Азидаа томд орох “АРТ ГАЛЕРЕЙ” болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Түүх ингэж эхэлдэг. Продюсер Х.Дамдинсүрэн урлаг соёлын эвэнт менежментийн Саунд оф Монголия компаниа байгуулаад өдгөө 14 дэх жилтэйгээ золгож буй. Анх Иванушки интэрнэйшнл хамтлаг, Алсугийн тоглолтыг Монголдоо зохион байгуулан эхэлсэн ажлын гараа нь шинэ жилийн “Мөнгөн шөнө”, Louis Vuitton /LV/ брэндийн Монгол дахь нээлтээр алхаагаа тэлж, 2013 онд болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Сонгодог урлагийн үдэш, АСЕМ хэмээн өргөжсөн түүхтэй. Санаж явбал бүтнэ гэдгийн үлгэрээр Улаанбаатар хотдоо галерей нээж, уран бүтээлчдийн хотхон байгуулна хэмээн зорьсон түүний мөрөөдөл биеллээ олж байна. Х.Дамдинсүрэн хувийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргаж Улаанбаатар арт галерейн албан ёсны нээлтийг хийлээ. Үзэсгэлэнгийн танхимд байраа эзэлсэн гайхалтай уран зураг, уран баримал, чулуун урлалын бүтээлүүд хараа булааж, амьд хөгжмийн тоглолт эгшиглэх уг арга хэмжээнд Х.Дамдинсүрэнгийн найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн төлөөлөл, монголын болон гадаадын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв.

Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын “Евроази” нэртэй цуврал бүтээл байсан юм. Юрий Мандаганов “Зураач хүнд ийм сэтгэл хөдөлгөм үйл явдалд өөрийн биеэр оролцох боломж тун ховор тохиодог. Үнэхээр сайхан байна. Монголд болсон АСЕМ-ийн чуулга уулзалтын өмнө ердөө гурван сарын дотор “Евроази” цуврал бүтээлээ буриад, монгол уран бүтээлчидтэй хамтран хийж АСЕМ-ийн үеэр танилцуулахад Ази, Европын олон орны зочид үзэж сонирхсон. Өнөөдөр Улаанбаатар арт галерейн албан ёсны нээлтэд чулуун урлалын энэ бүтээлүүдээ танилцуулж байгаадаа баяртай байна” гэж байв. Тэрбээр Улаанбаатар арт галерейн албан ёсны нээлтэд оролцохоор ОХУ-аас ирсэн бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдэд өөрийн бүтээлээ танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулан, хэвлэлд ярилцлага өгч байсан юм. Монголын уран бүтээлчдээс СУИС-ийн багш, зураач Б.Нямхүү “Улаанбаатар арт галерейн үүсгэн байгуулагч, продюсер Х.Дамдинсүрэн бол урлагийн менежментийг хөгжүүлэхийг зорьж байгаа учраас бусад галерейтэй харьцуулахад байрлалаа хүртэл зөв сонгосон байна. Энд гудамжаар явж байгаа хүн зарлалыг хараад галерейд орж үзэсгэлэн үзэх боломжтой нь их давуу тал юм. Энэ бол нэгдүгээрт менежментийн бодлого, хоёрдугаарт уран бүтээлчдийг, уран бүтээлийг нь олон хүнд танилцуулах сайхан боломж.

Галерейд анх залуу уран бүтээлч Э.Түвшинтөрийн үзэсгэлэнг гаргасан. Өөрөө билэгдлээрээ залуу хүний бүтээлээр нээе гэсэн бодлого барьсан. Одоо өөрийнхөө цуглуулгаар үзэсгэлэн гаргаж нээлтээ хийж байна. Х.Дамдинсүрэн шиг ийм менежмент хийж, урлагт сэтгэлтэй хандаж байгаа хүн ховор. Энэ талаас нь маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байна. Галерейн хувьд мэдээж улам хөгжинө. Энэ бол анхны алхам” гэсэн юм. Харин барималч Д.Отгонболд “Галерей нээгдэх чинь сайхан шүү дээ. Энэ хавьд галерей дутагдаад байсан нь нээгдчихлээ. Оюутнууд ирж үзнэ. Урлагаар тэжээгдэхийн ач холбогдлыг ухамсарлаж байгаа учир их аятайхан юм болчихлоо гэж бодож байна. Нэр нь ч гэсэн гоё.

Монгол Улс байсан цагт Улаанбаатар хот мөнхөд байж л таарна. Улаанбаатар хот байсан цагт Улаанбаатар арт галерей байж л байх болно” гэв. Галерейн үүсгэн байгуулагч, продюсер Х.Дамдинсүрэн галерейн ирээдүйн талаар “Улаанбаатар арт галерей маань Монголын уран бүтээлчид дэлхийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах талбар юм гэж харж байна. Энэ хэдий өнөөдөр 200 м2 талбайтайгаар нээгдэж байгаа ч, ирээдүйд 20 мянган м2 талбайд өөрийн соёлын өвөрмөц өнгө төрхтэйгээр хөгжүүлэн, зүүн хойд Азидаа томд орох арт галерей болгох мөрөөдөл бий” гэсэн юм. Ийнхүү оюутан залуусын хөл хөдөлгөөн ихтэй Бага тойрууд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн баруун талд Улаанбаатар арт галерей нээгдлээ.


