Менделеевийн үелэх системийн 110 элементээс 99 нь Казахстанаас олдож, үүний 60 гаруйг нь судалж, олборлосон

2017 оны 11 сарын 14

 

Элчин сайд ярьж байна

 

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Кобландинтай ярилцлаа.

       -Тантай түүхэн сэдвээр ярилцлагаа эхлэх нь зөв байх. Нүүдэлчдийн түүхийн нийтлэг тал нь юу юунд хадгалагдаж байна вэ?

-Түүх нэгтэй Казахстан, Монгол улсын нэн түрүүний онцлог бол хоёр орон маань нүүдлийн соёл, ахуй амьдралтай.

Хүннүгийн үеэс эхлэн хоёр орны газар нутагт суурьшсан омог, овгууд гарал үүсэл нэгтэй ба цаг хугацааны аясаар амьдралын хэв маяг, шашин шүтлэг, хэл ус өөрчлөгдөн хувьсаж байсан нь олон арван түүхийн ухааны эрдэмтдийн судалгааны үндэс болж байсныг мэднэ.

Хамгийн гол нь түүхэн ах дүүс улс гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй болов уу. 

Түүхэн хөгжлийн нийтлэг зүйлсийг хөндөхөд, би хэлний онцлогийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Үнэндээ казахстаны олонх  иргэд монгол хэлийг манайхаас их хол, их өөр хэл гэж боддог. Энэ үүднээс яривал монгол, казах хэлний дүрэм ижил. Дуудлагын бага зэрэг өөрчлөлтөд орсныг үл тооцвол утга агуулгын хувьд өөрчлөгдөлгүй бидэнд хүрсэн үгс ч байдгийг онцолмоор байна. Энгийн жишээгээр, монгол хэл дээрх элч (елші), эмч (емші), жимс (жеміс), алтан (алтын), хан (хан), таваг (табақ), хөх (көк), хар (қара) хүрэн (күрең), хонгор (қоңғыр), буурал (бурыл), хээр (кер), шавдир (шабдар), хула (құла), цоохор (соқыр), тэнгэр (тәңір), улс (ұлыс, мемлекет) гэх мэт үгсийн дуудлага өөрчлөгдсөнийг ажиглаж болно. Дээрх үгс миний бие Монгол улсад ажиллаж байх хугацаанд л анзаарсан үгсийн нэгээхэн хэсэг. Энэ тухайд эрдэмтэн Базылханы монгол, казах хэлэнд 3 мянга гаруй ижил үгс байдаг гэж хэлснийг онцолж болно.   

Үүн дээр хоёр хэл дээрх утга агуулга, бүтэц нэгтэй зүйр цэцэн үгсийг нэмбэл манай орнуудын ард түмэн нэг нэгнээсээ тийм ч хол биш гэдэг нь анзаарагдана. 

Үүнд бас шинжлэх ухааны үндэс хэрэгтэй гэвэл,  Монгол улсын  генетик, био-анагаахын инженер, АНУ-ын “ФамилиТрий ДНК” компанийн (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн судлаач Батбаярын Хэрлэнгийн бүтээл, судалгаанаас танилцах хэрэгтэй гэж зөвлөе.  Түүнчлэн түрэг, монгол хэлний нийтлэг зүйлийн талаар үүнээс өмнө эрдэмтэн, доктор Базылханы «Казах, монгол хэлний харьцуулсан түүхэн хэл зүй», «Казах-монгол толь бичиг» зэрэг уран бүтээлийг дурдаж болно. 

    -   Хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны онцлог болон үр өгөөжийн тухайд?

-Хоёр орны маань хамтын ажиллагааны тухайд гэвэл, дипломат харилцаа 1992 онд тогтсон. Түүхэн 25 жилийн хугацаанд хоёр улсын хооронд 50 гаруй гэрээ, хэлэлцээр үзэглэгдсэн байна.

Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын хүрээнд Монгол улсад хэд хэдэн сайхан ажил үйлс өрнөлөө. Тодруулбал, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн толилууллаа. Монгол-Казахын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт зохион байгуулагдлаа. Мөн Казахстан-Монголын харилцаанд өөрийн хувь нэмэрээ оруулсан хэд хэдэн иргэн ойн баярыг тохиолдуулан шагнууллаа.

