Р.Эмүжин: Эр хүний шоовдорлогдсон сэтгэлээс инээмсэглэл хүсэх хэрэггүй

Эмүжин хэмээх нэрээр олонд танигдсан яруу найрагч, зохиолч Р.Энхтуяатай ярилцлаа.

 



 

- Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Уншигчид таниас байнга шинэ уран бүтээл хүлээдэг гэхэд хилсдэхгүй байх. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Зууны манлай дуучин Сарантуяагийн намтар зохиолын эх бэлтгэл дээр ажиллаад дууслаа. Хэвлэлтэд шилжүүлж байна. Энэхүү зохиолыг жилийн өмнө буюу өнгөрөгч оны 12 дугаар сард бичиж дуусгасан. Түүнээс хойш эх бэлтгэл рүүгээ орж амжихгүй өдий хүрчихлээ. Аливаа юмны тохироо бүрдэх, цаг нь ирэх гэж байдаг. Тун удахгүй энэ бүтээл уншигчдын хүртээл болно.

- Таныг хоёр хүүтэй гэж сонссон. Хүүхдүүд нь сайн уу? Хол яваа залуугаас сураг байна уу?

-  Сайн. Том хүү маань ирэх хавар Нью-Йорк дахь сургуулиа төгсөнө. Бага хүү Батхаан энэ жил зургадугаар ангид сурч байгаа.

- Хамгийн их тусалж дэмжиж, хань болдог хүн таны том хүү байх, тийм үү?

-Том хүүтэйгээ хамтдаа амьдралаа босгосон гэхэд болно. Бусад гэр бүл шиг ээж, аав нь ажилдаа явдаг, хүүхдүүд нь гэртээ хүлээдэг байгаагүй. Ээж аав бол халамжлагч, хүүхэд бол ангаахай гэдэг зарчим манай гэр бүлд үйлчилдэггүй. Хүүхдүүдээрээ би өөрөө ч их хань татдаг. Том хүү Умард намайг  23 настай байхад  төрсөн. Таван настайгаас нь эхлээд ажилдаа дагуулаад явдаг байлаа. Хэрэв оройтвол сандал нийлүүлээд унтуулчихдаг. Өглөө цэцэрлэгт нь хүргээд, орой нь тосч авч, хамт ажлаа амжуулаад л явна. Бид хоёрын бүтээхийг хүссэн амьдрал, зорилго нэг. Тухайлбал, гудамжаар явж байгаа машинуудыг хараад “Хоёулаа яг ийм машинтай болно. Том дэлгэцтэй зурагт авна шүү” гээд хүүтэйгээ мөрөөдөж ярина. Түрээсийн байр хэсээд явж байхдаа “Хоёулаа байртай болохоороо чиний өрөөг тэгж тохижуулна” гэж ярьдаг байлаа. Хамтдаа мөрөөдөл, зорилгынхоо төлөө зүтгэсэн. Хүү минь багаасаа миний ажилд хүлээцтэй хандаж ирсэн. Санжийн Баяртай ярилцлага хийгээд сууж байхад хүү минь намайг хүлээнгээ нэг буланд тоглоод хоёр цаг болж байсан тохиолдол бий. Элбэгдоржтой ярилцлага хийж байхад хүү минь тухайн үеийн АН-ын лидерээр дэлхийн бөмбөрцөг тайлбарлуулаад амжсан үе ч бий. Сэтгүүлч хүн үргэлж томчуудтай ярилцлага хийгээд байхгүй. Эгэл жирийн амьдрал дунд хутгалдана. Таван шард амьдардаг нас дээр гарсан эмээгийнд нэг удаа очлоо. Гудамжны тагтаа, муур, нохойг хооллодог тэр эмээгийнд  хагас өдрийг өнгөрөөчихөөд буцах замдаа амьдралын олон өнгийн талаар хүүтэйгээ ярилцан харьж байлаа. Том хүү минь Монголын нийгмийн бүхий л түвшинд надтай хамт явж, амьдралыг өөрийн нүдээр харж, магадгүй өөрийн дүгнэлт, гаргалгааг хийж өссөн. Харин одоо Умард маань өөрийнхөө зорилгын араас мордсон доо. Түүний зорилго бас миний зорилго болчихсон юм шиг л заримдаа санагддаг.

