Д.Хулан: Бид идэж болохуйц эрүүл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

ДЭЛХИЙД ИХЭМСЭГ АЛХАХ МОНГОЛ 

Амжилт бүтээл, эрч хүч, эрмэлзэл дүүрэн шинэ үе төрөн гарч, ирээдүйг эзэгнэж, Монголыг дэлхийд гаргана. Ийм алдар гавьяа, он цагийн билгэдэж, урин дуудах “Шинэ үе” буланг “Зиндаа” сэтгүүл таны мэлмий оюунд зориулан дэлгэж байна. Булангийнхаа анхны зочноор үйлс бүтээл, хүсэл зорилго нь Монголоосоо хальж, дэлхийн энгээр сэтгэж буй нэгэн залуу хатагтайг онцоллоо. Тэр бол “LHAMOUR” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан юм.

АНУ-д сэргээгдэх эрчим хүчний мастерийн зэрэг хамгаалж, Их Британийн алдарт “Formula Botanica” сургуулийн анхны Монгол төгсөгч болсон Даваадоржийн Хулан хэмээх эрч хүчтэй, эрхэм зорилготой бүсгүйг “Шинэ үе” буландаа онцлон урилаа. Түүний хувьд Монголын хамгийн анхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Lhamour” брэндийг үүсгэн байгуулсан юм. Тархины тэжээл гэгддэг хонины сүүл, сарлагийн сүү зэргийг ашиглан анхны бүтээгдэхүүнээ гэртээ үйлдвэрлэж байсан бүсгүй, өдгөө 34 ажилчинтай, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компанийг тэргүүлж байгаа юм. “LHAMOUR” брэнд Сингапур улсад зохион байгуулагдсан “Азийн хамгийн үлгэр жишээ, тогтвортой хөгжиж буй аж ахуйн нэгж” шалгаруулах ёслолоос “Хариуцлагатай, жижиг дунд үйлдвэр” шагналыг гардан аваад тун удаагүй байна.

-“Монголын брэнд, Монгол компани дэлхийд үнэлэгдэж байна” гэх мэдээлэл үнэхээр таатай сонсогдлоо. Танай компанийн хувьд ч, Монголын хувьд ч том үнэлгээ боллоо?

-Энэхүү арга хэмжээ 11 дүгээр сарын 17-нд Сингапур улсын Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан. “Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр” гэх шагналыг гардуулахдаа жижиг, дунд үйлдвэрүүдийн санхүүгийн амжилтыг хараад зогсохгүй, нийгмийн хариуцлага болон бизнесийн ёс суртахууныг нь хардаг. Мөн нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, байгальд ээлтэй ханддаг, боловсон хүчиндээ хамгийн сайн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлсэн эсэхээс ихээхэн шалтгаална. Манай байгууллага энэхүү шаардлагад нь бүрэн нийцсэн учир сайшаан үнэллээ гэж ойлгож байгаа. Түүгээр ч зогсохгүй “AirAsia”, “BMW”, “L’Oreal” гэх мэт маш олон том компани, брэндүүдтэй нэг тайзан дээр “зогсож”, шагнагдсандаа үнэхээр баярлаад ханашгүй байна.

-Ер нь Монголын брэнд тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүнд дэлхий нийт хэрхэн ханддаг юм бол?

-“Монгол” бүтээгдэхүүн, “Монголд үйлдвэрлэсэн” гэхээр гадаадын хүмүүс их гайхдаг. Яг үнэндээ “Монголынх” гэхээр огт мэдэхгүй байх тохиолдол ч элбэг. Учир нь өнөөг хүртэл Монгол Улс эцсийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдаж чадаагүй. Манайх анхдагч болсон гэхэд хилсдэхгүй байх. Гэхдээ миний хувьд бүтээгдэхүүнээ “Монголынх” гэж сурталчлахаасаа илүүтэй “Чанартай Монгол бүтээгдэхүүн” гэж дэлхийд таниулахыг хүсдэг. Хэдий сайхан сонин содон, онцлог байлаа гээд чанаргүй бол дэлхийд танигдахгүй шүү дээ. Тиймээс бид чанарыг эрхэмлэдэг. Манай бүтээгдэхүүний хувьд Монгол түүхий эдийг гадаадын түүхий эдтэй хослуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Энэ шинж чанараараа дэлхийд анхдагч гэж хэлж болно. Мөн бүх бүтээгдэхүүнээ патентжуулсан. Хамгийн гол нь Монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүгд хичээх хэрэгтэй. Хичээвэл боломж бий. “lhamour“-ын хувьд өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд ямартай ч дэлхийд танигдах эхлэлээ тавьсан. Тиймээс би ирээдүйг гэрэлтэй харж байна.