2016 онд Улаанбаатар хотноо зохиогдсон дээд хэмжээний «Ази-Европын форум»-ын (АСЕМ) гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалтад БНКазУ-ын Ерөнхий сайд К.Масимов оролцлоо. Түүнчлэн энэ жил Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулганд Монгол улсын өмнөх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож, энэ нь хоёр талт харилцаанд түлхэц өгсөн гэж үзэж байна.

Парламент хоорондын хамтын ажиллагаа ч мөн гүнзгийрч байна. Өмнөх онд Казахстан улсын Парламентын гишүүн Адырбеков, Ищанов нар Улаанбаатар хотод, харин Монгол УИХ-ын гишүүд  Энхбаяр, Бакей, Тлейхан нар Казахстан улсад ажлын айлчлал хийлээ.

Худалдаа, эдийн засгийн салбарт ч мөн ололт, амжилт байгаа. Тухайлбал, энэ оны эхний 6 сард хоёр улсын худалдааны эргэлт 30,7 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал (19,3 сая ам.доллар) 37 хувь өссөн үзүүлэлттэй байна. Албан ёсны статистикаар Монгол улсад экспортлогдсон казахстаны бараа, бүтээгдэхүүний үзүүлэлт  90 хувиас  их гэдгийг харуулсан.

Түүнчлэн өнгөрсөн жил Элчин сайдын яамны дэмжлэгээр Казахстан-Монголын бизнес форум зохион байгуулав. Энэ жил мөн Улаанбаатар хотод хоёр орны бизнес эрхлэгчдийг оролцуулж, хөрөнгө оруулалтын форум зохиохыг төлөвлөж байна. Монгол-Казахстан улсын хоорондын Худалдаа, эдийн засгийн, шинжлэх ухаан, техникийн, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс ажиллаж байгаа бөгөөд энэ жил долдугаар хуралдаан зохиогдох төлөвлөгөөтэй байна.

Сүүлийн жилүүдэд Казахстаны «Ази Авто», «Казнексинвест», «Казатомөнеркасип», «Казахстан темир жолы», «Тау-кен алтын» гэх мэт улсын болон хувийн хэвшлийн компанийн эзэд Монгол улсад бараа, бүтээгдэхүүнээ экспортлох тал дээр яриа хэлэлцээр явагдаж байна.

Харин соёл, хүмүүнлэгийн салбарт Казахстан-Монгол улсын хооронд 10 гаруй гэрээ хэлэлцээр хийсэн.  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу жил болгон оюутнууд харилцан тэтгэлэгт хамрагдаж байгаа. Казахстаны мэдээллийн дагуу жил бүр  Монгол Улсын 400 гаруй иргэн тэнд бэлтгэл курс, бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд хамрагдаж байна. Мөн 2008 оны Боловсролын салбарын хэлэлцээрт жил бүр 5 иргэн тэтгэлэгт хамрагдаж байхаар заагдсан боловч манай Элчин сайдын яам 10 гаруй оюутан сурах боломжоор ханган ажиллаж байна.

Энэ жил Монгол Улсын Удирдлагын академийн удирдлага Астанад ажлын айлчлал хийж, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, энэ жил Казахстаны тус академид Монголын 6 иргэн сурахаар явж байгаа гэсэн сайхан мэдээг хуваалцья.

Аймгууд хоорондын хамтын ажиллагааг бас дурдах нь зүйтэй, өнгөрөгч 8-р сард Баян-Өлгий аймгийн Засаг дарга Гылымхан тэргүүтэй төлөөлөгчид Дорнод Казахстан мужид айлчилж, Мужийн Захирагч Ахметовтай уулзлаа. Энэ нь монгол, казах ард түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүх, соёлын харилцаа холбоо ирээдүйд ч үргэлжлэнэ гэдгийг харуулж байна.

  Хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлс байгааг үгүйсгэхгүй . Казахстан-Монгол улс хооронд шууд холбоо байхгүй. Тухайлбал шууд тээврийн зам байхгүй учраас Монголын иргэд Оросын газар нутгаар 1000-1500 гаран км явж Казахстанд хүрдэг. Элчин сайдын яам дипломат харилцаа тогтсон цагаас эхлэн Казахстаны дорнод болон Монголын баруун бүсийг холбох дөт зам тавих саналыг удаа дараа хөндөж ирсэн. Харамсалтай нь Казахстаны тал сүүлийн үед Оросын талтай болсон уулзалт, хуралдаануудад уг асуудалд анхаарахыг хүссэн боловч Монголын тал энэ асуудлыг сонирхохгүй байгаа нь ажиглагддаг.     

Мөн манай тал агаарын харилцааг сэргээх чиглэлд ч санал гаргасан. Нэг үгээр хэлбэл сүүлийн 3 жилд болсон дээд хэмжээний уулзалтуудад Астана-Улаанбаатар, Өскемен-Өлгий-Ховд чиглэлд шууд нислэг үйлдэх тухай казахстаны талын санал монголын талын дэмжлэгийг авсангүй. Албан ёсоор, эдийн засгийн хувьд Монгол улсад ашиггүй гэсэн хариу авсан хэдий ч ирээдүйд энэ асуудал нэг шийдэлд хүрнэ гэсэн найдлагатай байгаа.   

Хоёр талын консулын асуудлууд ч байна. Одоогоор иргэншлээс гарах, авах асуудалтай холбоотой орон нутгийн иргэдээс ирэх өргөдөл багассан гэж болно.  Консулын асуудлаар Элчин сайдын яам монголын талд Өлгий хотод Консулын хэлтэс нээх тухай санал гаргасан боловч уг асуудлыг Монголын тал эерэг талаас нь шийдэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Мэдээллийн журмаар анхаарал хандуулахад Алмата болон Астана хотуудад Монгол улсын консулын хэлтэс үйл ажиллагаагаа явуулж байгаа.    

 

-  Социализмын үеийн найрамдалт харилцааны тухай, мөн пост социалист орнууд болохын хувьд одоо ижил төстэй юм хэр ажиглагдаж байна вэ?

-Мэдээж Зөвлөлтийн үе дуусахад хоёр улс маань хөгжил рүү урагшилсан. Казахстан, Монгол улс дэлхийн олон орны анхаарлын төвд байж энх тайван, ардчиллын хөгжлийн замаар явж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн санал солилцох төв болох хүсэл эрмэлзлийн хувьд ч нийтлэг тал байгаа гэдгийг дурдах хэрэгтэй.  Үүний жишээ болгож, Монгол улсад зохиогдсон олон улсын арга хэмжээ болох АСЕМ-ын уулзалтыг дурдвал, Астанад ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага), ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага), Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөл, Исламын орнуудын тэргүүн нарын хурал гээд олон улсын уулзалтууд боллоо. 2015 онд Монгол улс Евразийн эдийн засгийн холбоонд харилцан чөлөөт худалдаа эрхлэх тухай бичиг баримтад гарын үсэг зурсан нь хоёр улсын хоорондын харилцааг улам хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. 

Төрийн удирдлага, дотоод улс төр, эдийн засгийн салбарт Казахстан болон Монгол улс шинэчлэл хийсэн. Сүүлийн жилүүдэд Монгол улсад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа бол Казахстанд энэ асуудал өнөө жил хэрэгжив.  

Эдийн засгийн хувьд хоёр орны орлогын эх үүсвэр байгалийн баялаг гэсэн хэдий ч улс орны хөгжилд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэг гүйцэтгэж байна. Казах, монгол хүмүүс гадаад төрх, үзэмжээрээ адилхан ба заримдаа маргааш гэж ямарваа зүйлийг хойшлуулдаг нь ч адилхан шүү дээ (инээв). 

 

- Хархорумаас Казахстан хүртэлх «Торгоны замыг сэргээх» талаар яригддаг. Энэ тухайд? 