-Амьдрал ахуйгаас гадна ажилд нь хүртэл тус болдог байх нь ээ?

-Хүү минь том болохын хэрээр миний ажилд тусалж, үүрэг нь нэмэгдсэн. Зөвхөн сэтгүүлчийнхээ ажлыг хийхэд ямар их цаг ордог билээ дээ. Гэтэл би ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурвиж, шүлэг, зохиол, номоо бичнэ. Энэ бүхэнд Умард миний туслагч, дэмжигч, түшиг тулгуур, нөмөрлөгч гээд бүхий л үүргийг гүйцэтгэнэ. Заримдаа орчуулга хийж өгнө. Хэрэв би эдийн засаг, уул уурхайн тухай нийтлэл бичиж байхад мэдээлэл хэрэг болбол хүү рүүгээ ярина. Миний хүү тэр сайт руу ороод олон улсын зах зээл дээр зэсийн үнэ ханшийн мэдээлэл яг одоо ямар байгааг хэлээд өгөөч гэнэ. Мөн бичиг баримт цаасны ажлыг хүүдээ хариуцуулна. Машинаа бариад явж байх үедээ Умардтай холбогдоод албан бичгийн хариу бэлдүүлнэ. Би зохиолоо өөрийн гараараа бичдэг. Учир нь зохиолын санаа өөрөө л толгойд түрээд ороод ирдэг. Хэрэв санаагаа компьютер дээр буулгаж эхэлбэл өөрийн эрхгүй хурд, урсгал нь саатдаг. Нийтлэл, сурвалжлага бол өөр. Гараараа бичсэн зохиолоо шивүүлэх гэх мэт ажлаа хүүдээ даатгана. Үр дүнд нь Умард бараг л сэтгүүлчийн дамжаа төгссөнөөс илүү боловсорсон. Эх бэлтгэнэ, орчуулга хийнэ, өөрөө эссэ бичнэ гээд л. Хамгийн сүүлд л гэхэд Монгол хүүхдүүдэд зориулан гаргасан үлгэрийн зургаан номын  маань нэг болох “Балчир Есүхэй”-н зургийг Умард маань зурж, макетыг нь тавьсан. Энэ мэтчилэн хүүхдүүддээ туслагч, дэмжигч, хамтрагч, найз нөхөд гэсэн байр суурьнаас хандаж ирсэн. Хүү минь өөрөө бие дааж гадаадад сурах бичиг баримтаа бүрдүүлж, тэтгэлгээ хөөцөлдсөн. Би хүний урманд түүнд нь нэг ч удаа оролцож байгаагүй. Бидний хамтдаа бүтээсэн амьдрал учраас бид энэ амьдралдаа хайртай. Нөгөө талаар зарим гэр бүлд байдаг шиг бие биендээ "Би чамайг өдий хүртэл тэжээсэн" гэх мэтээр ялархаад байх шалтаг, шалтгаан байдаггүй.


-Өнөөгийн нийгэмд хүмүүс хүүхдийнхээ бүх зүйлийг бэлдэж өгч байх шиг?

