УИХ-ын гишүүд тэрбум төгрөгөө нэхсэн ТӨСӨВ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 13

Хоригтой төсөв

УИХ 2018 оны төсөв, 2017 оны төсвийн тодотголыг ид хэлэлцэж батлах шатандаа бараг орж байна. Ирэх жил монголчуудын идэх хоол, эдлэх хөрөнгө, өмсөх, зүүх төсвөөс шалтгаална гэсэн үг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед биежэж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед батлагдаж байгаа төсөв. Төсөвт бага сага өөрчлөлт оруулсан байна, шинэ Засгийн газар. Орлогыг 694 тэрбумаар нэмэгдүүлэхээр тооцоод, зарлагыг 497 тэрбумаар нэмэгдүүлсэн. Сайд нарын  багцад мөнгө нэмсэн гэсэн үг. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр 400 тэрбум төгрөг эргэдэг Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг гомдолтой үлдээв. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг  Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хоёр булаацалдсаар ирсэн эртний түүхтэй. Энэ удаа Эрүүл мэндийн сайдын “АЗ” дийлэв.

Гадаад өр Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьтай тэнцэнэ

“Чингис” бонд, Самурай бонд, Мазаалай бондыг анх авахад  тухайн үеийн эрх баригчид “Өр биш зээл” гэдэг байсан. Одоо жинхэнээсээ ӨР болоод хувирчихлаа.  2018 он гарангуут төлөх Чингис бондын 580 америк долларын өрийг “Гэрэгэ” бонд гаргаж төлөх нөхцөл бүрдүүлсэнээр Хүрэлсүхийн Засгийн газарт нэг удаа уужуухан амьсгаа боломж гарлаа. Гэвч асуудал дуусаагүй. Засгийн газрын гадаад өр 24 их наяд төгрөгт хүрсэнийг улстөрчид ил тод зарлаад эхэлсэн.  Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьтай тэнцэж байна. 2019 онд Засгийн газрын өр 25 их наяд хүрч Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувь, 2020 онд 26 их наяд төгрөг болж Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэхээр төсөөлжээ. Сүүлийн жилүүдэд УИХ Засгийн газарт бодлогын төсөв баталж өгөөгүй. Сонгуульд ялсан эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд чиглэсэн “Богино настай” төсөв баталж өгч байсны гор Засгийн газрын өр 24 их наяд төгрөгт хүрсэн байдал юм. Хоёр ч удаа Ерөнхийлөгч хоригт орсон УИХ төсвийн  хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Зарим гишүүн тэрбум төгрөгөө НЭХЭВ

УИХ-ын гишүүдийн тойрогт тэрбум төгрөг нууцхан  тусгасан байсан нь Хүрэлсүхийн Засгийн газрын үед ил боллоо. Зарим гишүүн шууд л тэрбум төгрөгөө авъя гэж нэхсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулах 72 тэрбум төгрөг үндсэндээ гишүүдийн тойрогт хуваарилсан тэрбум төгрөг нь байжээ. Шинэ Засгийн газар багш, эмч, төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэн 2017оны  төсвийн тодотголд тусгуулаад батлуулаад авав.  УИХ энэ сарын 15-наас өмнө  төсөв батлахгүй бол тарах  нөхцөлөө бүрдүүлнэ. Тиймээс ёстой л шуугиулж байна. Бараг асуулт, хариултгүй хэлэлцүүлгүүд яваад байгаа. Ингэж яарахад Ерөнхийлөгчийн тавьсан хоёр удаагийн хориг ч хувь нэмрээ оруулсан. Дээр нь Олон улсын валютын сангийн хатуу болзол бий. Энэ бүхэнд хавчигдаад УИХ-ын гишүүд 45 хоног хэлэлцэх төсвийг 10 хоногт багтааж байна. Өмнө нь Засгийн газраас орж ирсэн  төсвийг УИХ-ын гишүүд Сайд нар нь танихаа байтал өөрчилдөг байдал энэ удаа ажиглагдсангүй. Тийм зав, боломж ч байсангүй. УИХ-ын зарим гишүүн ялангуяа сөрөг хүчин АН-ын гишүүд задгай төсөв болсон гэж шүүмжилж байна.УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын өрөөний засварт 500 сая төгрөг тусгасныг “илүүдээ гарсан зардал” гэж шүүмжиллээ.  Илүүдээ гарсан зардлуудаас товчлон дурдвал:

ЭСЯ-дын тоног төхөөрөмж, авто машинд-450 сая төгрөг

Архивын ерөнхий газрын ажилтнуудын автобус авахад-100 сая

Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын тоног төхөөрөмжийн шинэчлэлд- Нэг тэрбум

БЗД-ийн 11, 12 дугаар хорооны Ахмадын өргөө барихад 400 сая төгрөг

Ховд аймгийн Жаргалант сумын Татварын хэлтсийн барилгад 650 сая төгрөг гэх мэтээр жагсаалт үргэлжилнэ.

Нийгмийн халамжид анхаарсан Төсөв

Энэ удаагийн  төсөв нийгмийн халамжийг хавтгайруулах нь гэсэн болгоомжлолыг сөрөг хүчний зүгээс гаргаж байна. Олонулсын валютын сангийн  зөвлөмжийг зөрчинбайж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тараасан Хүүхдийн мөнгийг 2017он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Ахмад настан, Цалинтай ээж зэрэг хөтөлбөр хэрэгжинэ. Энэ нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд  орохдоо өгсөн амлалт. Амлалтаа биелүүлэх ажлыг эхлүүлсэн төсөв болж байгаа нь үнэний ортой.

Хүүхдийн мөнгө-164 тэрбум төгрөг

Тэтгэвэр, тэтгэмжид-137 тэрбум

Цалинтай ээж-73 тэрбум

Өрх толгойлсон, эцэг, эхэд- 90 тэрбум

Эмзэг, зорилтот  бүлэгт-55 тэрбум

Малчны тэтгэвэрт-45 тэрбум

Насны хишиг-20 тэрбум

“Элэг бүтэн-Монгол” хөтөлбөр-25 тэрбум

Сургалтын төлбөр-12 тэрбум

Цалинтай ээж хөтөлбөрт 151 мянган ээж хамрагдаж ээж тус бүр улиралд 50 мянган төгрөгийн тэтгэмж авах юм. Төрийн албан хаагчийн сахилга, үр дүнгийн урамшуулал,  буцалтгүй тусламжид 180 тэрбум гэх мэтээр тусгажээ. 2018 онд халамжид өгөх мөнгө 38 хувиар өссөн үзүүлэлт гарч байна. Төрийн 180 мянган албан хаагчийн 120 мянга нь үйлчилгээний ажилтнууд байдаг. Төрийн албан хаагчид үндсэн цалин, урамшуулал, нэмэгдэл, буцалтгүй тусламж гэсэн дөрвөн төрлийн нэмэгдэлтэй. Төрийн албан хаагчид дотроо цагдаа, онцгойгийнхон нөхцөл байдлаасаа шалтгаалаад арай өндөр урамшуулал, нэмэгдэл авах нь. Цагдаагийн нэмэгдэл урамшуулалд долоон тэрбумыг өгөхөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын ,онцгой байдлын албаныханд есөн тэрбумын нэмэгдэл, урамшуулал өгөхөөр Шадар сайдын  багцад тусгажээ.

Дахиад шүүмжлэл

Гэвч шаардлагатай зүйлд мөнгө бага тусгалаа гэсэн шүүмжлэл гарч байна. Өдөр алгасахгүй шахам бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн, ор сураггүй алга болсон мэдээлэл тархах болсон. Энэ хэрээрээ улстөрчдийн анхааралд өртөж байна. Уг  ажлыг голлон хариуцдаг, урьдчилан сэргийлэх үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхэд хамгаалалд зориулж 1.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Долоолгох төдий мөнгө. Хүүхэд хамгаалалд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатайг тус газрынхан хэлдэг. Гэтэл хариуцдаг салбарын сайдынх нь багцад 100 дахин их буюу 420 тэрбум төгрөг туссан байх жишээтэй. Ийнхүү шүүмжлэл дундуур тэгсэн атлаа бараг асуулт, хариултгүйгээр  цаг хугацааны хайчин дундуур  2018 оны төсөв УИХ-аар батлагдах нь тодорхой болж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hurlee(192.227.150.66) 2018 оны 06 сарын 15

medehgui

0  |  0
Enkhbold(23.94.108.233) 2018 оны 06 сарын 15

zaa daa

0  |  0
Top