МОНГОЛЫН ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧИД ТУУШТАЙ ХАМТРАГЧ БАЙЖ ЧАДДАГГҮЙ


 - Гадаадаас хичнээн төрлийн, ямар түүхий эдүүдийг авч байна. Олдоц хэр байх уу?

-Манай компани олон улсаар баталгаажигдсан, сайн чанарын түүхий эдийг бүтээгдэхүүндээ хэрэглэхийг зорьдог. Жишээлбэл, Наргил модны тос, Витамин Е, Шэа самарны тос, Оливын тос, Авокадо зэргийг одоогоор туршиж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг бид гадаадаас импортлохдоо “Органик гэрчилгээ”-тэй нь захидаг. Олдоцын хувьд түүхий эдийнхээ онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг.

-Тэгвэл Монголоосоо ямар ямар түүхий эдийг ашиглаж байна вэ?

-Зөгийн бал, сарлагийн сүү, ямааны сүү, өөхөн тос, хонины сүүлний тос, чацарганы тос, нохойн хошуу, лууван, ганга, халгай, жамц давс гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнийг түүхий эд болгон ашиглаж байна.

-Монгол түүхий эдээр бүтээгдэхүүн хийхэд давуу болоод сул тал гэж бий байх?

-Өргөн уудам газар нутагтай, онгон зэлүүд байгальтай Монгол орон бол бидний хамгийн том давуу тал. Монголд маш элбэг мөртлөө бусад оронд ховор цэцэг, жимс, ургамлууд байдаг. Тэдгээрийг ашиглан бүтээгдэхүүн хийхэд арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ямааны сүү, сарлагийн сүү зэргийг ашиглаж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани дэлхийд бараг байхгүй. Байлаа гэхэд хуурай сүү л ашигладаг байх. Гэтэл бидний хувьд хамгийн шинэ, дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдгээрээ давуу талтай. Эсэргээрээ сул талаа ярихад манай түүхий эд нийлүүлэгчид тууштай хамтрагч байж чаддаггүй. Бүтээгдэхүүний баталгаа гэх мэт баримт бичгийн тал дээр ямар ч ойлголтгүй байдаг. Тэдэнд Монгол Улсын стандарт, стандартад нийцүүлэн ажиллах гэдгийг ойлгуулах маш хэцүү. Тиймээс бид Монгол Улсын стандартыг шинэчлэх, түүхий эд нийлүүлэгчдэд тохирсон стандартыг тогтоох ажилд анхаарлаа хандуулж байна. Манай бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн арьсанд шууд нөлөөлдөг учраас түүхий эд маань чанартай байх ёстой. Тиймээс ч энэхүү стандартыг бий болгож, мөрдүүлнэ гэдэг бидний хувьд үүрэг юм.


-Сүүлийн үед “Монголд үйлдвэрлэсэн, органик бүтээгдэхүүн” их гарах болсон. Эдгээрээс танай бүтээгдэхүүн анхдагч гэдгээрээ онцлог. Мөн “Хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” гэх батламж гардаж байсныг санаж байна?

-Бид түүхий эдээ бэлтгэх, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, эцсийн шатанд шилжүүлэх хүртэлх бүхий л үйл ажиллагаагаа 100 хувь хянадаг. Мэдээж органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч анхны Монгол брэнд гэдгээрээ онцгойрохоос гадна 100 хувь хаягдалгүй үйлдвэрлэл явуулдаг гэдгээрээ мөн онцлог. Судалгааны баг маань маш шаргуу ажиллаж, бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хянаж байдаг. Түүнчлэн манай бүтээгдэхүүнүүд бүгд гар аргаар хийгддэг гэдгээрээ онцлогтой. Үүгээр ч зогсохгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгальд ээлтэй савлагаа ашигладагаас гадна бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогоос тодорхой хувийг нь сайн үйлсийн аянд хандивладаг. Мөн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

ЗАРИМ ХЭРЭГЛЭГЧ “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ГЭХЭД ДЭНДҮҮ ХЯМД БАЙНА” ГЭДЭГ

 -Монголчуудын хувьд зарим дотоодын бүтээгдэхүүн арьсны онцлогт тохирдоггүй, хэтэрхий өндөр үнэтэй байдаг гэж шүүмжилдэг?

