“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас-Янгирын тэхийн араншин /Фото тэмдэглэл/

Өнгөрсөн сарын хуучдаар зүүдэнд уяастай Үенч голынхоо сарьдаг өндөр уулс руу нийслэлээс мордов. Ховд хотын нисэх буудалд нар жаргахтай уралдан газардаж, тэндээсээ машинд сэлгэн сууж давхисаар Алтайн их Улаан давааг давж уруудан Цахирын нурууны бэлд дэхь нүүдлийн урцад шөнө дунд буулаа. Шил газрын жавар нь жихүүн, агаар нь сийрэг хийгээд цэнгэг, орчин тойрон нам гүм оргино. Өвгөд дээдэс минь зүрх мэлмэрүүлэн санагдаж, идэр бага насны дурсамж амилж хөвөрнө. Нойр хулжсан ч нутгийнхаа уулстай хүүрнэж алжаалыг умартаж хонов. Юу эс бодогдох билээ?

Эхний өглөө үүрээр мордож янгирын эрэлд гарлаа. Зураг авахаар л хорхойтож яваа хэрэг шүү дээ. Нутгийн минь тэнгэр цэлмэг оршиж, оройтсон намрын илчгүй нар Түргэний хавцалд тусах харгуй баруун сугад нь янгирын сүрэг бэлчиж харагдав.

Нүд, сэтгэл баясаж, нутгийнхаа лус савдагт сүсэглэн залбирч тэр сүрэг рүү дөхөхөөр мацаж эхлэвээ.

Гэхдээ үүл, салхи хоёр л эзэмдэх цаст цармын янгир хурц хараатай, соргог чихтэй, үнэрч хамартай. Тэдэнд зураг авах дайтай дөхөх гэдэг бол ангийн дөр хийгээд тэвчээр шаардах ажил. Нар, салхи тааруулах, явгалах, өнхөрч гулгах,  хэвтэж мөлхөх, далдлан навтайх, тэгээд нууц өнгийж аппарат авайгаа шагайх зэрэг олон даваа мань мэтийн шандасыг шалгав. Эцэст нь зорьсондоо хүрч аппаратаа халтал дарлаа.     

Шөнөжин орсон цас лавширч ойр хавийг өвч хучсан учраас маргааш  нь отогтоо өнжлөө. Сүүлчийн хоёр өдөр цасгүй ч гэсэн тэнгэр хуйсагнаж, салхи дэгдэхэд ан амьтан нөмөр бараадаж, хад асганд шургаснаас харагдах нь ховордов. Шөнөжин чоно улилдан гүйж ан амьтныг түйвээж гүйдэлд оруулсан нь бас хяслантай.

Гэхдээ төрөлх нутгийн буянд аз хийморь гийж, уран бүтээлийн олз омогтой буцаж ирэв. Аяны богцоо дэлгэн толилуулъя.   

 

Цавчим хадны эзэд

Янгир бол өндөр уулсын сэрүүн царам, хад асганы амьтан. Өлсгөлөн чоно, ирвэс, шилүүсээс дайжиж сарьдаг хадны цавчим энгэрт л тэд нутагладаг. Тэдний зүс нь хүртэл нутагшсан газрынх нь хөрс, хад чулууны өнгө аясыг дагадаг нь онцлог. Элгэн улаан цохионы эгц энгэрт буй ишигтэй янгирын сүргийг олж харах нь амаргүй ажил.

 

Сүрэг хураах өрсөлдөөн

 Намар оройхон уул нуруунд сэрүү сэнгэнэхтэй зэрэгцэн тэхийн ороо эхэлж сүрэг хураахын төлөө ширүүн өрсөлдөнө. Хашир тэх л том сүрэг хураах эрдэм эзэмшдэг аж.

 

Харамлах аархал

 Эр бие гүйцэж, чалх чансаа жигдэрч, хат суусны шинж нь аархал. Мөргөлдөн дийлэх урлаг, аархан гайхуулах араншин хийгээд наадан эвсэх арга мэх нь өвөрмөц эрдэм болой.

 

Нисэх шид 

Тэхийн хувьд огцом дэвхэрч харайх, сунаж нисэх увьдас нь махчин араатнаас амиа хэлтрүүлэх ид шид болой. Энэ нь эм ямаанд шургаж үнэртэх, гижигдэн аазгайтах, дур шохоорхолыг нь татахаас ч үл дутах авъяас аж.

  

Наадах агшин

 Тэх, ямаа, ишиг гурав эрхлэлдэн наадах агшин. Түргэний хавцлын ханан хад дахь энэ агшиныг циркийн урлагтай зүйрлэм.

 

  

Харуулдан сэрэмжлэхүй

 Том сүрэг хурааж эзэмдэх нь харуулдан хамгаалах хариуцлага хүлээлгэдэг аж. Архаг халтар тэх ч давхин ирж хүч түрэмгийлэн дээрэмдэж мэднэ. Шуналт хүмүүний хүчит машин, хурдан буу ч бөөн хар аюул тээнэ.

 

  

Сүргийн эзний төрх

 Энэ аварга төрх сүртэй ч гэсэн орооны цагийн амьдрал үргэлж өрсөлдөөнтэй, эрсдэлтэй аж. Түүнийг давж туулах нь нэн амаргүй бөлгөө. Зөвхөн “хал үзэж, халуун чулуу долоосон” тэх  л дөнгөх ажил.

 

Янгир бол манай “Улаан ном”-д орсон ховордож буй амьтан. Түүнийг шуналын сэдлээр агнаж хороох нь гаарсаар байна. Тэд малын халдварт өвчинд нэрвэгдэж үхсээр цөөрч эхлэсэн баримттай. Малчны хотонд ямаа үрэгдэхэд элгээ эмтлэн харуусах мөртлөө ууланд янгир үхэхэд эс тоох нь нэн харамсалтай.

Цаст Алтайнхаа үзэсгэлэнт янгир ямаа, тэхийн гэрэл зургийг ийнхүү толиулахдаа тэднийг эртнээс хайрлан хамгаалж ирсэн түүхт уламжлалаа сэргээхийг уриалах гэж зорьсон юм.   

 

Галсангийн Батсүх

2017-11-20


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

z [ 202.179.17.28 ]      |     11-р сарын 29 -нд, 03:35 минутанд

их гоё зурагнуудтай юм

бб [ 103.57.94.63 ]      |     11-р сарын 29 -нд, 01:37 минутанд

ийм сайхан эх орны эзэд нь болсон бид азтай байхаас аргагүй ч ар тал, хойч үедээ өвлүүлэн үлдээх асар их хариуцлага хүлээх их олон зүйлийн нэг бол яах аргаггүй энэ сайхан фото сурвалжлага, бичсэн нийтлэл болжээ. таньд улам их амжилт хүсэн ерөөе

zochin [ 103.194.176.101 ]      |     11-р сарын 28 -нд, 08:26 минутанд

энэ сайхан нийтлэл бас сонирхолтой сурвалжлага болжээ