ТОЙМ: Шидрүү мөнгөн өвөл ширүүхэн долоо хоногоор эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар өрнүүн байлаа. Багш нарын ажил хаялт, цаг агаарын хүйтрэл, улс төрчдийн ноцтой мэдэгдлүүд, олноо Ама нэрээрээ алдаршсан сүмогийн их аварга Харумафүжи асуудалд орсон... гээд энэ долоо хоног эхнээсээ л ширүүхэн эхэлсэн юм. Өвлийн эхэн сарын шинийн нэгнээр өндөрлөж буй энэ долоо хоногийн үйл явдлын тоймыг хүлээн авна уу.

Даваа гариг: Багш нар ажил хаяв

Image result for Багш нар ажил хаяв

  • Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялт зохион байгуулав. Улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялтад нэгджээ.
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 2017.11.20-нд болох Их хуралд намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв.
  • “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ.

Мягмар: Ама Бямбадорж асуудалд оров

Image result for Ама Бямбадорж нутаг нэгтнээ

  • ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр төрд нь халдсан гэх шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд ханджээ.
  • Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржид гар хүрч, танхайрсан хэрэгт буруутгагдаж буй тухай Японы спортын мэдээллийн Sponichi сонин мэдээллээ. Энэ хэрэг аравдугаар сарын 26-нд болжээ. Харумафүжи Д.Бямбадорж Фүкүока хотноо болж буй кюүшюү башёг орхилоо. Тэрбээр мөн энэ өдөр дэвжээний багш Исэгахамагийн хамт Таканохана дэвжээнд очиж, албан ёсоор уучлал гуйжээ. Эхний хоёр өдөр дараалан ялагдсан Харумафүжи аварга башёг өнжих шийдвэр гаргасан нь нутгийн бөх Таканоива А.Баасандоржтой маргалдаж, түүнийг бэртээсэнтэй холбоотой гэх дуулиан дэгдлээ.
  • Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо Харумафүжи аваргын талаар мэдүүлэг өгчээ. Тэрбээр “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” гэж мэдүүлжээ.
  • Замын цагдаатай ам мурийж, салаавч гаргасан гэх Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Ц.Баярцогт танхайрсан гэдэг нь нотлогдсон тул түүнийг 15 хоног баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргажээ.
  • Монголын үндэсний олимпийн хороо удирдлагууд Токио-2020 хөтөлбөрт шалгарсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, тэквондогийн 17 тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардууллаа.
  • Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан Баянзүрх дүүрэгт байрлах баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийх үеэрээ С.Бямбацогт нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байхад нь саатуулав. С.Бямбацогт нь хэд хоногийн өмнө цэнгээний газрын гадаа сэлэм “эргүүлж”, танхайрсан хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байсан юм.

Лхагва: Б.Хурцын хурц асуудлууд

Image result for Б.Хурц

  • УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд томилох тухай асуудал хэлэлцэв. БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилох тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 78,6 хувийн саналаар дэмжлээ
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын 21 гишүүн дэмжиж, гарын үсэг зурав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ тухай хэлэлцэж, УИХ-ын чуулганаар Элчин сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулахаар болж, сонсголд бэлтгэх ажлын хэсэг байгуулав.
  • УИХ Б.Хурцын томилгоо хэлэлцэх асуудлыг хойшлуулав. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Саналыг 49 гишүүний 63.3 хувь нь дэмжсэнээр 2017 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлууллаа.
  • Засгийн газар хуралдав. Хуралдаанаас БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
  • Үндэсний статистикийн хорооноос сар бүр танилцуулдаг нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн мэдээллийг хийлээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг өрхийн дундаж орлого 929,4 мянган төгрөг байгаа бол зарлага нь 1 сая төгрөг гэж тооцжээ. 

Пүрэв: “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдоос төрийн хамгаалалт хүсчээ. Тэрбээр гэр бүлд нь заналхийлэл учирч байна гэж хүсэлтдээ тайлбарлажээ.
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Баасан: Төрөөс мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдав

  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.11.17) Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, Татварын ерөнхий хуулийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.” гэж заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай боллоо гэж төсөлд дурджээ. 
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж, баталлаа. Эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл бүхэлдээ чиглэгдэж байна. Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулж байна. Цаашид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхижлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том зорилт, сорилтууд бидний өмнө хүлээгдэж байна.Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна экспортын үнэ болон орлого өндөр цаг үе тохиож байгаа нь эдгээр бодлогын үр дүнд дэмжлэг болж байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, 5.8 хувьд хүрлээ. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглүүлж байна. Инфляци 2017 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 8.2 хувьд хүрч, сүүлийн саруудад эрчимжих хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, зарим төрлийн татвар нэмэгдэж байгаа нь инфляци өсөхөд нөлөөлж байна. Иймд Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгалаа. Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдалд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг олон зорилтууд үндсэн чиглэлд тусгагдлаа

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top