”Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар:”Дарга дагасан” ийм байдлаар Монгол Улс хөгжихгүй л дээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

"Зиндаа" сэтгүүлийн хоймор "Эрхэм зиндаа" буланд  Монгол улсын тод манлай уяач, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар уригдан оролцож байна.

ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛААД, ЗӨВ МЕНЕЖМЕНТТЭЙ ЯВАХ ЮМ БОЛ ХҮНДРЭЛЭЭС ГАРЧИХНА Л ДАА

Бизнес эрхэлж байсан хүн улс төрд орохоор өөрийн эрх ашгийг хамгаалахын төлөө явж байна гэж хардах гээд байдаг биз дээ?  

Хүнээсээ л хамаарна. Ямар хүмүүжилтэй, ямар бодолтой хүн байна гэдэг бас чухал.

Улс төрд орсон хүн бүхэн улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж чадахгүй байгаа нь үүнд нөлөөлж байна уу? 

Ер нь жижгээр хардаг зарим нэг хүмүүс байдаг. 200 наслах юм шиг л улайраад дайраад байдаг улсууд бас харагддаг. Өөрийнхөө төлөө хөнгөн аргаар амьдрах гэж хэт улайрдаг улсууд ч бий. Цаанаас нь шийтгэнэ шүү дээ. Сайхан хөдөлмөр хийгээд, өсөөд дэвжээд явах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Батын бизнес хөгжиж байж надад нэг дусал ирэх ёстой юм шүү, энэ хөгжөөсэй гэж бодож явах нь зөв юм. Манай хуучин системийн нэг зүйл байдаг даа. Энэ яахаараа ингэж явдаг юм гээд л. Одоо энэ байдал багасч байна. Санаагаар болдог бол, монголчууд таван сайхан Эрдэнэт шиг үйлдвэрийг эзэмшдэг байвал илүү сайхан амьдрах боломжтой гэж би хардаг. Байгалийн баялгийг анхнаас нь зөв ашиглаад, Монголд ашигтай нөхцөлөөр энэ том том төслүүдийг хөдөлгөх юм бол монголчууд сайхан амьдрах боломж байна. Мэдээж, олсон мөнгөө зөв зарцуулах нь их чухал. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр, би бас аятайхан болгочих юмсан, нийгмийн асуудлыг ингээд шийдчихэж болдоггүй юм байх даа гээд төсөөлөөд л бодож явдаг. Болохгүй юм байхгүй шүү дээ. Боломжийн явж байгаа улсууд нь улс эх орныхоо төлөө их ч бай, бага ч бай сэтгэл гаргаж юм хийх хэрэгтэй. Аль болох асуудлыг шийдэхсэн гээд санаа зовж л байдаг даа.

Тухайлбал юунд санаа зовдог вэ?  

Наад захаас нь хэлэхэд авлига хээл хахууль гээд л асуудал их байна. Үнэхээр авлигатай тэмцэх гээд байгаа юм бол хамгийн наад зах нь хуулийн дагуу шийтгэлээ хүлээдэг байя л даа. Тэгэх юм бол арай цэгцрэх байх. Түүнээс биш “дарга дагасан” ийм байдлаар Монгол Улс хөгжихгүй л дээ. Сайн хууль дүрэм, зөв стандартаа хэрэгжүүлдэг болж хэнээс ч хамааралгүй байж чадвал улс орон хөгжинө. Гэхдээ өнөөдрийн улс төрийн тогтолцоо, байж байгаа байдлыг харахад хэдэн зуун мянган төрийн албан хаагч ажилгүй болоод л дараагийн дөрвөн жилээ хүлээж байдаг. Ийм байдалтай яаж явах юм бэ. Сүүлийн хэдэн жил дандаа л ийм байна шүү дээ.

Дараагийн дөрвөн жилээ хүлээгээд л үү?  

Тийм ээ. Нэг л болохгүй зам руу орчихоод байгаа ч юм шиг. Үндсэн хуулийн тогтолцоонд нь байдаг юм уу, төр засгийн бодлогод байдаг юм уу. Үнэхээр л юм хийе гэж бодож байвал энэ бүхнийг шийдэх хэрэгтэй. Ерөөсөө төрд итгэж байгаа итгэл гэж байхгүй. Үнэ цэнэгүй. Бие биенээ хүндэлж, хүлээн зөвшөөрч байгаа юмгүй.

Харамсалтай нь тийм...  

