Б.Учрахбаяр: Монголд эмэгтэй хамтлаг, дуучид гарах нь амархан ч удалгүй баян хүнтэй суугаад алга болцгоочихдог

 Тун өвөрмөц нэрээр Монгол хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг олон сайхан уран бүтээлүүдтэй.  Тэд  арванхоёрдугаар сарын 1-нд “Хязгаар үгүй” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа  оржээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Б.Учрахбаяртай ярилцлаа.  

-Өнгөрсөн жилээс эхлэн “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ хийж ирсэн. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сарын 1-нд  танай хамтлаг бие даасан  тоглолт хийхээр болсон байна. Хамтлаг тараагүй гэж ойлгох уу?

-Юуны өмнө энэ өдрийн мэндийг эрхэм уншигчдадаа хүргэе. Гурван бүдүүн хамтлаг маань 10 гаруй  жилийн турш уран бүтээлээ гаргажээ. Энэ бол багагүй урт хугацаа гэж бодож байна. Өдий арван жил болсон хамтлаг ажил, амьдралын шаардлагаар тус тусын  уран бүтээл гаргах үе байна л даа. Тэр утгаараа тус тусдаа уран бүтээл хийгээд явж байгаа. Хамтлагийн хувьд 14 жил оршин тогтох нь  урт хугацаа. Ганц нэг нь түлхүү харагдахаар  хамтлаг тарлаа гэж харсан байхыг үгүйсгэхгүй.  Бид цаашид хамтлагийн  уран бүтээлээ ч хийнэ,  тус бүр соло уран бүтээлээ ч гаргана.

-Өнгөрсөн оны эхээр танай хамтлаг  гадагшаа аяллаар явсан. Тухайн үеийн аяллын зураг болох “Бидний хамгийн сүүлийн аялал” гэсэн постыг нүүр хуудснаа тавьснаар хамтлаг тарлаа гэх ойлголтыг төрүүлсэн. Удалгүй тус тусын  уран бүтээл хийсэн нь  дээрх яриаг улам идэвхжүүлж өгсөн болов уу? 

-Тэр пост бол тухайн үеийн л эмоци байсан. Цаад утга нь бол бид дахин ойрын хугацаанд  хамтлагаараа аялал хийхгүй гэсэн утгыг л илтгэсэн.

-Бид цаашид хамтлагийн  уран бүтээлээ ч хийнэ,  тус бүр соло уран бүтээлээ ч гаргана-

“Хязгаар үгүй” тоглолт нь удахгүй болох гэж байна. Хамгийн сүүлд танай хамтлаг хэзээ тоглолтоо хийсэн бэ?

“Бид сүүлд тоглолтоо 2012 онд хийж байсан. Ер нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тоглолтоо хийж заншсан. Энэ утгаараа VIP тоглолтуудыг маш олон газруудад хийсэн. Мөн хөдөө орон нутагт олон удаа аялан тоглолт зохион байгуулсан байна.  Яг албан ёсны  томоохон бие даасан тоглолт бол 2012 оноос хойш хийгээгүй. Энэ удаагийн “Хязгаар үгүй” тоглолтын хувьд 15 дахь жилийн ойгоо угтсан тав дахь тоглолт гэж хэлж болно. 

-Удтал тоглолтыг нь хүлээсэн фенүүд нь тэсэн ядан хүлээж байгаа байх. “Гурван бүдүүн” хамтлаг бол  олонд хүрсэн олон сайхан дуунуудтай. Тэр тусмаа ухаарал, бодролыг уран бүтээл бүртээ шингээсэн байдаг. Энэ утгаараа танай хамтлагийн тоглолт болоод уран бүтээлийг сонсогчид нь санагалзсан байх гэж бодож байна.

Баярлалаа. Бид өнгөрсөн хугацаанд 14 жил тасралтгүй уран бүтээл хийж иржээ. Ингэхдээ зүгээр л нэг тооны араас хөөцөлдсөн дуу гаргах гэхээсээ илүүтэй чанарт илүүтэй төвлөрдөг  байсан нь үнэн. Анх “Гурван бүдүүн”  хамтлагийг “Boy Band”  гэдэг байсан.  Одоо бид гурав  40 нас нэлээд дөхчихлөө. Ер нь 14 жил тасралтгүй уран бүтээл хийсэн бидний  үеийн хамтлаг бараг  байхгүй байх.  Он гараад хамтлагийн маань 15 жилийн ой болно. 2018 он гараад ойг угтсан олон ажлууд биднийг хүлээж байна.


