Олимп, дэлхийн найман аварга зодоглосон Владикавказын тэмцээн

 

өлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн “Аланы” ОУТ энэ амралтын өдрүүдэд (IX.18-19) ОХУ-ын Владикавказ хотод боллоо. Шагналын сан (80 мянган ам.доллар) өндөртэй тэмцээнд ОХУ, Монгол, Гүрж, Азербайжан, Узбекистан, Беларусь, Итали, Казахстан, Словак, Армен, Болгар, Молдав гэсэн 12 орны 104 тамирчин найман жинд хүч үзэв. Эдний бараг тэн хагас нь олимп, тив, дэлхийн медальтнууд байсан гэхэд хилсдэхгүй.

Хойд Осетийн нийслэлд олимпийн дэлхийн аварга Владимир Хинчегашвили (Гүрж), Сослан Рамонов (ОХУ), Шариф Шарифов (Азербайжан), дэлхийн аварга Георгий Гогшелизе (Гүрж), Франк Чамизо (Итали), Билял Махов, Хетаг Цаболов, Магомед Курбаналиев (бүгд ОХУ) гэсэн олимп, дэлхийн найман аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат, хүрэл медальт Ахмед Чакаев, Асланбек Альборов, Владислав Валиев, Европын аварга Анзор Уришев, Георгий Эдишерашвили, Руслан Дибиргажиев тэргүүтэй олон шилдэг хүчитнүүд зодоглосон нь ямархуу нэр хүндтэй тэмцээн болсныг илтгэнэ.

ОХУ-аас зөвхөн Кавказын уулархаг нутагт харьяалагддаг Хойд Осет, Дагестан, Чечень, Кабардино-Балкар болон Красноярскын эрчүүд зодогложээ. Эдгээр улс, үндэстэнүүд ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн цөмийг бүрдүүлдэг гэхэд болно.

Манай улсаас 86 кг-ын жинд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 65 кг-д, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаяр нар хүч үзсэн бөгөөд Өнөрөө гавьяат Чечений Муслим Дадаевт 0:2-оор, Нэмэхээ Узбекистаны Сирожидин Хасановт 4:7-гоор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Тэмцээний 61 кг-д олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили хагас шигшээд Дагестаны Исмаил Мусукаевт 6:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд өөр нэг дагестан залуу Рустам Абдурашидовт цэвэр ялагдсанаар медальгүй буцлаа. 70 кг-д Сослан Рамонов, Франк Чамизо, Магомед Курбаналиев гэсэн гурван дэлхийн аварга зодоглосон бөгөөд Курбаналиев жиндээ торойлоо. Өнгөрсөн жилийн Оросын аварга Заурбек Сидаков хагас шигшээд дэлхийн отгон аварга Чамизог 9:6-гаар ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд өмнөх жилийн аварга Курбаналиевийг (5:7) бараагүй. Куба гаралтай, итали эр хүрэл медалийн төлөөх барилдаанд барилдаагүй. Олимп, дэлхийн аварга Рамонов хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх барилдаанд эмчийн магадлаагаар барилдаагүй. 

Оросын хүнд жингийн шилдэг бөх Билял Махов дэвжээндээ эргэн ирснээс хойш гурван тэмцээнд дараалан түрүүлээд байна. Үнэнийг хэлэхэд хойд хөршийн хүнд жинд түүнийг барах хүн алга. 

Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Гүржийн нэрт бөх Георгий Гогшелизе Хойд Осетийн тэмцээнийг хүндэтгэж 97 кг-д хүч үзсэн нь анхаарлын төвд байв. Өдгөө 38 настай тэрбээр хамгийн сүүлд “Лондон-2012” олимпийн наадамд оролцсоны дараа зодог тайлсан юм. Гогшелизе Владикавказад зүгээр ч нэг оролцолгүй хүрэл медалийн төлөө хүртэл барилдаж ясны бөх гэдгээ харуулсан. Тэрбээр Магомед Курбанов, Анзор Уришев нарыг ялж, Владислав Байцаевт 1:1, Беларусийн Александр Гуштынд 1:2-оор тун тэнцүүхэн хүч үзэж ялагдсаныг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тэмцээнийг үзэж сонирхсон бөхийн хорхойтнууд түүнийг халуун дотноор хүлээн авсан.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
57 кг (14 бөх):
1. Азамат Тускаев (ОХУ, Алания) 2. Заур Угуев 3. Артем Гебеков (хоёул ОХУ, Дагестан), Георгий Эдишерашвили (Гүрж)

61 кг (11): 1. Исмаил Мусукаев (ОХУ, Дагестан) 2. Зелимхан Абакаров (Чечень) 3. Нурислам Санаев (Казахстан), Рустам Абдурашидов (ОХУ, Дагестан)
65 кг (12): 1. Ахмед Чакаев (ОХУ, Чечень) 2. Муршид Муталимов (ОХУ, Дагестан) 3. Гамлет Рамонов (ОХУ, Алания), Сирожиддин Хасанов (Узбекистан)
70 кг (14): 1. Магомед Курбаналиев (ОХУ, Дагестан) 2. Заурбек Сидаков (ОХУ, Алания) 3. Расул Арсаналиев (ОХУ, Дагестан), Мирослав Киров (Болгар)
74 кг (15): 1. Алан Засеев 2. Хетаг Цаболов 3. Ацамаз Санакоев (ОХУ, Алания), Тимур Бижоев (ОХУ, Кабардино-Балкар)
86 кг (12): 1. Артур Найфонов 2. Владислав Валиев 3. Батырбек Цакулов (бүгд ОХУ, Алания), Давид Хуцишвили (Гүрж)
97 кг (17): 1. Владислав Байцаев (ОХУ, Алания) 2. Шариф Шарифов (Азербайжан) 3. Юрий Белоновский (ОХУ, Красноярск), Александр Гуштын (Беларусь)
125 кг (9): 1. Билял Махов (ОХУ, Дагестан) 2. Алан Хугаев (ОХУ, Алания) 3. Адлан Ибрагимов (ОХУ, Чечень), Георгий Мешвилдишвили (Гүрж)

 

 

 

 

 

 

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

70-80 [ 202.9.43.174 ]      |     11-р сарын 20 -нд, 16:56 минутанд

70-80аад онд чөлөөт бөхөөр дэлхийд гайхуулж явлаа Монгол улс одоо бол өнгөрсөн дэлхий битгий хэл монголчууд тоож харахаа больсон ганц хоёр эмэгтэй бөхүүдийг эс тооцвол монголын чөлөөт бөх үгүй болсон