Аваар ослууд их болж байна. Тэр чинь одоо бүрэн бус техниктэй яваад тэр олон хүнийг өнчрүүлж байна шүү дээ. Энэ чинь төрийн хууль, дүрэм журам хэрэгжихгүй байгаагаас болж байгаа. Хуучин дугуй оруулж ирж л байдаг. Гадаадад хэрэггүй болчихсон хуучин машин оруулж ирж л байдаг. Машин хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Бүрэн бус техниктэйгээс болсон аваар ослоор хэдэн Боингоороо л явж байгаа. Машин унах хэрэгтэй. Гэхдээ ойр дотныхоо хүмүүсийг өнчрүүлээд л аваар осол хийгээд явах нь зөв гэж үү.

ОНОШЛОГОО ХИЙЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙХ ЁСТОЙ БИЗДЭЭ

Монгол Улсын их өрийг дарахад иргэдийн сайн дурын хандив цуглуулж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?  

Сайхан сэтгэл гаргаад сайн үйлс эхлүүлж байгаа хүмүүст талархууштай. Гэхдээ хүндрэлээс гарах хэмжээний асуудал биш болохоор, яаж хэмнэж болох вэ гэдгийг л илүүтэй бодох хэрэгтэй болов уу. Төр бүсээ чангалаад, зөв менежменттэй явах юм бол хүндрэлээс гарчихна л даа.

Та одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?  

Манайх зам, барилга, уул уурхайн сезоны үед хоёр мянга гаруй хүн ажилладаг. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бол мянга гаруй хүн ажиллаж байна.

Нэг хүний ард дунджаар 4-5 хүн байгаа шүү дээ. Энэ олон мянган хүний амьдралын баталгаа нь болж явна гэдэг нэг бодлын буянтай ажил. Дээр нь энэ олон бизнесийн салбарыг авч явна гэдэг тийм ч амар биш болов уу?  

Ер нь компани удирдаж явна гэдэг бол дарамттай л даа. Сэтгэл зовоосон асуудлууд цөөнгүй гарна.

БИД ИМПОРТЫН ШИНГЭН СҮҮГ ШАХАЖ ЧАДСАН

“ИЙМ ОЛОН САЯ МАЛТАЙ БАЙЖ ЯАГААД ГАДНЫН СҮҮ ХЭРЭГЛЭДЭГ БИЛЭЭ” ГЭЭД ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ГАРГААД ЭНЭ АЖИЛ РУУ АНХ ОРЖ БАЙЛАА

Сүү ХХК-ийг өсөн дэвжиж үндэсний томоохон үйлдвэрлэгчийн байр сууринд нь эргүүлэн авчрахад таны хөдөлмөр зүтгэл их үүрэг гүйцэтгэсэн байх тийм үү?

Манайх сүүний үйлдвэрийн хувьцаа дийлэнхийг нь авч байхад дэлгүүрийн лангуун дээр “шар сүү” гэдэг сүү, хятад сүү хоёр л байдаг байлаа. Тэр шар савалгаатай сүү өдөр бүр вагон вагоноороо орж ирдэг байсан даа.

Ёстой үнэн. Тухайн үед хэрэглэгчдэд өөр сонголт байгаагүй.

“Ийм олон сая малтай байж яагаад гаднын сүү хэрэглэдэг билээ” гээд эх оронч сэтгэл гаргаад энэ ажил руу анх орж байлаа. Тэгээд бид бусад үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамт маш богино хугацаанд импортын шингэн сүүнүүдийг шахаж чадсан. Дотоодын үйлдвэрүүд нийлээд, “Сүү” компани гол рольд нь тоглоод ирэхээр фермерүүд, малчид маань хөгжиж, орлого нь нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Бид үнээний фермерүүдийг ашигтай, орлоготой байлгаж, малынхаа сүүг барууны технологиор ариутгаж савлаад хүмүүст хүргэж байна.

БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХҮН АМЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ, ТАТВАР ТӨЛЖ, УЛС ОРНЫ САНХҮҮГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг хэрэгтэй л дээ.

Баялаг бүтээгчид хүн амыг ажлын байраар хангаж, татвар төлж, улс орны санхүүг бүрдүүлж байна. Бизнес эрхлэгчдийн бодож боловсруулсан техник технологийг амьдралд нэвтрүүлэх, боловсронгуй болгох замаар улс орны эдийн засаг хөгждөг. Жишээлбэл машин механизм, нано технологи гэх мэт. Улсаас бизнесийг дэмжиж наад зах нь арьс ширний үйлдвэр гэдгийг “хийсэн шиг хий” гээд хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтыг нь шийдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Чадахгүй бол хариуцлага хүлээнэ. Эсвэл “За та нар аялал жуулчлалын бизнесийг аваад яв. Дэд бүтцийг шийдье, хүнд суртлыг арилгаад өгье” гэдэг ч юм уу, нэг жаахан томоохон хараад явбал болмоор санагддаг. Энэ тухай олон жил яригдаж байна. Өнөөдөр 500 мянган жуулчин авчихсан юм шиг л яриад байгаа. Худал мэдээлэл, бодит бус тоон дээр өөрсдийгөө хуураад байна уу гэж харагддаг юм. Жуулчны компаниудын тоог нэгтгээд харахаар томоохон компаниуд л 5-10 мянган жуулчин авдаг. Бүгд нийлэхээрээ 100 мянгад хүрдэггүй.


