О.Мөнхсайхан: Японоос би машин биш ном ачуулсан

 

Монгол, Япон, Америкт дэлхийн боловсрол эзэмшсэн залуу судлаач хойч үеийнхэндээ мэдлэг түгээж, МУИС-ийн дэлхийд дуурсгаж явна. Тэр бол МУИС-ийн Хуульзүйн сургуулийн дэд профессор, Хуульзүйн ухааны доктор, Одонхүүгийн Мөнхсайхан юм. Ардчиллын төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш нийгмийг байгуулахын төлөө судалгаа хийж мэдлэг чадвараа зориулж буй түүнийг ЗИНДАА сэтгүүлийн "Шинэ үе" булангийн зочноор урилаа.

Анх эрх зүйн мэргэжлийг яагаад сонгох болов. Багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?

Сурагч ахуйдаа инженер болъё гэж бодож явсан үе бий. Би математик, физикийн хичээлд сонирхолтой байсан. Гэхдээ, шударга ёс их чухал юм байна, шударга бус зүйлийг тэвчиж болохгүй гэсэн мэдрэмж төрдөг байсан. Ийм ойлголт, мэдрэмж төрөхөд кино, ном зохиол ч нөлөөлсөн байх. Тэгээд анги ахиад ирсэн чинь хуулийн чиглэлийн ажил нийгэмд шударга ёс тогтооход чухал юм байна гэдэг ерөнхий төсөөлөл бууж, улмаар хуулийн ангийг сонирхон элссэн дээ. Их сургуульд орсныхоо дараа л ямар мэргэжил сонгосноо ухаарч мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож дурлаж эхэлсэн юм.

Хуулийн ангийнхан бол маш идэвхтэй оюутнууд. Хоорондоо мэтгэлцдэг, илтгэл тавьдаг мундгууд байдаг даа. Оюутан нас дурсамж дүүрэн л өнгөрсөн байх?

Аав, ээждээ тустай, амьдралаа өөрөө аваад явчихдаг хүн болохсон гэж багаасаа хүсдэг байсан. Үүний тулд яах вэ гэж өөрийнхөө хэр хэмжээнд эрэгцүүлсээр хичээлээ сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ ойлголт миний гэрийн хүмүүжилтэй ч холбоотой. Аав, ээж маань ах бид хоёрт үзэл бодлоо хатуу тулгадаггүй, их чөлөөтэй өсгөснийг хожим ойлгосон. Түүгээр ч барахгүй тэд намайг хичээлээ хий гэж хэлж байгаагүй. Харин “Битгий хий” гэдэгсэн. Яагаад гэхээр би шөнө дөлөөр хичээлээ хийж суудаг байсан болохоор “Хүү минь ядарчихна” гэсэндээ л тэр шүү дээ. Хуулийн сургуульд ороод тэр хэвшил маань хэвээр үлдэж хуульч мэргэжлийн мөн чанарыг нь ойлгож суръя гэж махрах болсон. Тэр хүсэл зорилгод маань манай сургуулийн багш нар маш их тусалсан. Тухайлбал, Төрийн онолын хичээлийг Н.Лүндэндорж багш маш гоё заадаг байлаа. Мөн Д.Баярсайхан багшийн “Эрх зүйн онол,” Х.Сэлэнгэ багшийн “Эрх зүйн философи” хичээлүүд онолын суурь мэдлэгийг их сайн өгсөн. Б.Чимид багш маань байна. Миний гол сонирхон судалдаг сэдэв бол Үндсэн хуулийн эрх зүй. Энэ хичээлийг Б.Чимид багшаар заалгаснаараа манай ангийнхан азтай. Энэ мэт олон мундаг багш нараар хичээл заалгасан шүү.

 

Манай ангийнхан намайг “Чи ирээдүйд Б.Чимид багш шиг хүн болох байх” гэж хэлдэг байсан. Б.Чимид багш шиг тийм мундаг болно гэж юу байхав.

 

Монголын шилдэг хуульч, эрдэмтдээр хичээл заалгасан байна?

Тийм. Багш нарын тус дэм сурлагад минь их нөлөөлсөн. Тийм ч учраас Монголчууд “Шавийн эрдэм багшаасаа” гэж хэлдэг байх. Багш нарынхаа тус дэмийг зөв хүртэхэд оюутны идэвх чармайлт чамгүй үүрэгтэй гэж боддог. Сайн багш нараасаа шамдан суралцах хүсэлгүй бол “Дургүйд хүчгүй” байх болов уу. Амжилттай суралцахад тусалдаг олон арга зам байдаг. Үүний нэг нь эрдэм шинжилгээний бага хурал (ЭШБХ)-д илтгэл тавьж сурах. Манай сургуулийн оюутны ЭШБХ чанартай явагддаг уламжлалтай. Энэ сайхан уламжлал нь надад нөлөөлж би нэгдүгээр курсээсээ эхлэн жил дараалан ЭШБХ-д илтгэл тавьдаг байсан. Нэгдүгээр курсдээ Б.Амарбаясгалан багшаар удирдуулж Цаазаар авах аргын талаар илтгэл тавьж байсан. ЭШБХ-д оролцох нь цаг их зарцуулагдана. Хичээлээ цалгардуулахгүй сайн хийхийг чармайна. Яг ийм үед л аав ээж маань “Миний хүү унтаж амраач” гэж сэтгэл зовонгуй хэлдэгсэн. Цаг заваа гарган байж жил дараалан оюутны ЭШБХ-д илтгэл тавьж байсан нь намайг олон зүйлд сургасан юм. Тухайлбал, илтгэл бичих арга барил эзэмших, гадаад хэл дээр мэргэжлийн ном ашиглах, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах гараагаа эхлэхэд их чухал алхмууд болсон гэж боддог. Их сургуулийн оюутны сургалт, судалгааны олон талт үйл явцад дасч ядан, чадлынхаа хэрээр оролцон цаг нартай уралдан явсаар нэг мэдэхэд нэгдүгээр курсээ дүүргэж нэг хичээл дээр “B” гарч, бусад дээр нь онц сурсан учраас намайг сургалтын албанаас дуудаад “Хоёрдугаар курсээс сургалтын төлбөрөөс чөлөөллөө” гэсэн. Тэгээд би нэгдүгээр курсдээ л сургалтын төлбөрөө төлсөн. Хоёроос тавдугаар курс хүртлээ төлбөрөөс чөлөөлөгдсөөр төгсөж билээ. Суургуулиа 2005 онд төгсөхдөө тавдугаар курсээсээ хамгийн өндөр дундаж оноотой оюутнаар шалгарч, Боловсролын сайд П.Цагаан гуайгаас дипломоо гардан авч байхдаа сэтгэл ихэд хөдөлж, биднийг чанартай сайн сургаж, бодитой үнэлж ирсэн багш нартаа дотроо ихэд талархаж, МУИС-ийн Хууль зүйн сургуулиараа бахархаж байлаа.

Төлбөргүй сурах хүртлээ үнэлүүлнэ гэдэг нэлээн сайн сурч байж дээ?

Онц сурч, амжилт нь тогтвортой байгаа оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг юм билээ. Үүнийг оюутнууд анхаараасай. Түүнийг нь ч би мэдээгүй байсан. Манай ангийнхан бол хичээлээ сайн хийдэг, чадварлаг оюутнууд учраас идэвхтэй, бүтээлч уур амьсгалтай хамт олон байсан гэж боддог. Ганц нэг оюутныг жишээлэн дурдъя. Манай ангийн Ж.Эрхэмбаатар гэдэг найз, одоо хуулийн фирм ажиллуулж байгаа мундаг хуульч бий. Бид хоёр нэгдүгээр курсдээ илтгэл тавьж байсан. Хоёрдугаар курсээс эхлээд Б.Баяраа, Ж.Булгантамир гээд манайхан илтгэл тавилаа. Хоорондоо их бүтээлч өрсөлдөөнтэй. Ялангуяа хоёр, гуравдугаар курсэд орсноос хойш манай ангийнхан оюутны ЭШБХ-ын тэргүүн шагналыг ээлжлэн авдаг болсон. Тэр үе бол бидний хувьд өөрсдийгөө хөгжүүлэхэд нэн чухал нөлөө бүхий үе байлаа. Ийм сайхан хамт олны дунд сурч байсан нь миний амжилтад нөлөөлсөн гэж би боддог.

