“Дэлхийн 00-ийн өдөр”, “ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” номын нээлт боллоо

2017 оны 11 сарын 18

Өнөөдөр “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг хийлээ.

Хөрсний бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлонг өөрчилж, байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой жорлон, ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулах ажилд хэдэн жилийн турш тууштай зүтгэж буй “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци, Улаанбаатар Ротари клуб, “Wash Action of Mongolia” ТББ, НҮБ, “Гэр” Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв, Нутгийн шийдэл сан гэсэн 7 байгууллага хамтран, энэ жилийн “Дэлхийн 00-ийн өдөр”-өөр хийсэн бүтээснээ олон нийтэд танилцуулсан юм. Алдаа оноогоо цэгнэн ярилцах, мөн шинэ шийдэл, түүнтэй холбоотой бизнесийн санаа, боломжуудыг танилцуулсан “Нутгийн шийдэл” сангийн “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг хийж, тэрхүү номоор дамжуулан иргэдэд жорлонгоо өөрчлөх санаа сэдлийг өгч, оюун санааны “хувьсгал” хийх зорилготой нэгдсэн арга хэмжээг 2017 оны 11 сарын 18-ны 11 цагт Ансор төвд анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд оролцогч

  • “Дэлхийн зөн” ОУБ, Мобиком корпорациуд нь “Ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж” төслийг санаачилан, 4 жилийн дотор 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэгийн 45,000 орчим хүүхэд багачуудыг жилийн дөрвөн улиралд халуун, хүйтэн усаар гар угааж, боловсон бие засах орчныг бүрдүүлж чаджээ. Сумдын сургуульд суралцагч багачуудад онцгой ач холбогдолтой уг төсөлд нийгмийн хариуцлагатай бусад компани, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудыг мөн хамруулснаар уг төсөл нь жил ирэх бүр хүрээгээ өргөтгөсөөр байгаа юм.
  • Улаанбаатар Ротари клуб нь гишүүдийнхээ хөрөнгөөр 2005 оноос хойш Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, орон нутгийн 20 орчим сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, халуун ус байгуулж өгчээ.
  • “WASH Action of Mongolia” (Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв) ТББ нь ариун цэврийн байгууламжийн олон хувилбаруудыг туршин монгол орны цаг уур, монгол хүний аж төрөх ёсны онцлогт тохирсон шийдлүүдийг бий болгох, цэцэрлэг сургуулийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцлийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа. 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран УБ хотын БЗД-ын 6-р цэцэрлэг, 85-р сургуульд шинээр ариун цэврийн байгууламж барьж ашиглалтанд оруулжээ.
  • Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв нь иргэдийн оролцоогоор дамжуулан хотжилтын тогтвортой, тэгш хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилготой төрийн бус байгууллага бөгөөд хурдацтай тэлж буй хотжилт, байгаль орчны тулгамдсан асуудлуудтай холбоотой шийдвэрүүдэд бодит мэдээлэл, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн иргэдийн оролцоотой нөлөөллийг идэвхжүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж буй судалгаа, нөлөөллийн байгууллага юм. Ингэхдээ амьдрах орчны газрын зураглал ашиглан газрын зураглалын зорилго, ач холбогдлын талаар иргэдэд ойлгуулж, сурталчилах, уулзалт сургалтуудыг зохион байгуулсаар иржээ.
  •  “Нутгийн шийдэл” сан нь анх 2010 онд “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг орчуулан гаргаж, Монгол орны бүх аймаг, сумдын сургууль, эмнэлэг, номын сангуудад хүргүүлж байсан. 2015 оноос эхлэн “Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутагт эко жорлонгийн шийдэл бий болгох ажлыг зохион байгуулж, оюутны 14 багийг сургалтад хамруулан, давхардсан тоогоор 5 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт төсөл хэрэгжүүлж, нийт 50 гаруй жорлон барьж байгуулан, туршаад байна. Иргэдэд ойлголт мэдээлэл өгөх ажлыг зурагт хуудас, гарын авлага, электрон ном, хэвлэмэл ном, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан явуулж, сургалт зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр туршлагадаа тулгуурлан “Жорлонгоо өөрчилье” номыг санаачилан хэвлүүлээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tseegii(66.181.181.49) 2017 оны 12 сарын 10

Зөв санаа яаж холбогдох бэ

0  |  0
Unshigch(202.9.41.209) 2017 оны 11 сарын 19

Saihan sanaachlaga bn. Yaj holbogdoh ve?

0  |  0
Top