Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх төлөв ажиглагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

Хүйтний улирал эхэлж, даарч хөрсөний улмаас ханиад томуу дэлгэрэх шинж тэмдэг Баян-Өлгий аймагт ажиглагдсан байна. Тухайлбал энэ долоо хоногт аймгийн хэмжээнд сум, өрхийн эрүүл мэндийн 18 төвийн амбулаторид нийтдээ 5471 хүн ханджээ. Тэдгээрээс 185 хүн буюу 3,38 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад  0,42 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 260 дуудлагын 16,1 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж, 5,04 хувиар өссөн байдал анзаарагдсан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас томуугийн эсрэг вакцины сайн дурын дархлаажуулалтыг энэ сарын 1-нээс зохион байгуулж эхэлжээ.

Мөн бүх сумдын цэцэрлэгүүдэд хүүхдүүдийн ирцийн бүртгэлийн тандалт судалгаа хийж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуугийн цэгэн массаж хийх талаар багш ажилчдыг хамруулсан сургалт зохион байгуулж байгаа аж. 

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Эрдэнэтогтох(122.201.24.10) 2017 оны 11 сарын 04

Сонирхолтой мэдээлэлтэй танилцсандаа таатай байна.Та бүхэнд сайхан бүхнийг гэр бүл ач нарынхаа хамт хүсье.

0  |  0
Top