Шинэ байранд орох хуучин мөдөөдөлтэйгөө амьдарсаар дуусаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

 

 Монголчуудын дийлэнх нь өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хүүнд нухлагдан бор хоногийг өнгөрөөж буй. Оюутны төлбөрийн зээл, байрны зээл, машин унааны аль нэг лизенггүй айл нэг ч байхгүй гэхэд хилс болохгүй бизээ. Адаглаад л хөргөгч, зурагт, гар утасны банкны лизенгтэй сууж буй. УИХ-ын өргөдлийн байнгын хороонд очдог өргөдлүүдийн дийлэнх нь орон сууцны зээлтэй холбоотой асуудал байдаг гэнэ. Бүр 90 хүртэлх хувийг тэр талын өргөдөл эзэлдэгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюучимэг мэдээлсэн. Тэрбээр, “Манай байнгын хороонд ирдэг өргөдөл гомдлын 90 хувь нь орон сууцны зээлтэй холбоотой асуудал байдаг. 38 сая төгрөгийн зээл төлөөд 50 сая төгрөг төлөх шудрага уу?... Тиймээс арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулья,  Монгол банк хариуцья. .. гэсэн саналыг төв банкуудын захирлууд гаргаж байна.” гэв. Арилжааны банкуудын шалгуурын гадна дунд, бага орлогтой өрхүүд үлдэж, байрны үнэ хямдрахыг хүлээдэг нь нууц биш. Үнэндээ 38 сая төгрөг гэдэг дундаж орлогтой иргэний байтугай түүнээс дээш мөнгө эргэлдүүлдэг бизнес эрхлэгчийн ч өдрийн бодол шөнийн зүүд шүү дээ...

 Гэвч жил бүр шинээр ашиглалтанд орж буй байрнуудын үнэ нэмэгдэж, хуучин байрнуудын ашиглалтын хугацаа дуусаж хүн амьдрах аргагүйд хүрдэг.   Халаалт цахилгаанаас эхлээд асуудал дагуулж эхэлдэг билээ. Иргэдийн өдөр бүр хүлээдэг нэг зүйл бол арилжааны банкуудын зээл багасаж, байрны урьдчилгаа төлбөр багасахыг хардаг явдал юм. Саяхан Төв банкнаас ажлын хэсэг гарч, ипотекийн зээлийг хэрхэн олгосоныг хянахаар болжээ. Шалгалтын гол чиглэл нь Төрөөс олгосон зээлийн үр дүн, ирэгдэд өгсөн зээлийн хүүг шалгахад чиглэгдсэн байна. Ингэсэн нь цаагуураа учир шалтгаантай аж. Учир нь Монгол банкны гадаад валютийн нөөц өссөн аж.  Хоёр тэрбум ам.долларын нөөцтэй байгаа  Монгол улс 2018 онд гурван тэрбум нөөцтэй болох юм.  Мэдээж үүнд нөлөөлсөн зүйл бий. Долоон төрлийн татварын нэмэгдэл, дэлхийн зах зээл дээрх зэсийн баяжмалын үнийн өсөлт... гээд эдийн засагт түлхэц, дэм болсон нь гарцаагүй. Өнөөдөр арилжааны банкуудын зээлийн хүү 19.5 хувьтай байгаа. Харин ипотекийн зээлийн хүүг 13 хувь хүртэл багасгаад зогсохгүй арилжааны банкуудын зээлийн хүүг хянах бодлого баримтлах аж. АН-ын дарга С.Эрдэнэ нарын барьсан хуулийн төслийн үр дүн ингэж гарч ирэх аж.

 Агаарын бохирдлыг багасгах нэг арга нь мэдээж гэр хорооллыг барилгажуулах, байр орон сууцаар иргэдийг хангах явдал билээ.  Харамсалтай  нь өнөөх л хөрөнгө мөнгөний гачигдал, зээл төлбөрийн асуудлаас болоод иргэд тэр бүр байр авч чаддаггүй. Үүний нэг шийдэл түрээсийн байр байж болох тал ажиглагддаг. Төрөөс иргэдэд олгож буй түрээсийн байрны давуу тал их. 20 хүртэлх жилээр түрээслээд байраа өмчилж авах зэрэг давуу тал бий. Мөн түрээсийн төлбөртөө байрны мөнгө хуримтлагдсаар 20 жилийн дараа тийн өөрийн өмч болж буй нь олзуурхууштай шийдэл гэлтэй. Өөр нэг сайн тал нь түрээсийн байрны төлбөрөөс урьдчилгаа төлбөр авдаггүй нь иргэдийг тийш хошуурахад хүргэж байгаа билээ. Гэвч түрээсийн байрны хүрэлцээ муу байгаад иргэд гомдол гаргадаг. 400 мянга гаруй иргэн түрээсийн байранд орох хүсэлт илгээсний 1500 гаруй нь л хамрагдсан гэхээр даан ч хэцүү тооцоо гарч байгаа биз. Тиймээс түрээсийн байрыг өсгөх, хамрагдах иргэний тоог ч өндөржүүлэх шаардлага нэн тэргүүнд тавих чухал асуудал гэлтэй.  Гэр хороолын иргэдийн дйилэнх нь байранд орохын өмнөх урьдчилгаа төлбөртөө л бүдэрчихсэн, цалингаас цалингийн хооронд өр тавин амьдралаа залгуулж явдаг дундаж, доод давхаргынхан шүү дээ. Тиймээс тэдэнд Банкны зээлийн хүү буурахыг хүлээх, Төрөөс түрээсийн байр горьдох хоёр агаар нэг билээ. Ер нь монголчуудын нэг хэсэг нь шинэ байранд орох хуучин мөрөөдөлтэйгөө амьдарсаар дуусаж буй нь нууц биш юм.

З.Говьсайхан

www.zingaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongo(103.212.118.33) 2017 оны 11 сарын 20

MONGO ETSSIIN ZAM BISH

0  |  0
Үнэн(202.21.106.127) 2017 оны 11 сарын 20

Валютын орон сууцны зээлийг зогсоо !ядарсан ард түмэнээ мөлжихөө боль!Банкууд минь

0  |  0
Top