МҮОНРТ-д нээлттэй хаалганы өдөрлөг болов

2017 оны 11 сарын 24

 

МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ хүрээнд тус байгууллагад хийгдэж буй техникийн шинэчлэлт, тохижилтын ажил, “MNB спорт”, “MNB World” төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, уран бүтээлчдийн бэлтгэж байгаа шинэ уран бүтээл, 2018 онд үзүүлэх шинэ контeнт, кинонуудын талаарх мэдээлэл, “MNB хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, шилдэг уран бүтээлчдийн өрөөгөөр зочилж, тэдэнтэй уулзах зэрэг ажил өрнөлөө.

Өдөрлөгт сонин, телевиз, сайт зэрэг 20 орчим байгууллагын сэтгүүлчид цуглаж, МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчдэд сонирхсон асуултаа тавьж, ярилцсан юм. Мөн тус уран бүтээлчдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэхүү өдөрлөгт МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, Захиргаа, Үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батзориг, “Монголын мэдээ” сувгийн програмын албаны дарга Б.Баяртулга нар байлцсан юм.

МҮОНРТ 2017 онд МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийг HD форматад шилжүүлж, "MNB хүүхдүүд" цэцэрлэгийг нээн ажиллуулж, "MNB спорт", "MNB world"  сувгийн төслийн ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн тус байгууллагын зарим шаардлагатай хэсэгт засвар тохижилтын ажлыг гүйцэтгэж, ажилчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулсан зэрэг олон арван ажлыг энд дурдаж болохоор байна.

Мөн 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар "NTV" телевизтэй хамтран бэлтгэл ажилдаа ороод байна. Сонирхуулахад, хэвлэл мэдээллийнхнээс гадна “Отгонтэнгэр” их сургуулийн Д.Ганчимэг багштай сэтгүүлчийн ангийн хоёрдугаар дамжааны оюутнууд МҮОНРТ-д зочилж, уран бүтээлчдийн ажлын нэг өдөртэй танилцлаа.

















































 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top