Т.Карма: Бөгсөө гаргасан топууд, архи горьдсон эрчүүд, нохой шиншлэхгүй Түшээдтэй болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

Монголын кино урлагт нэр шигээ өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцийг дархалж чадсан жүжигчин, үгийн урлагийн  мастер Т.Карматай илэн далангүй ярилцлаа.

-Таны ажил төрөл өндөр үү. Танай сургалтын төв сайхан тохижилттой юм аа?

-Сургалтын ажлаа тохь тухтай явуулахын тулд чадахаараа л тохижуулсан нь энэ.

-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Хэвлэлд  ярилцлага өгөөгүй удсан байх шүү.

-Сүүлийн үед хэвлэлийнхэнтэй  харьцах  дургүй болсон. Сэтгүүлчид гэж бөгс ухах гээд байдаг хэцүү хүмүүс. Бусадтай адилхан хэвлэлийн од ч болох сонирхол алга. Мөрөөрөө ажлаа хийгээд хэдэн хүүхдүүдтэйгээ чимээгүй байж баймаар байна. Надтай өрсөлдөж байхаар ажлаа хиймээр юм. Тэд надаар оролдож атаа жөтөө хийхийн оронд өөрсдийн  ур чадвараа сайжруулбал дээр санагдах юм. Сэтгүүлчид  бичиж байгаа мэдээллээ эргэж хардаг юм  болов уу, түмэн алдаа. Найруулгын алдааг нь  ярих ч  юм биш. Тэгээд дандаа хөнжил гудас ярьдаг, ямар ч чадваргүй улс шүү дээ, тэд чинь.

-Бидэнд яагаад дургүй болсныг нь мэдэж байна.

-Социализмын үед аливаа сонин, сэтгүүлд мэдээ материал нийтлэхдээ маш  шүүлтүүр шалгууртай байсан. Хэн дуртай бүхний бичвэрийг нь авдаггүй хатуу байлаа шүү дээ. Нэг кино бүтэх гэж Соёлын яамны уран сайхны удирдлага, зөвлөл, намын төв хороо, төв хорооны үзэл суртлын хэлтэс гээд  бүгдэнгээр нь дамжиж байж сая нэг батлагддаг. Бүр үг, өгүүлбэр бүрийг шүүдэг байсан. Энэ текст зөв үү буруу юу, ямар утга агуулгатай байна, улс төрийн утга агуулга байна уу гэх мэт шалгуурыг тавьдаг. Дээрээс нь кино зохиол бүрийг авахгүй. Тэр дунд Лодойдамба, Ванган гуайн бичвэрүүд явж л байдаг байлаа. Лодойдамба гуай өөрөө Соёлын яамны сайд байсан.  Зөв ч хүнээрээ сайдаа тавьж  байсан гэх мэт социализмын үе дэг журамтай байсан.  Энэ үеийг  би дурсан санах дуртай. Одоо мандан бадраад байгаа  энэ хүмүүс  чинь социализмын үеийн тэр хатуу босгыг давж чадахааргүй санагддаг.  Тэр өндөр босгыг давна гэдэг  маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, авьяас чадвар шаардагдана. Одоогийн нийгэм тийм биш болчихсон болохоор  сэтгэл дундуур л явах юм.  Өөрөө тийм хатуу нийгэмд хүмүүжсэн, түүний бүтээгдэхүүн нь учраас тэр  зангаа  одоо ч тавьдаггүй. “Баас хатуу ч өмхийгөө тавьдаггүй, лам өтлөвч балингаа тавьдаггүй” гэдэг шиг социализмын хатуу үзэл одоо ч надад бий. Өглөө би есөн цагт ирнэ гэсэн  бол яг цагтаа л гозойно. Гэтэл есөн цагт ир гэсэн хүн маань 30 минут хоцроод ирвэл би бухимддаг.



 

-Сургалтын төвөө нээгээд хэр удаж байна вэ?

-Миний бие өөрийн онол, дадлага дээр суурилан боловсруулсан гурван төрлийн сургалтаа явуулж эхэлснээсээ хойш гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаандаа 500 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдийг тультраа, ээрүү болон бусад хэл ярианы бэрхшээлээс салгаж, эмч домч, лам хараар явж, аргаа бараад байсан олон хүмүүсийн сэтгэлийг амрааж чадлаа. Сургалт маань чанартай үр дүнтэй байхын тулд "ганцаарчилсан" байдлаар явагддаг тул хүн бүртэй тулж ажиллаж чаддаг. Мөн хүн тус бүрийн нас болон биеийн эрүүл мэндийн онцлогт нь сургалтын ачааллыг тохируулж ажиллах нь чухал гэж үздэг.             

-Техник технологи хөгжих хэрээр  хүн хоорондын амьд харилцаа алсарч байна. Сүүлийн үед хүүхдийн хэл ярианы хөгжил зогсонги, удаашралтай болсон нь  магадгүй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ шууд харьцахаас татгалзан компьютер тоглоом тоглуулах, утсаараа саатуулах болсонтой холбоотой болов уу?

-Тийм ээ. Энэ үнэн. Ер нь хүүхдийн хүмүүжлийн үндсэн суурь нь эцэг эхээс хамаардаг. Гэр бүлийн доторх харилцаанаас үүдэж хүүхдийн хүмүүжлийн суурь тавигддаг. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн багш хоёр маш чухал үүрэгтэй. Эцэг эх, хүүхэд, багш  гурвын хамаарлаас хүүхдийн хүмүүжил боловсрол ямар байх нь тодорхойлогддог. Эцэг эхчүүд их завгүй байгаагаа л гайхдаг. Мэдээж хэрэг хүн бүхэн амьдралын төлөө зүтгэлгүй л яахав. Гэхдээ хүүхдээ орхиж болохгүй шүү дээ. Мөнгийг нь л төлөөд хүүхдээ сургалтад суулгачихвал боллоо гэж боддог.  Гэвч эцэг эхчүүд маань сэтгэл зүрхээ өгч чадахгүй байна. Жишээ нь, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчтай болчихсон. Гэтэл үүндээ  сэтгэл хангалуун явдаг. Харин хүүхэд нь хэл ярианы хоцрогдолд орж, маш хүнд байдалд байгааг эцэг эхчүүд хэзээ ч анзаарч мэддэггүй. Гэрийн үйлчлэгч бол ердөө л гэрийн үйлчлэгч шүү дээ. Ажлынх нь зорилго хэдэн төгрөгний цалин авах л байгаа. Хүүхэд асрагчийн хувьд хүүхдийг нь уйлуулахгүй, орилуулахгүй, өлсгөхгүй л байх үүрэгтэй. Гэтэл хоёр настай хүүхэд оюун ухааны хөгжлийн хувьд ямар хэмжээнд байх вэ, таван настай хүүхдийнх ямар байх вэ гэдгийг ердөөсөө анхаардаггүй.  Хоёр настай хүүхэд “Энэ юу вэ” гэдэг асуултыг  асууж чадахгүй байна. Хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхийн тулд  “Энэ юу вэ” гэж үргэлж асуудаг. Харин 4-5 наснаасаа  “Яагаад” гэдэг асуултыг асууж эхэлдэг.  Яг энэ сонирхож байгаа үед нь  хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж ярьж, тоглож байвал хүүхэд хөгжинө шүү дээ. “Ээжээ, яагаад нар гардаг вэ. Шөнө яагаад нар алга болчихдог юм бэ...” гээд  л асуудаг. Тэр бүхэнд нь хүүхдийнхээ онцлогт таарсан хариултыг өгч байх хэрэгтэй. Өдөр бүр ядаж 30 минут чин сэтгэлээсээ ярилцах байтал хүүхдээ “Цаашаа бай” гээд аль эсвэл “Май” гээд гар утсаа өгчихдөг.  Энэ бүхнээс үүдэж хүүхэд нь хөгжихгүй, хэл ярианы бэрхшээлтэй болж эхэлдэг.  Ярианы хөгжилгүй хүүхэд уншиж, сэтгэж  чадахгүй, бичиж бүр чадахгүй.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, ярилцаж,  хүмүүжилд нь анхаарахаас илүүтэй   материаллаг  байдалд нь анхаарал хандуулдаг болчихсон нь үүний хор уршиг болов уу?  

