Давсаа цацаач ээ, Хотын дарга аа!

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

 

Халтиргаа гулгааны “улирал” эхэллээ. Замын түгжрээ ч нэмэгдэж нийтийн тээврийн хэрэгслүүд “мөлхөө” байдлаар урагшилж, цагаасаа хоцрон, зорчигчдын уур унтууг хүргэсэн дүр зураг хотын гудмаар хөвөрч байна. Машин тэрэг хоорондоо шүргэлцсэн, мөргөлдсөн тохиолдлууд энүүхэн хугацаанд хэвийн үзэгдэл болж байх шиг. Уг нь цас орохтой зэрэгцэн, авто зам дээгүүр элс, давс цацаад, замын мөс, цасыг хайлуулж байдагсан. Өчигдөр өглөө орсон цас өнөө өглөөний замыг гулгуурын талбай шиг болгожээ, Хотын дарга аа, Давсаа цацаач!...

  Жуковын музейгээс хотын төврүү явах замд давс цацаж байгаа харагдсан. Хотын төвдөө л хальтрахгүй бол болдог үйлчилгээг хэдий болтол үзүүлэх вэ. Нийслэлийн захын дүүрэг, хороодыг чиглэсэн зам бүхэн гулсуур болсоныг иргэдийн цахим хуудсуудаар илэрхийлсэн бухимдлаас харж болохоор байна. “Давсаа хаагуур цацаад байна аа”, “Төрийн ордон, Нийслэлийн ЗТГ-ыг тойрсон дарга нарын зам дээр л давс цацаж байгаа юм уу”... гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Жолооч нарын зарим нь тээврийн хэрэгслийнхээ дугуйг өвлийн дугуйгаар сольж амжаагүй байдал ч халтиргаа гулгааны энэ үед өгсүүр зам дээр шарваж түгжрээ үүсгэн, осол гаргахад нөлөөлж байгаа нь мэдээж.

 Гэвч Нийслэлийн замууд дээр давс, элс цацах ажил шаардлагатай хэмжээнд хүртэл хийгдэхгүй байгаа нь гол нөлөө үзүүлж байгаа гэдгийг иргэд хэлж, бичиж байна.  Явган хүний зам дээр бол хүрз давс, элс бүү хэл атга шороо хаяагүйгээс иргэд явганаас бэртэж гэмтэх явдал энүүхэнд. Энэ өдрүүдэд гэмтлийн эмнэлгийн ачаалал урьд урьдынхаас огцом өсдөг нь бичигдээгүй хууль. Ноднингийн мөн үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийг өдөрт 500 орчим хүн зорьж очсоны 250-300 нь халтиргаа гулгаанаас болж явган зам дээр унаж, хөл гараа бэртээсэн хүмүүс байсан гэнэ. Өчигдрөөс дээрх байдал давтагдах төлөвтэй байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Байгалийн гэнэтийн үзэгдэлд бэлэн биш байсаар, халтиргаа гулгаатай “золгодог” энэ үзэгдэл жил бүр давтагдаж байгаад анхаармаар. Хот тохижилт үйлчилгээний газрынхан, амралтгүй ажиллаж, халтиргаа гулгаатай тэмцэж буйгаа тайлбарласан байна. Цацах давсыг өнгөрсөн шөнө нэмж буулгасан талаар тус газраас мэдээлсэн. Харамсалтай нь хүн хүчний хүрэлцээгүй, цас их орсон байдал тэдний ажилд саад болж байгаа гэнэ. Хотын даргаа!.. хүн хүчээ зузаатгаж, цас хайлуулах давсаа ахиухан цацахгүй бол унаа тэрэгтэй нь бүү хэл явган зорчигчид ч чөмгөө таших нь байна!..

Л.Зул

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayaraa(182.160.36.15) 2017 оны 11 сарын 07

Davs ni um u tsas ni um u tsul har shavhai,zuuraldsan har um haltiraad baidag shd,uur arga hemjee avaach e,tsasnii mashin avch boldguimu ter ih idej uuj bdag hurungunuusuu heden saihan tsas husdag mashin abchih,tsas eldev bodisgui tseverhen tsagaanaaraa bval eruul mended tustai bish u

0  |  0
С.Батболд ба түүний (103.57.93.51) 2017 оны 11 сарын 07

Төрийн ордон , төв талбай гээд юм цацаад байгаа г харахгүй байна уу? 2 км-ээс цааш бол бидэнд хамаагүй шүү

0  |  0
карма(66.181.188.248) 2017 оны 11 сарын 07

Зам дээр давс цацах нь шийдэл биш ээ. Цас орж байхтай зэрэгцээд шүүрдээд явдаг машин хэдхэн ш байхад манай хотын гудамжийг хүндрэлгүй цэвэрлэж болно. Цасны машин аваач ээ. Тэгээд байнга ажиллагаанд оруулаач. Ажиллахгүй хэдэн төмрийн хэлхээс авчраад ТҮК-д шахчвал төсөв /ард түмэн/ хохирно

0  |  0
Зочин(202.9.40.162) 2017 оны 11 сарын 07

Ийм үед давс цацаж үргүй зардал гаргаж яахав дээ. Их мэдэгч гуай хийх ёстой хүн нь өөрөө мэдээд ажлаа хийг та дутчих.

0  |  0
зочин (183.177.100.3) 2017 оны 11 сарын 07

Нийслэлийн замууд дээр давс, элс цацах ажил шаардлагатай хэмжээнд хүртэл хийгдэхгүй байна шүү БУЯНТ-УХАА-2-ийн ТӨВ ЗАМ НИСЭХ ЯАРМАГ-т бас хангалтгүй байна. Ногоон гэрлээр зам гарах гэтэл машинууд гэрлийн зөвшөөрлийн дагуу ЗОГСОХ гэхэд зогсохгүй явган зорчигч руу шууд гулгаж байна шүү КОТОК л гэсэн үг анхны цаснаар сайн арга хэмжээ авахгүй бол НЭГ МӨСТСӨН ЗАМ ДЭЭР МЯНГА ЭЛС ДАВС цацаад нэмэргүй байх гэж бодож байна

0  |  0
Top