Шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар хэлэлцэв

2017 оны 11 сарын 10

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнд үндэслэн "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг сайжруулах нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, зохион байгуулалтын хэлтсийн дарга нар болон олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаанд үндэслэн нээлттэй шүүхийн зүгээс авч хэрэгжүүлэх, цаашид анхаарах арга хэмжээ, нийслэлийн шүүхүүдэд шинээр байрлуулаад буй шүүхийн үйлчилгээний цахим мэдээллийн самбарын талаар танилцуулсан юм.

Дараа нь шүүхийн Тамгын газрын дарга нар 2017 оны эхний 10 сарын байдлаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

ШХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг шүүхээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байдал, цаг үеийн мэдээллээр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлууд, шүүхийн мэдээллийн чанар, хүртээмж, олон нийтийн харилцааны үр дүнтэй, шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлэх, "Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам” болон "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын хэрэгжилтийг хөндөж санал солилцов.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа "Шүүхийн шинэтгэлийг иргэдэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтарч ажиллах нь чухал. Шүүхийн шийдвэр төрийн нууцад хамаарахаас бусад тохиолдолд олон нийтэд ил тод байх ёстой. Тиймээс Тамгын газрын дарга нар, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн шүүхээс мэдээлэл олж авах мэргэжлийн үйл ажиллагаа, иргэдийн мэдэх эрхэд үл ойшоосон байдлаар хандах, хориг саад хийх эрхгүй. Нээлтэй шүүх хуралдааны шүүхийн шийдвэрийг мэдээлэх үүрэгтэй” гэж онцолсноор хэлэлцүүлэг өндөрлөлөө. 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top