 

-Танай хамтлагийн “Ээжийгээ гомдоох учиргүй”  уран бүтээл нь маш их хүнд хүрсэн байдаг. Одоо ч  мөн адил үнэ цэнээ алдаагүй. Магадгүй та бүгдийг олонд таниулсан уран бүтээл ч гэж тодотгож болох байх. Тус дууг бүтээх сэдэл санаа хэрхэн төрж байв. Дуу төрсөн түүхийг сөхвөл?

-Дуучин Оюунтүлхүүрийн  нөхөр Балдорж  тус дууны үгийг бичсэн. Аяыг манай хамтлагийн Шагай хийж, хөгжмийн найруулгыг Аранзаа ах хийсэн. 2010 онд гарсан уран бүтээл л дээ.  Дуу төрсөн түүхийн тухайд бол “Гурван бүдүүн” хамтлагийг анх үүсгэн байгуулагдахаас эхлээд бидэнд  санхүү,  бүх зүйл дээр  хамтарч ажилладаг байсан бидний хуурай ээж Дашдулам гэж урлагт элэгтэй сайхан хүн байсан юм. Булган нутгийнх, бид  “Ээжээ” гэж хүндэлдэг. Тэр эгчид зориулсан бүтээл гэж хэлж болно. Дашдулам эгч маань клипэнд, хүүхэдтэйгээ  хамт тоглосон. Тийм сайхан хүнийг клипэндээ мөнхөлсөндөө бид нар баяртай байдаг. “Ээжийгээ гомдоох учиргүй” дуу бидний хувьд  үнэ цэнэтэй,  дурсамжтай сайхан уран бүтээл. Дашдулам эгч маань харамсалтай нь бурхны оронд заларсан.


-“Гурван бүдүүн” хамтлагийн уран бүтээлийн хувьд  дууг зүгээр нэг дуулаад өнгөрөх биш амьдруулж бусдад ухаарал өгч чаддаг гэдэгтэй маргах хүн цөөн байх. Уран бүтээлийн энэхүү  нууц нь чухамхүү юунд байна вэ?

- Бид гурав уран бүтээлдээ маш  чөлөөтэй ханддаг.  Хоорондоо  маргалдах бол энгийн л үзэгдэл. Уран бүтээлийн маргаан  гэсэн үг л дээ.  Үүний үр дүнд зөв шийдлийг олж чаддаг. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж ярьдаг даа. Бид гурвын уран бүтээлдээ тавьдаг  гол зорилго бол ерөөсөө л уран бүтээлээрээ дамжуулж нэг хүнд ч гэсэн хүмүүжил, ухаарал олгочих юмсан,  нэг хүнд ч гэсэн сайн сайхан зүйл харуулчих юмсан гэж л анхнаасаа явж эхэлсэн. Анх хамтлаг байгуулж байхад л Чингис хааны Жагаа ах бидэнд  хэлж байсан үг одоо ч санаанаас гардаггүй юм. “Ахын дүү нар дууг хиймлээр хит болгож хэрэггүй. Хитийн хойноос битгий хөөцөлд.  Зүгээр л гаргаж уран бүтээлээ тултал нь сайн хий. Энэ нь аяндаа бусдад хүрнэ.  Хэзээ нэгэн цагт ард түмэн  чинь олж сонсдог юм аа” гэж хэлж байсан юм    

 -“Гурван бүдүүн”  нэрийг олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан дуу бол  Гучин наймтай аав”-

 -Үнэхээр л энэ зарчмаар явж иржээ?

