компанийн тэргийг түрээс, хөлсөөр ашиглаж тээвэр хийж байна. Эзнээсээ шалтгаалаад жолооч нарын цалин өөр өөр байдаг бололтой юм билээ. Гэртээ харьж амжаагүй удаж байна. Хилээр гарахад дараалал үүсээд байгаа нь хүндрэлтэй байна.

Т.Баярцогт: Би Тахидаг хайрхан компанийн машинаар тээвэр хийж байна. Богинын эргэлтээр явж байгаа. Цагаан хаднаас нүүрс татаад 20 орчим км-ийн цаанаас хоёр хонож ирж байна. Компанийн жолооч нар нэг цуваа баг болох байдлаар явцгаадаг. Манайх Эрдэнэс Монгол компанид харьялагддаг.

Х.Эрдэнэбаяр: Би Улаанбаатар хотоос ирсэн. Дөрвөн сар болж байна. Эм-Жи-Ун гэж компани бий. Гэртээ харьж амжаагүй. Манай эзэн хятад хүн байдаг. Сардаа 2000 орчим юань буюу 700.000-800.000 төгрөгийн цалин авч байгаа. Машин тэрэг эвдэрсэн тохиолдолд хятад эзэн сэлбэг явуулна. Хоёулаа болчихвол цалингаа хуваах хэрэг гарна” гэж ярив. Энэ мэтээр амьдралын төлөө зүтгэж олон сараар гэртээ хариагүй жолооч цөөнгүйн билээ.

Цагаан хаднаас богинын эргэлт хийдэг машин цөөн гэж байсан. Жолооч нар зарим нь 16 хонож хилээр гарсан гэсэн бол төрийн албаныхан хамгийн олондоо арваад хонож байгаа гэлээ. Гашуун Сухайт орох замд унасан тэрэг байв. Жолооч нар нь машины дугаарийн зургийг битгий аваарай гэсэн нь замын цагдаагийнхандаа мэдэгдэхгүй л гэсэн санаа бололтой. Жолооч нар машиндаа хоол, цайгаа хийж, бараг л сөөм сөөмөөр урагшилж байгаа ажээ. Уулзсан жолооч нараас мими гэдэг эмийг хэрэглэж үзсэн үү, худалддаг газар бий юу гэхэд хэрэглэсэн гэх хүн таараагүй юм.

Нэг тонн нүүрснээс 1000 төгрөгийг агаарын бохирдол бууруулахад зорриулдаг

Ийм мэдээллийг Бага Таван толгой буюу орон нутгийн өмчит Тавантолгой компанийн төлөөлөл өгсөн юм. Тус компанийг Бага Таван толгой гэж хэлж заншсан ч  50 жилийн түүхтэй байгууллага юм.  Эдийн засагч Төрмандахын хэлснээр 194.5 сая тонн  нүүрсний нөөцтэй, 276 га талбайтай ажээ. Хамгийн бага зардлаар их ашиг олох уриа дэвшүүлж түүндээ ч хүрч эхэлсэн  байна. 2016 онд манай улс 35.6 сая тонн нүүрс гаргасны 16 хувийг Таван толгой ХК дангаараа  эзэлжээ. Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 495 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь бага тоо биш юм. Нүүрсний үнэ өндөр байх 2010-аад оны үед улсад төлсөн татвараараа Эрдэнэт үлйдвэрийн өмнө орж байсан удаатай гэнэ.

Таван толгой ХК-ийн хувьцаа  9350-9400 төгрөгөөр үнэлэгдэж байна

Монголын Хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа өнөөдөр 9350-9400 төгрөгөөр үнэлэгдэж байгаа ажээ. 1995 онд анх удаа 526000 ширхэг хувьцаа гаргаж байсан бол өдгөө 52 сая хувьцаа бүртгэлтэй байна. 2011 онд нүүрсний үнэ өндөр байхад нэг хувьцаанаас 136 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байжээ. 23 улсын хувьцаа эзэмшигч бий гэхээр сонин тоо гарч ирнэ. Энэ компани Өмнөговь  аймгийн төсвийн 60 хувийг дангаар бүрдүүлдэг. 14 сумын 11-ийг аймгийнхаа төрийн байгууллагуудыг, Дундговь аймгийн эрчим хүчний станцыг нүүрсээр хангадаг. Гэхдээ өөрсдөө алдагдал хүлээж төрийн байгууллагад тонн нүрсийг 30 мянган төгрөгийн зардлаар олборлож, 15 мянган төгрөгөөр худалддаг байна. 2016 онд энэ явцаас 700 сая төгрөгийн алдагдал хүлээж, гадаадад  гаргасан нүүрсний борлуулалтаас ашгаа нөхжээ. Нүүрсийг аман дээрээсээ тонныг нь 60.5 ам.доллараар зарж байна. Тус компанийн захирал Р.Сэддорж ийнхүү танилцуулсан юм.