Гадаад хэл хэрхэн сурч байв?

Англи хэл сурч байх үедээ ярих чадвараа сайжруулахын тулд зундаа жуулчны компанид хөтөч хийдэг байлаа. Өдрийн 20 долларын хөлстэй хөтчийн ажил хэл сурахад сайнаар нөлөөлөөд зогсоогүй “оюутны ширээнээс холдож” эх орныхоо байгалийн сайхантай танилцах, хоол хийж сурах, гадаадын хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж сурах зэрэг “амьдрах ухааны чадвар эзэмших” сайн дадлага болж билээ. Хөтчийн цалингаасаа гэртээ ааруул, мах хөдөөнөөс худалдан авч ирж өгнө. Ажлынхаа хөлсөөр өөртөө хувцас, хичээлийн хэрэглэл авахад их л сайхан санагдаж, бас их гамтай зардагсан. Тэр үедээ боломжийн л хөөрхөн мөнгө байсан. Иймэрхүү байдлаар оюутан нас өнгөрсөн. Их л сайхан дурсамжтай үе байсан даа. МУИС-ийн оюутан байх үеийн хамгийн бахархам дурсамж гэвэл? Манай ангийнхан хамтарч бий болгосон, бахархаж явдаг зүйл бол оюутны эрдэм шинжилгээний “Энтимема” клубийг анх 2001 онд хоёрдугаар курсэд байхдаа Х.Сэлэнгэ, Х.Тэмүүжин багш нарын хамтаар байгуулсан явдал юм. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин багш үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн онолоор мэргэшсэн, чөлөөт, шүүмжлэлт сэтгэлгээ сайтайн зэрэгцээ олон өгүүлэл, нийтлэл бичиж хэвлүүлдэг байв. Эдгээр залуу багш нартайгаа хамтарч ажиллаж байхдаа олон сайхан чанаруудаас нь бид суралцсан. Клубын анхны тэргүүн нь манай ангийн Н.Эрдэнэмягмар гэдэг оюутан байсан. Харамсалтай нь тэр найз минь дараа жил нь өвчний улмаас бурхан болсон. Дараа жилээс нь би клубынхаа тэргүүнээр хоёр, гурван жил гишүүдтэйгээ хамтарч ажилласан.

Клубээ яагаад “Энтимема” гэж нэрлэсэн юм бэ?

 “Энтимема” гэдэг нь “Угаас ухамсарт заяасан мэдлэг” гэсэн утгатай грек үг. Хүн өөрийнхөө ухааныг ашиглах юм бол ухамсар нь шударга, шударга бусын ялгааг өөрөө хэлж өгдөг. Хуульч хүн бол хуулийн асуудлыг авч хэлэлцэхдээ өөрийнхөө суурь үнэт зүйлээс холдож болохгүй шүү хэмээн бэлгэдсэн нэр. Хичээлээс гадна хөгжих ямар арга зам байна гэсэн бидний эрэлхийллийн үр дүн бол манай клуб. Клубынхан олон ажил зохиодог байлаа. Жишээ нь, Баасан гараг бүр хуулийн салбарын эрдэмтэн, улс төр, эдийн засаг зэрэг бусад салбарын манлайлагчдыг урьж ярилцлага хийнэ. Мөн, “Энтимема чөлөөт хуудас” хэмээх хуулийн оюутны анхны сэтгүүлийг санаачлан гаргасан. Миний хувьд эхний 10 дугаарыг эрхэлж гаргаж байв. Бид өөрийн бичсэн илтгэл, өгүүллээ тавина. Орчуулга хийнэ, эрдэмтдийн үгийг авч нийтэлнэ. Ер нь хуулийн ангийн оюутнуудад хэрэгтэй мэдээллийг тусгахыг хичээдэг байсан. Энэ мэтээр бидэнд болон бидний дараагийн үеийнхэнд их зүйлийг өгч байгаа “Энтимема” клуб маань өнөөг хүртэл ажилласаар байгаа.

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ, НАГОЯА ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЧ ТУС ИХ БИЙ

 

Хуулийн ангийн оюутнууд бол ном их уншина биз?

 Би академик маягийн оюутан байсан л даа. Ном их уншина. Багш нар маань сайн ном танилцуулж, уншихыг зөвлөдөг байлаа. Жон Роулсын “Зүй ёсны онол,” Конрад Цвайгерт, Хайн Көц нарын “Харьцуулсан эрх зүйн удиртгал” зэрэг номыг Англи хэл дээр уншсан нь мэргэжлийн номоо шимтэн унших сонирхлыг их өдөөсөн дөө. Судалгаа хийх дуртай. Манай ангийнхан намайг “Чи ирээдүйд Б.Чимид багш шиг хүн болох байх” гэж хэлдэг байсан. Б.Чимид багш шиг тийм мундаг болно гэж юу байхав.

Сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Энэ нь өөрийн чинь шийдвэр байв уу?

Хуулийн анги төгссөн хүн бол хуульчийн шалгалт өгөөд хуулийн зөвлөх, өмгөөлөгч, прокурор, шүүгч гээд алийг нь ч хийж болно. Ер нь тавдугаар курсээ төгсөөд сонголт хийх болсон л доо. Өөрөө л сонголтоо хийсэн. Судлаач, багшийн ажил хийе гэдэг бодол төрсөн. Энэ шийдвэрт маань багш нарын нөлөө, уншиж байсан ном, цаашаа илүү сурч мэдье гэсэн хүслээс гадна манай гэр бүлийнхэн нөлөөлсөн. Миний аавыг Ц.Одонхүү, ээжийг О.Мягмар гэдэг. Аав ээж намайг дэмжиж, урам өгч бүхий л талаар тусалж байсны хүчинд л би өдий зэрэгтэй яваа. Аав маань философийн багшаар ажиллаж байсан, тусч, цайлган, сайхан сэтгэлтэй хүн байдаг. Ээж маань МУБИС-д сэтгэл судлалын профессороор одоо ажилладаг. Би эхээс хоёулаа. Миний ганц ах О.Мөнхжаргал гэж сэтгэл судлалын доктор, багш хүн бий. Тэгээд нэг мэдсэн чинь багш больё гэсэн сонголт хийсэн байсан. Би үүнийг гайхаад байдаг юм. Эмч нарын хүүхэд эмч болдог, өмгөөлөгчийн хүүхэд өмгөөлөгч, багшийн хүүхэд багш болчихдог. Хэдий би ухамсартайгаар сонгосон ч гэр бүлийн нөлөө байсан юм болов уу гэж ойлгодог. Миний ээж бол намайг ухаан орсон цагаас эхлээд л өглөө дөрвөн цагаас босоод номоо бичдэг. Сэтгэл судлалын чиглэлээр олон арван ном бичсэн ахмад эрдэмтдийн нэг.

Багш болох шийдвэрийг тань сургуулиас дэмжсэн гэсэн үг үү?

Манай Хууль зүйн сургууль таван тэнхимтэй байсан. Надад бол онолын чиглэл илүү сонирхолтой санагдсан. Иймээс, би нэг өдөр Н.Лүндэндорж багшийн өрөөнд оров оо. Багш дэд захирлаар ажиллахын зэрэгцээ Төр, эрх зүйн онол, түүхийн тэнхимийг үүсгээд өөрөө эрхлэгчээр нь ажиллаж байлаа. Тэгээд багшид үнэнээ хэлсэн. “Багшаа би судалгаа хиймээр байна. Сургуульдаа үлдмээр байна. Үлдэх ямар нэгэн боломж байна уу. Би ямар ч ажил хийнэ” гэж хэлсэн. Багш миний дипломын ажлыг удирдсан, клубын ажилд болон ЭШБХ-д оролцож ирснийг мэддэг байлаа. Миний амьдралын чухал үеүдэд багшийн маань зөвлөгөө, туслалцаа маш их дэм болж байсан юм. Миний хүсэлтийн хариуд багш “Тэнхимийн туслахын ажил байна. Чи хийх үү” гэсэн. Ийнхүү би 2005 онд тэнхимийн туслахаар ажиллахын зэрэгцээ сургуулийнхаа магистрантурт ч элслээ. Тухайн үед анхны эрэгтэй тэнхимийн туслахуудын нэг байсан байх. Би туслахаар ажиллаж байхдаа ч сонирхлынхоо дагуу тэнхимийнхээ ажилд оролцдог байсан. Манай тэнхим судалгааны семинар их хийдэг. Би ч сэдэв аваад илтгэл тавина. Мөн, Төрийн онол хичээлийн семинарыг орж байсан. Ингэж сургуульдаа анх нэг жил ажилласан.

