Ж.Шараа: Лодойдамба гуай, Зангад ирлээ шүү хүүхнүүд ээ гэж зарла, гэсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

 

“Зохиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилж байна. Энэ удаад УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа уригдлаа. Түүний “Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ”, “Хар ус нуурын шагшуурга”... зэрэг дуунууд тухайн цагтаа Монголын дууны урлагт шинэ үзэгдэл болон шагшигдаж, хөгжим судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг гойд татаж байсан гэдэг. Харин бидний хүүхэд нас "Гэгээн өглөө сайн байна уу" дуугаар нь сэрж, хичээл сургуульдаа яардаг байлаа.

 

- Хаянхярваагийг шүлэг “Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ” дууг Ардын жүжигчин Зангад дуулж олонд хүргэсэн. Таныг уран бүтээлийнхээ гарааг энэ дуугаар эхэлж байсан гэж сонссон. Олон жил дуулагдаж байна даа?

-Дууны шүлгийг бичсэн Хаянхярваа гэж тухайн үед Налайхад амьдарч байсан, сэтгүүлч, зохиолч хүн л дээ. Надад зургаан мөрөөс бүтсэн бадагтай шүлэг авч ирж өгч байсан юм. Эхлээд сонин санагдсан. Аялгуу нь мөн түүнийгээ дагаад их өөр болох байх гэж бодсон л доо. Тэр үед би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл хөгжмийн багшаар ажиллаж байлаа. Зангад бид хоёр зэргэлдээ 35, 36 тоод өрөөнүүдэд суудаг байсан. Зангад Ховдын театраас дөнгөж ирээд байсан үе. 1961 онд сургуулиа төгсөөд Ховдын театрт ажиллаж байгаад 1962 онд Хөгжим бүжигт ирсэн. Тэр үед Хөгжим бүжигт Зөвлөлтийн 30 гаруй мэргэжилтэн   бүх төрөл мэргэжлээр ажилладаг байлаа. Энэ дуугаа биччихээд, өөрөө төгөлдөр хуур дээр тоглож, Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд сонсгоод, удалгүй нь радиод бичүүлсэн юм. Радиод бичүүлсэний дараагаар амархан олонд түгсэн л дээ.

 1963 онд юмуу даа, “Үзэсгэлэн чимэглэл” гэж үйл ажиллагааны нээлт болж, эмэгтэйчүүдийн баяраар 1000 хүүхний хаврын үдэшлэг болсон юм. Тэр үдэшлэгийг хөгжмийн зохиолч Мааяа гуай удирдаж байлаа. Тэр үед Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай байлаа. Үдэшлэгийг циркийн Содном гуай, Вандансүрэн гуай хоёр хөтөлж байсан юм. Зарлахдаа тэрний үг, тэрний ая гэж зарладаг байлаа шүү дээ. Тэгтэл Лодойдамба гуай, -Үгүй үгүй тэгж зарлаж болохгүй. Зангад ирлээ шүү хүүхнүүдээ, гэж зарла. Тэгээд дараа нь зохиогчоо та нар зарлахгүй юу гэж хэлсэн юм. Одоо бодоод байхад шоу гээчийн эхлэл тэр байж. Үдэшлэгийн үеэр Лодойдамба гуайн хэлсэнээр зарлаж, үзэгчид нижгэнэсэн алга ташилтаар угтаж авч байлаа. Түүнээс хойш энэ дууны тухай зохиолчид хошигнож, Зангад ирлээ шүү хүүхнүүдээ гэдэг нэрийг олонд түгээсэн дээ.

-“Хар ус нуурын шагшуурга” гэж дуу бий. Тухайн үед Монголын нийтийн дууны урлагт шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Энэ сайхан дуу хэрхэн зохиогдсон бол?

