“Номын утга нь тэнгэр мэт агуу дэлхий мэт өргөн далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” гэдэг бус уу бид. Гэтэл өдгөө яав. Ном гэсэн ариун нэрийг ёс бусаар бузартуулж байгаа этгээдүүд олширчээ. Номоор бизнес хийж, бага насны хүүхдийн оюун сэтгэхүйд “буруу ном”-ын үзлийн үрийг тарих боллоо. “Буруу ном” гэдгийг бид болж бүтэхгүй бүхнийг сэдэж, болох бүтэхгүй үйлийг өдөөж байдаг үйлдлийг хэлдэг билээ. Хүмүүжил төлөвшил, ертөнцийг үзэх үзлийг олж авах бага насны балчирхан оюунтай хүүхдүүд өнөөдөр зүй бусын үг хэллэгтэй, харгис хэрцгий үйлдлийг харуулсан, хайрлаж нандигнах аав ээжээ хараан зүхсэн хачин аймар хэллэгтэй номтой “нөхөрлөх” боллоо. Энэ бол багачуудын буруу биш. Тийм номыг хийж байгаа томчуудын буруу.
Дээр өгүүлсэнчлэн жинхэнэ “буруу номтон”-уудын хийж буй балаг. Аав нь ээжийг нь “Нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодож гэнэ. Хүү нь “Аргай яргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихлаа... гэхчилэнгээр харгис хэрцгий хийгээд хүний санаанд буумгүй үйлдлийг үлгэрлэн багачуудад “зааж байгаа” энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Ирээдүй хойч, эх орныхоо залгамж халаа болсон хүүхдүүдийн сэтгэхүйг нь сэглэе л гээгүй юм бол ямар утга шалтгаантайгаар тийм ном бичиж, хэвлүүлж, борлуулж байгаа нь ойлгомжгүй.
Ийм утгатай номыг олон түмэн шүүмжилсээр байтал гаргаад байгаа нь бүр ч ойлгомжгүй. ШӨХТГ-аас яг энэ асуудлаар мэдээлэл хийж байв. Тус газарт иргэдээс “Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан номын зурагт хуудасны агуулга, хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна” гэсэн гомдол удаа дараа ирсэн байна. Иймээс хүүхдийн номыг ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн нийт 253 ширхэг хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзэж, бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байж болзошгүй 32 ширхэг номыг түр хураан дүн шинжилгээ хийжээ.
1. “Интер” номын дэлгүүр
Г.Уянгазул эмхэтгэсэн “Хүүхдийн хөгжилтэй яриа-цуврал 1” номын зөрчлүүд:
Ойн амьтад архи ууцгааж байгаа тухай
Хадам эхэд хортой мөөг өгч байгаа, шүдийг нь цөм цохисон тухай
Нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай
Багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай
Хулгайг өөгшүүлж байгаа тухай
ДОХ-ын талаар гэх мэт...
2. “Аз-Орчлон” номын дэлгүүр
Г.Сарнай зохиогчийн “Ид шидийн илд” номын зөрчил:
11-р ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцэж төгсдөг тухай бичигдсэн байв.
3. “Мир Ном” номын дэлгүүр
“Дээрэмчин хүргэн” номын утга агуулга нь ёс суртахуунд үл нийцсэн, зохиогчийн зөвшөөрөл авсан гэх боловч зохиогчийн нэрийг дурдаагүй байв.
Хүүхдэд зориулсан цуврал “Онигоо”-ны номын утга санаа нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхөөр байв. Тухайлбал:
Архи, пиво болон архидалтын талаар онигоо нилээд их хувийг эзэлж байна.
Анааш: Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж гэнэ.
4. “Мажестик” номын дэлгүүр
“Монгол ардын 100 үлгэр” цуврал номын зарим хуудаснууд давхардсан байв.
Хүүхдийн номын зохиогч нар хууль зөрчив
Албаныхны анзаарснаар хүүхдийн ном, хэвлэлүүдэд зохиогчийн талаарх мэдээллийг оруулаагүй болон номын хуудас давхардсан байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүлийн 5.1 дэх хэсэгт “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл… шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн хүүхдийн номын доторх утга, агуулга нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд үл нийцэхээр байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.6-д “хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол зүй бус зар сурталчилгаанд тооцно”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Дээрх дөрвөн номын дэлгүүрийн номуудын нийтлэг зөрчил нь номын зохиогчийн талаарх мэдээлэл, аль насны хүүхдэд зориулагдсан, хэзээ хэвлэгдсэн зэрэг мэдээллийг оруулаагүй басныг илрүүлж байв.
Хүүхдийн унших номоор дамжуулан амьдралын хар барааныг оюун ухаанд нь “чихэж” байна
Хүүхэд гэдэг өөрөө гэгээхэн ертөнц. Тэр ертөнцөд хорвоогийн хир буртаг, харанхуй бүдүүлэг байдал багтах учиргүй. Гэтэл тэдний унших номоор дамжуулан амьдралын хар барааныг оюун ухаанд нь “чихэж” байгаа хүүхдийн номын зохиолч нэр зүүсэн буруу номтнуудын үйлдсэн балгийг дээр өгүүллээ. Дахин хэлье. Г.Уянгазул гэх этгээдийн эмхэтгэсэн "Хүүхдийн хөгжилтэй яриа-цуврал 1" номоос иш татъя л даа. Эрхэм Г.Уянгазулынхаар бол хүүхдийн хөгжилтэй яриа гэдэг “Ойн амьтад архи ууцгааж байгаа тухай, хадам эхэд хортой мөөг өгч байгаад шүдийг нь цөм цохисон тухай, нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай, багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай, хулгайг өөгшүүлж байгаа тухай, халдварт ДОХ өвчний тухай” хоорондоо ярьж, хөгжилдөхийг хэлдэг юм байх. Түүгээр ч зогсохгүй түүнийхээр "Ойн амьтад архи уухаар болж, хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов...", "Гудамжинд залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод: - Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой, -Уучлаарай..., Санаа бүү зов би багш хүн л дээ" гэх мэтээр хүүхдүүд харилцан ярих гэнэ.
Мөн өөрийгөө зохиогч хэмээн нэрлэсэн Г.Сарнай гэх эрхмийн "Ид шидийн илд" номонд “11 дүгээр ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцэж төгсдөг тухай” бичигдсэн байх. Үүгээр ч үл барам хүүхдэд зориулсан цуврал "Онигоо"-ны номонд архи пиво уухыг сурталчилжээ. Эндээс ганцхан жишээ дурдъя л даа. “Анааш: Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж гэнэ” хэмээн бичжээ.
Үгүй ийм байж таарах уу. Архи уухыг сайхан гэж аль багаас нь сурталчилж байна шүү дээ. Ийм байхад Монголд архидалт залуужиж, ихсэхгүй гээд яах юм. Эрээ цээрээ алдсан буруу номтнуудын үйлдлийг хянаж, хариуцлага тооцохгүй бол ирээдүйн хойчийн маань оюун санаанд бусармаг суртлыг бий болгосоор байна. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэддээ авч өгч байгаа номын агуулгад анхаарлаа хандуулах нь чухал байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Сүүлийн үед маш муу агуулагатай хүүхдийн ном,багшаас хүүхдэд өгч буй даалгаварын өгүүлбэрт ороод байна шүү.Нэгэн жишээ: өвлийн амралтаар 2 ангийн хүүхдийн цээж бичгийн даалгаварт-Хэрэгтэний ялыг өршөөлийн хуулиар хөнгөрүүлдэг. гэсэн байх юм. Энэ ямар агуулгаар заагаад байна вэ?