-Тийм ээ. Гэтэл хүүхдэд хайр хэрэгтэй. Хайр гэхээр гоё даашинз, гоё гутал, дуртай зүйлийг нь аваад өгчихвөл л боллоо гэж бодох юм. Монголчууд оюуны хоосролд ороод байна гээд л яриад байдаг нь үнэний ортой.  Оюуны хоол хүүхдэдээ өгөлгүй, хүүхэд нь түүгээр өлсөж байна. Найзуудтай нь найзлуулахгүй, гадаа тоглох гэхээр тоглоомын талбай орчин хэцүү байна. Уг нь бидний үед шороон дээр  тоглож өссөн. Тэглээ гээд үхээгүй л байна.  Үеийнхээ найз нөхөдтэйгөө тоглож, харьцсанаар нийгэмшиж, үерхэл нөхөрлөл гэдгийг мэдэрч эхэлдэг. Найз нөхөдтэй байж үзсэн хүн чинь хамт олныг бүрдүүлж чадна, олны дунд биеэ зөв авч явж сурна. “Амьдрал бол Их сургууль юм” гэж үг байдаг. Горькийн Амьдралын их сургуулийг бидэнд их уншуулдаг байлаа. Унших ёстой ч  гэнэ. Горький өөрөө их сургууль төгсөөгүй, тэгсэн атлаа “Би амьдралын хоёр Их сургууль төгссөн гэж бичсэн байдаг.Үүнтэй ч би санал нийлдэг.  Хүүхэдтэй тоглоно амьдрал, нэг хүүхэдтэй муудалцана амьдрал шүү дээ. Мөн ариун цэврийг сахиулж байна гээд л бөөцийлж хэтэрхий нялцайлгаад байна.


 

-Хэтэрхий эрхлүүлж хэлээ хазаж ярих нь хүүхдээ хэлтгий болгож байна гэж та хэлсэн байсан.  

- Анхнаасаа л хүүхэдтэйгээ зөв ярьцгаах хэрэгтэй. Эцэг эхчүүд үүнийгээ  хайр гэж андуурдаг. Сайхан монгол ахуйгаар амьдруулах хэрэгтэй байна. Сүүлийн үеийн хүүхдүүд монгол ахуйн үгээ огт мэдэхгүй, үг бүр дээр тайлбар хэлүүлдэг болсон.  Довыг тойроод долоон дудран гэхээр л “Багшаа, дов” гэж юу гэсэн үг вэ гээд л асуудаг. Хаяа, хатавч гээд ярихаар “Хаяа, хатавч” гэж юу яриад байгаа юм бэ гээд л асуудаг. Монголоосоо бүр холдчихсон. Хурга, ишиг хоёрыг ч ялгахгүй л байна шүү дээ. Хөдөө гадаа явахдаа хүүхдэдээ байгаль орчноо танилцуулж явмаар байна. Эцэг эх л хүүхэдтэйгээ илүү ойр ажилламаар байгаа юм л даа.

-Технологийг зарим нь бүтээдэг байхад  зарим нь түүний  боол нь болдог гэдэг үнэний ортой. Бид харин  боол нь болчихоод байна гэж та хэлэх гээд байна уу даа.

-Тийм ээ. Бид боол нь болчихсон. Дээрээс нь бусдыг шүүмжилдэг хүн олон болчихсон. Өөрсдөө зүгээр хэвтээд л утсаа маажаад бусдыг шүүмжлээд сууж байдаг.  Бусдыг  шүүмжлэх их амархан л даа. Харин хийхэд маш хэцүү.

-Хүүхэд гэр бүлийн толь гэдэгчлэн таны хувьд тухайн хүүхдийн зан төлөв, хандлагаар нь гэр бүлийг нь шууд тодорхойлно биз?

-Тэгэлгүй яахав. Аав ээж нь хоорондоо эвтэй найртай байдаг уу, ямархуу гэр бүл вэ гэдгийг хүүхэдтэй нь таван үг солиод л мэдчихдэг. Хамгийн онцлог нь хүүхэд  ариун амьтан. Хүүхэд худлаа хэлж чаддаггүй шүү дээ. Даалгавраа нь яагаад хийгээгүй вэ гээд асуухаар ээж, аав даалгавар хийлгээгүй гээд үнэнээ л хэлдэг. Таван настай хүүхэд бие дааж хийж чадахгүй, заавал ээж аав нь туслах ёстой. Туслаагүй бол хүүхэд үнэнээ л хэлдэг. Тэр нь их хөөрхөн. Миний сурган хүмүүжүүлэх энэ ажил маань амар, хялбар бол биш.  Ажилдаа дурлана гэдэг шиг амтанд нь би орчихсон. Ажлын маань үр дүн нүдэн дээр илт харагддаг. Хүүхэд бүхэн сайжирч байгаа нь илт мэдэгдэж, нүдний харц нь хүртэл сэргээд ирдэг. Хүүхэд хүсэл сонирхолтой, идэвхтэй байвал  ажил маань ч сайхан явдаг.  Хүүхэд  дургүй бол  мянга хичээгээд үр дүн гарахгүй.  Энэ тохиолдолд би   эцэг эхэд нь хэлээд явуулчихдаг юм. Хүүхэд дургүй байхад би эндээс шаардаад, эцэг эх нь цаанаас шахаад  байвал нэмэргүй.  Маш удаан хугацаагаар ажиллаж байж үр дүн гардаг учраас түүнээсээ хүүхэд шантрах тохиолдол байдаг. Гэхдээ ихэнхдээ шантрахгүй. Цэцэрлэгийн насны хүүхэд  бүгд л  буруу ярьдаг болохоор хүүхэд ч өөрөө анзаардаггүй. Харин сургуульд ороод эхлэхээр л өөрийгөө мэдэж эхэлдэг, бусдадаа ч шоолуулдаг. Тэгэхээр л хүүхэд ичээд хэлээ засахыг хүсдэг. Яг энэ үед нь аваад ирэх юм бол маш хурдан засардаг. Яагаад гэвэл ангийн хүүхдээрээ шоолуулахгүй байхын тулд хичээдэг.