-Тийм ээ. Энэ үг толгойноос хэзээ ч гардаггүй, хэлэх дуртай үг. Бидний хүндэлж явдаг хүн хэлсэн болоод ч тэр юм уу тэр ч утгаараа уран бүтээлээ чанар чансаатай хийхийг зорьдог. Соло уран бүтээлд ч гэсэн энэ хандлагаар ханддаг.  Сүүлд би Эрдэнэтэйгээ хамт  “Хөвсгөр бүсгүй” дууг гаргасан. Мөн ганцаараа  “Чи миний цэцэг” гээд хуучны сайхан  дууг сэргээж дууллаа. Д.Төрбат гуайн үг, Б.Бат-Эрдэнийн  ая “Чи миний цэцэг” гээд энэ  дууг анх Варита чуулгын гоцлол дуучин Энхтайван ах дуулж олонд  хүргэсэн байдаг.  Биднээс дээш насныхан маш сайн мэдэх, зүрх сэтгэлд нь  хоногшсон уран бүтээл.  Т.Төрбат ах намайг нэг өдөр дуудаад  “Дууг маань дахин сэргээж дуулаад өгөөч ээ. Гэхдээ  хамтлагаараа биш ганцаараа дуулбал чамд зохино” гэж хэлсэн л дээ.  Энэ дагуу би саналыг хүлээн авсан. Хүмүүст өмнө нь хүрчихсэн уран бүтээлийг дахин сэргээн дуулахдаа ер нь болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ утгаараа дууны клипэнд нэлээд анхаарч ажилласан. Миний соло уран бүтээл дотроос хамгийн богино хугацаанд олон хүнд хүрсэн дуу болсон.

-Шагайгийн хувьд бол “ Гурван бүдүүн” хамтлагийн Шагай байна” гэсэн тодотголтой “30 гарсан бүсгүй”  дуу нь өнгөрсөн хугацаанд багагүй  хит болсон. Үүний араас  Эрдэнээ та хоёр “Хөвсгөр бүсгүй” гээд  махлаг бүсгүйчүүдэд зориулсан уран бүтээл гаргасан нь та гурвын дунд уран бүтээлийн өрсөлдөөн байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн талтай?

-Шагай дангаараа уран бүтээл гаргахаар хамтлагийн нөгөө хоёр нь юу хийгээд байна  вэ гэдэг асуулт эндээс урган гарч байгаа юм л даа. Бид хоёрын зүгээс энэ  асуултад хариулсан уран бүтээл  гаргасан гэж хэлмээр байна.  “Хөвсгөр Бүсгүй” дууны энэ үг нь хэсэгтээ тренд болж, хүмүүст их хүрсэн.  Сайхан хүүхэн гэхээр л гоё гуалиг туранхай байх албагүй. Эмэгтэй хүн болгон сайхан, эмэгтэй хүн болгон нөхөрт гардаг гэж сайхан үг байдаг. Түүнд дурлах эр хүн заавал гарч ирдэг. Энэ уран бүтээлээ тэдгээр бүлэг хүмүүст зориулж гаргасан. Хөвсгөр эмэгтэйчүүдийн сүлд дуу болсон. Хөвсгөр  байлаа гээд муухай эмэгтэй болчихгүй.  Эмэгтэй хүн бол ихэмсэг байх нь гоё. Ер нь  эрүүл бол турах гэж хичээх хэрэггүй гэж боддог. Жишээ нь  дэлхийн дуучин Аделиас эхлээд  хөвсгөр  хүүхнүүд буцаад мода болж байна. Манайхан  л 90*60*90  биеийн харьцааг  гоё гэж ойлгоод байдаг.


-Хамтлагийнхаа Шагайтай хамт дуулж болоогүй юм уу?

- Дууны зохиогч нь анх надад санал тавихдаа  ганцаараа дуулбал илүү зохимжтой гэж хэлж байсан. Тэгээд ганцаараа дуулж болохгүй юм байна гээд  Эрдэнээ бид хоёр дуулъя гэж хэлсэн. Яагаад гэвэл Шагайгийн нөгөө хоёр нь хааччихав гэдэг нийгэмд хүлээлт байсан. Дуулахаасаа өмнө  Шагайд өөрт нь энэ талаар  хэлж  ч байсан.

Хэрхэн хүлээж авсан бол?

-Тоглоомоор л хэлсэн гэж ойлгосон юм билээ. Дуу гарсны дараа нь л  “Итгэлээ шүү” гэж байсан.

-Та гурвын дунд маргалдсан зүйл бий юу?

- Үгүй  дээ. Сайхан найзууд.

  -"Гурван бүдүүн” хамтлаг рок попын тогоонд  хутгалддаггүй-

“Гурван бүдүүн” хамтлагийн нэр их өвөрмөц.  Өнөөдрийг хүртэл  нэрнийхээ утга учрыг хадгалаад л явж байна шүү, тийм ээ?

-Манай хоёр бага зэрэг турчихсан. Анх бид гурав  гурвуулаа туранхай байсан юм байна лээ шдээ. Тэгээд  “Гучин наймтай аав”  дуунаасаа хойш бид  маш их таргалсан. Оргил үедээ хүрсэн гэж хэлж болно. Би гэхэд 110 кг болтлоо таргалсан. Одоо  бүгд жингээ хассан. Манай хоёр бараг 20-иод кг хассан.