-Биднийг үйл ажиллагаагаа эхэлж байхад яг ийм орчин нөхцөл угтсан л даа. Эхэндээ маш хэцүү байсан. Манайхны хувьд “Органик” гэдгийг сайн ойлгодоггүй, саван болгон адилхан гэж ойлгодог. Мөн Монгол бүтээгдэхүүн болохоор хямдхан байх ёстой гэдэг. Энэ мэтийн бодлыг бид аажмаар зөв тийш нь залж, “Органик ба органик бус бүтээгдэхүүний ялгаа”-г олон нийтэд таниулж, “Бүтээгдэхүүний үнэ нь чанараасаа шалтгаалдаг” гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Ингэснээр 2015 оноос эхлэн хүмүүсийн хандлага, бодол өөрчлөгдөж ирсэн. Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралд өөрчлөгдөж байдаг эрс тэс уур амьсгалтай. Хүмүүсийн арьсны хувьд хуурайшилт ихтэй. Тиймээс бид бүтээгдэхүүнээ хуурай арьсны асуудлыг шийдэх зорилгоор үйлдвэрлэдэг. Хуурай арьсыг тэжээлээр хангахгүй бол эцэстээ “Арьсны өвчин” болох аюултай. Дээр нь монголчууд маш олон зүйлээс харшилдаг. Тэр нь арьсаар нь дамжиж илэрдэг. Түүнийгээ эмчлэх гэж манайхан хуурамч, химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглээд улам сэдрээдэг. Ийм л асуудлуудыг шийдэх үүднээс бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Манай бүтээгдэхүүнийг арьсны өвчтэй, эмзэг, хэт хуурай арьстай хүмүүс хэрэглэдэг. Бүр гэр бүлээрээ сонгон хэрэглэж байгаа хүмүүс ч бий. Манай бүтээгдэхүүн машин, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэж буй химийн бодистой бүтээгдэхүүнүүдээс мэдээж өртөг өндөр хийгддэг. Гэхдээ Монголынхоо үйлчлүүлэгч нарт шинэхэн талх мэт, эрүүл, баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэж байгаа гэдэг минь давуу тал юм. Харин гадаадад үйлдвэрлэгдэж буй органик бүтээгдэхүүний дэргэд бол бүтээгдэхүүнээ харьцангуй хямд үнээр борлуулдаг гэж ойлгож болно. Манай бүтээгдэхүүний үнэ цэнэ, чанарыг ойлгосон зарим хэрэглэгч “Бүр хэтэрхий хямд байна” гэж хүртэл хэлдэг.

-Монголоос авдаг түүхий эдийн тухайд улирлын чанартай байдаг байх?

-Тиймээ. Зарим бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэх, хадгалахад Монголын орчин маш хэцүү л дээ. Тухайлбал, чацаргана, нохойн хошуу зэрэг нь улирлын чанартай хураагддаг. Мөн манайхны хувьд ямаагаа хэдхэн сар саагаад л больчихдог гэх мэтээс эхлээд яривал их зүйл бий. Байр сууцны талаар яривал бүр хүнд л дээ. Жишээлэхэд, манай орон сууц, байрууд их муу баригдсан байдаг. Энэ зун орсон нэг өдрийн их хэмжээний борооноос болж бид маш их хохирол амссан. Тиймээс өөрсдөө л стандартын шаардлага хангах үйлдвэр барихаас өөр аргагүй юм байна гэх бодол төрөөд байгаа.


-Ажлын байрны асуудал чухлаас гадна, ажиллах боловсон хүчин чухал. Танайд ямар мэргэжлийн хичнээн хүн ажилладаг вэ?