 - БИ ӨНГӨРСӨН ЖИЛ АЙХТАР ГҮТГҮҮЛСЭН ХҮН-

- Ер нь хэл ярианы ямар асуудалтай хүүхдүүд их ирдэг вэ?

-Бүх төрлийн. Үсэг хэлж чадахгүй, ээрүү гацаа, хэл ярианы согогтой, зууж ярьдаг гэх мэт. Мөн зөв логиктой ярих, хурц тод хэлэх, олны өмнө сандрахгүй байх, зоригтой үзэл бодлоо илэрхийлж сурах зорилготой хүмүүс ч ирдэг. Тэр дунд компанийн захирлууд ч хүртэл бий. Хэл яриа чинь харилцааны анхдагч, суурь нь шүү дээ. Миний ажлын нэг онцлог нь нэгэн зэрэг олон хүүхдийг хамруулах боломжгүй. Жишээ нь, хоёр ээрүү хүүхэд ирлээ гэхэд хамтад нь заадаггүй. Яагаад гэвэл хүүхэд бүрийн зан өөр өөр, нэг нь маш их идэвхтэй, байхад нь нөгөө  нь залхуу, эрх байх жишээний. Иймээс яалт ч үгүй ганцаарчилж авахаас өөр арга байхгүй. Аль эсвэл яг адилхан хоёр хүүхдийг хамтад нь суулгаад өрсөлдүүлэх тал бий. Ер нь тактик их чухал шүү дээ. Өрсөлдүүлээд, өрсөлдөөний үр дүнд хожил гарна. Тиймээс хүүхдээ анзаарч судалсны үр дүнд сургалтын хэлбэрээ сонгодог.  


 

-Сургалтын  үр дүн хэдий хэр хугацаанд гарах вэ?

-Нэг удаагийн сургалт нэг цаг 30 минут үргэлжилдэг. Энэ хугацаанд мэдээж шууд үр дүн гарахгүй. Гэртээ очоод ч гэсэн давхар давтах хэрэгтэй. Хүүхдийг хөгжүүлэн нээх арга нь хүүхэд тус бүр дээр өөр өөр байдаг. Багш хүн хүүхэд бүрийн түлхүүрийг олох ёстой. Тиймээс би ганцаарчилсан сургалтын арга замыг сонгосон. Энэ ажил маш амаргүй гэдгийг надтай хамтарч ажилласан эцэг эхчүүд бүгд мэдэрдэг. Би ч  эцэг эхчүүдэд хатуу шаардлага тавьдаг. Харин тухайн хүүхэдтэй хэрхэн харьцахаа эцэг эхтэй нь зөвлөлдөн шийддэг.Одоо ер нь ил тод амар болсон.  Бага насны хүүхдийг ээж аавынх нь хамт байлгадаг. Манай хүүхдэд ямар дутагдал байна, багш яаж зааж байна гэдэг нь бүгд ил тод. Ингэснээр эцэг эхчүүд ч гэсэн багшийг ойлгодог. Би өнгөрсөн жил айхтар гүтгүүлсэн хүн. Үүнээс хойш аав ээжийг нь хажууд нь  байлгадаг болсон.

-Дургүйцэхгүй бол хоёулаа энэ талаар ярьж болох уу?

-Би тэр балиар хүмүүсийг одоо ярьмааргүй байна.

-Дээрх явдал эцэг эхчүүдийн хандлагад хэр нөлөөлсөн бол?

-Хандлага хэвээрээ. Хүний олон дотор янз бүрийн хүмүүс зөндөө л байна.  Хүний мууд дуртай, мулгуу, хүүхдээ буруу хүмүүжүүлдэг хэсэг нь над дээр битгий очоорой гээд  л сошилаар бичдэг юм билээ. Тийм хүмүүс над дээр битгий ир. Одоо ч би хэлнэ. Намайг муу хэлээд байгаа хүмүүс цаашаа бай даа, надаас холхон бай, би чихээ амраая, би тэд нарт гай болоогүй, тэд нарын хоолноос горьдоогүй, гуйгаагүй. Өөрийн эрхгүй эмоци, мэдрэмжээрээ “Хөөе чи чангахан дуугараад өгөөч” гэж багш хүн орилж болно доо тэрийгээ би хүнээр заалгах уу, тийм юмнууд зүгээр холхон байсан дээр. Миний сургалтад хэн ч халдах эрхгүй, миний эрхэнд хэн ч халдах ёсгүй. Намайг зорьж ирсэн  эцэг эхчүүдийг хүлээж авна, сонсоно. Би хүүхдийг загнахаас илүү эцэг эхийг нь л загначихдаг. Ер нь бол нялцгай хүүхэд гэдэг маш хэцүү шүү дээ. Хүнээс үг сонсож чадахгүй, зөрүүд хүүхдүүд ирж байна. Ийм болохоор би хүүхдийн хэлийг засахаас өмнө зан аашийг нь түрүүлж хардаг болчихоод байгаа. Яагаад гэвэл зан аашинд их учир бий. Хүний үгийг сонсоод хүлээж авдаг хүүхэд хэлгүй байсан ч хамаагүй хэлд орж болдог юм, харин ажиллах гэхээр зөрүүдлээд буруу хараад суучихвал би яах вэ, хэцүү шдээ.

-Энэ төрлийн сургалтын төв ажиллуулъя гэдэг санаа хэрхэн төрж байв,

-Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олохгүй гэдэг шиг гурван жил байтугай долоон найман жил байраа олохгүй, урлагийг хаяж хүртэл би үзсэн. Тэр үед намайг ойлгодог хүмүүс ярианы урлагийн хичээл заагаад өгөөч, багшлаад өгөөч гээд эхнээсээ хүсэлт гаргаж байсан. Ажиллуулж чадна гэдэгтээ өөртөө бардам итгэж байсан ч   нэг л эвээ олохгүй их явсан. Тэгээд  хоёр хүүхэнтэй нийлж ажиллуулж эхэлсэн. Тэр хоёр хүн цуглуулдаг, би өөрөө хорин хэдэн хүүхэдтэй зэрэг ажилладаг байсан. Гэтэл эцэст нь мөнгийг нь тэр хоёр халаасладаг байна шүү. Үүнийг мэдээд миний зэвүү хүрээд, ингэж луйвардуулахгүй шүү гээд л шууд зориглоод л байр түрээслээд гарчихсан. Энэ нь ч зөв болсон. Одоо ч  тэр хоёр  Гранд плазагийн 7 давхарт ажилладаг хэвээрээ. Тийшээ очсон хүмүүс ч сайжирсангүй гээд  над дээр  ирдэг. Яаж сайжрах юм, тэр хоёр багш биш, юу ч биш. Зүгээр л хүний хөлсийг шулж, завтай зайтай хүмүүсийн цагийн мөнгийг нь өгөөд хуурч ажиллуулдаг.  

