П.Дэлгэрнаран: Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд хятад компани болон хятад жолооч оролцдоггүй

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд боомтын болон тээвэрлэгч жолооч нар, тээвэрлэгч байгууллагууд, нүүрс нийлүүлэгч компаниуд зэргийг цогцоор нь нэгтгэн зохицуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд Ганцмодны боомтын үйл ажиллагаатай танилцаж, Гашуунсухайт дахь хилийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлтийн нэвтрэлтийн байдал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан юм. Мөн “Тавантолгой”, “Оюутолгой”, “Энержи ресурс”ХХК-ийн уурхайн нүүрс олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Гашуунсухайт” зам ХХК-ийн замын нөхцөл байдал, аймаг сумын удирдлагууд, гаалийнхантай шуурхай хуралдан, сүүлийн 3 сарын хугацаанд үүссэн 100 гаруй км автомашины цувааны асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.

Энэ үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд томилолтын багынханд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч, тулгамдаад байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг танилцуулсан юм. Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэлтэд ачаалал үүсч 100 орчим км-ын цуваа үүссэн байна. Өмнө нь өдөртөө 2000-2600 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөж, дунджаар 1200-1600 тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг байсан бол одоо 400-600 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа талаар мэдээллээ.

БНХАУ-ын талаас боомтын хяналт, шалгалтыг өнгөрсөн долдугаар сараас чангатгаж, цахилгаан тасарсан, гарц, орцын засвар, цэргийн цугларалт, сүлжээ тасарсан,  ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баяр, зэргээс гадна албан ёсоор тогтоогдоогүй ч Монголын талаас хориотой бараа бүтээгдэхүүн нэвтэрч буй зэрэг асуудлуудаар нэвтрэлтийг удаашруулж байгааг тус боомтын гаалийн байгууллагаас мөн мэдээлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд боомтын болон тээвэрлэгч жолооч нар, тээвэрлэгч байгууллагууд, нүүрс нийлүүлэгч компаниуд зэргийг цогцоор нь нэгтгэн зохицуулах асуудал тулгараад байгаа тул тодорхой арга хэмжээ авч, зохион байгуулалтад оруулна хэмээн энэ үеэр мэдэгдлээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Тээвэрлэгч компаниуд өөрсдөө аж ахуйн системээр үйл ажиллагаа явуулж байгаа тул өөрсдийн кэмп, авто үйлчилгээний засвар үйлчилгээ, граштай байхаас гадна жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгал болон татвар төлдөг байх шаардлагатай. Тиймээс аль ч талаасаа тэдгээр жолооч нар кэмпдээ байрлаад, нэгдсэн зохион байгуулалттайгаар программын дагуу байрлаад тээвэрлэлтдээ оролцох юм бол ямар нэг асуудал үүсэхгүй байх юм” хэмээн мэдээлэл өгөв. Цаашид яамд болон хил, гааль, Хятадын талуудтайгаа тохиролцож тус боомтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд олон улсын боомт болгочихвол тээвэрлэлт хэвийн үргэлжлэх боломжтой аж.  Боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны төслийн нэгж байгуулагдаж, хууль бус бараа, мах гаргах зэрэг асуудлыг хөнгөвчлөхийн тулд рентген аппарат суурилуулах зураг төсөл, сахүүжилт нь шийдэгдсэн талаарх мэдээллийг АТҮТ ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран өглөө. Мөн энэ чиглэлээр ЗТХЯ-тай хамтран ГХЯ-аас нот бичиг авч, тээврийн салбарынхан Манжуурт уулзалт хийж, Улаан-үдэд дэд сайд нарын түвшинд хэлэлцсэн байна.

Хятадын талаас энэ хүрээнд ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа учраас тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа нөхцөлд уурхайнуудад квот тогтоохоос өөр аргагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Мөн тээвэрлэгч аж ахуй нэгжийн тоог цөөлөх, хятад компаниудыг цэгцлэх талаар санал солилцсон бөгөөд  тээвэр эрхлэгч бүх компаниудад Монгол Улсын стандарт хууль тогтоомжийн хүрээнд шаардлага тавьж, гэрээ хийдэг тул хэн нэгэн компанид өөр шалгуур тавьж гэрээ хийх боломжгүй гэдгийг П.Дэлгэрнаран дарга онцоллоо.

Түүнчлэн нүүрс тээвэрлэлтэнд Хятад компани болон Хятад жолооч явж байгаа асуудал байхгүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай гэдэг үүднээс Хятадын компани гэсэн байдлаар хандах боломжгүй тул Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компаниуд монгол дугаартай автомашинаар монгол жолооч нар тээвэрлэлт гүйцэтгэж байгааг хэллээ.

 

 

"АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 202.9.42.193 ]      |     11-р сарын 14 -нд, 12:59 минутанд

Атүт гэж хужаа нарын гар шүү дээ.

Зочин [ 202.5.196.171 ]      |     11-р сарын 14 -нд, 09:12 минутанд

Хүн зодоод байдаг хятад жолооч нар нь хаачиваа??? Бүгд монгол болоод, бие биенээ зоддог юм уу???