БИ СҮҮЛИЙН ҮЕД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ӨВЧЛӨӨД БАЙГАА. ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХ ЮМ БОЛ УУЛ УУРХАЙГААС Ч ИЛҮҮ УРГАДАГ БИЗНЕС ГЭДГИЙГ НЬ ОЛЖ ХАРААД БАЙНА

Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том групп, компаниуд оролцох хэрэгтэй санагддаг. Та энэ салбарт орох уу?

Мөрөөдөөд байгаачлан сая жуулчин ирлээ гэж бодоход ноос, ноолууран бүтээгдэхүүнийг маань худалдаж авна, хооллож ундална гээд олон талын ач холбогдолтой. Дороо хий эргээд л, ярьдаг юмаа яриад л байх юм бол хөгжихгүй. Ерөөсөө хүчтэй бодлогоор бизнесүүдээ сайтар дэмжээд ирээдүйгээ томоор харах хэрэгтэй л дээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлөх ямар гол хүчин зүйлс танд ажиглагдаж байна вэ?

Олон хүчин зүйл байна л даа. Сүүлийн үед визийг их ярьж байна. Жишээ нь, визийг хөнгөвчлөх нь их чухал. Гэрээсээ захиалга өгөөд л визээ авчихдаг боломж нь байхад хүнд суртал гаргаад нааш цааш явуулаад байх хэрэгтэй юу. Тухайлбал, Япон, Солонгосоос ирэхэд их үнэтэй байна. Гэтэл Европ Америкийн хооронд 100 долларын нислэгүүд хүртэл байна. Эсвэл МИАТ- аа хувьчлах ёстой юу гээд олон хүчин зүйл аялал жуулчлалд нөлөөлж байна. Оновчтой шийдлүүдэд хүрч байж аялал жуулчлалын бизнес хөгжих нөхцөл бүрдэнэ. Магадгүй МИАТ төрдөө харьяалагдаж байгаа нь давуу тал болж татаастай, илүү хямд нислэг гаргаж болно шүү дээ. Хямд бас аюулгүй нислэг. Ирсэн улсууд нь сэтгэл хангалуун эндээс буцдаг байх ёстой. Энэ л гол нөхцөл.

Бүгд сэтгэл хангалуун буцаж чадаагүй л болов уу.

Тийм ээ. Өнөөдөр аялал жуулчлалын бизнес гээд таван гэр барьчихаад, ингэж явахгүй л дээ. Ихэнх нь аягүй бол эсгий гудастай, ор нь дороос нухаж байгаа шүү дээ. Гадаа салхитай байвал яндан нь дуугарч байгаа. Монгол ахуйг мэдэхгүй хүн яаж унтаж чадах юм.

Салхитай өдөр бол жаахан хэцүү шүү /инээлдэв/. Монголчууд сурчихсан учраас яах ч үгүй. Гадаадын жуулчдад бол өөр.

Энэ чинь жижиг юм шиг мөртлөө л шийдэх ёстой асуудлын нэг байгаа юм. Цогцоор нь сайхан үзэж харах юмтай, хөтөлбөртэй, тэр жуулчдын хүсэж байгааг нь байлгах л ёстой болно. Магадгүй жижиг тоглоомын газар байх хэрэгтэй бол тэр нь байдаг ч юм уу. Байгальд аялах сонирхолтой хэсэг нь байгальдаа аялдаг. Цагийг зөв гоё өнгөрөөгөөд, би Монголд үнэхээр сайхан амарсан шүү гээд ирэх жил нь найз нараа, гэр бүлээ дагуулаад ирдэг бол сая жуулчин гэдэг асуудал биш шүү дээ. Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ гишүүн гээд улсууд яриад л байна. Ярьж байгаагаа төрийн хүчтэй бодлого, ажил хэрэг болгоод явах юм бол бид хийж чадах л юм байгаа юм.

МОНГОЛД ХҮНИЙГ ТАВ ТУХТАЙ АМРААХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ ХАНГАСАН, ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЧАНАР СТАНДАРТЫГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬСОН

Америкийн Вашингтон хотод 1999 онд ажлаар явж байхад манай арга хэмжээний төлөөлөгчид Holiday Inn зочид буудалд байрлаж байлаа. Тэр үед “Монголд маань энэ том зочид буудал хэзээ байгуулагдах бол оо” гэж бодож байсан. Гэтэл та үүнийг байгуулчихсан байна. Бахархмаар санагдсан. Та яаж энэ том сүлжээг оруулж ирэв?