-Нэг удаа Умардтай утсаар ярьж байхдаа "Байрны урдуур хэтэрхий олон машин явах юм. Ямар нэгэн хотхон руу нүүдэг юм уу" гэхэд хүү маань “Битгий л тэгж Батхааныг сүйдлээрэй дээ. Одоо амьдарч байгаа газар нь бие даахад нь хэрэгтэй. Тэгж байж гадагшаа дотогшоо явахад бэлтгэгдэнэ. Түүнээс биш тусгаар нэг орчинд, дэлхий ертөнцийн аль нэг буланд хөл тавихгүй юм шиг өсгөх нь буруу. Та ямар шилэн хоргонд загас тэжээж байгаа биш” гэж өөрийн бодлоо хэлсэн. Түүний зөв л дөө. Хүү минь гэрээсээ гараад замтай яаж харьцахаа суралцаж байна. Халтираад уналаа гэхэд дараагийн удаа хальтирч унахгүй болтлоо туршлагажиж байна. Манайхан хүүхдээ өсгөхдөө хүүхэд нь хэзээ ч гэрээсээ явахгүй, бие даасан амьдрал эхлүүлэхгүй, амьдралд хөл тавьж, эгэл борчууд, эрхэмсэг дээдсүүдийн дунд үүрээ засахгүй юм шиг вакуумжуулсан орчинд өсгөдөг. Тавилгаар бол хир тоос хүргэлгүй хадгалдаг эд шиг, ээмэг зүүлтээр бол хэзээ ч зүүхгүй хэрнээ байнга зүлгэж гоёлын хайрцагтаа нандигнасан үнэт эдлэл шиг байлгах юм. Хүн болгон өөр өөрийн гэсэн хувийн амьдралыг зохиож үүрээ орхин нисдэг. Тэр цагт шилэн хоргон дотор өссөн хүүхэд яах вэ. Их далайд хэрхэн хөл тавих вэ гэдгийг бодолцдоггүй.

-Гэмт хэрэг үйлдэгсдийг цаазаар аваад ч нэмэргүй-

-Нийгэмд эрэгтэйчүүдийн үнэлэмж хэт доогуур байна гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх нь ч эрчүүд байдаг. Энэ тухайд таны бодол?

-Эрчүүдтэй холбоотой гэмт хэрэг цаашдаа ч өснө гэж бодож байна. Учир нь бид 30 жилийн турш нэг л голдрилоор явлаа. Тэр нь  юу вэ гэвэл, нэгдүгээрт Монголын нийгэмд хүйсийн ялгаа асар их болсон. Жендерийн тэгш байдал гэдэг үгийг Монголд нутагшуулахдаа  эмэгтэйчүүдийн тэгш эрх гэдэг утгаар нь орчуулсан. Одоо ч гэсэн жендер ярих бүрт эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаг. Эрчүүд хохирсон тухай хэн ч ярьдаггүй. Хоёрдугаарт боловсролын асуудал. Энэ талаар би “Үнэнээ хэлье, би эрчүүдэд хайртай” гээд нийтлэл бичиж байсан. Олон ч хүнд танигдаж, зарим нь уран бүтээлдээ ашигласан явдал ч бий. Манайхан "Эрэгтэй хүүхэд мал дагаад болно. Хар ажил хийгээд болчихно. Охиноо л сургуульд сургана" гэсэн байдлаар хандаж ирсэн. Үүнээс болоод ангийн дайсан гэдэг шиг 30 орчим жил үргэлжилсэн асар том боловсролын ялгааг гаргасан. Боловсролын ялгаа, эмэгтэйчүүдийн тэгш эрх, орчин цагийн гэр бүлийн ялгаа нь өнөөдрийн хэт тэнцвэргүй байдлыг бий болгосон. Эрчүүд хамгийн сүүлд өнгөрсөн зууны дундуур дэлхийн хэмжээний дайнд мордсон. Одоо ч мөргөлдөөнтэй байгаа орнуудыг эс тооцвол шүү дээ. Хүнд машин механизм, хүч чадал шаардсан техникүүд дээр эрэгтэйчүүд ажилладаг байсан. Гэтэл өнөөдөр техник технологийн хөгжлөөр олон ажил хялбарлагчлагдаж, зөвхөн товчлуур дарах төдийд ажлаа амжуулж байна. Энэ тохиолдолд эр хүний давуу байдлыг ашигладаг  ажлын орон тоо цөөрсөн. Хүссэн хүсээгүй эрчүүдийн нийгэмд үзүүлэх нөлөө багассан. Ийм шалтгаануудаас болоод эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд ажил үүргийн асар том ялгаа бий болсон. Энэхүү ялгаа нь эрчүүдийгээ золиослох тал руугаа өөрчлөгдөж ирсэн. Би хоёр хүүтэй хүний хувьд сайн мэднэ. Дэлгүүр хэсэхэд эрэгтэй хүний хувцас зарж байгаа дэлгүүр 100-д нэг байгаа. Том том худалдааны төвийн дэлгүүрүүдэд эрэгтэйчүүдийн хувцас зарж байгаа лангуу тун ховор. Хувцасны загвараасаа эхлээд л хомсдолтой. Эрэгтэй хүн нэг хувцсаа таван жил өмсдөг бол эмэгтэй хүн нэг юмуу, хоёр жил өмсөөд л сольчихдог. Хувцас загварын шинэчлэлтээс нь харахад эмэгтэйчүүдийн загварын чиг хандлага хоногт нэгээр эргэж байхад, эрэгтэйчүүдийнх жилд нэгээр эргэх ялгаа гарч байна. Ийнхүү асар том ялгаа гараад ирэхээр эр хүн гэдэг буланд шахагдсан муужгай, эсвэл богинохон гинжнээс уягдаад түүнээсээ мултарч чадалгүй 10 жил уягдсан нохой, жигүүрийг нь тайраад хаясан нисэж чаддаггүй тоть шиг болж хувирч байна. Ийм байдлаас уур хилэн л ялгарна.