-ХЭЛ НЬ ХАТАНГИРШСАН ХҮҮХДҮҮД ИХ ИРЖ БАЙНА-

 -Таныг зорьж ирсэн хүүхдүүд дунд үр дүн гараагүй буцсан хүүхэд бий юу?

-Ер нь маш цөөхөн, ганц хоёр тохиолдол бий.  Энэ дундаа төрөлхийн согогтой, тагнай цоорхой, гуншаа хүүхдийг яалт ч байхгүй буцаана шүү дээ, Эрүү нүүрний гажиг гэж бас бий. Хэл нь хатангиршсан  хүүхдүүд ч байна.

-Хэл нь хатангиршина гэхээр юуг хэлж байна вэ?

-Хүн бүхэнд ярианы бүхий л эрхтэнг байгалиас заяасан боловч, түүнийгээ бүрэн ашиглахгүй зэврүүлэх буюу уруул, эрүү хөдлөхгүй хөшүүн байдлаас болж амандаа бувтнах, бүдэг балархай ярихыг хэл хатангиршина гэж хэлдэг. Хэлний булчин нь  ажиллахгүй, хэл нь цухуйхгүй байгаагаа над дээр ирж  мэддэг. Хэлний үзүүр нь дээшээ  өргөгдөхгүй ч хүн байна. Энэ тохиолдолд маш удаан дасгал хийж, хичээл зүтгэл гаргаж, уйгагүй хөдөлмөрлөж  байж л үр дүн гарна.

-Амандаа бувтнах, эрүү нь зуулттай ярьдаг,  бүдэг балархай өгүүлдэг  хүмүүст гэртээ хийх боломжтой дасгал хэлж өгвөл?

-Долоон эгшиг авианд тод хэллэгийн нууц нь байдаг. Долоон эгшиг авиа хэлэхэд  бас учир бий. Зөв бичгийн дүрэм гэж байдаг бол, зөв ярианы дүрэм гэж байдаг. Зөв ярианы дүрэм гэдэг уруул, эрүүний байрлал зөв байхыг хэлнэ. Уруулын уужим эгшиг гэх мэт нэрлэдэг. Ингэхээр уруул ярианд маш чухал үүрэгтэй. Долоон эгшгээс хэлэхэд и, э, а о-г хэлэхэд шүд заавал гарсан байх ёстой. Эх нялхсын төвд яриа заслын тасаг гэж байдаг. Тэнд үзүүлсэн хүүхдүүдэд хоёр төрлийн л эм бичиж өгдөг гэсэн. Эмээр сайжирдаг хэл яриа гэж хаана байхав, дээ. Энэ бол худлаа. Зөндөө  эм уусан ерөөсөө сайжрахгүй байна гэж орж ирсэн эцэг эхчүүд ч бий. Анагаах ухаан хэзээ ч дасгал, сургуулилтыг  гүйцэхгүй, оролдоод ч хэрэггүй. Үүнийг маш мэдрэмжтэй хүн заадаг юм.


- Телевизийн сэтгүүлч, хөтлөгчдийн хэлж ярьж байгааг  та ихэд анзаарна биз.

-Харалгүй яахав, би дургүй хүрээд сувгаа сольчихдог юм. Биеэ тоож, өөрсдийгөө чаддаг гэж бодсон тэр нөхдүүдэд зөвөлгөө өгвөл “Зөнөг авгай цаашаа бай” гээд  намайг алгадаад авах байлгүй. Маш их биеэ тоочихсон. Ер нь бол мэдэхгүй, чадахгүй зүйл ихтэй хүмүүс л биеэ тоодог шүү дээ. “Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн” гэж үг байдаг. Тэднийг  харж стресстэж байхаар сувгаа сольчих нь надад ч амар. Орчуулгын кинонд дуу хоолой, уншилт гэж авах юм байхгүй. Чихэнд зовиуртай шүү дээ. Шүүмжлэх юм бол олон зүйл байна.

-Дуу хоолойны өнгийг өөрчлөх боломжтой юу?  Сүүлийн үед хүйсээ солиулах явдал ихсэж байна л даа.

- Төвөнхийн дээд талд дууны хөвч яс залгагдаж байх ба төвөнх хэд хэдэн хэсэг бүхий мөгөөрсүүдээс бүрддэг. Эдгээр нь хоорондоо холбоотой байж амьсгал авах гаргах, дуугарах тохиолдол  бүрт өөр өөр хөдөлгөөн хийх зориулалттай. Жишээ нь эрэгтэй хүний төвөнх урагшаа өнцөг үүсгэн төвийсэн байдаг бол хүүхэд, эмэгтэйчүүдийнх тэгш байх нь олонхи. Тиймээс эмэгтэй хүний дуу хоолой нь  шингэн байдаг. Түүнээс биш эр байж байгаад эм болсон хүмүүсийг би нарийхан хоолойтой болгож чадахгүй ээ, бурханд л тэр төвөнхийг нь буцааж ав гэж хэлэхгүй бол хэзээ ч бүтэхгүй.  Харин хатуу, яхир дуу хоолойг зөөлрүүлэх боломжтой.

-Ийм төрлийн хүмүүсийг та юу гэж боддог вэ?

-Мэдэхгүй. Байгалиас заяачихсан гэж л ярьдаг юм билээ. Нэг хэсэг би  тэр хүмүүсийг сонирхоод уулзаж үзсэн юм. Ажлын шаардлагаар гэх үү дээ.  Бүжгийн шүүгч нь ч хийж байсан. Би 107,5-д ажиллаж байхдаа эротик шөнийн нэвтрүүлэг хөтөлж байсан юм. Эротик булан болохоор гомо, лесби хүмүүсийн талаарх  асуултууд их ирнэ. Нэвтрүүлгээ хөтлөхийн тулд тэд нартай харьцах шаардлага гарсан. Ингээд уулзаж байхад тэднийг сахилгагүйдээ ийм замыг сонгоогүй, байгалиас заяачихсан юм байна л гэж бодсон. Тэдний шийдвэрийг бид үзэн ядаж, өөрчлөх гээд яах юм бэ.

-КАМАСУТРА ҮНЭХЭЭР ТАНСАГ УРЛАГ-

-Та  их сахилгагүй байжээ дээ?

-Сахилгагүй биш ээ, Эротик гэдэг чинь урлаг. Бүхэл бүтэн камасутра гэж хүртэл бий. Би камасутраг ч  судалж байсан, Шөнийн булангаараа энэ тухай ярьдаг байсан. Камасутра үнэхээр тансаг урлаг.


 

-Та өөрөө ч тэр эро талын хүн шүү , тийм ээ?

-Тэрийг одоо яриад яах вэ. Зөнөсөн  хойноо юу яриад байна гэх байлгүй. Гэхдээ миний үеийн хүмүүс ном уншиж, өөрийгөө хөгжүүлээд байвал зөнөглөхгүй шүү дээ. Би бол зөнөглөхөөс айдаг. Буруу зөрүү яриад залуучуудын дургүйг хүргэдэг хөгшин хүмүүс бий, тийм болчихвий гэж би айдаг. Тийм болохгүйн тулд үргэлж л өөрийгөө хөгжүүлж, боловсруулж байна.