Тэгээд Японд сурахаар явсан уу?

Ажлаа хийгээд явж байтал 2005 оны арванхоёрдугаар сард Японы Нагояа их сургуульд тэтгэлэгтэй суралцах тухай танилцуулга ирсэн. Түүнийг харчихаад Н.Лүндэндорж багшид хэлэхэд “Өгөөд үзэхгүй юу. Боломж олдвол эртхэн яваад сурсан нь дээр шүү” гэж зөвлөлөө. Мөн Хууль зүйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэл багш маань намайг Япон явахыг дэмжин зөвшөөрсөн учраас материалаа өгөөд үзье гэж шийдсэн. Материал бүрдүүлэхэд англи хэлний IELTS шалгалтыг амжилттай өгсөн байсан нь их хэрэг болсон. Нагояа их сургуульд “Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх нь” гэсэн агуулгаар судалгаа хийнэ гэсэн санал бичиж явуулсан юм. Их том сэдэв сонгож авсан даа. Нагояа их сургуулийн шалгаруулалтад тэнцээд явахаар болсон. Энэ бол миний өөрийн оролдлогоос гадна манай МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтын ажиллагаатай ажилладгийн ач тус.

Японд очоод ямар бодит байдалтай нүүр тулав?

2006 оны намар Японд очлоо. Анх явуулсан сэдвийн дагуу яг мэргэжлийн багшид хуваарилдаг юм байна. Айкёо Кожи гээд мундаг профессорын удирдлагаар ажиллах болов. Английн Үндсэн хуулийн эрх зүйг судладаг Айкёо багштай уулзаж сэдвийнхээ тухай, бас чадан ядан уншсан цөөн эх зохиолынхоо тухай ярилцав. Тэр үед Айкёо багш “Чи цаашид ямар зорилготой вэ” гэж асуусан. “Би буцаж очоод их сургуульдаа ажиллана. Монгол Улсад үндсэн хуульт ардчилал төлөвшихөд чадахаараа хувь нэмэр оруулах чин хүсэлтэй” гэж хариулж билээ. Багш “Тэгвэл докторт сурах юм уу” гэсэн.

Том боломж санал болгосон байна. Та юу гэж хариулав?

Тухайн үед магистрт сурч буй оюутнуудаас онц сурсныг нь докторт тэтгэлэгтэй үлдээдэг хөтөлбөр хэрэгжиж байсан юм. Магистрын дипломыг бараг хоёр жилийн хугацаанд бичих ёстой. Гэхдээ тэтгэлэг авахын тулд магистрын дипломоо нэг жилийн дотор бичих хэрэгтэй болдог. Айкёо багш “Дипломын ажлын чинь явцыг харж байж тэтгэлэгт хамруулах эсэхээ шийддэг” гэж хэлэхгүй юу. Би ч багшийн хэлснээс санаа авч докторт үргэлжлүүлэн суралцахаар дотроо шийдээд, 2006 оны арван сараас дараа оных нь есөн сард магистрын дипломоо бичиж дуусгахыг мэрийх болов. Ийнхүү магистрын дипломоо шаргуу бичиж эхэллээ. Хажуугаар нь 30 кредит хичээл үзэж судлах ёстой байлаа.

Хоёр жилийн хөтөлбөрийг нэг жилд багтаан сурч чадсан уу?

 Япон хэлний курст зургаан сар суугаад, жилийн дотор дипломоо бичээд шалгаруулалтад нь ороод докторт сурах эрхээ авч чадсан. Магистрт сайн суралцаж дипломоо амжилттай хамгааллаа. Магистрт хоёр жил, докторт гурван жил суралцсан юм. Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуулиас санал болгосон бараг бүх хичээлд сууж байлаа. Маш олон зүйлд суралцсан даа. Долоо хоногийн дөрвөн өдрийг хичээл болон судалгаандаа зориулж, хоёр өдөрт нь дэлхийн түүх, Монголын түүх, сэтгэл судлал, хувь хүний хөгжил, ёс суртахууны философи, улс төрийн философийн зэрэг хуулийн биш салбарын ном их уншдаг байсан. Үлдсэн нэг өдөр нь амарна.

Нагоя их сургуулийн танд өгсөн зүйл, гол ололттой тал юу байв?

 Японд сурч байхад багш нар маань надад их нөлөөлсөн. Эрх зүйн философи, хуульчийн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн Моригива Ясүтомо гэж багш бий. Түүний хуульчийн ёс зүйн тухай алдартай ном нь монгол, хятад хэлнээ орчуулагдан гарсан. Орчин үеийн эрх зүйн онолуудыг сайн мэддэг хүн. Германы шүүгч нарт очиж шүүгчийн ёс зүйн чиглэлээр лекц уншдаг тийм хүлээн зөвшөөрөгдсөн хүн л дээ. Энэ профессор бидэнд хичээл ордог байсан. Багшийн эрх зүйн философийн хичээл бол Хууль зүйн сургуулийн хамгийн алдартай хичээл байлаа. Улирал болгон өөр ном уншдаг байсан учраас би таван жилийн турш багшийн хичээлд тогтмол оролцож, ярилцаж, санал солилцдог байлаа. Моригива багштайгаа ярилцаад хоёулаа санаачлаад “Жон Роулсын семинар” гэдэг хичээл эхлүүлсэн. Зүй ёсны талаарх хамгийн нөлөө бүхий онолыг гаргасан Харвардын их сургуулийн профессор байсан Жон Роулсын эх зохиолуудыг бараг бүгдийг нь энэ семинараар хамтдаа уншсандаа одоо ч олзуурхдаг. Тэрбээр ямар нийгмийг шударга нийгэм гэх вэ, нийгэм шударга байхын тулд ямар зарчмуудаар зохион байгуулагдах ёстой вэ гэдгийг гаргаж тавьсан 20 дугаар зууны их сэтгэгч л дээ. Дөрвөн жил багштайгаа хамт энэ семинарыг явуулсан. Би багшийн туслахаар ажиллаж багахан урамшуулал авдаг байсан. Одоо Моригива багшийн энэ хичээлтэй адилхан хичээлийг МУИС дээрээ Себастиан Лалла гэдэг Герман багштай хамт заагаад явж байгаа. Энэ мэтчилэн эрдэм номын ажил дээр Нагояa их сургууль надад их зүйл өгсөн. Ном сурах бичгийн хүрэлцээ сайтай. Цаасаар болон цахимаар унших бололцоотой сургууль. Өөрийн хүссэн номоо тэтгэлгээсээ худалдаад авах боломжтой.

Японоос та юу авчрав?

Монголоос бол тэр бүр ном олдохгүй шүү дээ. Би тэр үед сайн ном их цуглуулдаг байсан. Нагояагаас Монгол руу явж байгаа хүмүүсийн ихэнх нь цагийн ажил хийх зэргээр цуглуулсан мөнгөөрөө машин ачуулдаг. Би бол машин ачуулаагүй, харин ном цуглуулж явуулсан. Дараа нь Америкт байхдаа авсан номоо нийлүүлээд үнэлбэл 5000-6000 ам. доллар болох байх, нэг жижиг машины үнэ гэсэн үг. Япон, Америкт авсан номоо хүмүүсийн контейнерт ачсан машин дотор хийж дайсаар нааш авч ирсэн. Тэр номууд маань миний хамгийн үнэтэй хөрөнгө гэж боддог. Одоо судалгаа хийхэд тэр номууд маань хэрэг болж байгаа.