-“Хар ус нуурын шагшуурга” дуу их сонин түүхтэй л дээ. Явуухулан гуайн “Хар ус нуурын шагшуурга” гэж түүвэр гарсан байж. Би хойноос төгсөж ирчихээд юм уншаагүй байсан үе. Ообо буюу Намжимын Очирбат гэж яруу найрагч надад тэр номыг авчирж өгөхдөө, багшийн маань ном байгаа юм, чи энэ шүлгэнд нь ая хийж үз дээ, гэж үзүүллээ. Үнэхээр ч сайхан шүлэг юм. Гэхдээ би чинь Сүхбаатар аймгийн хүн, Ховдын Хар ус нуурыг үзээгүй, тэр шагшуурга гээчийг нь мэдэхгүй.  Зангад бол Ховдын хүн, аяыг нь хийчихээд Явуухулан гуай руу утсаар ярилаа. Таны “Хар ус нуурын шагшуурга” шүлгэнд ая хийчихлээ, ирээд сонсохгүй юу гэлээ. -Өө тэгье би одоо яваад очьё гээд тэр дороо хүрээд ирлээ. Аялгуугаа сонсогочихоод зориглоод асуулаа даа. Явуухулан гуай, шагшуурга гэж юу юм бэ гэлээ. -Өө, чи аргагүй Сүхбаатарын хүн. Танай тэнд ямар том нуур гол байх биш. Шараа чи Туул голоор явж үзсэн үү? гэж байна.

 Би 1952 онд дөрөвдүгээр анги төгсөөд, хотод орж ирсэн хүн л дээ. Тэр үед чинь Туул голоор чинь том сал урсаад л, хүн харагдахгүй өтгөн бургастай сүрлэг сайхан, маш их устай байлаа. Тэгээд л үзсэн, үзсэн гэлээ. Явуухулан гуай сайхан дүрслэл хэлсэн л дээ. -Тэгвэл чи  Дунд голоор төсөөл, Туул голыг үзсэн хүн бургасаар нь төсөөлөөд л биччих. Бургас найгаад л дунд нь зэгс нь ганхаад л, намар болохоор шарлаад л шагшаад л, гээд их сайхан тайлбарлаж өгсөн. Би аяа өөрчлөөд ерөөсөө л  солигдмол хэмнэлийг ашиглах нь зөв юм байна гэж шийдээд бичсэн дээ. Эхнээс нь дөрөвний гурав, дөрөвний хоёр, дөрөвний гурав, дөрөвний хоёр,.. гэдэг хэмнэлийг дуусан дуустал ашигласан. Тэр үед чинь радиод дууг хамгийн дээд тал нь 250 төгрөгөөр үнэлдэг байлаа. “Хар ус нуурын шагшуурга”-ыг 300 төгрөгөөр үнэлж бичүүлж байлаа. Уран сайхны удирдагчаар нь Гончигсумлаа багш ажиллаж байсан юм.

 1964 оны үед шиг санаж байна. Монголын залуучууд, оюутны хоёрдугааар их наадам боллоо. Тэр наадамд Эвлэлийн төв хорооноос миний дууг шууд дэвшүүлсэн байсан. Гончигсумлаа багш нэг өдөр “Хар ус нуурын шагшуурга”-аа нот-лочих гэлээ. Би ч яах гэж байгааг нь айгаад асуусан ч үгүй. Багш нотыг маань халааслаад л яваад өгсөн. Харин дараа нь тэр наадмын тэргүүн байрт шалгарсаныг мэдсэн дээ. Түүний дараагаар Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал болж, тэр үеэр Гончигсумлаа багш илтгэл тавьж, Хар ус нуурын шагшуурга дуу бол монголын дууны урлагт шинэчлэл хийсэн  бүтээл боллоо гэж үнэлсэн. Улаанбаатар зочид буудалд болсон хурлын хүлээн авалтын үеэр Зангад бид хоёр хувцасны өлгүүр хавьцаа зогсож байлаа. Хорин хэдтэй залуучууд юу гэж дээгүүр томчуудтай зэрэгцэж байхав дээ бурхан минь. Тэгтэл Явуухулан гуай хундагтай архиа барьсаар буугаад ирсэн. Бид хоёр айгаад, яадаг билээ гэж байтал, Явуухулан гуай “Хар ус нуурын шагшуурга бол дахин давтагдашгүй бүтээл, та хоёрын цаашдын уран бүтээлд амжилт хүсье...” гэж оросоор хэлээд хундага өргөсөн. Залуу хүмүүст тэрнээс илүү том шагнал гэж юу байхав дээ.