-Таны хувьд сексийг урлаг мэтээр хардаг бололтой?

-Энэ чинь амьдрал шүү дээ. Шоргоолж хүртэл үржээд байна. Энэ чинь байх ёстой л үзэгдэл. Харин хүчин хийгээд байгаа хүмүүс бол адгуус. Энэ этгээдүүд адуунаас долоон дор байхдаа яахав дээ. Жишээ нь азарга хүртэл үр төлөө гишгэдэггүй биз дээ. Бух нялх тугал дээрээ гишгэж байхыг  харсан уу, үзсэн үү, сонссон уу. Оюун ухаант хүн адгууснаас долоон дор болно гэдэг хамгийн том эмгэнэл. “Бух шиг тэнэг л” гэдэг. Тэгсэн атлаа бид бухнаас тэнэг болж хувирсан байна.


 

-Тоймч Дашзэвэг гуайн талаар сонссон л байх. Тэр үйлдэл нь таны хэлсэнчлэн зөнөглөлийн нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Үүнийг би төрөлхийн гаж дон байх гэж таамаглаж байна.  Сайн танихгүй ч гэсэн нэг тийм шалиг шалчганасан л хүн шиг харагддаг. Тийм зан үйлдийг гаргахаар хүн. Гэтэл зарим хүмүүс мэдрэлийн өвчин гэж таамагласан байсан. Гэмт хэргийг  өвчнөөр зөвтгөж болохгүй.  Өдий насны хүн  дээр нь олон улсын тоймч хүнд зохих хэмжээний ёс суртахуун, боловсрол гэж баймаар юм. Тэгэхээр би түүнийг бэлгийн гаж дон л гэж хэлнэ. Мэдээж шууд дүгнэлт хийхэд их хэцүү.Сонсох нь ээ,  өвгөчүүл чинь залуу хүүхэнтэй унтах гэж сэрэл хөдөлгөх эм уугаад байдаг гэсэн. Секс байнга хийгээд, залуу охидтой явалдаад байвал  залуужина гэдэг бол худлаа л байхгүй юу. Би бол үүнд итгэдэггүй. Хүн байгалийнхаа жамаар намба суугаад өтлөөд явна л бизЗалуудаа хийж үзээгүй биш заавал түүнийг сонирхох ямар шаардлага байна. Ач, гучаа тойруулаад намбатай эмээ, өвөө байх л сайхан шүү дээ. Би Дашзэвэг гуайг жигшиж байна. Өөр  юу хэлэх вэ дээ.

-Социализмын үед ийм үйлдэл гарах нь байтугай ярихаас ч жигшим байсан байх шүү?

-Тийм ээ. Социализмын үед хүмүүжилтэй байсан. Ял нь бас хүнд байсан. Хүчингийн хэрэг гэхэд л найман жилийн ялтай байсан. Муу махны хэрэг гээд шоронгийн атамануудад  жинхэнэ дарлуулж дарлуулж гарч ирдэг гэсэн.

-МӨНГӨТЭЙ ЭРИЙН БООЛ  БОЛСОН ХҮҮХНҮҮДИЙГ БИ ӨРӨВДДӨГ-

 -Залуу охид, бүсгүйчүүд  мөнгөтэй хөгшин хүний  эхнэр болох явдал өнөөдөр хэвийн болсон мэт. Үүнд та эмзэглэнэ л биз?

-Мөнгөний боол болно гэдэг өрөвдөлтэй. Тэр тусаа эмэгтэй хүн мөнгөний боол болох шиг гутамшиг байхгүй.  Мөнгөтэй эрийн боол болсон хүүхнүүдийг би өрөвддөг. Ямар өрөвдөлтэй юм бэ, чааваас даа л гэж боддог. Тайзан дээр зогссон топ моделиуд баян хүмүүсийн урдаас  “Миний бөгс ийм гоё шүү,  намайг аваач гээд л харуулж байгаатай адилхан харагддаг.  Мөнгө гэдэг хүний хэрэгцээ. Түүнээс биш амьдралын баяр баясгалан гэдэг  хүний сэтгэлд л оршдог зүйл шүү дээ. Хүн өөрөө өөрийнхөө амьдралд хангалуун амьдрах  шиг аз жаргал хаана ч байхгүй. Өөрөө өөртөө эзэн, өөрийгөө тэжээх чадвартай байх хэрэгтэй. Сүүлийн үед хүүхнүүд ганц бие яваад байна, тэд нар яагаад ганц бие байна вэ гэхээр өөрийгөө тэжээж чадаж байна, бусдын дарамтад байхыг хүсэхгүй байгаагийнх. Энэ утгаар нь би ганц бие хүүхнүүдийг маш үнэлдэг, хүндэлдэг. Манай эрчүүд гэж арчаагүй архи горьдсон, өлөн нүдтэнгүүд. Амьдралаа адилхан бүтээлцээд явах эр  ховор л гэж боддог. Надтай тааралддаггүй юм уу мэдэхгүй. Надтай лав тааралдаж байгаагүй. Аль эсвэл би олж хардаггүй юм уу, бүү мэд. Хүн ерөөсөө л ийм л  болчихдог юм байна.

 


 

-Насны эцэст аяга цайгаа хувааж уух хүнтэй болъё гэж бодогдох юм уу?

-Хүмүүс ингэж л яриад байдаг юм. Уйдсан хүний л ажил байх. Нэг хүнтэй цай хувааж уулаа ч яалаа, ганцаараа уулаа ч яалаа адилхан шүү дээ. Уйдсан хүний л үг гэж хэлээд байна шүү дээ. Эсвэл би завгүй болохоороо тэгж боддоггүй юм болов уу, их ажилтай болохоороо хань хүсдэггүй байж магадгүй л юм. Зөвхөн өөрийгөө сайхан авч явъя, охиноо сайхан авч явъя л гэж боддог болохоор ямар нэгэн хүн чирж явах хүсэл сонирхол надад байхгүй. Байхгүй байсаар ч ирсэн. Би нэлээн олон жил ганц бие явж ирсэн боловч хүнтэй суухыг хүсээгүй. Би охиндоо хойд эцгийн бараа хэзээ ч харуулахгүй гэж өөрөө өөртөө амласных тэр.  Миний хүүхэд гэртээ хатан хаан шиг амьдрах ёстой. Би хүүхдийнхээ эрх мэдлийг хэн нэгэн хүнд өгөхийг хүсээгүй. Тэрэнд ч миний охин баярлаж л явдаг. Хүүхдээ хатан хаан шиг байлгах ёстой. Тэгэхгүй бол яах юм бэ, нэг хүн ирээд л миний хүүхдийг загнана, миний хүүхдийн эрх мэдлийг булаацалдана,би ийм байдлыг хүсдэггүй тийм л ээж байхгүй юу.