-Хамтлагийн нэрээ өөрчилнө гэж боддог уу?

-Нэрээ өөрчлөнө гэдэг нь өнгөрсөн түүхээ үгүйсгэж байна л гэсэн үг. Өнгөрснөө мартаж байна гэсэн үг. Миний хувьд  нэрээ солих бодолгүй явдаг. Нөгөө хоёр маань ямар бодолтой байгааг хэлж мэдэхгүй  байна. Анх манай хамтлагийг  үүсгэн байгуулагдсанаас хойш нэрний талаар элдэв яриа хөвөрдөг л байсан. Шагай  ч хамтлагийн нэрэндээ их дургүй байсан. Анхандаа манай хамтлагийн дуу  хит болоогүй байхад хүмүүс  нэрийг нь сонсчихоод инээж хүлээж авах нь олонтай.  Хошин шогийн хамтлаг ч юм уу ч гэж  ойлгодог байлаа.  Бидэнтэй  хамтарч ажиллах санал тавьсан  продюсерүүд  ч хүртэл нэрээ сольчих гэнэ. Анхны хэдэн гоё гоё  уран бүтээлүүд маань хамтлагийн нэрнээс болж  дарагдсан шүү дээ “Чамайг хүлээе” , “Цуг алхъя”, “Цас” гэх мэт тухайн үедээ  л хит болохоор дуунууд маань  яг үнэндээ байлдан дагуулж чадаагүй байхгүй юу.  Тэгээд “Гучин наймтай аав”  дуу гарснаар  үнэхээр массыг хамарсан. Одоог хүртэл тайзнаас буугаагүй уран бүтээл.  Судалгааны байгууллагын хийсэн нэгэн судалгаагаар  “Гучин наймтай аав”  дуу маань караокед хамгийн их дуулагддаг 5 дууны нэгээр шалгарсан байсан. Хожим л энэ талаар сонссон.

-Танай хамтлагийн хамгийн хайртай уран бүтээл  нь  “Гучин наймтай аав”  мөн үү?

-Тийм ээ. “Гучин наймтай аав” дуу маань биднийг олонд таниулсан. Мөн “Гурван бүдүүн”  нэрийг олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан энэ дуундаа бид хайртай.

-Энэ дууныхаа насан дээр өөрсдөө  ирж байгаа байх шүү?

Тийм шүү. Тоглолт дээрээ Гучин наймтай аав”   дуугаа дуулна. 38 настай аав болцгоосон хойноо дуулах  бас л өөр мэдрэмж байх.


 

-Өнгөрсөн 14 жилийн хугацаанд танай хамтлаг урын сандаа хэчнээн дуутай болов?

-Одоогоор манай хамтлаг  гурван цомог гаргасан  байна. Дөрөв дэх цомог маань тун удахгүй худалдаанд гарна. Хамтлагийн болон хувийн уран бүтээл нийлээд  100 хол давсан байх. Монголын хамгийн их клиптэй дуутай  хамтлагуудын  нэг нь манай хамтлаг гэж би бардам хэлнэ. Бид 2014 онд клиптэй дуугаа  тоолж байсан юм. Тухайн үед  20 нэлээд гарсан байсан. Одоо үүн дээр нэмэгдээд 30 хүрсэн байх.

-Та дангаараа ардын дууны цомог гаргаж байсан санагдана?

-Энэ цомгийн хувьд үр хүүхдэдээ өв болгож үлдээх зорилгоор гаргасан. Энэ ч утгаар клипэндээ гэр бүлээ тоглуулсан.  Нөгөө талаас хуучны өв соёлоо бид мартаад байна. Түүнээс биш мэргэжлийн ардын дуучинтай өрсөлдөөд л тэдний хоолыг булаацалдах  зорилго агуулаагүй.  Нийгэмд тухайн үед  буруу ойлголт гарсан. Ардын урлаг гэдэг бол цэвэр сонгодог урлаг.  Тухайн үндэсний хамгийн классик урлаг бол ардын урлаг байдаг. Тэр утгаараа бид  ардын урлагаа дуулж чаддаг байхаас гадна түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй гэж боддог. Жишээ нь манай рок попын хамтлаг дуучид дотор ардын дуугаа ч мэдэхгүй улс байгаа шдээ. Харин эсрэгээрээ  ардын дуугаа бүр маш сайн дуулдаг хүмүүс ч бас зөндөө бий.  Гадаадад тоглолтоор явж байхад ардын  урлагийг л  илүүтэй сонирхдог.  “Нэг сайхан ардын дуу дуулаад өгөөч”  гээд л. Энэ тохиолдолд бэлэн л байх ёстой.  Энэ нь өөрөө урлагийн хүний нэг чадвар.