-Амьдралынхаа 50 гаруй жилийг Монголын хөгжмийн урлагт зориулжээ та. Одоо харин “Амар түвшин” гэж сайхан дууны талаар яриагаа үргэлжлүүлье?

-Энэ дууны үгийг Дармын Батсүрэн гэж яруу найрагч бичсэн. Батсүрэн бол Хөгжим бүжгийн сургууль төгссөн, радиогийн хөгжмийн редакцд олон жил ажилласан, хөгжмийн маш өндөр боловсролтой хүн. Түүний тухай сайхан дурсамж яримаар байна л даа. Бид хоёр их олон дуу бичсэн. Ихэвчлэн би аяа хийчихээд Батсүрэн үгээ хаддаг байлаа. Бид хоёрын “Гэгээн өглөө сайн байна уу” гэж дуу байна. Монголын радиогийн Өглөөний мэнд хөтөлбөрийг 46 жил эхлүүлж байна. Оросоогийн дуулсан “Дэлгэрхэн дэлхий” дуу байна. Батсүрэнд ая сонсгоход авч яваад ямар ч засваргүйгээр үгээ цохиод ирдэг байлаа.  Маш их мэдрэмжтэй, монгол хэлний баялаг сантай хүн дээ. Батсүрэн маань “Дуунаас дуу хүртлэх зам” гэж ном бичлээ. “Суутнууд” гэж хэдэн дэвтэр ном бичсэн байна. Монголын хөгжмийн урлагт маш том хувь нэмэр оруулсан судлаач хүн.

 “Амар түвшин” дууны шүлгийг бичиж ирээд, хоёулаа дуучнаа сонгохоор болоход, -Адарсүрэн яаж байна гэсэн. Тэгээд л Адарсүрэн дээр очиж дуулуулсан. Адарсүрэн тэр үед Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан юм. Бичүүлэхээр болоход найрал дууны бүсгүйчүүд нь багшаа бид нар ард нь дуулья л даа гэж өөрсдөө санаачлаад, дөрвөн ятга авч очиод бичүүлж байсан даа.

-“Дэлгэрхэн дэлхий” дууны аялгуу бол үнэхээр уран тансаг сонсогддог. Түүхээс нь дэлгэвэл?

-“Дэлгэрхэн дэлхий” их сонин түүхтэй дуу. Нэг хүний 50 насны ойд уригдаад очтол, их сайхан хүрэн торгон дээлтэй жинхэнэ Монгол залуу ардын дуу дуулсан юм. Ямар гоё ардын дуу дуулсан гэж санана. Тэгээд л би санаа аваад гэртээ хариад “Дэлгэрхэн дэлхий” дууны аялгууг хийсэн. Биччихээд Батсүрэндээ хэллээ. Гэхдээ бас төсөөлөл өгсөн л дөө. Батсүрэн маань ч удалгүй шүлгийг нь бичээд ирлээ. Оросоод үзүүлсэн чинь, -их сайхан таарч байна дуулья, гэсэн. Хүний насны ойд дуулсан тэр залуу надад ийм нэг сайхан дуу бэлгэлсэн дээ.

-Монголын радиогоор Монголын хүүхдүүдийг 46 дахь жилдээ сэрээж байна. “Гэгээн өглөө сайн байна уу” дууныхаа түүхээс хуваалцвал ямар вэ?

-Би хийл хөгжмийн багшаар ажиллаж байлаа. 12 хүүхэдтэй бүтэн ангид. Хүүхдийн цагаахан сэтгэл, дуу хөөр, баяр жаргал надад таалагдсан л даа. Хүүхдийн сайхан дуу хийе гэж бодоод анх “Миний хөөрхөн дүү” гэж дуу бичсэн юм.

