МАН мөрийн хөтөлбөрөө шинэчилж баталжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

МАН Их хурлаас “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөрийг шинэчилж баталжээ. “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн гол агуулга нь намынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг тодотгож, үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийг илүү тодорхой болгож байгаа аж. Намын мөрийн хөтөлбөр нь үндсэн 3 хэсгээс бүрдсэн байна.

Эхний хэсэг нь “Эрх чөлөө-тусгаар тогтнол”. Энэ хэсэгт ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл гэдгийг зарлан тунхаглаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах бодлогын тулгуур үндсүүд, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлон заажээ.

Хоёр  дахь хэсэг нь “Шударга ёс-хариуцлага”. МАН шударга ёс, хариуцлагыг үйл ажиллагааныхаа нэн тэргүүний зарчим болгон тунхаглаж байна. Энэ хүрээнд эв санааны нэгдлийн зарчмыг нийгмийн шударга ёсны тулгуур гэж үзэж, нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг эрхэмлэх болно. Хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдээ тогтвортой ажлын байраар хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, эрдэс баялгийн салбарыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлж, олсон орлогоо эдийн засгийн бие даасан байдлыг хангахад зарцуулах зэрэг асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахыг эрмэлзэх болно" гэжээ.

Гурав дах хэсэг нь “Эв нэгдэл- итгэл зүтгэл”. Эв нэгдэл, итгэл зүтгэл, үндэсний язгуур эрх ашиг нь манай намын үйл ажиллагааны үндсэн зорилго  байна. Иргэдийн төрдөө итгэх итгэл, үнэт зүйлсийн нэгдмэл байдал нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийн суурь гэж үзнэ.  Төрийн бодлогыг тууштай байлгаж, түүний залгамж чанарыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний бүх талын баталгааг хангаж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг эрмэлзэнэ. Иргэн  бүр харилцан бие биеэ хүндэтгэх, итгэлцэх, эрх үүргээ ухамсартай хэрэгжүүлэх, эрүүл саруул нийгмийн хүрээлэлд ажиллаж амьдрах тогтолцоог бий болгохыг зорино.

“Монгол ардын намын хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөр бол намын бүхий л үйл ажиллагаанд баримтлах үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмууд юм. Манай нам засгийн эрх барьж байх үедээ ч, сөрөг хүчин болсон ч улс орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхан байдлын төлөө аливаа асуудалд энэхүү үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмуудыг баримталжшийдвэр гаргах хөтөч, жанжин шугам" гэж тусгажээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top