-“Гурван бүдүүн” хамтлагт ер нь  өрсөлдөгч хамтлаг гэж  байсан уу?

-Өрсөлдөгч хамтлаг гэж  байгаагүй ээ. Ер нь  “Гурван бүдүүн” хамтлагийн хувьд  "рок попын тогоо" гэж ярих дургүй. Манайхан тэр тогоонд  нь ч  нэг их хутгалддаггүй шдээ.

-Яагаад тэр вэ?

-Өөрсдөө уран бүтээлээ хийдэг. Ихэнхдээ өөрсдийнхөө зохиосон дуугаа дуулдаг. Жишээ нь Балхжав, Долгион  ч юм уу, Харангын Чука ахаас  манай хамтлаг  дуу авдаггүй. Сүүлийн үед Байзада,  “Нисванис” хамтлагийн Амгаа ахаас дуу авч дуулсан. Бусдаас уран бүтээлийн хараат биш байна гэдэг нь чөлөөтэй уран бүтээл хийх боломжийг бүрдүүлдэг. Нэг ёсондоо биеэ даасан хамтлаг  гэж хэлж болно.


-Урлагийнхан санхүүгийн хувьд бусдаас хараат биш байх нь ховорхон л доо.

-Санхүүгийн хувьд бол манай хамтлаг  харьцангуй спонсор сайтай. Сүүлийн үед  хувийн уран бүтээлүүдийг гэр бүлийн хүн маань дэмжиж тусалдаг. Мөн хуурай ах нар маань тусалдаг. Ер нь бол “Гурван бүдүүн” хамтлаг спонсор  сайтай хамтлаг гэж хэлнэ.  Сайхан сэтгэлт  туслах хүмүүс зөндөө  гарч ирдэг. Тэр ч утгаараа уран бүтээлийн хувьд чанар чансаатай байдаг болов уу. Түүнээс биш спонсоргүй бол урлагийнхан хэцүү. Ярилцлагаараа дамжуулан, 14 жилийн турш “Гурван бүдүүн” хамтлагтай хамт байж тусалж дэмжиж ирсэн  хувь хүн болон аж ахуй нэгжүүд олон бий. Энд бүгдийн нэрийг дурдвал дуусахгүй байх. Та бүгдийнхээ итгэл дэмжлэгээр өнөөдрийг хүртэл явж байгаа шүү гэж онцгойлон хандаж хэлмээр байна.

Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг” гэж ярьдаг. Гэргий тань уран бүтээлийг нь дэмждэг гэж ойлголоо. Гэр бүлийн хүнээ танилцуулбал?

-Манай гэр бүл өнөр олуулаа. Хоёр охинтой. Удахгүй гурав дахь хүүхэд маань мэндлэх гэж байна. Эр хүний  амьдралын өнгө төрхийг эхнэр нь тодорхойлдог гэдэгт би итгэдэг. Сайн ханьтай учирна гэдэг маш том аз юм. Би өөрийгөө азтай эр хүнд тооцно. Бурхан надад сайхан хань заяасан. Миний хань маш хөдөлмөрч, хажуудах ханиа үргэлж урмаар тэтгэж байдаг сайхан эмэгтэй бий. Ер нь хаана ч явсан эхнэрээрээ бахархаж ярих дуртай. Өөрийн эрхгүй магтмаар сайхан эхнэртэй. Энэ стресстэй нийгэмд орой ажлаа тараад гэртээ ороход хажуудах ханиас нь их зүйл шалтгаалдаг. Би өөрөө их түргэн зантай. Миний уур омгийг дарж, зөв зүйлд чиглүүлж, хатууг зөөллөдөг хүн бол миний хоёр хүүхдийн ээж. Сайн ханийн итгэлийг дааж амьдарна гэдэг  буцаад хариуцлага. Энэ утгаараа хичээж л явна.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж  байна вэ?

