Манайхан сүүлийн үед чоно эдийн засаг гэж их ярих болжээ. Анх санаачилсан хүн нь нэгэн сонинд “Чингис хаан гэхэд л чоныг судалж байгаад цөөхүүлээ, 20 чоно нийлээд мянган хонь руу дайрдаг шиг аргаар дэлхийн талыг эзэлчихсэн юм биш үү гэдэг дүгнэлт гарсан. Чоно хэрэгтэй үедээ сүрэглэж дайрдаг. Мөн хүн, чоно хоёр мал сүргийн төлөө, амьдралын төлөө тэмцэж ирсэн. Бар бол багаараа амжилтад хүрч чаддаггүй. Энэ утгаар нь чоно эдийн засаг гэдэг ойлголтыг сөхөж тавьсан” гэж өгүүлсэн байсан.
Мэдлэг боловсролтой иргэдтэй, дэлхийд өрсөлдөхүйц эдийн засагтай улс болох энэ санаа бол туйлын зөв өө. Монголчууд бид нийлээд гадаад улсуудтай өрсөлдөхөд чоно эдийн засаг гэж хэмээх нэр томьёо тохирно. Харин дотоод эдийн засагт бол энэ нэр томьёо яагаад ч тохирохгүй юм шиг ээ. Учир нь одоо манай эдийн засаг яг энэ чоно гэдэг нэр томъёонд тохирохуйц хэв загвараар хөгжиж, заримдаа “бирд” ч гэж хэлж болохоор дүрд үе үе хувилж байгаа билээ. Чоно бол бололцоо гарсан үед цадталаа сайн идэж аваад, олон хоногийн турш зөнгөөрөө явдаг амьтан. Манай үндэсний үйлдвэрлэгчид, худалдаачид яг л энэ зарчмаар ажиллацгаадаг учраас хөгжиж чадахгүй байгаа юм шүү дээ.
Ганцхан жишээ хэлэхэд, хотод хүйтрэхэд чоно зоолдог. Өөрөөр хэлбэл, тэр үед нүүрсний худалдаачид “бололцоо”-г ашиглан уут нүүрсээ гурав дахин өндөр үнээр худалдана. Хоёр жилийн өмнө ханиад гарахад амны хаалт, адууны мах, аарц бас л 2-3 дахин нэмэгдэж байсан. Үнэ өсгөх боломж бүрийг алдалгүй ашигладаг “чоно” аж ахуйн нэгжтэй, татвар төлж байгаадаа бус, бултаж зугтаж чадсанд нь атаархдаг “бирд” сэтгэлгээ явж байна, монголд. Энэ байдал байн байсаар иргэдийн сэтгэл санаанд ч нөлөөлж эхэлсэн байна. “Зуд болоосой” гэсэн хүнийг “амны билэггүй туучий вэ” гэхээс өмнө “Зайлуул, арьс ширний чейнж юм байх даа, аргагүй аргагүй” гэдэг болчихож. Энэ маягаар эмний наймаачин нь “өвчин гараасай”, буяны ажил хийдэг хүмүүс “хүн үхээсэй” гэж дотроо нууцхан боддог ч байж магадгүй. Хүн шуналтай байж болно. Бирд болж болохгүй шүү дээ.
Бурхан багшийн сургаалд аз жаргал гэсэн ойлголт байдаггүй, зовлон л гэж байдаг. Үүнийгээ “Хүн хүсэлтэй хүслээ гүйцээхийн төлөө зовдог” гэж тайлбарласан байдаг. Гэтэл манайхан аз жаргал гэж нэг юм гаргаж ирчихээд түүнийгээ “Хүн шунал, хүсэл тачаалтай байдаг. Түүнийгээ биелүүлбэл аз жаргал гэж нэрлэнэ” гэж хэлэх нь халаг байх юм. Шог ч юм даа.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 2 )
зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам зоолно гэж мэргэн үг бий дээ.
Зөв зүйлийг хөндөж тавьсан байна. Ченжүүдийн золиос / хонь / нь ядуу орлоготой иргэд болдог юм. Боломжтой нь идэш иднэ, нүүрсээ машинаар нь авна. Харин бусад нь дурын үнэтэй кг-ын мах, агшаасан шуудайтай нүүрсийг авч өдөр хоногийг өнгөрөөнө. Өмнө Алтанхуяг сайд нүүрсний үнийг үнэнд ойртуулсан. Одоо ч хяналтгүй дуртай үнээ хэлээд зогсож байна. Болдог бол түлшний үнийн зохицуулалт хиймээр байна.