-Манайх боловсон хүчнийхээ асуудлыг захиалгаасаа шалтгаалан шийддэг. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байна вэ гэдгээсээ шалтгаалаад өөр өөр гэсэн үг л дээ. Жишээлбэл саван хийлээ гэхэд тэр маань хоёр сарын хугацаанд хатдаг болохоор өдөрт дор хаяж 200 саван үйлдвэрлэх ёстой байдаг. Ерөнхийдөө 34-үүлээ үйл ажиллагаагаа явуулж байна гэж хэлж болно. Манай үйлдвэрт 100 хувь эмэгтэйчүүд ажилладаг. Энэ бүсгүйчүүддээ бүтээгдэхүүн хэрхэн хийдэг вэ гэдгийг би өөрөө биечлэн заасан. Эд маань анхнаасаа л надтай хамт байж, чин сэтгэлээсээ ажилладагт би үнэхээр их талархдаг. Харин лабораторид маань маш сайн химийн инженер ажилладаг. Тэр хүний судалгааны үр дүн дээр суурилж, манай бүтээгдэхүүн хийгддэг учраас түүнээс бүх зүйл шалтгаална. Би хамт олонтойгоо “Нэгэн гэр бүл” гэх зарчмаар ажиллахыг хүсдэг юм. Эхэндээ ажилтнуудаа диплом, ажлын туршлагаар нь харж авдаг байлаа. Гэхдээ үүнээсээ болж маш их алдсан. Хүн хичнээн сайн мэдлэг боловсролтой байгаад сэтгэлгүй байвал хамт олон бий болно гэж байдаггүй юм билээ. Гэтэл гарааны бизнес гэдэг хүнд. Аль хэдийнэ хөл дээрээ тогтсон томоохон компаниудыг бодвол бүх зүйлийг эхнээс нь хийж байгаа болохоор хамтдаа чармайж, хамтдаа босгож, хамтдаа бүтээх хэрэгтэй байдаг.

-Гарааны бизнес гэснээс, Монголд энэ талбар хөгжих боломж бололцоо нь хэр байдаг юм бол?

-Хамгийн гол нь тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн бүрт мөрөөдөл бий. Хүн бүрт шинэлэг санаанууд орж ирдэг. Гэхдээ хэрэгжүүлээд, тэрнийхээ төлөө тэмцээд, өдөр шөнөгүй зүтгэх л хэрэгтэй. Тэгж байж л амжилтад хүрдэг гэж би боддог. Монголд маш олон гарааны бизнес хөгжиж байгаа. Гэвч монголчууд тэднийг нэг их сайн ойлгодоггүй. “Entrepreneur” мөн “Start-up” гэдэг нь аливаа нэгэн шинэлэг, өмнө нь байж байгаагүй зүйлийг тодорхой бус нөхцөл, орчинд бий болгохыг хэлдэг. Зарим нарийн бүтээгдэхүүн гаргадаг гарааны бизнесүүд 10 жил болсон ч хүмүүс ойлгохгүй байх тохиолдол бий. Миний хувьд л гэхэд, 2014 онд энэ талаар хэн нэгнээс зөвлөгөө авъя гэхээр асуух хүн олддоггүй байсан. Бүгд л том бизнес, уул уурхай, ашигт малтмал гээд л... Харин 2015 онд олон залуу гарааны бизнес эхлүүлсэн. Эдийн засгийн хямрал эхэлсэн үед энэ бол маш чухал шийдвэр байсан. Хэдийгээр Монгол Улс жижиг эдийн засагтай ч, хичээвэл боломжгүй зүйл гэж байхгүй. Африк шиг зөвхөн байгалийн баялгаа зарахдаа биш, эдийн засгаа төрөлжүүлээд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст хүргэх нь зүйтэй.


-Саяхан Тайвань руу уригдаж “Гарааны бизнес, Entrepreneur” сэдвээр илтгэл тавьсан гэсэн. Илтгэлийн гол санаа юу байв?

-Илтгэлийн гол санаа маань тууштай хөдөлмөрлөж, өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх талаар байсан. Ер нь намайг энэ бизнесийг эхлэх гэж байхад олон хүн эсэргүүцэж, “Наадах чинь жинхэнэ бизнес биш, цааш хөгжихгүй” гэх мэтээр хэлдэг байлаа. Гэхдээ надад тэр хүмүүсийн юу гэж хэлэх хамаагүй байсан. Учир нь надад зорьсон зорилго, алсын хараа байсан. Тиймээс түүндээ хүрэхийн тулд ажлыг бага багаар эхлүүлэх хэрэгтэй гэж бодсон маань буруудаагүй. Хүн бүр “үйлдвэр, компани” байгуулна гэхээр асар их мөнгөтэй, хөрөнгөтэй байх ёстой гэж боддог. Гэтэл би энэ бизнесийг, үйлдвэрлэлийг гэрээсээ эхэлж байсан. Гэртээ жил гаруйн хугацаанд ажилласан. Үүнийхээ үр дүнд болдог юм байна гэдгийг мэдсэн учраас бүх хүнд мэдрүүлэхийг хүссэн юм.

