Каталоны тэргүүнийг 30 хүртэлх жилээр хорихоор төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

Каталоныг Испаниас тусгаар улс болгохоор хууль бусаар бүх нийтийн санал асуулга явуулсан гэж буруутгагдан огцорсон Карлес Пуждемонтыг шүүхээс дууджээ. Туслахуудтайгаа хамт Бельгид очоод байгаа түүнийг эх орондоо буцаж ирж, мэдүүлэг өгөхийг Испанийн шүүхээс шаардсан байна. Каталоны тэргүүн К.Пуждемонт болон тус мужийн удирдах албаны 13 хүн энэ долоо хоногт багтаж шүүхэд мэдүүлэг өгөхгүй бол Испани улс Бельгийн талтай хамтран ажиллаж, тэднийг баривчилна гэжээ.

Мадрид нь Каталоны тэргүүнийг төсвийн мөнгийг хууль бус санал хураалт явуулахад зарцуулж, бослого дэгдэхэд хүргэсэн хэргээр яллахаар төлөвлөж байгаа аж. К.Пуждемонт болон түүний туслахуудыг буруутай гэж үзвэл 30 хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх юм байна. Тэгвэл Испанийн бүрэлдэхүүнд хэвээр үлдэхийг хүсч байгаа каталончууд удирдагчийнхаа санаачилсан санал хураалтын дүнг эсэргүүцэн жагссан юм. Карлес Пуждемонт үүний хариуд “Би Каталоны удирдагч хэвээр байгаа” гэсэн байна. Тэрбээр Бельгид очоод ажил хэргээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Испанийн баян чинээлэг мужуудын нэг Каталонд дээрх асуудлаас болж хямрал нүүрлэж болзошгүй байна. Удирдагчийг нь баривчлан яллахад хүрэх юм бол тусгаар улс болохыг дэмжигч талынхан болон Испанийн бүрэлдэхүүнд үлдэхийг хүсэгчдийн хооронд мөргөлдөөн дэгдэхээр байгаа юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмм(202.70.46.208) 2017 оны 11 сарын 01

За тээр, ингэх гээд байсан юмаа

0  |  0
Top