-Ер нь Торгоны замыг Хархорумаар хязгаарлах нь өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Их Торгоны зам – Хятадын газар нутгаас эхлэн Алс Дорнод, Европын орнуудыг чиглэсэн худалдаа, соёлын ард түмний дипломат харилцааны зам байсан. Энэ замын ихэнх нь Төв Ази, үүний дотор Монгол, Казахстаны нутаг дэвсгэрээр дамжсан нь тодорхой байдаг. Түүхэнд VI-VII зуунд Хятадаас эхэлсэн жин тээсэн цуваа Жетису болон Өмнөд Казахстаны тал нутгаар дамжиж өнгөрдөг байсан. Отырар, Тараз, Сайрам (Испиджаб), Түркистан (Яссы), Суяб, Баласагун зэрэг хот зөвхөн худалдаагаар хязгаарладахгүй соёл, шинжлэх ухааны төв болж байсан.

Казахстан Тусгаар тогтнолоо зарласан үеэс эхлэн Торгоны замыг сэргээх саналыг дэмжихээс гадна хөрш орнууд, ялангуяа Хятад улстай тодорхой шийдэлд хүрсэн. Тодруулбаас, Торгоны замын дагуу «Торгоны замын эдийн засгийн чөлөөт бүс» авто тээврийн замын ихэнх нь Казахстанд баригдсан. Торгоны замын үзэл санааны хувьд Монгол улстай ч хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх цаг ойрхон байгаа байх.

 

-  Казахстаны эдийн засгийн хөгжилд уул уурхайн бүтээгдэхүүн их хувь нэмэр оруулдаг. Энэ ололт амжилтын талаар?

-Ашигт малтмалын хэмжээ болон төрлөөр Казахстан улс дэлхийд хамгийн баялагтай орнуудын тоонд ордог. Казахстанаас Менделеевийн үелэх системийн 110 элементээс 99 нь олдож, үүний 60 гаруйг нь судалж, олборлосон. Олон улсын өрсөлдөх чадварын тухайд манай улс түлш,  эрчим хүч (газрын тос, газ, нүүрс), хар (төмөр, хромын хүдэр, ган болон төмөрлөгүүд) болон өнгөт металлын нөөц (зэс, хөнгөн цагаан, цайр, хар тугалга) ихтэй.       

Одоогийн байдлаар манай оронд 16 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн 1,6 хувь нь (250 аж ахуйн нэгж, байгууллага) улсынхаа нийт бүтээгдэхүүний 77 хувийг гаргадаг.

Эдгээр түүхий эдээс олдсон санхүүгийн эх үүсвэрийг Үндэсний санд хадгалах нь манай орны эдийн засгийг  гадны ямар нэгэн хүчин зүйлсээс хамгаалах арга болдог.  

Ер нь Казахстан 2000 оноос хойш түүхий эдэд суурилсан эдийн засгаас инновацийн замд шилжихийг нэн түрүүний зорилгоо болгосон. Үйлдвэрлэл инновацийн хөгжлийн стратегийн хүрээнд инновацийг нэвтрүүлэхэд шаардлагатай нөхцөлүүд бий болсон. Үндэсний инновацийн сан, Инженер, технологи дамжуулах төв, шинжлэх ухааны сан, шинжлэх ухааны хороо, санхүүгийн хөгжлийн хүрээлэн гэх мэтчилэн институтцийн тогтолцоо бий болж, Инновацийг дэмжих тухай хууль батлагдсан.

Ерөнхийлөгчийн ард түмэнд хандсан Илгээлт бүрт үндэсний эдийн засгийг төгөлдөржүүлэх, нийгмийн түншлэлийг бий болгох, үйлдвэрлэл инновацийн хөгжил, хөдөө ажуй, бизнесийг дэмжих зэрэг санал санаачлагууд хөндөгддөг юм. 

Үүнтэй холбогдуулан Казахстан Улсын дэвшилтэт үйлдвэрлэл инновацийн хөгжлийн улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.Эхний 5 жилд Казахстанд 800 аж ахуйн нэгж, байгууллага байгуулагдаж, төсвөөс 700 тэрбум тенге төсөвлөгдөж, 150 мянга гаруй иргэн ажилтай болсон. Цаашид улсын хөгжлийг дан ганц түүхий эдэд даатгахаас гадна инноваци, технологийн хөгжил ч чухалд тооцогдож байна.

 

-  Байгалийн баялаг, зэс, нүүрс ихтэй орон. Манай улстай эдийн засгийн талаар хамтран ажиллах ямар боломж бололцоо байгаа вэ?

