Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн НҮБ, АХБ-ны эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн (2017.11.24) Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтарсан эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав.

Уулзалтад НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, тус хөтөлбөрийн Бангкок дахь эдийн засагч Г.Уянга, Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес, Бүсийн тогтвортой хөгжлийн зорилтууд хариуцсан зөвлөх Михайла Прокол, Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэндийн эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолэ, Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн нийгмийн бодлогын мэргэжилтэн Жун Фан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсонд нь Б.Чойжилсүрэнд баяр хүргээд, “НҮБ-ын гишүүн орнуудын 2015 онд соёрхон баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НҮБ болон АХБ-ны эдийн засагчдын ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн зорилго нь эдийн засаг, санхүүгийн нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд тогтвортой хөгжлийн зорилтын нийгмийн болон байгаль орчны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар зорилтуудад түлхүү хөрөнгө оруулалт хийвэл нөхцөл байдал сайжрах боломжтой байгааг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөхөд оршиж байна” гэлээ.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ажлын хэсгийнхэнд эдийн засгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр “УИХ 2018 оны төсвийн тухай хуулиудыг баталсан. Бид Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу төсвөө баталж чадсан. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна” гэлээ. Мөн хямралаас гарах нь бидний нэгдүгээр зорилт. Тогтворжуулалтын санд нөөц бүрдүүлж эдийн засгийн өсөлтөөр бэрхшээлийг даван туулах боломжтой. Харин улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт, хөрөнгө оруулагч нарт нөлөөлж байна гэж онцлов.

Уулзалтын үеэр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес орлого бүрдүүлэхээс илүүтэй зарлагаа зөв зарцуулах шаардлагатайг тэмдэглээд, ажлын хэсгээс гаргасан урьдчилсан зөвлөмжийг танилцууллаа.

Байнгын хорооны дарга танилцуулгатай санал бүрэн нийлж байна гээд цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

bibli [ 66.181.183.56 ]      |     11-р сарын 24 -нд, 15:43 минутанд

zi darga shig bai