Миний хөөрхөн дүү минь

Өглөөн нартай уралдаарай

Өөрийнхөө цэцэрлэгт очоорой

Багшдаа очоорой

Баясаж хөөрхөн тоглоорой...дуулав ингээд хүүхдийн дуу хийчихлээ. Энэ дууны үгийг Зангадын ах Дамдин гэдэг хүний эхнэр олж өгсөн юм. Цэцэрлэгийн хүүхэд дуулчихаар дуу болгоод өгөөч гэж өгсөн шүлэг л дээ. Тэгээд хүүхдүүд дуулаад эхлэхээр нь урамшаад ахиад нэг дууны ая хийчихээд Батсүрэнд сонсголоо. Надаар тайлбарлуулсан ч үгүй аваад явчихсан. Хөгжмийн хүн болохоор шууд ойлгосон байх. Ажил тарж байхад аялгуугаа би өгсөн л дөө. Харин маргааш өглөө нь ажил эхэлж байхад, жижүүр гүйж ирээд Шараа багшаа утсаар ярья гэж байна. Гүйгээд очсон чинь, Батсүрэн байнаа, дууны үгээ ирж ав гэж байна. Чи ийм амархан хийчихлээ гэж үү? гэсэн чинь, чи намайг чадахгүй гэж бодоо юу гэж байна. Би буруу ярьсанаа ойлгоод, өө би буруу ярьчихлаа хурдан биччихэв үү? гэж хэлэх гээд л... гэж тайвшруулаад ажил тарахаар очихоор болоод харилцуураа тавилаа.  Ажлаа дуусгаад очсон чинь, Батсүрэн бичгийн машин дээр цохичихсон байна. “Гэгээн өглөө сайн байна уу” гээд яг таарсан хайрцагтай шүлэг байна.

 Хөгжим бүжигт Наранцэцэг гэж долдугаар ангийн охин байсан, одоо дуучин болсон. Түүгээр дуулуулахаар болоод, Цэцэгмаа гэж есдүгээр ангийн төгөлдөр хуурын хүүхдээр концертмистерийг нь хийлгээд бичүүлсэн. Дандаа хүүхдүүдээр бичүүлсэн дуу л даа. Тэгээд радиод бичүүлж, дуулуулсаны дараа хөдөөнөөс Маньбадгар гэж багш захиа бичиж. “Энэ дуундаа малчин түмнээ яагаад магтаж, дуулаагүй юм бэ. Бусдыг нь бүгдийг нь магтсан байна шүү дээ.” гэсэн байна. Тэр үгийг Батсүрэндээ хэллээ. Тэгсэн чинь, өө наадах чинь сайхан санаа байна гээд тэр дор нь нэг бадаг нэмээд биччихсэн. Тэгж л бүтсэн дуу даа.

-Ардын жүжигчин Зангад гуай та хоёрын хамтын уран бүтээл олон бий. Мөн та хоёрын уран бүтээл “Миний ээж” гэж сайхан дуу байна. Дашдоржийн Нацагдоржийн шүлэг шүү дээ. Энэ сайхан дууг ярихгүй өнгөрч боломгүй санагдаж байна?

