Хүүхдүүд гудамжинд гуйлга гуйж, хэн нэгний далайлт дор баар, зоогийн газрын ширээ хэсэж тамхи, бохь, чихэр, амттан ширхэглэн зарж байна. Түүнийхээ төлөө хүмүүст чичлүүлж хөөгдөж туугдан, буртаггүй цагаан сэтгэлдээ өдөр бүр үүл хуралдуулж яваа. Тэд сайхан сэтгэл, хайр энэрлийн амтыг мэдрэлгүй өсөж өндийж байна. Хүчирхийллийн нударганы буулт өдөр бүр тэдний толгой дээр тусаж, өс заналыг цээжиндээ зангидан торниж буй. Энэ нийгмийн булан тохойд зогсон дуу дуулж мөнгө олдог, гуйлга гуйдаг, хүүхдүүдийг хүчирхийлэх нь нүдэнд ил ч хэн ч юу ч үл дуугарна. Хараа хяналтгүй гэгддэг, өнчин өрөөсөн тэднийг асран хамгаалагч нэрээр гар хөлийн үзүүртээ зарж, мөнгө олох хэрэгслээ болгогчид хажуухнаас нь үргэлж харж зогсдог. Яг л уяатай нохой мэт байлгадгийг нь хүн бүр хэлж ярьдаг ч санаа тавих нь мөн л ховор. Улсын хүүхэд асрамжийн газарт багшилдаг нэгэн танил минь тэдний тухай өгүүлж байхыг сонсов.
-Манай асрамжийн газрын хүүхдүүд уг нь идэж уух өмсөж зүүхээр дутадгүй л дээ. Гадаад дотоодын хандив тусламжаар ирсэн янз бүрийн хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн бол хангалттай. Барагтай айлын хүүхдийн өмсдөггүйг өмсөнө. Брэндийн хувцас өмсөх бол энүүхэнд. Гэлээ гээд эцэг эхийн хайр халамжаар дутуу хүүхдүүдэд идэж уух өмсөж зүүх бол юу ч биш юм шиг санагддаг. Зарим нь үргэлж оргож босох гэнэ. Нэг нь оргочихвол жижүүрлэж байсан багшийн буруу болж таардаг. “Багшаа энүүхэн дэлгүүр ороод ирье. Биений юм /сарын тэмдэг/ ирээд,” гэхээр нь адилхан эмэгтэй хүн болохоор гаргачихна. Тэгээд л тэр чигээрээ алга болчихно. Нэг цаг, хоёр цаг хүлээнэ... араас нь явна даа. Нэг өдөр хоёр өдөр, заримдаа долоо хоног хөөцөлдөж байж олж авч ирдэг. Өнөөх гоё ганган хүүхэд маань нооройгоод ороод ирэхийг харах тийм ч сайхан биш. Асрамжийн газрын хүүхдүүд бүгд оргоод байдаг гэвэл худлаа. Амьдралд хөл тавиад сайн сайхан яваа хүн олон шүү. Хамгийн гол нь тэднийг хайраар дутаахгүй, энэрч асарч байх үүрэг биднийх. Хэрэв хэн нэг нь тэр чигээрээ алга болчихвол буруутан нь багш болчих гээд байдаг нэг тал бий... Өнөөдөр цаг цэвүүн болсон. Оргож яваад хүний наймааны золиос болох вий, хэн нэгэн хүчирхийлэгчийн гарт өртөөд, насаараа энэлж, эмзэглэж явах сэтгэлийн шархтай үлдэх вий л гэж их айдаг... гэж ярьсан.
Хүүхэд насандаа олсон сэтгэлийн шарх хэзээ ч аньдаггүй гэдэг. Өнөөдрийн нийгмийг цочроосон аймшигт хэргүүдийн гол бай хүүхдүүд тэр дундаа бага насны охид байгаа нь харамсмаар. Хөвгүүд ч мөн бэлгийн хүчирхийлэлд өртөж буйг яалтай. Орчлонгийн нэгээхэн хэсгийг ч туулаагүй цайлган насандаа тэд буруу сэтгэлтийн олз болж, хүчирхийлэгчдийн хараанд өртөн, муу муухайг үзэж буйг зүгээр хараад суумгүй. Өнөөдрийн хамгийн эмгэнэлтэй зүйл бол хүчирхийлэгчдийн эгнээнд улс төрч, олны танил урлаг соёлын хүмүүс орж ирсэн явдал юм. Тэд хүчирхийллийн эсрэг дуугарч, хүүхдүүд, эмэгтэйчүүдийг хамгаалахад тэргүүн эгнээнд зогсох учиртай билээ. Иймд нийгэм даяараа хэнд итгэхээ мэдэхгүй байна. Хэнд хандахаа ч ойлгохоо болив. Хүүхдийн төлөө... гэсэн нэр хаягтай байгууллагууд, наадмаар л хэл, хөлд ордог нь нууц биш. Хурдан морины хүүхэд л хүүхэд, бусад нь хэн ч биш гэж үү. Анхаарах цаг аль хэдийн ирээд, хүүхдүүд чимээгүй алга болж, гэртээ хүчирхийлүүлсээр байна. Дуугараач ээ!!!
З.Говьсайхан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Ер нь бол Монголын залуучууд гэр бүл зохиогоод, амьдрал ахуйгаа аваад явчиж чадахаар болсон хойноо, хүүхэд өсгөх хариуцлагаа ухамсарласан хойноо хүүхэд гаргаж баймаар юм. Тэр болтол бэлгэвчээ сайн хэрэглэ, спиралиа тавиул. Өөрснийгөө яая гэж байж, ганц хоёр уулзаж, унтаад л хүүхэдтэй болчихоод, тэрийгээ хайрлаж өсгөж ч чадахгүй, элэг бүтэн гэр бүлд ч ядаж байлгаж чадахгүй, хйодох урдахын нүүр үзүүлээд, түрүүчээсээ зодуулаад, хүчиндүүлээд эсвэл тэнүүлээд байгаа арчаагүй эцэг эхчүүд хэтэрхий олон байна. Олигтой ажил, орлого, хураасан мөнгө, орон байр юу ч байхгүй л хүүхэд гаргах юм.
108 руу утасдаад хэлэхээр хаягийг нь яг тогтоогоод хэн нь яаж хүчирхийлэлд байгааг нь яг мэдээд ярь гэх юм билээ. Уг н ь мэдээллийг бүртгэж аваад хороо руу нь дуулгаад даалгавар өгөөд ажиллаж болмоор л юм. Жирийн иргэн д тийм боломж байхгүй хэцүү юмаа
улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа
Хүүхдүүд. Хүнии эрх чөлөө гээд иим байдалд ороод байгаа юмаа
Харин тийн лалрын эцэг эхчууд нь л буруутай биз дээ