Оросын нефтийн экспортын татвар нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

2011 оны зургадугаар сарын 1-нээс нэг тонн нефтийн экспортын татвар тавдугаар сард тогтоосон 453.7 доллараас өсч 462.1 доллар болно гэж ОХУ-ын Сангийн яамны Дүн шинжилгээний хэлтсийн дарга Александр Сакович мэдээлжээ. Нефтийн нэг тонн цайвар бүтээгдэхүүн 309.6 доллар, бараан нь 215.8 доллар болох ажээ. “Дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд торх нефтийн мониторингийн дундаж үнэ 116.233 доллар байлаа” гэж Сакович хэлсэн байна. Хэрвээ тавдугаар сарын эхээр бензиний экспортын татварыг нэмж өсгөсөн хэвээр байвал нэг тонн бензиний татвар 415.8 долларт хүрнэ, харин нэмсэнээ цуцалбал энэ татвар нефтийн цайвар бүтээгдэхүүний татвартай адил болохыг тэрбээр тэмдэглэжээ. Оросын Засгийн газар бензиний үнэ өсч, түлш шатахуун хомсдох хандлагатай байсан учраас тавдугаар сарын 1-нээс бензиний экспортын татварыг нефтийн татварын 90 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл өсгөх шийдвэр гаргасан юм. Энэ оны эхнээс Ойрхи Дорнодын орнуудад эмх замбараагүй байдал бий болсны улмаас нефть үнэд орж байгаа билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top