-Намайг сургуульд орохын өмнө ээж минь бурхан болсон. Дөрөвдүгээр анги төгсөхөд аав минь өнгөрсөн. Би өнчин өссөн хүн л дээ. Нэг өдөр хичээл хийгээд байж байсан чинь Зангад гаднаас,- чи энэ үгэнд сайхан ая хийгээч... гэж ярьсаар л ороод ирлээ. Шинэ шүлэг л юм байх гэсэн чинь, Лувсаншарав гуайн түүврийг барьчихаж. Хэний шүлэг юм бол гээд харсан чинь Д.Нацагдоржийн “Миний ээж” гэж шүлэг байна. Үгүй энэ чинь Лувсаншарав гуай, Цоодол гуай энэ тэр ая хийчихсэн шүлэг байна гэвэл. -Хэдэн ч хүн ая хийсэн яахав дээ, гэж байна. Би уг нь мэднэ л дээ. Пушкины нэг шүлгэнд Оросын олон зохиолч ая зохиосныг мэднэ. Номыг нь цонхон дээр тавьчихаад л үгийг нь харангаа Лувсаншарав гуайн аяыг тоглож үзлээ. Ээжийгээ бодлоо. Тэгтэл гэнэтхэн аялгуу орж ирж байна шүү. Зангадад үзүүлсэн чинь, ёстой сайхан болж, би дуулнаа гэж байна. Дуулах нь ч яахав дуулна л биз. Тэр үед чинь “галивлет” гэж айхавтар юм байлаа. Аяыг нь Лувсаншарав гуай, үгийг нь Явуухулан гуай баталдаг байлаа шүү дээ. Юу ч болсон бичүүлье гэж санаад Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд сонсгосон чинь учиргүй магтаж байна. Зангад дуулаад радиод бичүүлчихсэн.

 Тэгэхэд радиогийг ерөнхий редактор Даш гэж хөгжим судлаач хүн байсан юм. Даш энэ сайхан дууг алтан фондод авна гэж байна. Би ч сандраад, болохгүй, болохгүй батлуулаагүй дуу. Лувсаншарав гуай батлахгүй байлгүй. Явуухулан Нацагдоржоо батлах байлгүй гэлээ.  За тэгвэл азнаж байгаад болъё гэлээ. Тэгтэл нэг өдөр Даш утасдлаа. Өнөөдөр өнөөх томчууд чинь 15 цагт ирж хөгжим сонсох гэнэ. Тэр хооронд нь дууг чинь сонсгоё. Хүрээд ир гэлээ. Очсон чинь Мөрдорж багш, Дамдинсүрэн гуай, Гончигсумлаа багш, өнөө Лувсаншарав гуай чинь, Чойдог, Дарамзагд... бүгд иржээ. Би ч үүдний хавьд сууж байлаа. Хөгжмөө сонсож хоорондоо дүгнэж яриад л... Тэгээд дуусав бололтой Гончигоо багш, -би ч одоо ажилтай явлаа гэж байна. Даш тэгтэл, -уучлаарай нэг дуу сонсгох гэсэн юм зохиогч нь фондод өгөхгүй гээд байгаа юм гээд сонсголоо. Тэгтэл Гончигоо багш. Ийм дууг фондонд өгдөггүй юм бол ямар дуу өгдөг хүн юм бол доо гэж хэлчихээд гараад явчихлаа. Би ч Лувсаншарав гуайн амыг хараад байлаа. Лувсаншарав гуай, -Пушкины нэг шүлгэнд маш олон хүн аялгуу зохиогоод, Гиленкийн ая нь ард түмэнд түгсэн байдаг. Нэг шүлгэнд хэдэн ч хүн ая зохиож болно шүү дээ. Сайхан дуу болсон байна гэлээ. Тэгж хэлэхэд л шууд радиогийн Алтан фондод орсон дуу даа.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgonbayar(150.129.140.111) 2017 оны 11 сарын 11

Axmad veiinxen bidnii cetgel zvrxend xamgiin oir dotno concogddog jinxene abyas bileg togoldor mongol xvnii setgelees undran garsan aylguunuud daa

0  |  0
Ninjee(27.123.214.101) 2017 оны 11 сарын 11

Dandaa bidni sain meddeg,setgeld hadgalaatai duunuud bnashde.ter gegeen ogloo sain bnu duugaar sej surguuldaa yavdag BSN huuhed nas min sanagdchla.tand eruil enhiig husie

0  |  0
zochin(182.160.34.207) 2017 оны 11 сарын 08

улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

0  |  0
giliermo(66.181.184.73) 2017 оны 11 сарын 08

Mash shn durdatgal bn. Sharaa guaid sn shn buhniig husie

0  |  0
Top