Хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсныг урагшлуулах нь зүйтэйг тэмдэглэв

2017 оны 11 сарын 20

 

Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь энэ сарын 16-ны өдөр Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзан, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хоёр улсын улс төрийн харилцаа идэвхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжсоныг талууд тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талуудын хэлэлцэн тохирсон асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаар тогтов. Тухайлбал, 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Вьетнамын ЗГХК-ийн 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас тахиа, гахайны гүн хөлдөөсөн мах, далайн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохирсныг урагшлуулах нь зүйтэйг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Д.Билэгдорж АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан Вьетнамын талд баяр хүргээд, хоёр талын харилцааны хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцлоо.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top