-Бэлтгэл ажил  сайн хангагдаж байна. Бид гурав цэвэр зөвхөн дуулалт дээрээ анхаарч байна. Тоглолтын бусад ажлыг тусдаа компани хариуцаж байгаа.  Түүнчлэн амьд хөгжмийн “UPO”хамтлагтай, “Sundance” бүжгийн хамтлагтай хамтарч байна.

-“Гурван бүдүүн” хамтлагийг илтгэх хуучны сайхан дуунууд нь “Хязгаар үгүй” тоглолт дээр эгшиглэх байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Мэдээж, 14 жилийн хугацаанд дуулсан бүх  дуунуудаа  дуулах боломжгүй. Тиймээс түүвэрлэж фэнүүдийнхээ сонсох дуртай, хит болсон дуунуудаасаа сонгон дуулна.  Мөн өөрсдийн соло дуунууд дуулагдана.

-Тоглолтын нэр ихэд өвөрмөц санагдсан. Яагаад  “Хязгаар үгүй”  гэж тоглолтоо нэрлэв?

-Бидний уран бүтээл хэчнээн цаг хугацааг туулж, ямар цаг хугацаа хүртэл сонсохыг бид тааварлашгүй. Үүнд хязгаар үгүй. Хүсэл мөрөөдөл минь хязгааргүй
Зүрх сэтгэл минь хязгааргүй
Энэ бие минь хязгаартай ч
Эгшиглэх дуу минь хязгааргүй
Бүтээл минь он цагийг дамжин хязгааргүй өртөөлнө
Бид та бүхэндээ хязгааргүй аз жаргалыг бэлэглэе гэдэг утгаар нь тоглолтоо нэрлэсэн. Манай хамтлагийн Эрдэнээгийн санаа л даа.

-Сонгуулийн үеэр урлагийнхан улс төрчдийг илт дэмждэг.  Танай хамтлагийн хувьд харьцангүй улс төрөөс хол байх шиг харагддаг. Энэ нь  дээр хэлсэнчлэн, бие даасан байдалтай холбоотой юу?

-Мэдээж иргэн хүнийхээ хувьд дэмжих хүнээ  дэмжиж, сонгуульдаа идэвхтэй оролцдог. Гэхдээ бид хэт туйлшрахыг хүсдэггүй.  Түүнээс биш уран бүтээлч хүмүүсийн хувьд таван цаас нь эрэгтэй шдээ. Яг үнэнийг хэлэхэд, нэг хэвэнд баригдах дургүй. Дэмждэг нам, улстөрч бол бий. Зөв бодолтой, зөв  улс төрчдийг дэмжээд л явдаг.

   -Амралтын өдрүүдэд фэйсбүүкийг Монголд хаавал зөв-

-Манайхан эсрэгээрээ хэтэрхий туйлширдаг л даа. Өмнөх сонгуулиудад  хошин урлагийнханы нэр хүнд  багагүй унагаасан. Яг энэ байдлыг тогоон дотроос нь харж байгаа хүний хувьд юу гэж боддог вэ?

-Уг нь бол туйлширхаас илүүтэй өөрсдийн л үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр юм л даа. Энэ нь  магадгүй бөөн бөөнөөрөө оччихоор хүмүүст  муухай харагдуулаад байгаа юм.  Гэхдээ зарим нь өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа  гээд хэтрүүлээд байна. Монголд нэг буруу үзэл тогтоод байна. Энэ нь хэн дургүй байгаа нөгөө хүнээ хуйхаар нь муулдаг. Гэр бүл, ойр дотны бүгдийг нь хамруулж муулдаг.  Үнэн худал нь үл  мэдэгдэх салхинд хийсч ирсэн мэдээлэл дунд үнэлэлт дүгнэлт огт хийдэггүй. Ялангуяа улс төрийн сонгууль монголчуудад маш муухай юм заагаад өгчихлөө. Бие биенийгээ тагнах чагнах гэдэг зүйл арай л хавтгайрч байна. Нөгөө сайхан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг  хэн нэгний  зүгээр л  улс төрийн карьертаа ашиглах  нэвтрүүлэг болж хувирсныг бид хожуу л мэдлээ.  Мөн сүүлийн үед фэйсбүүк гэдэг сошиал орчин  хүний нэр хүндэд маш  халддаг муухай л хэрэгсэл болчихлоо л доо. Ер нь фэйсбүүкийг Монголд хаасан ч болохоор  байна. Ялангуяа  хагас, бүтэн сайн өдрүүдэд хаачихдаг болмоор байгаа юм. Тэгвэл ар гэр,  үр хүүхдүүдээ цаг зав илүү зарцуулна. Ажлаа тарж ирээд л гэртээ очоод утсаа ухаад суудаг болсон байна. Энэ бол нийтлэг жишээ.


