Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна

2017 оны 11 сарын 10

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр  32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, “Өгөөж,чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад орууллаа. Харин  Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болж байна.

Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн   13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл, гүүр хоолой туннел засварын  7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих ажлыг эхлүүлж, энэ онд төсөвлөсөн санхүүжилтийн ажлыг бүрэн дуусгав, Мөн Ихтойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно  Явган хүнд зориулсан гүүрэн гарц барьж, Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км авто зам, 265 авто зогсоолын цогцолборыг ашиглалтад орууллаа.

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжсэн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.

Концессийн гэрээгээр он дамжин хэрэгжсэн  Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан чиглэлийн 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан бол  Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 2.8 км авто замын барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусна.

Нийслэлийн авто замын салбарт хэрэгжиж буй нийт  төсөл, арга хэмжээний ажлын явц өнөөдрийн байдлаар 92 хувьтай, хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top