 

АМЕРИКИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН АЧААЛАЛ БОЛ МОНГОЛ, ЯПОНЫХООС Ч ИХ ЮМ БИЛЭЭ

 

Америкт сурах шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?

Монголоос явахаасаа өмнө төлөвлөж байсан уу? Нагояа их сургуульд Накамура Масаки гэж багш байсан. Монголоор ярина, уншина. Монголд магистрын зэргээ хамгаалсан. С.Нарангэрэл багшийн маань шавь. Накамура багш бол Монголчуудад маш элэгтэй хүн. 1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн тухай докторын ажил бичсэн. Манай МУИС болон Нагояа их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Накамура багш их хувь нэмэр оруулсан. Монгол талаас энэхүү хамтын ажиллагааны суурийг тавьж хөгжүүлсэн хүн бол манай сургуулийн захирал асан С.Нарангэрэл багш. Накамура багш надад “АНУ, Европт зочин судлаачаар очиж суралцах тэтгэлэг байдаг. Гэхдээ япон оюутнууд ихэвчлэн явдаг. Шалгаруулалт явуулдаг. Докторын ажлаа сайжруулж болно. Материалаа өгөөд үз” гэж зөвлөсөн. Нагояа их сургуульд докторын зэрэг хамгаалсныхаа дараа ийнхүү “гадаад судлаач” гэдэг статустай тэндээ дахиад үлдсэн юм. Түүний дараагаар Америкт тэтгэлгээр сурахаар материалаа өгсөн. Уг тэтгэлгээр суралцахаар АНУ руу 2011 оны арванхоёрдугаар сард Японоос хөлгийн жолоо заллаа. Докторын дараах судалгаа хийх, үргэлжлүүлэн сурахаар явж эхний нэг жилд Вашингтоны их сургуульд суралцсан, судалгаа хийсэн. Америкийн шилдэг сургуулиудын нэг.

Шууд Японоос Америк руу юу?

Дунд нь Монголдоо ирсэн биз дээ? Шууд л сурахаар явсан. Ер нь Монголоос 2006 онд Япон явснаасаа хойш 7 жилийн хугацаанд Монголдоо 2009, 2010 онд хоёр л удаа ирсэн. Түүнээс хойш ирээгүй байж байгаад шууд Америк явчихсан. Америкт очоод судалгаагаа үргэлжлүүлсэн. Хүссэн хичээлдээ суух зөвшөөрлийг Вашингтоны Их Сургуулийн захиргаа надад олгосон юм. Энэ шатны сургалтыг ч бас л Японы тэтгэлгээр үргэлжлүүлж буй хэрэг шүү дээ. Миний сургалт, эрдэм шинжилгээний ажилд Япон улсаас оруулсан энэ их хөрөнгө оруулалтыг би ихэд үнэлж үр ашигтай зарцуулахыг хичээж байлаа. Тиймээс, Америкт очоод дахин суралцах шуналдаа хөтлөгдөн баахан хичээл авчихав аа. Маш их ачаалалтай суралцсан. Нэг жил байхдаа магистрын зэрэг хамгаалах сургалттай дүйх хэмжээний кредитийн хичээлд суусан. Америкийн хуулийн сургуулийн ачаалал бол Монгол, Японыхоос ч их юм билээ. Тухайлбал, Үндсэн хуулийн эрх зүй 1, 2, Үг хэлэх, шашин шүтэх эрх чөлөө, Эрх зүйн философи гэх мэт хичээлүүдэд сууж байлаа. Долоо хоногт хичээл тус бүр дээр 100 орчим хуудас унших жишээний. Улс төрийн онол гээд хичээл дээр бол долоо хоногт нэг бүтэн ном уншиж хэлэлцэх ёстой байсан. Би чинь тэр бүгдийг арай гэж л дийлж байлаа шүү дээ. /инээв/

Таны судалгааны ажлын хүрээ гэвэл?

Докторын болон докторын дараах судалгаандаа Роналд Дворкины онолыг нэлээн түлхүү судалсан. Шүүгч хүн хэрхэн ажиллах, хуулийг яаж тайлбарлаж, ойлгох ёстойг нухацтай авч үзэн энэ асуудлаар эргэлт хийсэн хүн л дээ. Хорьдугаар зууны эрх зүйн философичдын хамгийн шилдэг нь гэвэл хэтрүүлэг биш. Нью-Йоркийн их сургуулийн профессор Дворкины онолыг судлаж байхдаа түүнд и-мэйл бичсэн юм. “Би таны онолыг уншдаг судлаач байгаа юм аа. Би тантай уулзаж ярилцах гэсэн юм” гэж бичсэн. Тэр мундаг профессор гэхэд их энгийн хүн байв. “Би баяртай байна. Уулзах боломжтой” гэсэн хариу ирүүлсэн. Тэрээр шашин шүтэх эрх чөлөөний талаар нэг ном бичиж байсан. Түүгээрээ Калифорнийн их сургуулийн Хуулийн сургууль дээр хийх семинартаа намайг урьсан юм. Би Калифорнид очиж профессор Дворкины семинарт хоёр өдөр суулаа. Японы тэтгэлэг бол судлаач бидэнд үнэхээр ээлтэй тэтгэлэг. Би өөр хот руу судалгааны ажлаар эсвэл хурал, семинарт оролцохоор явбал онгоцны тасалбар, буудлын мөнгө зэрэг зардлыг өгдөг байсан. Энэ боломжийн ачаар Дворкин гэдэг агуу философичтой уулзаж судалгааныхаа талаар ярилцаж байсан сайхан дурсамжаа эргэн санахад үнэхээр таатай байна. Харамсалтай нь энэ алдарт профессор 2013 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр “Үндсэн хууль тайлбарлах арга” гээд хичээлийг Дворкины болон өөр бусад эрдэмтдийн судалгаанд тулгуурлан заадаг.

АНУ-д хэр удаан судалгаа хийв?

Би ийнхүү бүтэн нэг жил Вашингтон мужид судалгаагаа үргэлжүүлсэн ч дахиад хийх судлах зүйл их байлаа. Тэтгэлгийн хугацаа дууслаа. Дахиад нэг жил судалгаа хиймээр санагдаад АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хот дахь Жорж Вашингтоны их сургуульд шилжих хүсэлт тавьж, тийшээгээ шилжээд Үндсэн хуулийн эрх зүй, Олон улсын гэрээний эрх зүйг судалсан. Ингэж хоёр жил Америкт судалгаа хийсэн дээ. Үүний үр дүнд докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээлээ англи хэл дээр “Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийн хамгаалалтыг сайжруулах нь: Үндсэн хуулийн хяналт ба тайлбар” нэртэй ном болгон хэвлүүлсэн. Энэ номыг Нагояа их сургууль 2014 онд хэвлэхэд Накамура багш их тусалсан. Ингэж явсаар байгаад 2013 онд 7 жилийн дараа Монголдоо буцаж ирсэн.

Монгол залуучууд гадаадад сураад тэндээ ажиллаад үлдчихдэг. Харин өөрөө бол сурч дуусаад л хүрээд ирсэн байна?

 2013 оны хавар Вашингтон Д.С. дэх нэгэн хуулийн фирмд ажиллаж үзсэн. Америк хуульч нарт туслаад, орчуулга хийгээд. Би хэдий хуульчаар ажиллаагүй ч гайгүй цалин өгдөг байсан. Тэндээ нэмж сураад хуульчийн шалгалт өгөөд ажиллах боломж байсан. Олж байгаа орлогоо бодохоор байж болох ч, гэхдээ надад нэг л хоосон, утгагүй санагдаад байсан. Яагаад гэхээр Үндсэн хууль судлаач хүн чинь гэрээ, бизнесийн эрх зүй гэсэн шал өөр зүйл рүү ороод ажиллах болно шүү дээ. 2013 он гэдэг чинь миний хувьд Үндсэн хууль, эрх зүйн онолын асуудал руу орж суралцаад 13 жилийг зарцуулчихаад байсан үе байхгүй юу. Тиймээс би өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлээ хэрэглэхгүй өөр зүйлийг түр ч гэлээ хийж байгаадаа гонсойж, сэтгэл дундуур байлаа. Тэгээд би Монгол руугаа буцъя гэж сэтгэл хоёрдолгүй шийдсэн.