 

-Манайхан  технологийн ололт амжилтыг буруу талаас нь ашиглаад байгаа байхгүй юу?

-Анхандаа фэйсбүүк чинь их гоё байсан шүү дээ. Одоо бол фэйсбүүк рүү 10,20 минут л ороход л толгой өвддөг болсон. Хэрэгтэй, хэрэггүй хов живээр дүүрсэн. Тэр дундаас гайгүй мэдээллийг нь түүж уншихад тун хүндрэлтэй.

-“Фэйсбүүк, сошиал орчинг уушийн газартай зүйрлэж  болно. Уушийн газар юу ч ярьж болно, тэр бол чөлөөт орон зай. Гэтэл тэр орон зай дахь мэдээлийг манайхан үнэн мэт ойлгож хэтэрхий туйлширдаг” гэж нэгэн хүн хэлсэн байсан?

-Үнэхээр зөв зүйрлэл байна.

-Уран бүтээлийн талаарх яриа руугаа дахин оръё. Цаашид дахин соло уран бүтээл гаргах уу?

-Соло уран бүтээлүүд түлхүү гаргана. Миний хувьд “Дөрөө дарсан ат” гэж эрчүүдийгээ магтан дуулсан нэгэн уран бүтээлийг  тун удахгүй гаргах гэж байна. Энэ бол захиалгын дуу л даа.  Сонсогчдоос ирсэн хүсэлтийн дагуу эрчүүдээ магтан дуулъя гэж шулуудаад  үгийг нь өөрөө бичсэн. Манай Эрдэнээгийн хувьд  “Эхнэрүүдийн зөв” гээд мөн л нийгмийн сэдвээр уран бүтээл гаргах гэж байна.   Шагайгийн хувьд “Дэрвэгэр сормууст” гэдэг дуу гаргахаар ажиллаж байгаа.

-Цаашдаа та гурвын хувьд  соло уран бүтээлээр дагнана гэж ойлголоо. Үүнээс хамтлаг тарсан, бутарсан гэж ойлгож болохгүй нь ээ? 

-Тийм ээ. Ер нь хамтлагийн гишүүд  байнга цуг яваад байна гэж байхгүй шүү дээ. Өдий насны хүмүүст ар гэр, амин хувийн ажлаас эхлээд асуудал их гарна. Энэ бүхнийг  зөвөөр харах хэрэгтэй. Залуу сайхан байхдаа хамтдаа дуулаад ирсэн хүмүүс чинь амьдралын шаардлагаар ганц нэгээр дуулахыг алийг тэр гэхэв. Бид гурав их удаан оршин тогтнож байгаа гэж ойлгож байгаа. Цаашдаа  ямар  хугацаанд “Гурван бүдүүн” нэрээрээ тайзан дээр хамтдаа гарч  дуулахыг хэлж мэдэхгүй. Мэдээж аль болох удаан хамтарч дуулахыг бодно. Ер нь ганцаараа соло уран бүтээл хийнэ гэдэг бол хамтлагтайгаа дассан хүмүүст  анхандаа эвгүй юм билээ.  Одооноос бага зэрэг дасаж эхэлж байна даа. 

-Сүүлийн үеийн уралдаан тэмцээнүүд “Од болсон” нэр зүүлгээд  гудамжинд гаргаад хаячихдаг-



 

 -Шинэ залуу уран бүтээлчид олноор төрж байна.  Та гурвыг бол “Дунд үе” гэж хэлэх байх.

-Сүүлийн үеийн уран бүтээлчдийг харахад  тооны араас хөөцөлддөг,  хит дуу гаргах гээд хичээгээд байдаг болсон. Жишээ нь манай хамтлагийн хувьд  нэг дор эсвэл ойрхон хугацаанд олноор нь дууг гардаггүй. Нэг уран бүтээлийг жил хэртэй сонсож байж тэр нь хит болдог.