 -БИЕ, СЭТГЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ САЙХАН-



Нийгэмд гарч байгаа хэргүүдээс болж ээжүүд хүнтэй сууж чадахгүй болчихлоо шүү дээ. Залуу хүүхнүүдийг би өрөвдөж байна. Суугаад ч яах юм бэ. Би хүнтэй суугаагүй гээд гутраад байдаггүй, би өөртөө бардаж явдаг. Хүүхдийнхээ нүүрийг бүтэн харж чадаж байна шүү дээ. Миний хүүхэд надад амьнаасаа илүү хайртай. Миний ээж намайг өсгөх гэж ганцаараа, гадаа гарч эр болж, гэрт орж эм болж явсан гээд л одоо би охиндоо эрх гүнж шиг л байдаг.Хэрвээ би хойд эцгийн бараа харуулсан бол намайг ингэж хайрлах ч юм уу, үгүй ч юм уу хэлж мэдэхгүй. Муу эр хүнтэй сууснаас эмэгтэй хүн ганцаараа явсан нь дээр. Бие, сэтгэлийн эрх чөлөө гэдэг сайхан шүү дээ. Гэхдээ бие сэтгэлийн эрх чөлөө гээд л хэн дуртай хүнтэй завхайраад яваад байна гэсэн үг биш. Хамгийн гол нь  сэтгэлийн амар амгалан.



 

-“Нуруугаа авна” гэдэг шиг, охины тань аав таны зүрх сэтгэлийг ингэтэл мөстүүлж орхиж ээ.

-Манай нөхөр их сайн хүн байсан, ганцхан гэм нь их  хартай. Уран бүтээлч хүнд энэ зан нь маш хэцүү байсан. Тээртэй, ядаргаатай, зүдэргээтэй байсан учраас би  ганц бие ээжийн амьдралыг сонгосон гэх үү дээ.  Хар гэдэг зүйлээс одоо ч гэсэн үнхэлцгээ хагартал айдаг.

-“Хайртай бол хартай” гэдэг.

-Худлаа. Хар гэдэг чинь ерөөсөө л дарамт. Өмчлөлийн хэлбэр байхгүй юу. Хайртай бол хартай гэж худлаа өнгөлөн далдлалт боловч тэр чинь бас л хүчирхийллийн нэг хэлбэр. Эмэгтэй хүн өмч биш. Эмэгтэй хүнийг өмч гэж бодсоноос л гэр бүлийн зөрчил гараад байгаа юм. Өмч гэж бодож байгаа эр хүн эхнэрээ алдах тийшээгээ л хандаж байна гэсэн үг. Эхнэртээ эрх чөлөө өгөх хэрэгтэй, найз нөхөдтэйгээ уулзах үе байлгүй л яахав, эрх тэгш харилцаа байвал эмэгтэй хүмүүс чинь их уяруу зөөлөн шүү дээ. Бие биедээ хайртай л гэж суусан нь үнэн бол  хоёр биедээ итгэлцэл өгөөд л амьдрах хэрэгтэй. Нөхөр нь ч гэсэн нэг оройтоод л ирнэ биз, яахав дээ, Зуун грамм татаад ирэхэд нь уурлаад яах юм бэ, сайхан инээлдээд л ярилцаж ойлголцох нь чухал. Хатуу ширүүн амьдрал үзсэн хүн болохоор ингэж  л бодох юм байна шүү дээ.

-Мэдээж өөрийн алдаагаа  бусад ч гэсэн бүү давтаасай гэж хүсэж байгаа байх?

-Тийм ээ. Миний энэ алдааг хэн ч битгий давтаасай гэж хүсэж байна. Алдаагаа давтуулахгүй байхын тулд алдаагаа охиндоо хэлдэг. Зарим эцэг эх нуудаг юм шиг байгаа юм. Би шууд хэлдэг. Яагаад гэвэл миний охин ээжийнхээ алдааг бүү давтаг гэсэндээ. Ээж гэж ихэрхээд л, чиний насан дээр гээд л ярьдаг ээж, аавуудад би дургүй. Алдааг хэлэх тусам тэр хүүхэд ухаарна шүү дээ. Тэгэх тусам ээж охин хоёр бүр нягтардаг.


 

-Тэгэлгүй яахав. Та ер нь улс төрийг хэр сонирхдог вэ. Манайд  улс төр сонирхдоггүй хүн гэж бараг байхгүй болсон.

-Бүгд л улс төржиж байгаа нь үнэн. Улс төрдөө яагаад ач холбогдол өгч байна вэ гэхээр ард иргэдийн амьдрал хэтэрхий их дордож , улс төрөөс хамааралтай болсных. Төрийн түшээд  нь ч өөрсдөө нийгмийн доог тохуу, инээдэм болчихлоо шүү дээ. Улс төрийн тавцан дээр хөгийн хүмүүс гараад ирсэн. Манайхан оюуны хоосрол, оюуны ядууралд маш их автсан санагддаг. Бид бор ходоод, мөнгөний төлөө их гүйж ирснийх. Одоо бид оюун ухаанаа л боловсруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.  Би 76 гишүүнээс жигшиж байна. Бид нар өөрсдөө сонголтоо буруу хийснийх. Гайгүй залуучууд нь “Амь амиа бодоорой” гэдэг шиг  гадагш гараад л явчихлаа. Тааруухан, тэтгэврийн мань мэт нь л үлдчихлээ. Ийм болчихсон болохоор би монголын төрд хэзээ ч итгэхгүй байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдаад байна гэж ярьдаг байсан одоо гэрэл ч харагдахаа больчихлоо. Залуучууд та бүхэнд л санаа зовж байна. Тэртээ тэргүй улс төрчдийг хүмүүс хангалттай муулж байхад би нэмж муулаад яахав дээ. Юу хэлэх нь ойлгомжтой.


 

-Үгийн урлагийн мастер хүний хувьд улс төрчдийн үг яриаг дүгнэнэ л биз?

-Бас л хэцүү хүмүүс шдээ. Надаас ялгаагүй амьтад нь л сонгуульд өрсөлдөөд гарч байна. Дээр үед бид  дарга нараа их хүндэлдэг байсан. Бялдуучилж байгаа ч юм биш.  Төв хорооны Цэдэнбал тэргүүтэй гишүүдээ ихэд хүндэтгэдэг байлаа. Гэтэл одоогийн 76 гишүүнийг гудамжаар явж байхад нь нохой ч шиншлэхээргүй болсон. Хэн дуртай нь л гишүүн болж байна. Өөрийгөө голохоо больсон байна. Жавхлан одоо юу хийж байна, зүгээр л тэр дуугаа дуулаад үзэх хүмүүс нь үзээд бишрэх хүмүүс нь бишрээд л явж байна биз, заавал тэр улс төрд гарч юу хийх юм бэ. Ер нь манайхны гуравны хоёр нь сэтгэцийн өөрчлөлттэй байгаа юм биш үү. Жавхлангаас гадна бөхчүүд, яруу найрагч хүүхэн Мөнхцэцэг ч гэнэ үү ийм хүмүүс нь гарчихлаар би бас гарна гээд бусад нь барьцаад байна. “Бярны чадлаар нэгийг ялдаг, ухааны чадлаар мянгыг ялдаг” гэж үг бий. Бөх гэж юу юм бэ бөх л шүү дээ. Тэр хүн бяр чадлаа үзүүлээд л явж байж болдоггүй юм уу, заавал улс төрд гарч яах гээд байгаа юм. Олны л танил болж байвал тэгээд л боллоо гэж боддог болчихсон.  Олны танил болохын тулд ер нь бөгсөө ч гаргахаас санаа зовохоо больжээ.

