“Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг” хүргэх өдрийг зохион байгууллаа

2017 оны 11 сарын 18

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийд, “Сүүн гол зам” ТББ болон Монголын Land cruiser клубтэй хамтран 4 дэх жилдээ Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор өнөөдөр зохион байгуулж байна.

Зам тээврийн ослоор дэлхийд жилд дунджаар 1.3 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 10-15 насны өсвөр насныхан болон 15-24 насны залуучуудын үхлийн тэргүүлэх шалтгаан болж, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. 2016 онд Манай улсад  нийт 107559 осол гэмтлийн тохиодол бүртгэгдснээс   17197  буюу 16 хувь нь зам тээврийн ослоос шалтгаалсан байх бөгөөд энэ нь  нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орсоор байна.

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30588 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16,8% хувиар буурсан байгаа боловч амь насаа алдсан 431 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3%-иар өссөн бөгөөд ослын улмаас 980  хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж,  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 192,6 сая төгрөгийн  хохирол учраад  байна.  Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд үүрэн телефоны Mobicom, Unitel, G-mobile-н операторуудаар дамжуулан иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мессеж хүргэх зэргээр ослын хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг зохион байгууллаа гэж ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА-с мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top