 Баярлалаа /инээв/. Монголд хүнийг тав тухтай амраах, аюулгүй байдлыг нь хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлэх чанар стандартыг бий болгохыг зорьсон. Хямралын үе таараад хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байж л хийж дуусгалаа. Хөдөлмөрөөрөө босгож байгаа төслүүд хэдийгээр хэцүү ч ингээд том ажлын ард гараад ирэх чинь сайхан. Мэдээж бидэнд хэрэгтэй, цаашилбал Монголын нүүр царай болоод том сүлжээнүүд бий болгож байна гэдэг чинь бас гоё. Том төслийн ард гарахад нэг амсхийгээд, улс орноороо бахархаад бас л сайхан шүү. Хийсэн ажлаасаа их гоё эрч хүчийг авч мэдрээд дараагийн ажилдаа ороход урамтай. Ер нь хүний хэрэгцээ бол бага шүү дээ.

АЙЛ ГЭРИЙН ХЭРЭГЦЭЭ ГЭДЭГ БОЛ ӨЧҮҮХЭН. БИ ХУВЬДАА БУСДЫН ТӨЛӨӨ, МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ

Миний мөрөөдөл бол «Монголдоо олон мянган ажлын байр бий болгох». Монголчууд маань илүү сайхан амьдраасай гэж боддог. Сайхан амьдарч байгаа цөөхөн хувь нь бий. Гэхдээ монголчуудын маань дийлэнх нь сэтгэл амар, ажилтай, орлоготой, цалин нь хангалттай болох цаг ирнэ гэж итгэдэг. Манай ажиллагсад ч гэсэн бас цалин хангалттай биш байж л байгаа шүү дээ. Тэгэхээр монгол хүмүүсийн цалин амьдралд нь боломжийн сайхан хүрчихдэг, сэтгэл хангалуун байх тийм боломж нөхцөл хурдхан шиг бүрдээсэй гэж бодож байна.

Танай үйлчилгээнүүд дандаа л шинэ соёлд сургаж байна. Та өөр юу хийе гэж бодож байгаа вэ?

Одоо бол илүү том юм мөрөөдөж байна шүү дээ. Олон мянган ажлын байр бий болгомоор байна. Монголчууд хийж чадах юмаа эхлээд өөрсдөө хийх ёстой. Нэг их чадахгүй юмаа байг гэхэд чаддаг юмаа хийх хэрэгтэй. Арьс гэхэд бохины үнээр зарагдаад бөөн юм болж байсан. Тэгээд л гадагшаа гаргаад чимээгүй болчих шиг боллоо. Гэхдээ л бид нар дотооддоо хийж чадах юмаа өөрсдөө хийж чадах ёстой.

Тийм шүү.

Монгол малаа эрүүл байлгаж мах, арьс нэхийгээ хангалттай боловсруулаад, нэмүү өртгөө шингээгээд зах зээл рүү гарга л даа. Хийж чадах л ажил шүү дээ. Энэ мэтчилэнгээр хийж чадах юмнуудаа хийгээд байхад хөгжил гэдэг чинь хурдан ирэх юм биш үү. Нөгөө сайхан амьдрал чинь аяндаа бий болно, тийм биз.

“Зиндаа” сэтгүүлийн хоймор “Эрхэм зиндаа” булангийн хүндэт зочны хувьд Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Шинэ сар ирж хахир өвлийн хүйтний ард гардаг цагаан сар бол монголчуудын хувьд хамгийн сайхан баяр. Бүх муу муухай юм хойно хоцорч сайн сайхан бүхэн урин дулаан цагтай хамт айлчлан ирдэг. Монгол хүн бүхэнд сайхан мөрөөдөл байгаа. Тахиа жилдээ энэ олон сайхан мөрөөдөл нь биелсэн, Монгол түмэнд маань ээлтэй сайхан жил болоосой гэж хүсэж байна.

Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монголдоо ажлын байр бий болгох шинэ төслүүдэд тань амжилт хүсье.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

Ярилцлагын нэгдүгээр хэсэг:

“МАКС” Группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Монголчууд хийж чадах юмаа өөрсдөө хийх ёстой

Ярилцлагын хоёрдугаар хэсэг:

”Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Анх Уянгалянхуа бид хоёр нэгэндээ униж туниад хэсэг юм болсон

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.2.120) 2017 оны 11 сарын 21

хөдөлмөрч залуу

0  |  0
Top