О.Энхзаяа: Хамгаалалтын бүс, малгайн хэрэглээг хэвшүүлснээр осол гэмтэл буурна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. 

- Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинээр ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа вэ? 

- 2017 оны 5 сард Нийслэл УБ хот маань “Эрүүл хотуудын нөхөрлөл” олон улсын байгууллагад нэгдсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхий нийтийн санаачлагад нэгдсэнийг албан ёсоор мэдэгдсэн.   зорилготой. Манай хот 50 дахь гишүүн нь болж нэгдэн орсон. Энэхүү “Эрүүл хотуудын нөхөрлөл” байгууллагад нэгдсэнээр халдварт бус өвчин, осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийн амьдрах, ажиллах эрүүл орчинг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэхүү санаачлага нь Нью Иорк  хотын захирагч асан, ДЭМБ-ын Халдварт бус өвчний асуудлаарх илч Майкл Блумбергийн дэмжлэгтэй хэрэгжиж, хотын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийг сайжруулах зорилготой. УБ хот нь Блумберг филантропи сан болон бусад хамтрагч байгууллагуудтай нэгдэн ДЭМБ-аас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалалтын бүс, хамгаалалтын малгайг хэрэглээг нэмэгдүүлэх,  хэвшүүлэх” гэсэн үйл ажиллагааг сонгосноор хотын замын аюулгүй байдал сайжирна гэж үзэж энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Төслийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс нэг жил хагасын хугацаатай хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэгч гол байгууллага нь НЗДТГ,  Замын Цагдаагийн алба, НЭМГ бөгөөд бусад төрийн болон ТББ-ууд орж байгаа. Төслийн үйл ажиллагааны нээлт болгож олон талт байгууллагын оролцоог хангах уулзалтыг өчигдөр зохион байгуулсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэхээр Франц, Сингапураас төслийн зөвлөхүүд ирж, бидэнд үнэтэй зөвлөгөө, мэдээ мэдээлэл, санал, зөвлөмжүүдийг өгсөн маш үр дүнтэй уулзалт боллоо гэж үзэж байна.  


- Энэхүү төслийн зорилго нь? 

- Суудлын бүс, хамгаалалтын малгайн хэрэглээг хэвшүүлж, зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулснаар гарч болох осол гэмтлийг бууруулах явдал юм. Нийслэлийн иргэдийг хамгаалалтын бүс, малгайг  тогтмол хэрэглэдэг болгох юм. Машиндаа суусан л бол хамгаалалтын бүсээ хэрэглэж, мотоцикл, дугуй унасан бол хамгаалалтын малгайг өмсөж хэвших хэрэгтэй. Хүмүүс хамгаалалтын бүс малгайг хэрэглэж байгаа боловч хангалттай хэмжээнд биш байна. Хамгаалалтын бүс, малгайг тогтмол хэрэглэснээр хүн өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө эрсдэлээс хамгаалж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй.

- Одоогийн байдлаар жолооч нарын хамгаалалтын бүс хэрэглэдэг байдал хэдэн хувьтай байна вэ?

- Машин барьж байгаа жолооч хамгаалалтын бүсийг хэрэглэх байдал 75 орчим  хувьтай бол, хажуугийн суудалд сууж буй зорчигч 50 орчим хувьтай, харин арын суудалд сууж байгаа зорчигч дөнгөж 15-16 орчим хувьтай байна гэсэн дүнг Замын цагдаагийн албанаас өгсөн юм.


- Бусад улс оронд хамгаалалтын бүс, малгайг хэрэглэх байдал хэр сайн хэвшсэн бэ?

- Манай гадны зөвлөхүүдийн хэлж байгаагаар Европын холбооны улсуудад хамгаалалтын бүс, малгайн хэрэглээ харьцангуй өндөр байдаг. Ингэснээр осолд орсон ч бэртэж гэмтэх магадлал эрс буурдаг. Африк гэх мэт улсуудад хамгаалалтын бүс, малгайн хэрэглээ эсрэгээрээ бага байдаг гэнэ.

- Хамгаалалтын бүс, малгай хэрэглээгүйн улмаас ослоор хүнд гэмтэл авах иргэдийн тоо ихэсдэг гэж ойлгож болох уу?

- Тийм. Тухайлбал, жилд улсын хэмжээнд 500 хүн машины ослоор нас барлаа гэхэд ихэнх хувь нь хамгаалалтын бүс хэрэглээгүйгээс болсон байдаг.

- Манайд хамгаалалтын бүс, малгайн хэрэглээг хэвшүүлэхэд хэр их хугацаа шаардах бол?

- Манай иргэд хамгаалалтын бүс, малгайг хэрэглэх ёстой гэдгийг мэдэж байгаа боловч, хэвшүүлэхгүй байгаа. Мөн олон жилийн өмнө Орос улсаас орж ирсэн авто машин, автобуснууд, хүнд даацын машинууд суудлын бүс байдаггүй, эсвэл элэгдэлд орсон, зарим жижиг том автобус авчихсан байдаг байна. Гэхдээ хэвшүүлэхийн тулд сургалт, сурталчилгааг маш сайн хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.

- Төслийг хаанаас санхүүжүүлж байгаа вэ. Мөн ямар үйл ажиллагаануудад зарцуулах вэ?

- Блумберг филантропи сангаас 100 мянган доллараар санхүүжүүлж байгаа. Энэхүү санхүүжилтийг судалгаа, сургалт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаа зэрэгт зарцуулна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.43.238) 2025 оны 03 сарын 13

Телевизээр дарга нар,намуудаа залхтал гаргаж байхаар ард тумний телевизээр ард тумэнд нь хэрэгтэй эруул,аюулгуй байдалд суралцах нэвтруулгийг байнга гаргах хэрэгтэй шуу дээ.

1  |  0
зочин(202.9.41.141) 2025 оны 03 сарын 13

хамгаалалтын бүсийг хэвьшүүлье. Миний амийг аварч байсан

1  |  0
Close menu