Төрийн мөнгөөр гадаадад суралцагсад 8.3 сая ам.долларын хохирол учруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Төрийн мөнгөөр гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцаад эх орондоо ирдэггүй, төлбөрөө төлөх тухай сураг чимээ гардаггүй зуршил монголд бугшаад удаж байгаа юм. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцжээ. Тодорхой үүрэг чиглэл ч өгсөн байна. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас (хуучнаар Сургалтын төрийн сан) өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрийг зарлажээ.Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 8-ны хооронд ирж уулзах, заасан хугацаанд ирээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Дараагийн арга хэмжээ юу байхыг мэдэхгүй. Төрийн мөнгөөр   суралцаад төлөхөөс цааргалагсадын дунд шударга ёс ярьж, тэмцдэг эрхэмээс эхлээд олны танил хүмүүсийн хүүхдүүдийн нэрс ч дурайх. 393 хүн төрийн 8.3 сая ам.долларын санхүүжилтээр гадаадад боловсрол эзэмшжээ. Нэг хүн гадаадад жил суралцах дундаж зардал 16 мянган ам.доллараар тооцогддог юм билээ.  

Нэрт найруулагч И.Нямгаваа гуайн охид Сургалтын төрийн сангийн мөнгөөр суралцаад төлөөгүй тухай олон жилийн өмнө Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар илэрч яригдаж байсан зүйл. Түүнээс хойш арваад жил өнгөрөхөд бахь байдгаараа. Иргэдийн шударга шүүх Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт хэмээх эрхэм бас татвар төлөгчдийн мөнгөөр суралцжээ. Өдгөө шударга ёсоо ярьсаар  яваа. Найман сая доллар бага тоо биш. Бага сургууль, цэцэрлэгийн 4-5 цогцолбор барих хэмжээний хөрөнгө юм шүү дээ. Цэцэрлэг, сургууль барих төсвийг баталж өгдөг эрх бүхий УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр  явж  байна. Зарим нь эх орондоо зарим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болж. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд гадаад руу зугтах, татвар төлөгчдийн мөнгөөр өндөр хөгжилтэй оронд суралцаад эргэж ирэхгүй алга болох хоёрт ялгаа байна уу. Ихэнх нь төрийн өндөр албан тушаал хашин байсан эрхмүүдийн хүүхдүүд, ах дүүс, төрөл садангууд байдаг гэдэг. 393 хүний жагсаалтыг харахад “овог” нь  олны танил нөхөдтэй адилхан хүн хэд хэд байна.  20 жилийн өмнө Сургалтын төрийн сангийн мөнгөөр суралцсан зарим хүн өдгөө төрд, татвар төлөгчдөд өртэй гэдгээ мартчихсан явж байж мэдэх. Авлигатай тэмцэх газар үүнийг сануулж, нэхэж байгаа нь сайшаалтай юм. Дахиад мартчихгүй, дуулиан болгоод хаячихгүй бол шүү дээ.

 


А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(91.181.124.223) 2017 оны 11 сарын 12

Ulsiin zardlaar surgahiug zogsooh heregtei

0  |  0
Бат(27.123.214.87) 2017 оны 11 сарын 12

Дээр үеийн

0  |  0
zochin(103.229.122.251) 2017 оны 11 сарын 12

Huuli tsaaz gej baidaggui yumuu. 2 ni hurtel ih hurliin gishuun bolood olni nuden deer suuj l bna avaach hohirol baihdaa yadag yum. Nas barchaagui l bol

0  |  0
Tsagdaa(97.126.31.182) 2017 оны 11 сарын 12

Hohirood bh u bdiin tuluuleech.

0  |  0
Top