Япон, Америкт олон жил сурсан залуу судлаачийг сургуулийнхан нь мэдээж баяртай хүлээж авсан байх? Ирснээсээ хойш таны хийсэн гол ажлууд юу вэ?

Буцаж ирэхэд манай сургуулийнхан маш сайхан угтан авч дэд профессорын орон тоон дээр ажиллуулах болсон нь надад их урам зориг өгсөн. Тэнхимээс хуваарилсан хичээлүүдийг заах боллоо. Эх орондоо, төрөлх сургуульдаа багшлах гэсэн хүсэл минь ийнхүү биелж эхэлсэн тул маш сонирхолтой атлаа ачаалалтай ажиллаж эхэллээ. Шинэ багшийн хувьд хичээлдээ сайн бэлтгэж заах нь миний гол зорилго байсан тул хичээлд бэлтгэхэд онцгой анхаарч ирлээ. Үүний зэрэгцээ эрх зүйн шинэчлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь залуу судлаач миний мэргэжлийн үүрэг гэж боддог.

Таныг Монголдоо ирэх үед эрх зүйн орчин, нөхцөл байдал ямар түвшинд байв?

Эрх зүйн шинэчлэл эрчимжиж, Шүүхийн тухай багц хууль намайг ирэхэд батлагдчихсан байсан. Шүүхийн шинэчлэлийн олон ажил руу орсон. Хуульчдийн холбооны олон журам боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байлаа. Шүүгчдийн цалин нэмэх тухай судалгааг ч хийлцсэн. Шүүгчид нэр дэвшигчийг мэдлэг, ур чадвараас нь гадна зан төлөв, ёс зүйгээр нь шалгаруулах үзэл санаа шинэ хуульд суусан байсан. Хэчнээн сайн мэдлэгтэй байгаад ёс зүйгүй хүн шүүгч болох шиг аюултай, хортой зүйл байхгүй. Тиймээс шүүгчид нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийн үнэлгээг хэрхэн хийх талаар судалгаа хийж өгөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс надад тавьсан. Би уг хүсэлтийн дагуу холбогдох журмын төслийг боловсруулж, Азийн сан, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр ном болгон хэвлүүлсэн. Мөн, ирээд миний хамтран хийсэн нэг чухал ажил бол шүүхийн захиргааг судалсан судалгаа. Шүүхийн менежмент, төсөв, шүүгчийн сонгон шалгаруулалт, ёс зүй, сахилгын асуудлыг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр судалж, бас нэг ном хэвлүүлсэн. Энэхүү судалгаанд миний хоёр магистрант Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх нар туслаж ажилласан юм. Энэ мэт эрх зүйн шинэтгэлтэй холбоотой судалгаа хийгээд явж байгаа.

Их шаргуу, сайн ажиллажээ. Их сургуулийн багшийн хувьд, оюутнуудад хичээл заахаас гадна өөр ямар үүрэг хүлээж ажиллах ёстой байдаг вэ?

Их сургуулийн багш гурван үүрэгтэй. Нэгд, сургалт сайн явуулах. Хичээл заана гэдэг бол улирал болгон тогтсон агуулгаараа заагаад өнгөрөх төдий биш гэж боддог. Надад хичээл зааж байсан, миний амьдралд нөлөөлсөн багш нар маань миний дотоод сурах эрмэлзлийг төрүүлсэн. Цаашаа өөрийгөө хөгжүүлэх, Үндсэн хуульт ардчиллыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй болоход багш нар их нөлөөлсөн. Би тийм багш байхыг л хичээдэг. Оюутнууддаа хуулийн амин сүнс, гол мөн чанарыг ойлгоход нь туслах. Гол зарчмаа ойлгоод хуулиа тэгж уншдаг ирээдүй үеийг бэлтгэхэд бусад багш нартайгаа хамтарч хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Хоёрт, мэргэжлийн чиглэлээр судалгаа тогтмол хийх ёстой. Америкт ийм үг байдаг. “Бич, эсвэл үх” гэж. Байнга бичихгүй бол их сургуулийн профессороор ажиллах боломжгүй. Профессор байя гэвэл байнгын судлаач байх тийм механизм бий болгох хэрэгтэй. Одоо манайхан энэ чиглэл рүү явж байна. МУИС-ийг судалгааны их сургууль болгох ажлыг А.Галтбаяр, Р.Бат-Эрдэнэ захирлын үед эрчимжүүлж эхлүүлсэн бол одоогийн Я.Төмөрбаатар захирал үүнийг үргэлжлүүлээд явж байгаа. МУИС судалгааны их сургууль болох эхний алхамууд тавигдаж байна. Мэргэшсэн чиглэлээрээ байнга судалгаа хийх нь багш хүний заавал хийх гол ажлуудын нэг. Гуравдугаарт, их сургуулийн багш олон нийтэд хандсан ажил сайн хийдэг байх ёстой. Ялангуяа өөрийн судалгааныхаа үр дүнг олон нийтэд, шийдвэр гаргах түвшинд хүргэх нь хүмүүст зөв ойлголт өгөх, асуудлыг зөв шийдвэрлэхэд тустай. Иймээс, миний хувьд шүүх, хүний эрх, үндсэн хууль зэрэг сэдвээр хийсэн судалгаандаа тулгуурлан нийтлэл хэвлүүлж, хэвлэлээр ярилцлага өгч, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцож, мэргэжлийн ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж ирсэн. Мэргэжлийн хүмүүс нь үгээ хэлэхгүй бол асуудал дур зоргоор шийдвэрлэгдэнэ, эцэстээ нийтийн ашиг сонирхол хохироод үлдэнэ шүү дээ. Ийм онцгой гурван үүрэг их сургуулийн багш нарт бий.

 

ЗАРИМ ХҮМҮҮС “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЪЁ” ГЭДЭГ, ТИЙМ ЭРСДЭЛ РҮҮ ОРОХ ШААРДЛАГАГҮЙ.

 

Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр судлаачийн хувьд хэрхэн оролцож байгаа вэ?

 Миний 2014 оноос хойш тасралтгүй судалж байгаа зүйл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. УИХ-ын гишүүн асан М.Батчимэгээс “Энэ асуудлыг судлаж ажиллаач” гэдэг хүсэлт тавьсан. Бид Шинжлэх ухаан, технологийн санд энэ сэдвээрээ төсөл бичиж авсан. Энэ төсөл дээр миний бие ахлаад О.Машбат, Д.Үүрцайх, Э.Энхгэрэл бид дөрөв нийлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудлуудыг судалсан. Би Засгийн газрыг тогтвортой байлгах, түүнийг бүрдүүлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөх асуудлыг авч судалсан. Манай хэд болохоор УИХ-ыг тараах үндэслэл, хариуцлага, улсын төсөв, УИХ-ын гишүүний тоо, давхар дээлийн тухай асуудлыг тус бүр авч судалсан. Бид энэ судалгаагаа ном болгон 2016 онд хэвлүүлсэн. Мөн, Ч.Энхбаатар профессороор ахлуулсан судалгааны багт ажиллан “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” номыг 2016 онд хамтран хэвлүүлсэн. Энэ мэт судалгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг зөв шийдвэрлэхэд оруулж буй судлаач бидний хувь нэмэр гэж ойлгож байгаа. Одоогийн 2017 оны төсөл дээр ч гэсэн байр сууриа илэрхийлээд, хэлэлцүүлэгт оролцож, өгүүлэл, нийтлэл бичээд явж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад шинжээчээр оролцсон. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын хүмүүс намайг судлаачийн хувьд эдгээр арга хэмжээнд урин оролцуулж байгаад талархаж байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш удаан хугацаанд хэлэлцэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд ямар өөрчлөлт хэрэгтэй байна?

