Салаавч Баярцогт шиг дуут дохио зөвшөөрөлгүй ашигласан 102 зөрчил илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

Салаавчны хэрэг

Энэ хэрэг эхлээд цахим орчинд түгэснээр олон нийтэд Баярцогт гэгчийг таниулсан. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан Ц.Баярцогт гэгч замын цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн юм. Эсэргүүцээд зогсохгүй салаавч үзүүлж, хажууд нь цагдаагийн бололтой өндөр албан тушаалтан руу утсаар ярьж “Дүү нь яах вэ, ууж идээд л явжийнэ” гэж хөлчүүрхсэн.

Түүний үйлдэлд цагдаагийн байгууллагаас  Зөрчлийн тухай хуулийн /15.2 дугаар зүйлийн 2.3. дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ эсхүл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж байна”  гэж мэдээлж байв.

  Хачирхалтай нь 250 мянган төгрөгийн торгуулийг шүүх хүчингүй болгочихсон. Хэрэг өөрөөр эргэж мань эр зөвшөөрөлгүйгээр алт олборлосон болоод явав. Энэ үеэр Баярцогтын машины жолоочид тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан гэж  хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг. Цагдаад нь салаавч өгөхийг цахимаас харсан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт”Цагдааг доромжлуулахгүй”гэж мэдэгдсэн ч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч чадалгүй халаагаа дараагийн сайддаа өгөв.

Дуут дохио зөвшөөрөлгүй ашигласан 102 зөрчил илрүүлэв  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаагийн байгууллагын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзсан.  Товч бөгөөд тодорхой үүрэг даалгавар өгсөн нь иргэдийн сэтгэлд нийцсэн үйлдэл байв. Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй ашиглаж байгаа машинуудыг эмх, журамд оруулах. Ерөнхий сайдын үүргийн дагуу цагдаагийнхан шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалтын явцад тусгай дуут дохио ашиглах тусгай зөвшөөрөлгүй 102 зөрчил илрүүлжээ. Дуут дохиог хураан авч, 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, жолоочийн онооноос гурван оноо хасах шийтгэл ногдуулжээ. 102 нөхөр эрхтэн, дархтнуудтай адил дуут дохио ашиглан замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцдог байсан гэсэн үг. Мэдээж, дуут дохио ажиллуулахын тулд зөвшөөрөлгүй ч гэсэн танил тал, “арын хаалга” орсон байсныг үгүйсгэх боломжгүй.

Дуут дохиог ямар тээврийн хэрэгсэл ашиглах ёстой вэ?

Дуут дохио ашиглахад тусгай зөвшөөрөл олгохын зэрэгцээ ямар албан тушаалтан, байгууллагын машин ямар өнгийн  гэрэлтэй дуутдохио ашиглахыг нарийвчлан зааж өгсөн байдаг.

      Хөх: Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл

Хөх- Улаан: цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэл

Улаан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэл Ногоон: Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл

Шар: Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэл ашиглана гэж заасан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.95) 2017 оны 11 сарын 14

Нагаө салаавч баярцогт яасан бэ хариу өгөөч нямдорж сайдаа ЖЭрднэбат нам дарсан уу

0  |  0
уншигч (66.181.179.243) 2017 оны 11 сарын 12

Монголд нэг иймэрхүү л байгаа юм даа. Хууль нь ядарсан ард иргэдэд л үйлчилнэ

0  |  0
ах(103.26.194.39) 2017 оны 11 сарын 12

би ер нь цагдаад дургүй гэхдээ энэ бол арай даварчээ

0  |  0
Top