Н.Түвшинбаярт “Чингис хаан” одон гардууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг  дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Энэ жил тус шагналыг онгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимийн аварга Найдангийн Түвшинбаярт  “Чингис хаан” одон олголоо.

Н.Түвшинбаяр аварга баярын сэтгэгдэлдээ “Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт монголчууддаа Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн минь сайхан өвөлжиж байна уу. Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна. Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. 

Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ” гэсэн юм.

 “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.  Н.Түвшинбаяр нь “Чингис хаан” одонгоор шагнагдаж буй 11 дэх эрхэм юм. Өмнө нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар хүртэж байсан юм. Тамирчдаас Н.Түвшинбаяр анх удаа “Чингис хаан” одон хүртлээ. 


 

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top