Манай Үндсэн хууль бол маш сайн хууль. Гэхдээ, ганц, хоёр тодруулах юм бий. “Монгол Улсад Засгийн газар тогтвортой байх нь чухал байна” гэж улс төрчид, судлаачид ярьдаг. Ямар ч улс гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой байж, нийгэм, эдийн засгийн бодлогоо тууштай хэрэгжүүлээд үр дүнг нь үзэж хөгждөг. Бид тогтвортой байдлыг одоогийн Үндсэн хуулийн ерөнхий заалтыг зөв тайлбарлаж бий болгох боломжтой ч хийж чадахгүй байна. Тийм учраас Үндсэн хуулиар Засгийн газрыг тогтвортой болгох талаасаа нэмэлт өөрчлөлт хийчих хэрэгтэй. Монголын Засгийн газрын дундаж “наслалт” хоёр жил ч хүрэхгүй болж байна. Засгийн газар байгуулагдаад ажил нь жигдрэх гээд нэг жил болдог. Гэвч, Засгийн газар нь удалгүй огцорчихдог. Иймээс бид тулгамдсан асуудлаа шийдэх бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа. Утааг арилгах, ядуурлыг багасгах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд хийх ажил хангалттай урагшилдаггүй. Зарим хүмүүс “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэдэг. Тийм эрсдэл рүү орох шаардлагагүй. Манайхтай адилхан парламентын засаглалтай Англи, Герман гэхэд Засгийн газар нь тогтвортой ажиллаж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын бүрэн эрхийн дундаж хугацаа Германд 8.1 жил, Их Британид 5.6 жил байдаг. 12 жил Канцлераар ажиллаж буй Меркелийн нам удахгүй болох парламентын сонгуульд ялах нь тодорхой байна гэж бичиж байна. Дахиад дөрвөн жил Засгийн газраа удирдах боломжтой гэсэн үг. Тогтвортой байдал ямар сайн хангагдаж байна вэ.

Харин манайд?

Одоо Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүдийн ердийн олонхоор огцруулдаг. Гэтэл үүнийг ихэнх улсууд хориглодог. Засгийн газрыг тогтвортой ажилладаг болгох хоёр арга замын аль нэгийг бид Үндсэн хуульдаа зааж болно. Нэг арга зам нь нийт гишүүдийн олонхоор огцруулахыг шаардах явдал. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг 36 гишүүнээр огцруулах жишээтэй. Нийт 76 гишүүний тал нь санал нэгдэж байж Ерөнхий сайдыг огцруулах заалт одоогийн төсөлд байна. Нөгөө нэг арга зам нь парламентын нийт гишүүдийн талаас илүү нь ерөнхий сайдыг огцруулах төдийгүй дараагийн ерөнхий сайд дээр санал нэгдэхийг шаарддаг. Энэ нь эхнийхээсээ илүү үр нөлөөтэй. Түүнчлэн, Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх шийдвэрийг голлон гаргадаг байж Засгийн газар салбарын асуудлыг шийдэж чадах сайн сайдуудаас бүрдэж, илүү хариуцлагатай болно. Гэтэл одоо сайд нэг бүрийг УИХ томилж, чөлөөлж байна. Үүнийг халах шаардлагатай гэдэг дээр санал нэг байдаг.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ тухайд яах ёстой вэ?

 Ерөнхийлөгчийн институц хэт хүчирхэгжиж, парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид төдийлөн байдаггүй эрх мэдлийг хэрэгжүүлэх болсон. Жишээлбэл, Засгийн газарт чиглэл өгөх, хууль санаачлах Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хасахыг дэмжиж байгаа. Учир нь, Монгол Улс чинь хоёр Засгийн газартай юм шиг болчихоод байна шүү дээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр байна. Гэтэл саяны сонгуулиар АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр байна. Тэгээд Ерөнхийлөгч Засгийн газрын хөтөлбөрт ороогүй асуудлаар хууль санаачилж, чиглэл өгөөд байдаг. Өмнө нь ч ийм явдал гарч байсан. Үүнээс гадна, хуулиар Ерөнхийлөгчид нэмж бүрэн эрх олгохыг халах ёстой ч одоогийн төсөлд энэ алга. Үндсэн хуульд байхгүй маш олон бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар өгсөн. Үүнийг халах хэрэгтэй юм. Мөн одоогийн төслөөр Төрийн хяналтын байгууллага байгуулах тухай заасан. Би энэ асуудал дээр шүүмжлэлтэй ханддаг. Энэ байгууллага хэнээс бүрдэх нь, мөн юу хийх нь тодорхойгүй. Энэ байгууллага төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналт хэрэгжүүлнэ гэж төсөлд бичсэн. Энэ бүрэн эрхийг нь хязгааргүй тэлж тайлбарлаж болохоор томьёологдсон байна. АТГ-ын ч, Хүний эрхийн комиссын ч, Ерөнхий Аудиторын ч ажлыг хийж магадгүй. Маш олон юм руу орохоор байгаа юм. Зарим хүний тайлбарлаж байгаагаар, албан тушаалтны алдаа дутагдлыг олоод ажлаас нь халах, огцруулах эрх хэмжээтэй гэж байгаа. Мөн, хуульд заасан байгууллага, албан тушаалтанд энэ хяналтаа хэрэгжүүлнэ гэж байгаа. Ямар ч байгууллага, албан тушаалтыг хуулиар заачих боломжтой учраас их аюултай.

Эрх зүйч хүн багшлахын сайхан нь юу байдаг вэ?

Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлээд явж байна. Ийм нийгэм аяндаа, амар хялбар замаар бий болчихгүй. Хүн бүрт хүний ёсоор хандаж, хүнийхээ хувьд эдлэх ёстой суурь эрхүүдийг нь эдлүүлдэг болохын тулд маш нарийн зөв зохион байгуулагдсан хуулийн тогтолцоо хэрэгтэй. Ийм тогтолцоог бий болгохын төлөө хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд ажиллаж буй олон хүмүүс, иргэний нийгмийнхэн, хэвлэлийнхэн ажиллаж байна. Энэ хүмүүстэй адилхан Үндсэн хуулиар тогтоосон үнэт зүйлээ хэрэгжүүлэхэд судалгаагаараа хувь нэмэрээ оруулаад явж байгаа нь сайхан байдаг даа. Энэ бол надад урам зориг өгч байдаг. Улам их хичээж ажиллах сэдэл өгдөг. Сурсан мэдсэнээ оюутнуудтайгаа хуваалцах, хичээл заах бол гайхалтай ажил. Их сургуулийн багш байхын хамгийн сайхан нь академик эрх чөлөө.

Та ирээдүйд юунд зорьж байна бэ. Таны хэтийн зорилго юу вэ?

Монгол Улсад Үндсэн хуульт ардчиллыг төлөвшүүлэх, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах ажилд идэвхтэй оролцох замаар бидний үр хүүхэд, хойч үеийнхэн маань эрх чөлөөтэй, тэгш эрхтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ийм нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг ихэд хүсдэг. Энэ бол ажил мэргэжлийн хувьд тавьж буй миний хэтийн зорилго. Энэхүү хэтийн зорилгодоо алхам алхмаар дөхөхийн тулд дээр дурдсан их сургуулийн профессорын гурван төрлийн үүргээ сайн биелүүлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа. Сургалтын арга барилаа илүү сайжруулах, Үндсэн хууль, хүний эрхтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа улам ихийг хийхыг зорьдог. Мөн олон нийтийн хууль зүйн боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтний байр сууриа илэрхийлэх ажлаа цаашид чанаржуулахын тулд мэдлэг, мэдээллийг хялбар дөт аргаар, энгийн хэллэгээр бичих ур чадвараа улам хөгжүүлэхээр хичээж байна.

Залуу доктор, амжилттай яваа залуу хүний хувьд амжилт гэдгийг юу гэж ойлгодог вэ?