-Нээлттэй ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Zindaa.mn


Сэтгэгдэл ( 67 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Togi(66.181.178.163) 2023 оны 04 сарын 05

Iim tng avgaiicul bidny mongiig l shlah gj surgaltin tov nertei ym nsn bh

0  |  0
Зула(202.9.46.159) 2022 оны 01 сарын 03

Энэ Карма залуудаа өөрөө боов боорцгоо гаргасан шалдан зураг авхуулж завхайрч явсан согтуу авгай больчих доо. Шизо авгай. Хаа яваа газраа хэрүүл тэмцэл атаа жөтөө болж явдаг яацан эмгэн бэ. Энэний тоголсон киног би лав мэдэхгүй.

1  |  0
zz(176.179.166.170) 2022 оны 01 сарын 03

hasag shunaltai banzal ork avgai

1  |  0
Zochin(66.181.178.49) 2017 оны 11 сарын 15

Buun shizo yos surtahuun gej ogt bhgui hun de odoo chavgants bolod bur dordoo biz altan uyiinhnees ene huniig uneldeg hundeldeg gants ch jujigchin bhgui de

0  |  0
Za(27.123.214.88) 2019 оны 04 сарын 22

Yostoi unen heljee

1  |  0
Зочин(202.9.43.94) 2019 оны 04 сарын 22

mundag jvjigchin dee duu oruulaxdaa vnexeer gaixaltai amjilt xvbsie

1  |  0
зочин(202.9.41.110) 2019 оны 04 сарын 22

Үнэн үг хэлжээ сайн байна. Үйлдэл явдал буруутай хүмүүст ярилцлага таалагдаагүй бололтой муулж сэтгэгдэл бичээд байгаа эргүү мал шиг нөдүүдэд гавъяат жүжигчин багш хүний үгнээс үнэнийг уншиж олж харж чадахгүй байгаа бол хохь чинь гэж хэльё

1  |  0
Guest(202.9.40.59) 2017 оны 11 сарын 10

Миний хайртай жүжигчин

0  |  0
zochin(185.39.141.22) 2017 оны 11 сарын 09

zvgeer l amjilt .. karmad . hiisen ajiltai bvteesen gavua.. ni . baragdashgvi . odoo tsagt . 1 uguulber . zuv helj chadahgvi bidnii hajuud ene hvn . bvten zuunaar . kino jvjig tv giin hel yria orchuulga surgamj bidnii ungursun niigmiin nert tuluulugch . gehed hench . margahgvi . unuudriiin 76 hajuud ni baasnii har ylaanuud geed bodchin

0  |  0
Баатар(109.89.138.79) 2017 оны 11 сарын 08

Эм хуний санаанд эр хун эмээлт морьтойгоо хамт багтдаг. Сайханч авч сайн ч хэллээ. Эм зоригтой бол эр хун чоно 2 чацга авнаа гэж. Кккк. Танд амжилт эруул энхийг хусье. Нохой шиншэхгуй тушээд ха ха сайхан инээлээ

0  |  0
Гайхал(139.5.218.70) 2017 оны 11 сарын 08

103.57.95.39 энэ хүн нэр солиод л хүмүүстэй хэрэлдээд байх юм. Бичиж байгаа зүйл нь яг энэ ярилцлагын хариултуудтай ижилхэн өнгө аястай юмаа ккк

0  |  0
Сиси(1.30.163.77) 2017 оны 11 сарын 08

Ганц бие амьдрана гэдэг хэцүү. Эхнэртэй эхнэргүй өөрийгөө голохгүй олон эрчүүлийн хараанд багтаж дээрэлхүүлж доромжлуулдаг л юм. Гэхдээ өөрийгөө хатуу чанга авч явж чадвал их зүйлийг бүтээж чаддаг. Ганцаардсан үед нь хайрлая халамжлая гээд хэн нэгэн эр гүйгээд бвл ямарч эмэгтэй хүн дасаад дурладаг л бхгүй юу. Ийм амьдрал мэдэхгүй нэг нь буруутгаж элдэв хоёроор хэлнэ. Гэхдээ л даваад л гардаг юм даа.

0  |  0
jj(202.70.46.214) 2017 оны 11 сарын 08

bas l sadarlaj yvsan egch shvv de.hehe. shar semjilsen ania bolson bnle

0  |  0
Zochin(86.16.255.77) 2017 оны 11 сарын 07

Gashuun ch gesen uneniig l helsen baina, hun chaddag meddeg ajilaa l hiih heregtei,ene 76 bol bur utgagui ,ihenh n duuchin ,buhchuud bga,,,ichmeer yumaa,,,,,

0  |  0
Zochin(150.129.141.144) 2017 оны 11 сарын 07

Ene humuusiin helj yarij baigaag ee tuluunuus ni nuur ulaih ym manaihan chini iim sonin bolchihson baina shtee

0  |  0
amjilt(185.39.141.7) 2017 оны 11 сарын 07

yostoi 1 Vneniig sain avch ugchee . . amjilt

0  |  0
나라(222.235.6.44) 2017 оны 11 сарын 07

Unen helsen bn.Bodit amidral deer Mongolchud estoi ineedtei amidarch baiga shd.

0  |  0
Bvsgvi hvn(202.21.106.151) 2017 оны 11 сарын 07

Eldew ym awhuulahgvi 4jil hairlaj bhad hair daahgvi nowsh bdgal ym bn

0  |  0
1234(66.181.160.118) 2017 оны 11 сарын 07

unen l bn onoogiin mongolchuud iim l niigem d tuulj bndaa ai xoorxii

0  |  0
рл(103.212.119.74) 2017 оны 11 сарын 07

сайхан хэлжээ

0  |  0
Bold(202.9.43.218) 2017 оны 11 сарын 07

Ene awgai ooroo neeh lag yum shig busdgiig shuumjleed. Doosh ni hiihiin. Er ni manai niigemd Ene metiin medemhiisen uhaantai dur esgej yridag humuus olshirson bolood l hogjihgui bgamshd. Humuusiig doromjilsoniig ni shudraga hun bolgoj busdiig shuumjilsniig ni uhaantai bolgoj. Ooroo l dardan zow amidralaar amidraagui bolood l dan har baraan yum yrij bgaashd. Ene hun ali hedii ni zontson yum shig sanagdlaa. Medemhiirel henhegiih Zonog iim bdag bh

