2.8 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хууль зөрчин худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

ҮАГ 2017 оныг “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор шинээр томилогдсон төсвийн ерөнхийлөн захирагч нарт  зөвлөмж өгөх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, түүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын удирдлагуудад аудитын шалгалтын дүнг танилцуулжээ.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитад 56 байгууллага хамрагдсан бөгөөд үүнээс 47 нь “Зөрчилгүй”, 9 нь “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байна.

Аудитаар нийт 61 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 57.8 тэрбум төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулж, 0.8 тэрбум төгрөгийн 25 төлбөрийн акт, 0.9 тэрбум төгрөгийн 25 албан шаардлага, 1.3 тэрбум төгрөгийн 193 зөвлөмж өгсөн аж.  Энэхүү зөвлөмжийн хэрэгжилт 72 хувьтай байна гэж дүгнэжээ.

Аудитаас зарим байгууллагад  “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн шалтгааныг тайлбарлажээ. Үүнд санхүүгийн тайланд нэгтгэгдсэн 22.3 тэрбум төгрөгийн авлага, 0.5 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөрийг баталгаажуулаагүй.  2.8 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа холбогдох хууль журмыг зөрчсөн.  .2 тэрбум төгрөгийн анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг санхүүгийн тайланд тусгасан зэрэг зөрчил нэрлэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Үндэсний аудитын газраас илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгах, акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг тайлант онд багтаан бүрэн хэрэгжүүлж, “Зөрчилгүй” төсөв захирагч нар болох үүрэг, чиглэл өгчээ.  

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top