Хүн болгоны амьдрал чухал. Миний амьдрал чухал, таны амьдрал ч чухал. Хүн нэг амьдрахдаа сайхан амьдрахыг хүснэ. Сайхан амьдрал гэдэг маань эрүүл саруул, ажил мэргэжилтэй, хамт олонтой байхыг шаарддаг. Мөн эдийн засгийн хувьд хэн ядуу амьдрахыг хүсэх вэ дээ. Боломжийн амьдрахыг хичээнэ. Гэхдээ элбэг хангалуун амьдралыг буруу замаар олбол амжилт биш шүү дээ. Авлига аваад, улс төрийн эрх мэдлийг хувийнхаа сайн сайханд ашиглаад сайхан амьдарч байгаа бол амжилт огт биш юм. Энэ бол харамсалтай зүйл. Хүн бол сайхан амьдралын төлөө явах ёстой. Тэгэхдээ зөв арга замаар сайхан амьдрах ёстой. Миний харж байгаагаар сайхан амьдралыг зөв амьдарч бүтээхийг амжилт гэдэг. Зөв замаар сайхан амьдралд хүрэх шиг сайн зүйл үгүй байх. Тэгж амьдарч чадсан амьдрал бол “Элсэн дотор байгаа алмазан шигтгээ шиг” гялалзана. Тэр амьдрал бол мөнхрөөд үлдэнэ. Энэ бүх утга учиртай амьдралыг бий болгож чадвал амжилтад хүрлээ гэж ойлгох ёстой байх. Утга учиртай ингэж амьдрах гол зүйл нь нэгдүгээрт ажил мэргэжил, хоёрдугаарт хайр, гэр бүлтэй холбогддог.

Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу.

Миний эхнэрийг Я.Мөнхчимэг гэдэг. Философийн багш мэргэжилтэй, Хобби дунд сургуульд олон жил багшилсан хүн. Хүний эрх, иргэний нийгмийн байгууллагад идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байсан. Бид хоёрын үзэл бодол ойролцоо. Либерал үзэлтэй. Хувь хүний үнэт зүйл ч нэлээн ойролцоо. Ерөнхийдөө үзэл бодол зөрөх зүйл тун бага. Тийм учраас бие биеэ сайн ойлгодог. Миний ажлыг 100 хувь дэмждэг. Энэ бол их чухал завшаан гэж би боддог. Энэ дашрамд ханьдаа баярлаж явдгаа илэрхийлье. Бид хоёр одоо хоёр хөөрхөн хүүтэй.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.

 

Ярилцсан: Т.Амартүвшин

2017-10 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /506/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 25 )

Зочин [ 43.228.128.18 ]      |     11-р сарын 15 -нд, 07:15 минутанд

Нэгэн монгол эрдэмтэн гадаадын эрдэмтэд рүү би очъё гээд л захиа явуулаад нөгөөдүүл нь аргагүй эрхэнд за гэдэг аж. Тэгээд л өөрийгөө их сүрхий уригдсан гээд л. Араас нь компанийн захирал хөгшин нууц амраг хүүхэн нь араас нь нисэж очоод л. Гадныханы элэг доог. Түүний дэргэд энэ залуу мундаг л байна шүү

чадалтай багш [ 46.193.1.161 ]      |     11-р сарын 14 -нд, 15:03 минутанд

манай багш мундаг шүү. багшдаа амжилт хүсье

зочин [ 182.160.1.218 ]      |     11-р сарын 13 -нд, 03:13 минутанд

Мэдсэн, сурснаа бодит амьдралд хэрэгжүүлэх, засаглалн хямралыг богино хугацаанд засч залруулж чадвал гайхамшиг. чадахгүй бол академик эрх чөлөөгөө эдлээд хэдэн оюутны толгой эргүүлэх нь дээ

WXA xa xa [ 202.21.106.127 ]      |     11-р сарын 12 -нд, 20:45 минутанд

Yasan sagsuu,ongiroo PINDOSA ve,chi mashin achuulsan bol sain baij dee,XA XA XA,Erdemtei hyn daruu,ih moron dolgoon gedeg yg baidagiig MEDEJ av xoorxon dyy mini,

ҮНЭН [ 103.26.195.171 ]      |     11-р сарын 12 -нд, 15:26 минутанд

АРАЙ Л ДЭНДҮҮ ОНГИРЧИХСАН БАЙНА.ЛҮД БОЛСОН ЛҮНДЭНДОРЖИЙГ ДАГАЖ НАВСАГНААД ЮМ БОЛГОНД ИХ МЭДЭГЧ БОЛООД БАЙХ ЮМ БОЛЧ ДЭЭШЭЭ БИШ ДООШОО ЯВНА ШҮҮ ЧИ.

Zochin [ 27.123.214.88 ]      |     11-р сарын 12 -нд, 15:25 минутанд

Humuus boloogui tuuhii baihdaa ingeed oorsdiigoo hucheer piardaad magtaad baihaaraa ineedtei l haragddag baihgui yu. Humuus ayandaa hundlen huleen zovshoordog hun boloh heregtei. Jishee n erdemten Namsrai, Ariya nar uneheer delhiid zovshoorogdson erdemted daruuhan chimeegui l baidag. Erdemten hun yum bol daruuhan baij surah heregtei. Od boloh durtai bol uls toroor yav

Үнэн [ 103.229.122.197 ]      |     11-р сарын 12 -нд, 08:05 минутанд

МУИС-ийн хуулийнхан гэж коммунист сургалтаасаа салдаггүй хүмүүс бий. Тэр Чимид, Лүндэндорж, Нарангэрэлээс аваад энэ залууг хүртэл коммунист Үндсэн хуулиа хамгаалсаар. Үнэхээр энэ 1992 оны Үндсэн хууль сайн юм бол яагаад авилгал ингэж их газар авч, улс төрчид намууд луйвар хийж, ард түмэн ядуурав. Мөнхсайхан мэт нь эдгээр луйварчдыг хамгаалж ирсэн нохойнууд нь шүү дээ. Тэгээд угаадсаар нь хооллодог.

хулсан шүүр [ 103.26.195.171 ] 11-р сарын 12 -нд, 15:28 минутанд

КАПИТАЛИСТУУДЫН БӨГСНИЙ АЛЧУУР ЧАМ ШИГ ЮМ НИЙГЭМ ЖУРАМТ ЁСЫГ ҮГҮЙСГЭДЭГГҮЙ ЮМ.ШУУДАГНЫ БӨӨС.

уншигч [ 66.181.179.144 ]      |     11-р сарын 12 -нд, 05:27 минутанд

мундаг залуу юм. ганц нэг удаа лекц-г нь сонсож байсан. Хүмүүст бол давгүй мэдээлэл болж байсан, амархан амьдрах гэдэг залуучуудын дэргэд бол хавь илүү л байна ш дээ. юмны түрүүнд муулах гэдэг хэнээгээ больвол зүгээр

kkk [ 73.241.42.56 ]      |     11-р сарын 11 -нд, 17:46 минутанд

sagsuu pidka be?

уншигч [ 45.77.61.145 ]      |     11-р сарын 11 -нд, 17:32 минутанд

”Ч.Энхбаатар профессороор ахлуулсан судалгааны багт ажиллан “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” номыг 2016 онд хамтран хэвлүүлсэн” гэжээ. Энэ номын зарим (!) дүгнэлт нь ихээхэн хөнгөн гоомой юм билээ. Улс төрийн захиалагчдынхаа даалгаврыг биелүүлэх гэж мачийхдаа тэдгээр алдааг гаргасан юм болов уу даа гэж бодогдсон. Үнэний эрэлд явж буй бол О.Мөнхсайхан үүнийг цаашид анхаарах нь дээр биз ээ.

z [ 218.39.138.50 ]      |     11-р сарын 11 -нд, 16:30 минутанд

yariltslaga uguhuusuu ichidguin bhdaa huurhii

irgen [ 176.221.121.60 ] 11-р сарын 11 -нд, 23:52 минутанд

Chamaas havigui iluu yum bishuu.....chadalgui baij but ataarh!!!

Setguulch [ 66.181.178.66 ] 11-р сарын 12 -нд, 01:46 минутанд

Yag ene bichsen shigee ch bish l dee. Jishee n hangalttai tetgeleg avaad hajuugaar tsagyn ajil hiij mungu oldog bsnaa, tuslyn zohitsuulagchyn ohinyg erguulj bsn geed Jiriin l baidag l oyutan baisnaa nuuj, yamar ch oogui enhyn tsagaan tagtaa bolgood l bichchihej. Arai l het doviilgoson yariltslaga uchraas humuus shoolson bh. Setguulch n fan n yumuu, eshul chadvar muutai bolj dee.