-Монголын бизнесийн ертөнц, энэ салбарын талаарх таны бодол ямар байдаг вэ?

-Монголын бизнесийн орчинг бэрхшээлээр дүүрэн, түүхий ертөнц гэж тодорхойлмоор санагддаг. Монголд бизнес хийх маш хүндрэлтэй, ялангуяа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудтай холбоотой бэрхшээл ма тулгардаг. Гэхдээ миний хувьд “Бусдаас өө хайхаас илүүтэйгээр өөрөө сайн ажиллах ёстой” гэж боддог учраас бэрхшээл бүрийг сөрөөд, даваад, түүнээсээ сургамж аваад урагшилж байна.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЕРТӨНЦ ДЭНДҮҮ “ТҮҮХИЙ” БАЙНА

-Анхны үйлдвэрлэлийн талаар ярьсан болохоор яагаад заавал “lhamour” брэндийг үүсгэн байгуулах болов гэдгийг асуух нь зүйтэй?

-Би их эмзэг арьстай. Монголын хуурай уур амьсгал, агаарын бохирдол, баталгаагүй хоол хүнс миний арьсанд маш муугаар нөлөөлж, харшилтай болсноос гадна арьсан дээр маань тууралт гардаг болсон. Энэ үед эмч нар надад органик бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв гэж зөвлөж байлаа. Тиймээс өөрийнхөө төлөө органик бүтээгдэхүүний тухай судлаж эхэлсэн. Судлах тусам улам сонирхож, сүүлдээ бүр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшиж, диплом хамгаалсан. Ингэж явах хугацаандаа органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг Монголд дутагдаж буй, тулгамдсан асуудал юм байна гэдгийг мэдсэн. Гэтэл бидний хамгийн том эрхтэн болох арьс эрүүл байх ёстой шүү дээ. Тэгээд л энэ замыг эргэлт буцалтгүй сонгосон доо.

-Ер нь хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Одоогоор 10 төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Арьс арчилгааны иж бүрэн бүтээгдэхүүнээс гадна, саван, ванны давс, хөлийн тос үйлдвэрлэдэг. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад дахиад маш олон төрлийн бүтээгдэхүүн хийх шинэлэг санаа орж ирдэг. Тэрхүү санаа бодолдоо хөглөгдөж, Монголчууддаа илүү шинэлэг зүйлсийг хүргэхийг хичээж байна.

-Сүүлийн үед давсан гоёл, гэрэл зэргийг үйлдвэрлэж байгаа гэлээ. Энэ талаараа тодруулаач. Түүхий эд нь жамц давс гэсэн?

-Давсны бүтэц, найрлага маш нарийн. Бүтээгдэхүүн бүрт оруулахдаа боловсруулж, бэлтгэдэг. Одоо давсан камин зуух, давсан гоёл чимэглэлийн зүйлс, саун, албан байгууллага болон хүмүүсийн гэрт давсан өрөөнүүд хийж өгч байна. Энэ нь утаа ихтэй энэ үед амьсгалын замын өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Мөн агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхэд тус болно. Бүр жамц давсан массаж хийдэг спа-тай. Энэхүү Спа- гаар маань байнга үйлчлүүлдэг хүмүүс ч байна. Өнөөгийн энэ нийгэмд бид л давсаар хамгийн чамин зүйлсийг хийж чадаж байна. Бүр жамц давсаар гацуурын гэрэл бэлдэж, хосуудад зориулсан зүрхэн хэлбэртэй гэрэл хүртэл хийсэн байгаа.

-Танай бүтээгдэхүүний ихэнхид нь хонины сүүл орсон байдаг. Хонины сүүлний ач тусыг Монголд төдийгүй дэлхий үнэлээд байгаа?

