“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ

2017 оны 11 сарын 24

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн гуравдугаар ботийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгаруулж, хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрийг сонгон эмхэтгэн олны хүртээл болгодог жишигтэй. "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IIIботь”-д 482 шийдвэрээс анхан шатны шүүхийн 22, давж заалдах шатны шүүхийн 21, хяналтын шатны шүүхийн 21 шийдвэр шалгарч хэвлэгджээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж энэхүү бүтээлийг "Монгол Улсын шүүхийн түүхийг зузаалж, эрх зүйн хөгжлийн түүхийг бичиж, шүүгчдийн ур чадварын өсөлтийг илтгэж байгаа түүхийн баримт” хэмээн үнэлсэн юм. Сонгомол шийдвэрийн дараагийн ботиудын тухайд "Шийдвэрээ оруулахаар уралдаж байгаа шүүгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр шалгуур өндөрсөж, эмхэтгэлд орох шийдвэрийн тоо цөөрч байгаа. Монгол Улсын шүүгчдийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулсан. Цаашид энэхүү аргачлалыг сонгомол шийдвэрийн эмхэтгэлд ашиглаж, хөндлөнгийн шинжээчдийн үнэлэлт, дүгнэлтээр нэмүү бүтээгдэхүүн шингээсэн бүтээл болгоно” гэж тодотголоо. Мөн тэрбээр шүүхийн сонгомол шийдвэрт шийдвэрээ ирүүлсэн шүүгч, сонгон шалгаруулсан ажлын хэсэгт талархал илэрхийлэв. 

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсэгт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын шүүгч П.Золзаяа болон Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр, Улсын Дээд шүүхийн шүүгч асан А.Доржготов, Ц.Сумъяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор П.Одгэрэл нар ажиллажээ.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Одгэрэл "Багш, өмгөөлөгч, судлаачийн нүдээр харж шүүхийн шийдвэрийг шалгарууллаа. Багш хүний хувьд энэхүү сонгомол шийдвэр нь гарын авлага, хэрэглэгдэхүүн болдог. Өмгөөлөгчийн хувьд ч хэрэг маргаан дээр ажиллахад сурах бичиг, гарын авлагыг орлодог. Судлаачид ном, сурах бичиг бичихдээ шүүхийн шийдвэрт анхаарал хандуулахаас аргагүй байдаг. Хуулийн төсөл боловсруулахад ч шүүхийн шийдвэр чухал нөлөөтэй” гэж онцлоод дараагийн эмхэтгэлд шүүхийн шийдвэрт орсон хуулийн зүйл, заалтын жагсаалтыг хавсаргахыг санал болгосон юм.

Энэхүү эмхэтгэлд 42 шүүгчийн шийдвэр оржээ. Тэднийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар "Шүүгчид өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг энэхүү бүтээлд орсон эсэхийг анхаарч, маш их ач холбогдол өгдөг болсон. Мөн уг бүтээлд багтсан шийдвэр, шүүгчийн арга зүйг судалдаг. Шүүхийн шийдвэрийг эмхэтгэж олны хүртээл болгосноор шүүхийн шийдвэрийн чанар, үр нөлөө сайжирч, эрдэмтэн судлаач, оюутнуудын судалгааны хэрэглэгдэхүүн болж байгаа. Энэ нь хууль зүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулна” гээд шалгарсан сонгомол шийдвэрүүд нь өнөө үеийн шүүн таслах ажиллагааны хөгжил, нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийн илэрхийлэл гэж онцоллоо. Мөн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь Монгол Улсад эрх зүйн шүүмж судлалын хөгжлийг бодитоор тавьсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ  

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх ач холбогдлын талаар доктор, профессор Д.Зүмбэрэллхам "Шүүх бол биежсэн төр, биежсэн хууль ёс. Шударга ёсыг шүүхийн шийдвэрээр ойлгож, үнэлж дүгнэдэг. Шүүхийн шийдвэр эрх зүйн сэтгэлгээний түүхэн баримт бичиг, чухал эх сурвалж. Шүүхийн шийдвэрийн амин сүнс нь үндэслэл. Үндэслэлийг хэрхэн тодорхойлох нь шүүгчийн ёс суртахуун, мэдлэг, ур чадвараас шалтгаалдаг. Шүүгч онол, практик, түүх, хуулийг судалдаг судлаач байдаг. Дээр дурьдсан бүх зүйл шүүхийн шийдвэрээс ил тод харагдаж байх ёстой. Шүүгч бүр өөрийгөө нийгмийн шударга ёс, төр, хууль ёс, он дамжиж олон үед уншигдах эх сурвалжийг бүтээж байгаа гэдгээ ойлговол шүүхийн шийдвэр гарцаагүй сайн гарна. Тийм учраас сонгомол шийдвэрийн эмхэтгэл маш чухал” гэж үнэлэв.

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ  

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн гуравдугаар ботийн нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн Цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаачид оролцлоо.

 

Та энд дарж татаж авна уу. 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.190.35) 2017 оны 11 сарын 25

Hangiin muu shiidveriig bas zarladag bolmoor bna

0  |  0
Top