-2015 онд Казахстаны одоогийн Засгийн газрын тэргүүн (тухайн үед Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан) Сагынтаев тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийсэн. Үндсэн гол асуудал нь Казахстан улс Дэлхийн худалдааны байгууллагад орох байсан хэдий ч төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хоёр талт харилцаанд худалдаа эдийн засгийн салбарыг түлхүү хөгжүүлэх, Казахстан-Монголын хооронд байгалийн баялаг, түүхий эдийг олборлох, баяжуулах, барилга, хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбарт хамтран ажиллах тухай санал солилцсон. Гэсэн хэдий ч Монгол улс тэргүүлэх ач холбогдлыг хөрш орнуудад өгөх, технологи, инновацийн хөгжингүй орнуудад анхаарах мөн дотоод улс төрийн өөрчлөлтүүд нь дээр дурдсан чиглэлээр бүрэн хамтран ажиллах боломж олгохгүй байна гэж хэлж болно. Мэдээж нэн түрүүний асуудал логистик, зам тээврийн хязгаарлагдмал байдал юм. Жилээс жилд худалдааны эргэлт нэмэгдэж байгаа нь ирээдүйд шинэ боломжууд байгааг харуулж байна гэж боддог.  

- Хоёр орны хамтын ажиллагаа, харилцаанд нэг нөлөөлөх юм бол Төрийн тэргүүний харилцан айлчлал байдаг. Энэ талаар тов гарч байгаа юу. Тухайлбал,  Ерөнхийлөгч  Баттулга Казахстан улсад төрийн айчлал хийх сар өдөр ойрхон байгаа юу?

-Одоогийн байдлаар Элчин сайдын яам Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулах тал дээр ажиллаж байна. БНКазУ-ын Ерөнхийлөгч Назарбаевын урилгыг өмнөх сард ноён Баттулгатай уулзахдаа өөрийн биеэр дамжуулж өгсөн байгаа.

 

-  Улс оронд тогтвортой байдал, тайван хөгжил дэвшил чухал. Казахстанд 130 гаруй үндэстэн, ястан амьдарч байна. Эднийг зөв удирдан улс түмэн нь эв нэгдэлтэй байна гэдэг сайхан юм. Төр, Засгийн үүрэг роль ч чухал байх. Энэ тал дээр баримталдаг бодлогын талаар дурдахгүй юу?

-Тэгэлгүй яахав, Казахстанд 130-аад ястан, үндэстэн эв найртай амьдарч байна. Тусгаар тогтносон Казахстан улс энх тайваны өлгий нутаг юм. Өвөг дээдэс маань амьдралын эрхээр ирсэн өөр үндэстэн ястангуудыг хөөж байгаагүй ба эсрэгээрээ найрсаг зангаараа угтан ахан дүүсийн холбоотой амьдарч ирсэн. Казахстанд ямар нэгэн үндэстэн хоорондын хагарал болж байгаагүй . Үүний ачаар өнөөдрийн тусгаар тогтнолд хүрсэн гэж боддог.

Казахстан улсын үндэсний бодлого нь ил тод, тодорхой зарчмуудад тулгуурлагдсан .Угсаатан хоорондын харилцааг бэхжүүлэх, асуудлуудыг шийдвэрлэх замаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, улсын тусгаар тогтнолын интеграцийн бодлогыг үргэлжлүүлж байна. Ард иргэдийн эрх тэгш байдал хангагдсан учраас өнөөдрийг хүртэл манай улсад үндэстэн хооронд зөрчилдөөн гарч байгаагүй.

Түүнчлэн Казахстаны Ард түмний Ассамблей байгуулагдсан нь үндэстэн хоорондын нөхцөл байдал сайжрахад хувь нэмэр оруулж байгаа. Ассамблей нь угсаатан, шашин хоорондын стратегийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллага юм.

Миний бодлоор манай улсын хөгжлийн гол түлхүүр дотоод тогтвортой байдал болон үндэстэн хоорондын эв найрамдал. Үндэстний болон шашны харилцаа маш чухал. Бусад үндэстний ёс заншил, соёлыг хүндэтгэн, казах иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх, казах хэлний хэрэглээг өргөжүүлэх  нь ч мөн чухал. Казахстанд үндэстэн хоорондын харилцааг зохицуулдаг үр ашигтай механизм ажиллаж байгаа гэсэн үг.  