 Монголд маш олон тэмцээн уралдаанууд зохиогдож одуудыг олноор  төрүүлж байна.  Гэтэл тэр хүмүүсээ  олны танил болгоод л орхичихдог. Жишээ нь “Universe best songs” дууны тэмцээн жил бүр олон дуучдыг төрүүлж гаргаж байна. Эндээсээ 5-6 од төрүүлээд хаячихдаг.  Гэтэл нөгөө хэд нь шингэх зах зээл байхгүй. Монголын урлагийн зах зээл жижигхэн шдээ.  Өнөөдөр  зөвхөн дуугаараа амьдаръя гэхээр маш хүнд. Зах зээл  байхгүй юм чинь. Гайгүй уралдаан тэмцээнд түрүүлчихлээ гэхэд гараад аятайхан машин аваад унах гэхээр мөнгө байхгүй.  Такси барих ч мөнгө байхгүй. Энэ бол хатуу үнэн. Дээр нь болоогүй.  Хоёрын хооронд цайны газар орохоор хүн танина, автобусанд суухаар бас хүн танина.  Халаасанд нь мөнгө байдаггүй. Энд тэнд очоод дуулъя гэхээр дуулах зах зээл нь байхгүй. Ингээд тэр хүнээ хоёрын хооронд болгож орхидог. Яг үнэнийг хэлэхэд, үнэхээр од төрүүлэх гэж байгаа юм бол түрүүлсэн шиг түрүүлүүлээд дээрээс нь нэг хотхонтой ярьж байгаад орон байрыг нь өгөөд,  машин зардаг компанитай яриад машиныг нь  авч өгөөд,  дансанд нь хэдэн төгрөг хийж өгөөд томоохон студитэй гэрээ хийлгэчих. Ингэж байж жинхэнэ од төрнө шдээ. Тэгэхгүй  зүгээр нэг төрүүлсэн нэр зүүлгээд  гудамжинд гаргаад хаячихдаг. Үнэхээр  мөнгө төгрөгтэй баян айлын хүүхэд бол цааш явах байх.  Тэгэхгүй халаасандаа  таван цаасгүй хүн тэр их нэр хүндийг авч яваад яах юм бэ. Өөртөө зовлон хураахын нэмэр. 

      -Эмэгтэй дуучдад спонсор их олддог-

Нөгөө талаар Монголд ер нь эмэгтэй дуучид гарахад маш амархан байдаг. Яагаад гэвэл эмэгтэй дуучдад спонсор  их олддог. Гэтэл төд удалгүй  тэд тарчихдаг. Яагаад гэвэл баян хүнтэй суугаад алга болцгоодог.  Гэтэл  эрэгтэй хамтлаг, дуучид зах зээл дээр гарна гэдэг маш хэцүү. Юуг нь нуух юм бэ. Үнэн шдээ.

Бас нэг дутагдал нь бид урлагийн нэр хүндтэй явж байгаа хүмүүсээ  хүндэлж  сурмаар байна. Сүүлийн үед бараг л  нохойноос  дор үздэг болсон. Н.Түвшинбаяр аваргыгаа хүртэл муулна. Аварга маань хэдэн өдрийн өмнө  “Чингис хааны” одон авлаа. Авах цаг нь ч болсон. Мөн дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа Г.Ариунбаатар дуучнаа тултал нь хүндлэх хэрэгтэй. Манайхан хувийн амьдралыг нь яриад л  байдаг. Түүний авьяас ур чадварыг нь  дэлхий биширч байна шдээ.

 Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

zochin [ 185.39.141.13 ]      |     11-р сарын 25 -нд, 12:30 минутанд

100 han yamaand 60 uhana . . ene urlzgiinhan gej alia salbadai . hudlaa mailsan umbvvnvvd .lalaruud gazariin gavar daldar .... eh orondoo . mod taridag . hog tseverledeg . sgine tehnolog bvteedeg zaluus heregtei

zochin [ 66.181.161.14 ]      |     11-р сарын 23 -нд, 22:42 минутанд

зөв бодолтой хүү бн .Амжилт хүсье.

Amjilt [ 93.231.166.1 ]      |     11-р сарын 23 -нд, 08:17 минутанд

Ih uhaaalag zaluu bn amjilt

Зочин [ 172.56.13.96 ]      |     11-р сарын 23 -нд, 02:52 минутанд

Зөв бодолтой залуу байна. Нийгэмээ зөвөөр мэдэрдэг залуучууд ховордоод байгаа шүү. Амжилт

ZOCHIN [ 122.201.22.48 ]      |     11-р сарын 23 -нд, 02:42 минутанд

TOGLOLTIIG N UZNEE AMJILT HUSII,