УЛААНБААТАР УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХОТХОН

Галерейн үүсгэн байгуулагч, продюсер Х.Дамдинсүрэнгийн хувьд нийслэл хотдоо Улаанбаатар уран бүтээлчдийн хотхоныг байгуулах төсөл хэрэгжүүлэн гурав дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Нийслэлийн иргэдийн хувьд найз нөхөд нь гадаадаас зочлон ирэхэд дагуулж очих бас нэгэн хотхон үүдээ нээх гэж буй нь энэ аж. Бид Дамбадаржаалин хийдийн баруун хойно байрлах урчуудын хотхоныг зорин очлоо. Хийдийн эргэн тойрны гэр хороолол бидний харж дассанаас арай л өөр. Байшин барилга нь жигд өнгөлөг, ихэнх барилгууд буддын сүмийн дээвэр мэт оройтой харагдах нь аятайхан сэтгэгдэл төрүүлнэ. Хотхонд очиж үзээд, гэр хороолол бол ирээдүйн сайхан Улаанбаатарын суурь гэдгийг бүрэн утгаар нь ойлгосон билээ. Ингээд Х.Дамдинсүрэн захиралаас зарим тодруулга авсан юм.

Та “Улаанбаатар” уран бүтээлчдийн хотхоноо Дамбадаржаад байгуулсны учир юу вэ?

Дамбадаржаагийн эргэн тойронд хүрээ соёл буюу гэр хороолол байна. Яг дэргэд нь Улаанбаатар хотын хамгийн анхны байшин барилга, сүм хийд байгаа. Төв рүүгээ орчин үеийн хот, хойшоогоо зуслан, Чингэлтэй хайрханы байгалийн үзэмжит төрх, уул, ус нь харагддаг. Мөн Гүнт, Хандгайтын ам, Хан Хэнтийн салбар уулс харагдсан сонин байршил учраас их гоё. Түүхэн орчин гэдэгт нь хамгийн их ач холбогдол өгсөн.

Энд орон орны зураачид ирж зургаа зурна гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Зураач нартаа зориулаад нэг контейнерийн түвшинтэй буюу 3 м, 6 м, 9 м, 12 м-ийн өндөрлөгүүдээс зурах талбай хийж өгсөн. Хашаан дотроо монгол ахуй, соёлыг мэдрүүлэх гэр барьсан. Зуны улиралд нэмж найман ханатай гэр барьдаг. Хашаан дахь хуучны байшин сав, зарим нэг монголын холбогдолтой зүйлсийг сэргээж засаад төрөл бүрийн урлан болгоод ажиллуулж байна.

Гадна орчинд нь байгаа өвөрмөц содон бүтээлүүд хэний ямар бүтээл вэ?

Залуу уран бүтээлч Ганзоригийн “Салхи”, Энхбатын “Хангарьд”, Энхбат, Сүхээ нарын гурван залуугийн хийсэн “Шүтээн” гээд баримал байдаг. Лист төмрөөр хийсэн “Салхи” бүтээл бол абстракт бух. Монгол эр хүний эрэмгий чанар, гэр бүлээ хамгаалж байгаа тэнгэр шиг байдлыг илэрхийлсэн.

“Улаанбаатар” уран бүтээлчдийн хотхоны ирээдүйг та хэрхэн төсөөлж байгаа вэ?

Миний мөрөөдөл бол Дамбадаржаад павильон нь ч байдаг, гадаад, монгол дархчууд, зураач нар ч бүтээлээ туурвиж байдаг, шоуны тайзаа ч бэлтгэдэг, жуулчид нь ирээд кофегоо уугаад гэст хауст нь амьдраад л, нэг тийм өвөрмөц орчин болгомоор байгаа юм. Тэндээс гарсан жижиг сувенирийг нь худалдан авч болдог, хүндэт зочдын гэргий нар зочилдог, залуу хосууд монгол гэрт нь хуримын ёслолоо хийдэг болгохсон гээд зарим нэг нь ажил хэрэг болсон, зарим нь хийгдэж байгаа төслүүд хэрэгжиж байна. Нийслэлд өнгө нэмсэн урлаг соёлын бүтээн байгуулалт ийнхүү өрнөж байна. Эрхэм уншигч та Улаанбаатар арт галерей, Улаанбаатар уран бүтээлчдийн хотхонд тавтай зочлоорой.

Ц.Оюунчимэг

2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bibli(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

medeend setgegdel bichvel medeegee martahgui yum

0  |  0
Top