зочин [ 202.9.40.154 ]      |     11-р сарын 11 -нд, 15:33 минутанд

Эрдэмтэй залуу байна. Улс төрд орж эвдэрч, цагаа үр ашиггүй өнгөрүүлэв дээ. Эрдмийн ажлаа хийгээд Төрийг төвхнүүлж, тогтолцоог нь өөрчилж, шударга төрийн хүн төрд ордог хууль эрх зүйн үндсийг бий болгоход хувь нэмрээ оруулаарай гэж хүсье. Бурхан өршөөж санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэг. Хичээдэг, зүтгэдэг, мэрийдэг, чармайдаг, саадыг даван туулж чаддаг залуу байна.

S [ 66.181.178.66 ] 11-р сарын 12 -нд, 01:48 минутанд

yamar saadyg davan tuulsan n oilgomjgui. Erh medel hussen hunii l yariltslaga bn.

irgen [ 62.167.114.16 ]      |     11-р сарын 11 -нд, 15:10 минутанд

Mongoliin teneg setgyylchid zugeer neg byh orond baidag surguuli togsoh amdraliin jiriin asuudliig neeh hachin hachin garchig taviad, syr badruulaad , delhiin hyn ch geh shig soliorch ogoh umaa,,,orovdoltei um uzeegui tosgonii tariachin hymyysiin asuult tavih um, tegeed ch iim jiriin hynii amdrald yavagddag uil yavdluud, zugeer hynii huviin asuudliig syr badruulj bichihee bolioch, oor hiih ajil baidaggui um baihdaa,,,,mongoloor, UB-aar dyyren setgel zovooson, survaljirmaar umnuud ih baina, tor, niigmiin ajil yaj yavj baigaag yadaj survaljlaach,,,hot, niigmiin tuhaich ih um baina !!!

Unen [ 27.123.214.93 ] 11-р сарын 12 -нд, 01:55 минутанд

Yostoi unen. Yadahdaa Namsrai guai shig erdemtenii tuhai bol yahav. Aguu ihiin demiireld avtsan iimerhuu zaluus hogooroo l baidag bolson

irgen [ 62.167.114.16 ]      |     11-р сарын 11 -нд, 15:10 минутанд

Mongoliin teneg setgyylchid zugeer neg byh orond baidag surguuli togsoh amdraliin jiriin asuudliig neeh hachin hachin garchig taviad, syr badruulaad , delhiin hyn ch geh shig soliorch ogoh umaa,,,orovdoltei um uzeegui tosgonii tariachin hymyysiin asuult tavih um, tegeed ch iim jiriin hynii amdrald yavagddag uil yavdluud, zugeer hynii huviin asuudliig syr badruulj bichihee bolioch, oor hiih ajil baidaggui um baihdaa,,,,mongoloor, UB-aar dyyren setgel zovooson, survaljirmaar umnuud ih baina, tor, niigmiin ajil yaj yavj baigaag yadaj survaljlaach,,,hot, niigmiin tuhaich ih um baina !!!

irgen [ 62.167.114.16 ]      |     11-р сарын 11 -нд, 15:10 минутанд

Mongoliin teneg setgyylchid zugeer neg byh orond baidag surguuli togsoh amdraliin jiriin asuudliig neeh hachin hachin garchig taviad, syr badruulaad , delhiin hyn ch geh shig soliorch ogoh umaa,,,orovdoltei um uzeegui tosgonii tariachin hymyysiin asuult tavih um, tegeed ch iim jiriin hynii amdrald yavagddag uil yavdluud, zugeer hynii huviin asuudliig syr badruulj bichihee bolioch, oor hiih ajil baidaggui um baihdaa,,,,mongoloor, UB-aar dyyren setgel zovooson, survaljirmaar umnuud ih baina, tor, niigmiin ajil yaj yavj baigaag yadaj survaljlaach,,,hot, niigmiin tuhaich ih um baina !!!

irgen [ 62.167.114.16 ]      |     11-р сарын 11 -нд, 15:10 минутанд

Mongoliin teneg setgyylchid zugeer neg byh orond baidag surguuli togsoh amdraliin jiriin asuudliig neeh hachin hachin garchig taviad, syr badruulaad , delhiin hyn ch geh shig soliorch ogoh umaa,,,orovdoltei um uzeegui tosgonii tariachin hymyysiin asuult tavih um, tegeed ch iim jiriin hynii amdrald yavagddag uil yavdluud, zugeer hynii huviin asuudliig syr badruulj bichihee bolioch, oor hiih ajil baidaggui um baihdaa,,,,mongoloor, UB-aar dyyren setgel zovooson, survaljirmaar umnuud ih baina, tor, niigmiin ajil yaj yavj baigaag yadaj survaljlaach,,,hot, niigmiin tuhaich ih um baina !!!

x [ 218.39.138.50 ] 11-р сарын 11 -нд, 16:30 минутанд

yag unen

Амар [ 202.9.42.135 ] 11-р сарын 11 -нд, 23:45 минутанд

Хэн нэгний эрх ашигт нийцэж явалгүй сурсан мэдсэнээ будилсан эх орноо өөдөлж дэвшихэд ашиглаарай.

lol [ 68.147.97.38 ]      |     11-р сарын 11 -нд, 14:34 минутанд

Delhiin bolovsrol, delhiin hun gej hiirhehee odoo bolimoor yumaa, dotor arzaimaar, ehleed l shuud unshihaas durgui hurchlee

Нямдука [ 122.201.21.193 ]      |     11-р сарын 11 -нд, 13:30 минутанд

Энэ залуу их эрдэмтэй олон хэлтэй хүн байна огт хэл усгүй хүмүүс эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор болоод танилууд руугаа захиа бичиж гадаадад яваад л байдаг шүү дээ. Энэ харин шулуун шударга гэр бүлд өссөн хүн учир их өөр юм байна. Чадлаараа явжээ. Крангүй юм байна

zochin [ 43.242.243.21 ]      |     11-р сарын 11 -нд, 12:12 минутанд

lav olon ulsad ogt tanigdaagui hun baina, USA, Japand mergejliin chigleleer udaan ajillasan hun gehed hevluulsen buteelgui yum. 2 oguuleltei, erdoo 1 ishleltei hun bna. denduu hangaltgui, chansaa dooguur gesen ug.

Иргэн [ 66.181.161.79 ] 11-р сарын 16 -нд, 15:02 минутанд

Би шавийнх нь хувьд хэлэхэд хэдэн арван нийтлэлтэй хүн шүү та андуурсан байна

Зочин [ 103.212.118.231 ]      |     11-р сарын 11 -нд, 10:33 минутанд

Оюутан бүрийн туулдаг л амьдрал. Монголоор дүүрэн гадаадад төгсөгчид байдаг болсон цаг. Юу нь тийм гайхалтай байгааг ойлгосонгүй

irgen [ 182.160.36.142 ] 11-р сарын 11 -нд, 11:52 минутанд

bitgii ataarhaa ho. Kiutan buriin tuuldag amidral bish bn

kkk [ 43.242.243.21 ] 11-р сарын 11 -нд, 12:16 минутанд

ataarhahaar amjilttai hun ogt bish baina daa.

zochin [ 66.181.160.105 ]      |     11-р сарын 11 -нд, 09:13 минутанд

Jinhene ul buteh etgeed Lundendorjiin utsan huuheldei gar hulni mun duu hudlaa yarij end tend ochij bolson boloogui yariltslaga ugch hun munhuurlj yavdgaa boluh heregtei alban tushaal goridson archaagui doldoi

Zssss [ 27.123.214.124 ]      |     11-р сарын 11 -нд, 09:05 минутанд

Delhiid yaj duursgasan yum boldoo

He [ 27.123.214.124 ]      |     11-р сарын 11 -нд, 09:04 минутанд

Lundendorj, Temuujingiin huuhed bas neg odod bolohiin huslen.

mongol bysgyi [ 5.48.252.91 ]      |     11-р сарын 11 -нд, 07:28 минутанд

ene xyn olon ornii deed syrgyyli tegssen medlegtei sain bolovsn xychin boljee Manai ulsiin xyyli yagaad gyyli bolood baidgiig asyymaar baina

zochin [ 66.181.187.244 ]      |     11-р сарын 11 -нд, 04:17 минутанд

liberalchid mongoliig ustgah gej busdiin daalgabriig bieluuj bn