Их Богдын газар хөдлөлтийн үеэр 8 хүний амь эрсдсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

 

Газар хөдлөлтийг биднээс хол хөндий мэт бодсоор байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичиргээ, давтамжууд нэмэгдсээр байгаа нь албаныхны, мэргэжлийнхний анхаарлыг татаж, санааг зовоох болжээ.

2015 оны 10 дугаар сард  Улиастайн Шар хоолой, Гүнжийн аманд газар  хөдлөлт болж Улаанбаатарын зарим хэсэгт чичиргээ мэдрэгдсэн. Одон орон геофизик  судлалын хүрээлэнгээс энэ хэсэг газар хөдлөлтийн идэвхтэй зургаан цэгийн нэг гэж мэдэгдсэн. Олон арван жилийн өмнөх хүчтэй газар хөдлөлтөөс Гүнжийн хагарал үүсчээ.  Давтамжийн хувьд дахин газар хөдлөх магадлалтай.     Манай орны нутаг дэвсгэрт  цөөнгүй хэрнээ хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ. 1905 оны долдугаар 9, 23-нд давтамжтайгаар Булнайн нуруу, Хангайн нуруу, Хан Хөхий нуруунд  8 баллын хүчтэй газар хөдөлж  газрын гадаргууд 130 км хагарал үүсчээ. 1931 оны наймдугаар сарын 10-нд Монгол Алтайн нуруунд 8 баллын газар хөдлөлтөөс үүдэн 189 км газрын гадаргуу хагарсан байна. Говь-Алтай болон Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300   км хагарал үүссэн байна. Газар хөдлөлт орон даяар чичиргээ нь мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, газар нутаг уудам учраас хохирол бага учирчээ. Нарийн тоо байдаггүй. Ямар боловч энэ газар хөдлөлтийн уршгаар найман хүний амь эрсдсэн гэдгийг ШУТИС-ийг багш доктор Ю.Болдбаатар хэлж байсан.   Хүн ам  шигүү суурьшдаг улс оронд тохиолдсон бол хэдэн зуун хүний амь эрсдэхээр газар  хөдлөлт болсон  байна. Чичиргээ нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Тухайн үеийн одоогийн ГХЯ-ны орчимд байрны таазнаас шороо гоожиж байсан гэхээр ямархуу хүчтэй газар хөдлөлт болсон нь ойлгомжтой.  Газарзүйн тогтолцоонд өөрчлөлт орж, Их Богдод  үзэсгэлэнт сайхан Оюу нуур  өдгөөгөөс 60  жилийн өмнө үүсэн өдгөө аялагч, жуулчлагчдын сонирхлыг татах болжээ.

 2000, 2005 онд Улаанбаатраас 180 км зайд Дундговь аймгийн Дэрэн суманд  6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд мэдрэгдсэн.2003 онд Баян-Өлгий аймагт болсон газар хөдлөлтийн чичиргээ  баруун гурван аймгийн есөн сумын нутгийг хамарч, 18 байшин барилга эвдэрч, улсад 67 сая төгрөгийн хохирол учирч  байсан  аж.  

Бусад орнуудад болж байсан томоохон газар хөдлөлтүүд

Энэтхэгийн хойг Ази тиврүү шахаж Гималайн уулс үүссэн. Үүнийг дагаад байгалийн тогтолцооноос шалтгаалсан, газрын гүний даралтаас хамаарч  газар  хөдлөлтийн маш хүчтэй чичиргээнүүд Хятадын баруун  мужууд, дундад Азид мэдрэгдэж, газар хөдөлж маш их хэмжээний хохирол учруулдаг хэмээн зарим судлаач үздэг  байна.

 Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан гэдгээрээ алдартай Шаньсигийн газар хөдлөлт 830 мянган хүний амь насанд хүрчээ. Энэ үзэгдэл 1556 онд болжээ.1923 онд болсон Токиогийн газар хөдлөлтөд 140,000 хүн, Пакистаны  Балочистаны газар хөдлөлтөөр 1935 онд 60 мянган хүн хүн нас баржээ.  

Индонези улсын байгалийн үзэсгэлэнт алдарт  Суматра аралд 2004 оны 12 дугаар сарын дөрвөнд  Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамид 285 мянган хүн амь эрсдэж, сураггүй алга болж байлаа. 

 Энэ мэтээр дурдвал жишээ олон. Манай улсын хувьд ялангуяа газар хөдлөлтийн идэвхтэй бусад оршдог Улаанбаатарын  барилга байшингуудын элэгдэл хоргодол, сүүлийн үеийн барилгуудын чанар зэрэг олон хүний санааг зовоосоор байна. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар Улаанбаатарын барилгажилтын нийт талбайн 25 хувь нь 6 балл, 52 хувь нь 7 балл, 23 хувь нь 8 баллын хөдллөтийн бүсэд хамаардаг байна. Бид эрсдэл дунд байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top