“Хамаг Монгол” МСҮТ-ийн хүүхдүүд MCS-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан зэрэг Монголын хамгийн том компанийн захирлуудад шаардлага хүргүүлэхээр болсон байна. Тухайлбал, Үндэсний бахархлын өдөр болох гэж байгаатай холбогдуулан “Хамаг Монгол” МСҮТ-ийн сургагчид Чингис хааны зурагтай архийг эсэргүүцэн Ж.Оджаргал /“Эм Си Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга/, П.Батсайхан /Шунхлай группийн ерөнхийлөгч/, Ц.Цэрэнпунцаг / “Жем интернешнл” ХХК-ныг үүсгэн байгуулагч, улсын гарьд/, О.Амартүвшин /“UFC” группийн ерөнхийлөгч/ болон “СББ” ХХК, “АПУ” ХК, “Жем интернешнл” ХХК, “UFC групп” ХХК-ны хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д уриалга, шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Улс төр менежментийн академ"-ийн захирал Д.Уламбаяр “Чингисийн зурагтай архийг үйлдвэрлэхгүй байя. Худалдаж авахгүй байя гэсэн уриалга гаргаж, танин мэдүүлэх үйл ажиллагааг хийгээд жил болж байна. Одоо ард иргэд хангалттай ойлгодог болсон. Тиймээс одоо үйлдвэрлэж буй хүмүүс рүү хандахаар шийдээд байгаа. Аливаа улс үндэстнийг үндэстнийх хувьд доройтуулах хэд хэдэн арга байдаг. Монголчуудын доройтол нь XVII-р зуунд Манжийн эрхшээлд орсноос үүдэлтэй. 250 жилийн дараа баатарлаг ард түмэн эрх барьсан сул дорой хүмүүс болж хувирсан. Үүний дараагаар Зөвлөлтийн ард түмэн бидэнд коммунист үзлийг тулгасан. Энэ нь цагаан сар, наадам хийж болохгүй гэж уламжлалт соёлоос хөндийрүүлсэн. Харин өнөөдөр либерал үзэл оршиж байна. Энэ нь болохоор чи хэн ч биш. Долоон тэрбумын хүний л нэг гэж байгаа юм. Монгол хүн гэсэн дархлааг устгахын төлөө л ажиллаж байна. Бид бусад үндэстнийг бодвол хүн ам цөөнтэй. Энэ талаасаа үндэснийхээ, соёл уламжлал, бахархал, үнэт зүйлүүдээ авч үлдэх хэрэгтэй. Улс үндэстэн бүр өөрийн баатруудаараа бахархаж байдаг. Гэтэл өнөөдөр Монголын томоохон дөрвөн үндэсний үйлдвэрлэгч Чингис хааны зурагтай архийг гаргаж байна. Дөнгөж хэлд орж байгаа нэг хоёр настай хүүхдүүд Чингис хааны зургийг хараад “архин дээр байдаг баба” гэж байгаа юм. Одоо ингэж байгаа хүүхдүүд 10, 20 жилийн дараа Чингис гэж юу вэ гэвэл “архи” гэнэ. Өнгөрсөн мянганы суут хүний нэгээр Чингис хаан нэрлэгдсэн байдаг. Гэтэл бахархалт хүнийхээ хөргийг ингэх нь зөв бэ. Соёлтой улс орнуудыг хараарай. Хэн нэгэн бахархалт, түүхэн хүнийхээ зурагтай архийг гаргаагүй л байгаа. Хирист, Будда, Далай лам, Мухамедийн зурагтай эсвэл хаант засагтай орнуудын хааны зурагтай архи гэж би л хувьдаа сонсож байгаагүй. Манай эрдэмтэд, зохиолчид Чингис хааны зурагтай архийг эсэргүүцэж, хууль хүртэл санаачилж байсан. Гэвч амжилттай болоогүй. Учир нь УИХ-ын гишүүдийн 50 хувь АПУ, MCS-ээс мөнгө авчихсан байгаа. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт бидэнтэй нэгдсэн залуус Чингисийн зурагтай архийг худалдаж авахгүй байх ухуулаг сурталчилгааг хийж байгаа. Өнгөрсөн жилийнхээс Чингис архины борлуулалт 40 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Хэдий эдгээр дөрвөн компани нь үндэсний үйлдвэрлэгч, татвар төлөгч боловч энэхүү бахархалт хүнээ доромжлох байдлыг нь өөгшүүлж болохгүй. Эдгээр компаниуд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Чингис архи үйлдвэрлэхээ болилоо гээд эдгээр компаниуд ашигтай байхаа болихгүй. Бидний хийсэн ажлын үр дүнд ойрын 2, 3 жилдээ Чингис архийг худалдаж авах хүн байхгүй болно гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль 300-400 оюутантай. Энэ талаар сургалтыг хөдөөгөөр болон сошиал орчинд маш сайн хийж байгаа” гэлээ.
Хүүхдүүд ч мөн Чингис хааны зурагтай архийг дэлгүүрийн лангуунаас авахыг шаардаж байна.
Ц.Тэмүүжин “Чингис хаан бол бидний ихэд хүндэтгэдэг түүхэн хүн минь. Ээж, аавтай адил хүндлэлтэй хүн. Гэтэл өнөөдөр хогийн саванд Чингис хааны зураг хаягдаж байна. Энэ нь үнэхээрийн гутамшигтай санагдаж байна. Өнөөдөр дэлгүүрийн лангууны хамгийн доод талд Чингис хааны зурагтай архи, хогийн саванд Чингис хааны зураг байгаа. Энэ нь дэлхийн түүхэн хүний үнэлэмж Монголд ямар байгааг харуулж байна” гэсэн юм.
Б.Хүслэн “Чингис хааны үр удам нь бол бид. Хэрэв миний аав, ээжийн зургийг архин дээр тавьсан байвал би хувьдаа уурлаж, авахуулна. Үүнтэй л адил. Бид Чингис хааныхаа зургийг архинаас салтал нь тэмцэнэ. Чингис хааныхаа зурагтай архийг битгий авч уугаарай гэж уриалмаар байна” гэв.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Дэмжиж байна. Та бүхний үөв
ДЭМЖИЖ БАЙНА.
зөв дэмжиж байна Чингисийн зургийг хамаагүй хэрэглэж болохгүй
Huuhduudeer uls tur hiihee bolio 76 hoorondoo hereldeed suuj baina biz
ДЭМЖИЖ БАЙНА.
Zuw shuu dem bna
маш зөв. олон нийтийн анал асуулга зохион байгуулцгаая.