 

- Хоёр улсын түүхчид, эрдэмтдийн хамтын ажиллагаа ямар төвшинд байгаа вэ. Түрэгийн үеийн олдвор манай улсын нутаг дэвсгэрээс их олддог. Тэдний талаар заримдаа тайлбар мэдээлэл бүрхэгдүү байна гэдэг. Энэ чиглэлээр Орос, Хятад, Казахстан хамтарч ажиллах бололцоо нь ямар байдаг бол?  

 

-Түүх, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа дээд төвшинд хөгжиж байгааг бахархалтайгаар дурдаж болно.

Одоогоор Олон улсын Түрэг судлалын академи (TWESCO) болон Монгол улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Түүх, археологийн хүрээлэн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа.

2015 оноос эхлэн TWESCO Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран «Тянь-Шаниас Өтүкен хүртэл: Их талын нүүдэлчдийн түүх, соёлын үнэт зүйлс» сэдэвтэй II олон улсын экспедиц Булганы Баян-Агт сумын нутагт явагдаж, энэ хүрээнд «Шивээт улаан» цогцолборыг судалсан юм. 

Түүнчлэн энэ оны 8-р сараас  «Хэнтийгээс Улытау хүртэл: түүхэн дурсгалын дахин сэргэлт» сэдэвтэй ІІІ олон улсын экспедиц эхэлсэн. Экспедиц Монгол улсын Хэнтий аймгийн Чингис хааны төрсөн нутаг Бурхан Халдун уулнаас эхэлж, Улытау дахь Алаша хаан, Зүчи хааны бунхан хүртэл үргэлжлэх юм. TWESCO, Монголын Үндэсний Музей хооронд 2016 оны 8-р сард байгуулагдсан хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. Уг хэлэлцээр Монгол улсын Зүүн бүст орших Хэнтий аймгаас олдсон эртний түрэгийн цогцолборт археологийн экспедиц явуулж, хамтарсан малталт хийх боломжийг олгох юм. 

Энэ хавар 5-р сард Астанад болсон «Их тал» хүмүүнлэгийн шинжлэх ухааны форумын үеэр Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Чулуунбаатар TWESCO-ийн Ерөнхийлөгч Кыдыралид Монгол улсын  Шинжлэх ухааны академийн Хүндэт докторын цол олгосон. 

Мөн 2015 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яам, Монгол улсын ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэн хамтран «Казахын хаант улсын 550 жил: Казахстан-Монголын түүхийн тулгамдсан асуудлууд» сэдэвтэй дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Уулзалтад Аль-Фарабигийн нэрэмжит Казах үндэсний их сургуулийн эрдэмтэд Жумагалиев, Мендикулова нар, Монгол улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Казахстан, Монгол улсын хөгжлийн түүх, үндэсний эв нэгдлийн асуудлуудаар санал солилцсон.

Ийм түүх, шинжлэх ухааны төслүүд хоёр улсын хоорондын харилцааг гүнзгий судлахад дэмжлэг болно гэдэгт найддаг.  

Ярилцсан: Б.Цогзаяабаатар

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөх чоно(103.14.38.130) 2017 оны 11 сарын 14

Түүхэндээ анх удаа л төрт улстай (ЗХУ-ын задралын буянгаар) болсон Хасагуудтай Монголчууд ах дүү яваагүй гэдгийг түүх гэрчилнэ. Бидний өвөг дээдсийг мандан бадарч явахад өлмийг нь долоох шахам номхон мориных нь ногт болж байсан нь л ҮНЭН буй за.

0  |  0
ззззз(49.0.212.208) 2017 оны 11 сарын 14

Түүх нэг ч биш байхаа зүгээр

0  |  0
zochin(202.21.106.161) 2017 оны 11 сарын 14

element odoo hed bolsn be

0  |  0
Иргэн(202.5.196.34) 2017 оны 11 сарын 14

Монгол бас энэ баялаг байгаа. Даанч төрийн томчууд нь авилгач, хулгайч болохоор хайгуул, ашиглалтын ажил нь урагш ахидаггүй

0  |  0
Top