Р.Хатанбаатар: Мөндөөхөө нуур ч ёстой дуу шиг сайхан нуур байна билээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

 Зураг дээр: Яруу найрагч Лутбаяр, хөгжмийн зохиолч Р.Хатанбаатар. Т.Сэр-Од нар

 

“Зохиогчийг нь урьж байна” цувралын энэ удаагийн дугаарт Монолын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч Хатанбаатар уригдлаа.


- “Хайрын хорвоо” дууны аялгууг хэрхэн зохиосон тухай дурсамжаар ярилцлагаа эхэлье гэж саналаа?

-Хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлийг эзэмшиж сургуулиа төгсөж ирээд бүтээсэн хамгийн анхны дуу маань энэ. Энэ дуу маань надад хөгжмийн зохиолч гэдэг алдар нэрийг авчирсан бүтээл. Хүүхдийн зохиолч яруу найрагч Сундуйн шүлэг л дээ. Тэр үед дөнгөж төгсөөд ирчихсэн, хорин хэдэн настай байлаа. Дуугаа зохиочихоод хэнээр дуулуулах тухай гэргийтэйгээ ярилцсан. Манай хүн Бүрнээбаяр эгчээр дуулуулбал ямар вэ гэж хэлсэн. Тухайн үед урлагийн алдартнуудыг тэр болгон танихгүй, хүнтэй уулзахаасаа эмээдэг үе байлаа.  Би Бүрнээбаяр дуучинтай ажил дээр нь очиж уулзлаа. Шинээр төгсөж ирсэн би, өөрт чинь зориулж нэг дуу хийсэн юм энэ тэр гээд учир явдлаа хэллээ. Гэтэл, шинэ дуу дуулахад зөвшөөрөл авч дуулдаг юм. Чуулгынхаа Бадарч багшаас зөвшөөрөл авна гэж байна. Тэгээд орж очлоо. Мөн л дуугаа төгөлдөр хуур дээр тоглосон чинь, өө хүү минь хөөрхөн дуу байна. Манай Бүрнээбаярын хоолойд яг тохирох дуу байна, гэж урам хайрлаж явуулсан. Дараагаар нь радиод бичүүлэх боллоо. Мөн л зөвшөөрөл авдаг байлаа шүү дээ. Лувсаншарав гуай дээр дууныхаа нотыг бариад очсон. Тэгээд Лувсаншарав гуай нот харж шүгэлдэж аялаж үзээд, хөөрхөн дуу болсон байна гээд батлаад явуулж байлаа. Радио дээр хөгжим судлаач Ганбаатарт шалгуулж “бичлэгт авахыг зөвшөөрөв” гэдэг бичиг аваад бичүүлж байлаа. Анхны дуу болоод ч тэрүү гайхалтай сайхан санагдаж байсан даа.

-Ард түмэнд уярал ухаарал хайрласан энэ дуу ар араасаа олон сайхан уран бүтээл дагуулжээ. Тухайлбал “Нутгийн зам”, “Аавын нутаг”, “Дөргөн нуур”, “Хоргодон хоргоддог эмээ”, “Ангир нүдэн Мөндөөхөө”... гээд олон сайхан дуу дагуулсан байна. “Нутгийн зам” дууныхаа тухайд?

- Миний хоёрдох дуу. Яруу найрагч Сундуйгийн найз, радиогийн сэтгүүлч яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийн шүлэг. “Хайрын хорвоо”-г Мөнхтөр сонсчихоод Сундуйд хэлж л дээ. Чи тэр найздаа энэ шүлгийг үзүүлээд өгөөч гэж. Тэгээд би тэр шүлгийг авчихаад автобусанд суулгүй алхаад явж байтал..

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай... гээд аялгуу орж ирсэн. Гэртээ хариад л шууд аялгууг нь зохиосон. Маргааш нь Сундуйгаас утсыг нь аваад шүлгэнд чинь аялгуу зохиочихлоо гэж хэллээ. Мөнхтөр ирж сонсоод, аятайхан дуу болж гээд явсан. Дараа нь Дуурийн театр орлоо. Эрдэнэбат дөнгөж сургуулиа төгсөөд ирчихсэн “Орчлонгийн сайхан хүүхнүүд”-ийг дуулаад ид байсан үе. Мөн л өөрийгөө танилцуулаад, шинэ дуу сонсгох гэж яваагаа хэллээ. Өрөөнд нь ороод сонсгосон чинь, би дуулна гээд авсан.  Би дууныхаа хөгжмийн найруулгыг маш сайн хийе гэж бодсон. Тэгээд авьяас чадлаа зориулж, хөгжмийнхөө найруулгыг өөрөө хийсэн дээ. Дуучин маань сайхан дуулсан, хөгжмийн найруулга ч санасанд хүрсэн. Улсын филормоний симфони найрал хөгжмийнхөн маш сайхан тоглож Туулайхүү удирдаач маань сайн удирдаж, дууны хөгжмийн найруулгыг ингэж л бичих хэрэгтэй гэж магтаж байлаа. Хөгжмийг нь тоглоход л дан хөгжим шиг байна гэж байлаа. Дагвадорж аваргыг онгоцноос буухад нь, та ямар дуу дуулмаар байна, гэж сурвалжлагчийн асуухад, “Нутгийн зам”-ыг дуулсан. Сайхан санагдаж билээ.

-Яруу найрагч Мөнхтөр, Сундуй,.Бадамсүрэн дуучин Эрдэнэбат... гээд 1990-ээд онд нэгэн үеийн уран бүтээлийн тохироог бүрдүүлсэн уран бүтээлчид байна. Тухайн цагийн нэгэн сайхан дуу “Дөргөн нуур” гэж сайхан дуу бий шүү дээ?