-Хонины сүүлийг бид уламжлалт ёсоор хэрэглэсээр ирсэн. Орчин үед үнэр хурц гээд хэрэглэхгүй байх нь элбэг болж. Тиймээс бид энэ асуудлыг нь шийдээд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгосноор орчин үед хэрэглэх боломжийг бий болголоо. Хонины сүүлэнд ханаагүй тосны хүчил их агуулагддаг. Мөн тэжээллэг чанар өндөртэй, кальци уургийн агууламж ихтэй тул хүний бие организмд хамгийн тохиромжтой, шингэц сайтай байдаг. Д, С, А, К амин дэмүүд нь хүний арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх, арьсанд гүн шингэж арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, тэжээлийн хүчлүүдээр хангаж гар нүүрийн арьсны уян хатан чанарыг дээшлүүлж, арьсны судас ялангуяа хялгасан судасны ханыг биежүүлж цусанд холестрин хуримтлагдах судас хатуурахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

-Хонины сүүл, жамц давстай холбон асуухад хүмүүс “Органик бүтээгдэхүүн” гэхээр бараг идэж болох мэтээр ойлгодог?

-“Органик” гэсэн юм бүхэн хор хөнөөлгүй гэвэл өрөөсгөл ойлголт болно. “Органик” гэдэг чинь байгалийн байдал нь алдагдаагүй л гэсэн үг шүү дээ. Жишээ нь ургамал бүр хоргүй гэсэн үг биш. Хортой ургамлууд ч бүтээгдэхүүний найрлагад орох тохиолдол бий. Органик үйлдвэрлэлийн хамгийн чухал нь мэргэжлийн түвшинд, нэрийг мэддэг, төрлийг нь ялгадаг түүхий эдээр үйлдвэрлэл явуулахад оршдог. Ингэхээр хүмүүс хэдэн ургамал, өөх нийлүүлээд органик болчихно гэж андуурдаг. Гэтэл органик бүтээгдэхүүний боловсруулалт маш нарийн технологийн дагуу явагддаг юм шүү дээ. Хоол хүнс шиг муудах аюултай. Бидний талаар “China Daily” сэтгүүлд “Идэж болохуйц гоо сайхны бүтээгдэхүүн” гэж бичсэн байсан. Үнэхээр идвэл ямар ч хор нөлөө байхгүй тийм л эрүүл бүтээгдэхүүн. Гэхдээ хэрэглэгч нар маань битгий идээрэй. Муухай амттай шүү /инээв/

-Таны болон танай брэндийн алсын хараа юу вэ?

-Манай алсын хараа бол “Зөв ирээдүйг, зөв бүтээгдэхүүнээр бий болгох”. Манай зорилго “Сайн чанарын байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан чанартай, баталгаатай, хүний арьсанд тэжээл өгөх, өвөрмөц, шинэлэг гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, залуу сэтгэлгээтэй, цаашид дэлхийд танигдах Монгол брэнд буй болгох”-д оршино. Удахгүй шинэ бүтээгдэхүүн гарна. Маш өвөрмөц, шинэлэг түүхий эдээр бүтсэн байна гэдгийг амлая... -Ярилцсанд баярлалаа. Эрч хүч, эрмэлзэл дүүрэн шинэ үеийн төлөөлөл болж яваа танд амжилт хүсье.

Ярилцсан. О.Шинэтуяа

2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Азаа [ 103.229.121.201 ]      |     12-р сарын 05 -нд, 19:16 минутанд

Алсын хараатай, зөв сайхан зүйлс хийж байгаа юм байна. Зорилготой, хүсэл байхад чи ихийг бүтээж чаднаа.Амжилт хүсье.

Хачин юм [ 202.70.34.70 ]      |     12-р сарын 04 -нд, 07:51 минутанд

Савангаа бусдаар идүүлэх гээд байна уу?

Tee [ 202.9.43.40 ]      |     12-р сарын 02 -нд, 12:22 минутанд

Aav yamar hamaa bsiin ..

Аав нь [ 66.181.161.110 ]      |     11-р сарын 30 -нд, 08:29 минутанд

Даанч аав нь сахал Даваадорж гэж нэг өөдгүй новш байдаг юм.

df [ 103.212.116.118 ] 12-р сарын 03 -нд, 21:24 минутанд

nuguu aldartai hulhi Davaadorj uu, germand bsan.

ж [ 103.11.195.34 ]      |     11-р сарын 30 -нд, 02:38 минутанд

хэтэрхий үнэтэй харшил өгсөн. байрны өрөөнд үйлдвэр байхгүй сонин