0  |  0
G(103.26.195.74) 2017 оны 11 сарын 07

Uuriin tolgoi deerhi uvsiig Har huniih yahav

0  |  0
Tsendee(220.78.191.18) 2017 оны 11 сарын 07

Taalagdaj bn zagatnasan gazar maajsan yum shig l boljiin

0  |  0
Зочин(213.153.140.121) 2017 оны 11 сарын 07

Vnen yum zondoo yarijee

0  |  0
үнэн(119.40.98.162) 2017 оны 11 сарын 07

Бодит байдлыг яаг үнэнээр нь хэлчиж бөхчүүд дуучид попууд төр удирдахаар хөгжихгүй байх нь ойлгомжтой, гэхдээ тэд нар гараад байгаа нь үндсэн хуультай л хоолбоотойг хүн бүр ойлгож өөрчлөхгүй л бол бүрмөсөн сүйрнээ

0  |  0
1974(78.45.41.64) 2017 оны 11 сарын 07

unen shudarga heljee.hugshin hunii ugiig toohoo boliod udaj de

0  |  0
Zochin(59.153.113.107) 2017 оны 11 сарын 07

Үнэн л хэлж

0  |  0
1235(202.55.191.205) 2017 оны 11 сарын 07

би дургүй хүрээд сувгаа сольчихдог ....ЭНЭ МАШ ЗӨВ ОДООГИЙН ЭНЭ ХӨТЛӨНЧ, СУРВАЛЖЛАГЧ НАРЫН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛ ХҮН АВЧ ,НОХОЙ ШИНЭШЛЭХГҮЙ ЗҮЙЛ ХЭЛЖ, ЯРЬЖ БАЙХ ЮМ ДАА

0  |  0
Төмөрхүү(202.21.106.167) 2017 оны 11 сарын 07

Шударга ярьжээ

0  |  0
зочин(202.179.24.18) 2017 оны 11 сарын 07

Карма Гашуун ч гэсэн Үнэн үг хэлжээ, Үнэн үг хэлсэн Хүн өнөө цагт Адлагддаг болсон цаг үе дээ,

0  |  0
ZZZ(202.5.196.74) 2017 оны 11 сарын 07

Shudraga saikhan emegtei bna...

0  |  0
Нямка(112.72.11.107) 2017 оны 11 сарын 07

УИХ түшээ Гантулгаас болж ХҮЧИН Газар авлаа..

0  |  0
Нямка(112.72.11.107) 2017 оны 11 сарын 07

УИХ түшээ Гантулгаас болж ХҮЧИН Газар авлаа..

0  |  0
Нямка(112.72.11.107) 2017 оны 11 сарын 07

УИХ түшээ Гантулгаас болж ХҮЧИН Газар авлаа..

0  |  0
иргэн(202.5.196.171) 2017 оны 11 сарын 07

сайхан ярилцлага болжээ, Карма жүжигчиндээ сайн сайхныг хүсье

0  |  0
irgen(182.160.33.83) 2017 оны 11 сарын 07

iostoi uuruu gaj dontoi gar bn

0  |  0
Zochin(99.203.14.235) 2017 оны 11 сарын 07

Soliotoi avgaitai azgui er suuh biz.ihk olon yum yarijee.iim bodoltoi emegtei hun ohinoo hurtel huntei suulgahgui dee.zuv zunuurei.

0  |  0
ss(202.131.249.202) 2017 оны 11 сарын 07

ЯГ Л АМЬДРАЛЫГ ЯРЬЖЭЭ. ШУДАРГА ЗӨВ ХЭЛСЭН БАЙНА. ” АЗАРГА ҮР ТӨЛӨӨ ГИШГЭДЭГГҮЙ” МОНГОЛЫН ЭРЧҮҮД ЭНЭ ҮГИЙГ ЦУСАНДАА ШИНГЭЭСҮГЭЙ.

0  |  0
зочин(202.179.25.83) 2017 оны 11 сарын 07

үнэн бөгөөд шудрага л хэлж байна.

0  |  0
ТУУЛ(183.81.171.2) 2017 оны 11 сарын 07

ЭНЭ БОЛ МУНДАГ ЮМ УНШДАГ УХААНТАЙ ИЛ ШУУД ХЭЛДЭГ. аРЧААГҮЙ ОНГИРОО ТЭНЭГ БАРДАМ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ҮНЭН Л ХЭЛЖ БИ БҮР ДЭМЖИЖ БАЙНА.

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 11 сарын 07

Залуудаа ч бавалцдаг л гар байсан даа жүжигчид бол мөнгөтэй хэн ч байсан хусалцана гэдэгт 100% бн. Гэхдээ шударга ярьжээ амьдрал

0  |  0
zochin(103.10.21.89) 2017 оны 11 сарын 07

unen shuud l helsen bn da

0  |  0
ган (183.81.171.3) 2017 оны 11 сарын 07

Сайхан ярилцлага байна. Эр хүн нь архинд толгойгоо мэдүүлж, эмс нь мөнгөнд шунамтгай, хүүхэд нь хэлээ хазсан, улс төрчид нь эрх мэдлээ булаалдсан ийм нийгмийг туулаад явж байна.

0  |  0
zochin(103.87.255.90) 2017 оны 11 сарын 07

ene abgai yasan mergen tsetsen boloo be, mongol erchuudiig muulj bna gedeg chini gadnihand l taltai gesen ug dee, bid 2 neg ueehen,negnee sain medne, heendee ch bii goondoo ch bii gedeg,ogt tseberhen ch hun bish l dee, ubds-iihan uheed duusaagui l baigaa l daa

0  |  0
0202(103.194.176.101) 2017 оны 11 сарын 07

Хүнээс үг сонсож чадахгүй,өөрөө ч хэлье гэснээ хэлж чадахгүй үлбэгэр сулбагар үр хүүхэдтэй,хойч үетэй байхыг би л лав хүсэхгүй

0  |  0
ОЛД(202.21.100.210) 2017 оны 11 сарын 07

хАРИН Ч БОДИТ БАЙДЛЫГ ХЭЛЛЭЭ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Kkk(202.179.26.137) 2017 оны 11 сарын 07

Za kharsan avgai.

0  |  0
зочин(27.123.214.109) 2017 оны 11 сарын 07

Энэ авгайг харахаар залуудаа мөн л бөгсөө гаргасан эроток дүр зураг харагдаж байна Тэгээд ч нөхрөөсөө салсан биз дээ Энэ авгай л хэлсэн болохоос бас үнэн үг байна Бөгсөө гаргасан топ Архи эргүүлсэн эр Нохой шиншилэхгүй түшээд гэж үнэн хэлжээ

0  |  0
Нара(103.9.90.98) 2017 оны 11 сарын 07

үнэн шүү

0  |  0
Иргэн(66.181.188.94) 2017 оны 11 сарын 07

Шулуухан шууд ярьж чаддаг хүн байна.Надад л лав таалагдлаа.Танд сайн сайхныг хүсье. Зоригтой байвал чоно чацага алднаа гэж өөрөө зөв байхад бодгиймаа тэ, эгчээ, амжилт

0  |  0
Zochin(103.206.195.163) 2017 оны 11 сарын 07

Arkhichin avgai shuu de. Xelj bgaa ni xurtel dandaa xar baraan suuder talaas ni bgaag ni.

0  |  0
zochin(202.21.106.147) 2017 оны 11 сарын 07

oorooo ch mon hamag ymaa delgdg b zde kk

0  |  0
Top