-Мөнхтөрийн надад өгсөн хоёр дахь шүлэг л дээ. Нэг өглөө Мөнхтөр манай гэрт ороод ирлээ. Нутгийнхаа ойд явах гээд, дуу хэрэгтэй байна гэв. “Дөргөн нуур” дууны шүлгийг өгсөн. Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын хүн шүү дээ. Дөргөн нуурын эрэг дээр төрсөн юм билээ. Би дуугаа зохиочихоод, гэрт нь очиод төгөлдөр хуур тоглож, дуулж өглөө. Мөнхтөр радиогийн дуу хураагуурт бичээд байсан юм. Гэтэл зун нь хөдөө амарч байсан чинь, Монголын радиогоор нөгөө дуу маань миний дуулсанаар явдаг байна шүү. Дараа нь МУГЖ Батсүх маань дуулж ард түмэнд хүргэсэн дээ. Аав, ээж нь Хөхморьтынх юм билээ л дээ.

-МУГЖ Түвшинтөгсийн дуулсан яруу найрагч Бадамсүрэнгийн шүлэг “Ангир нүдэн Мөндөөхөө”-г сайхан дуу гэж би боддог. Ер нь уран бүтээлч хүн нутаг ус, элгэн садан ээж ааваа уран бүтээлээрээ дархалж явдаг учиртай байх. Түүний нэгэн илрэл  “Анир нүдэн Мөндөөхөө”-гийн тухай түүх хуучлаач?

-Манай Бадамсүрэн Увсын Цагаанхайрхан сумын хүн шүү дээ. Надад  нэг уран бүтээл хамтарч хийнэ шүү гэж хэлчихээд чимээгүй болсон. Тэгтэл Монголын радио дээр явж байтал таараад, өө үүнийг л чамд өгөх гэж байсан юм гээд шүлэг өгсөн. “Ангир нүдэн Мөндөөхөө” нэртэй үнэхээрийн гоё шүлэг байсан даа. Шууд нүдэнд буусан дүрслэлтэй шүлэг. Түвшинтөгс Гавьяат жүжигчин болчихсон үе, би энэ дууг бэлэглэж байна гээд дуулуулсан. Сайхан ч дуулсан. Дараа нь Бадамсүрэн биднийг нутагтаа аваачсан. Жилийн дараа шүү дээ. Тэгэхэд нутгийнхан нь бүгд мэддэг болчихсон ардын дуу шиг дуулагдаж байлаа. Мөндөөхөө нуур ч ёстой дуу шиг сайхан нуур байна билээ. Дууг нь хийчихээд дэргэд нь амарч жаргах шиг жаргал байдаггүй юм билээ. Би ч мөн энэ дуундаа хайртай.

-Хүүхдийн уран бүтээл рүү яриагаа хандуулья. Цолмонгийн гоцлож Улаан бүч чуулгынханы дуулсан “Мөрөөдлийн цэцэгтэй нас” дууны тухай ярих уу?

- Манай Данзангийн Нямаагийн шүлэг юм. Мөнхтөр, Бавуудорж, Нямаа энэ тэр гээд бүгд радиод ажиллана. Дэм дэмэндээ гэдэг шиг нэгнийгээ хөглөж, уран бүтээлд хөтөлж байдаг шүү дээ. Түүний л нэг адилаар Нямаа маань надтай уран бүтээл хийх тухай ярьсан юм. Хүүхдийн тухай дууны анхны уран бүтээл маань юм. Тэр дуу нэг л мэдэхэд хүүхдүүдэд хүрчихсэн байсан. Цэцэг шиг нас гээд нэвтрүүлэг хүртэл гарсан байсан шүү дээ. Түүнээс хойш хэд хэдэн хүүхдийн дуу хийсэн.

-.Эрдэнэбатын дуулсан, Мөнхжаргалын шүлэг “Домог амилсан нутаг” дуу хэрхэн бүтсэн бол?

-Тухайн үед Эрдэнэбат маань Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртэж, би уран бүтээл бэлэглэнэ гээд хэлчихсэн юм. Тэгээд яруу найрагч Мөнхжаргал том дуу хийгээч гэж “Домог амилсан нутаг” нэртэй их сайхан шүлэг өгсөн л дөө. Энэ л шүлгийг дуу болгож Эрдэнэбатдаа өгье гэж бодоод аялгуу зохиосон. Би найрал дуутай, гоцлолтой, симфонитой хийж байлаа. Тухайн үед Ардын жүжигчин Хаянхярваа, Төрийн шагналт Билэгжаргал, Шарав гуай энэ тэр сонссон юм билээ. Сүүлд.Билэгжаргал ах маань таарч, чиний их сайхан дууг сонслоо гэж урам хайрлаж байлаа. Ер нь миний дууны уран бүтээл дундаас нэлээд дорвитой бүтээл гэж боддог.

-Цаашдын уран бүтээлийн тань зорилго төлөвлөгөө гэвэл?

-Би сүүлийн үед байгалийн тухай уран бүтээл хийх зорилго тавьж байгаа. Хорин шилдэг яруу найрагчид байгалийн тухай шүлэг захиална. Хорин өөр өнгө аяс араншингаар Монголын тухай бичигдсэн тэр хорин шүлгэнд ая зохиогоод симфони оркестрт бичүүлнэ дээ.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin.(182.160.33.132) 2018 оны 02 сарын 18

R.Khatanbaatar bish . Ovog ni M.Khatanbaatar.

0  |  0
Top