500: 75

Хуучин Засгийн газрын үед нүүрс тээвэрлэлтэд хувь тогтоосон. Энержи ресурс 40 хувь, Эрдэнэс Монгол 45 хувь,  орон нутгийн Таван толгой ХК  15 хувьтай. Энэ нүүрс тээвэрлэлтэд нөлөөлөөд эхэлжээ. Таван толгой ХК хоногт 300-350 машин  нүүрс гаргах хүчин чадалтай. Хувь тогтоосноор Гашуун Сухайт боомтоор өдөрт 75 машин нүүрс гаргах л боломж үлджээ. 500 машин дотор 75 машин нүүрс гэсэн үг. Асуудал энд байна. Өндөр татвар төлдөг, Өмнөговьчууддаа хувь хишиг хүртээдэг Таван толгой ХК буланд шахагдсан дүр төрх л ажиглагдсан. Төр нь үндэсний үйлдвэрлэгч, хувьцаат компанидаа шахалт битгий үзүүлдэг байгаасай гэсэн захиасыг дайж байлаа. Яг үнэндээ хойд Солонгос шиг шахагдсан мэт харагдсан. Энэ алдааг шинэ Засгийн газар засах, өөрчлөх биз ээ гэсэн итгэл уурхайчдад байсан. Нүүрс тээвэрлэлтэд өмнөд хөршийн улс төрийн байдал ч нөлөөлдөг бололтой. Коммунист намынх нь ээлжит их хурал болох өдрүүдэд нүүрс таталтаа нэлээд багасгасан гэнэ. Харин нүүрсний үнэд Хойд Солонгост тавьсан хориг нөлөөлсөн гэж зарим жолооч, уурхайчин хэлжээ байлаа. 

                                                                                                                                             

Д.Амар

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.179.26.129) 2017 оны 10 сарын 26

Ашиггүй л юм бол ХААГААЧЭЭ

0  |  0
МОНГОЛЫГ МОНГОЛООР Н(112.72.12.75) 2017 оны 10 сарын 26

МОНГОЛЫГ МОНГОЛООР НЬ ГЭСЭН ҮГ ДЭЭРХ АСУУДАЛД МОНГОЛЧУУД ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭСЭЭ АВХУУЛААД ЖИРИЙН ИРГЭН ХҮРТЭЛ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛЖ ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ИХ БАЯЛГАА ҮНЭГҮЙДҮҮЛЖ ГАРГАЧИХААД ӨӨРСДӨӨ ГУЙЛАГЧИН БОЛЖ ӨРӨНДӨӨ БАРИГДАЖ ХЯТАДУУДЫН ЭРХШЭЭЛД ОРЖ БАЙГААД Л БНА МОНГОЛ УЛС СОЦИАЛИЗМИЙН ҮЕД 1 МАШИН БАЯЛАГ ХИЛЭЭР МАШИНТАЙ ГАРГАЛГҮЙ АМЬДАРЧ ЧАДДАГ БАЙСАН ОДОО ӨДӨРТ ХИЙЧНЭЭН ДОЛЛАРЫН БАЯЛАГ ГАРГАЖ БАЙГААГ ТООЦООЛОХ ЮМГҮЙ УРСГАСАН МӨРТЛӨӨ ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛ ЛУЙВАРЧИД НЬ ГАДНЫХАНД БАЯЛГАА ЗАРЖ БАЯЖААД БУСАД НЬ ГУЙЛАГЧИН БОЛЖ ТЭДЭНД БООЛЧЛОГДОЖ БАЯЛГАА ГАДГАШ ЗӨӨСӨӨР БНА ТӨР ҮҮНИЙГ ХЭЗЭЭ ЦЭГЦЛЭХ ВЭ?

0  |  0
Top