“Lead Khentii” хөтөлбөрийн хүрээнд гурван залуу гадаадад сурах эрхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар “Lead Khentii” залуу манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын хөгжил дэвшлийн төлөө үүсгэн байгуулсан “Эргэх Холбоо” ТББ-аас анх удаа зохион байгуулагдаж буй залуучуудад зориулсан арга хэмжээ аж. Хөтөлбөр гурван үе шаттай явагдсан бөгөөд Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Адрага, Биндэр, Галшар, Дадал, Норовлин, Бэрх хотын 200 гаруй залуус оролцжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү төслийг тойргийнхоо хэмжээнд хэрэгжүүлсэн. Дараа жил аймгийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж бодож байна. Төслийн зорилго нь хүүхдийг сумаас дэлхийн хэмжээнд сургуульд сургах, өөртөө итгэлтэй болгох юм. Хөтөлбөр маань гурван сарын хугацаанд үргэлжилсэн. Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл, Элчин сайдын яам гэх мэт газрууд хамтран зохион байгуулсан. Эхний шатанд 120 залуус “2030 онд төрөлх нутаг минь ямар байх вэ”сэдвээр эсээ бичиж өрсөлдсөн. Улмаар хоёрдугаар шатанд 81 залуучуудаас 27 залуу нь шигшигдэж үлдсэн.  Гуравдугаар шатанд шалгарсан залуусыг “5 өдрийн манлайллын цогц сургалт”-нд суулгасан. Залуусын идэвх санаачлага, мэтгэлцээн, оролцооны дүнг үндэслэн гурван залууг шалгаруулж гадаадад сургах эрх олгоно. Хөтөлбөрт оролцсон залуус маань академи байгуулж байгаа” гэлээ.

"5 өдрийн манлайллын цогц сургалт"-д хувь хүний хөгжил, манлайллын ур чадварууд, англи хэлний сургалт зэрэг олон төрлийн багш нар мэргэжлийн түвшинд заасан байна.

Хэнтий аймгийн Баян Уул сумаас оролцогч Б.Мөнхболд “ Би нутагтаа эмийн сангийн эрхлэгч хийдэг. Манлайлагч бид өөрсдийгөө яаж хөгжүүлэх вэ гэсэн таван өдрийн цогц сургалтад хамрагдсан. Өнөөдөр хаалтын ажиллагаандаа ирээд байна . Хөтөлбөр өндөр зохион байгуулалттай болж их зүйлийг сурлаа. Надад өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгосонд баярлалаа гэж хэлмээр байна” гэв

М.Билэг-Эрдэнэ “Анх тус хөтөлбөрт оролцоно гэдэгтээ итгэлгүй байсан. Их мундаг хүүхдүүд оролцох байх гэж бодож байсан. Гэвч хичээсний үр дүнд шилдэг гуравт шалгарсан. Хөтөлбөрт хамрагдсанаар маш их зүйлийг сурч мэдлээ. Цаашдаа хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ улам илүү дэлгэрүүлэх болно ” гэлээ.

Э.Батхүү “Энэ шалгаруулалтын нэгдүгээр шат наймдугаар сарын зургааны өдөр зарлагдсан. Хөтөлбөрт хамрагдахад ээж минь их нөлөөлсөн. Хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө задалж таньж мэдлээ. Би бичих талдаа сайн боловч ярихдаа их муу байсан. Харин хичээлүүдэд хамрагдсанаар илтгэх урлагт суралцсан. Өөрийгөө хөгжүүлэх үндэс сууриа тавилаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн хаалтын ажиллагааны үеэр шилдэг гурван залууг шалгаруулж АНУ, БНСУ, БНХАУ руу суралцах эрхээр шагнасан юм.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхотгон(66.181.186.193) 2018 оны 01 сарын 09

Oroltsogch zaluus mash aztai bn. Mongol ulsdaa anh udaa bolwuu gemeer sumiin zaluusig hamruulsan tsogts vil ajillagaa bolson. Oyunerdene gishvvn bolon hamtran ajillasan hvmvvsdee mash ih bayrlalaa

0  |  0
Top