-Эрэгтэй хүүхдээ тоохгүй байдал хөдөөд илүү их ажиглагддаг юм шиг санагддаг?

-Энэ үнэн. Охид голдуу хот руу сургуульд сурахаар явчихсан. Харин хөвгүүд нь нутагтаа мал дагаад үлдчихсэн байгаа. Эхнэртэй болох гэхэд эхнэр олдохгүй. Зун нь гоё ганган хотын охидууд ирээд өвөл нь сургуульдаа явчихдаг. Гэтэл залуус малаа хариулаад л тэнд үлдэнэ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд бас нэг ялгаа гарч ирсэн. Энэ нь хөдөөний хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулж байгаа явдал. Зургаан настай хүүхэд сургуульд ороход ээж нь заавал дагаж сумын төв дээр ирдэг. Ээж нь хүүхдээ хичээлд хүргэж өгөөд авах л үүрэгтэй. Бусад цагт нь хийх зүйл байхгүй болохоор хэд хэдээрээ нийлээд сумын төвийн pub, караокед сууна. Ингээд малаа маллаад үлдсэн нөхөрт бухимдал үүснэ. Үүнээс үүдэн гэр бүл салалт нэмэгдэж байгаа юм. Энэ тухай ч хөдөөнийхөн их ярьдаг. Хэрэв чи анзаарч байгаа бол аль нэг улс руу хар ажил хийхээр явж байгаа хүмүүсийн олонхи нь эрэгтэйчүүд. Тэд боловсролгүй, хамт олонгүй хаягдаж байна. Хэрэв хүйсийн тэгш эрхийн тухай ярих гэж байгаа бол эрэгтэйчүүдийн талаар ярих цаг ирсэн. Эмэгтэйчүүд бид эрхийнхээ талаар хангалттай дуугарсан. Бид уйлаад ч болсон ярьдаг. Гэтэл эрэгтэйчүүд уйлж болдоггүй. Ихэнхи эцэг эхчүүд эрэгтэй хөвгүүдээ “Эрэгтэй байж юундаа уйлаад байгаа юм” гэж сургадаг. Энэ байдал нь эрэгтэй хүнийг хүйсийн дарамтад оруулж байна. Хүйсийн дарамтад орсон эрэгтэй хүнээс ямар ааш авир гарах вэ. Гоё өндөр өсгийт, сайхан хувцас өмсөж, ажил ажил гэж гүйж байгаа эмэгтэйчүүдийн хажууд эрчүүд маань байр сууриа олж чадахгүй байсаар. Ямар нэгэн байдлаар хувцас, боловсрол гэх мэт зүйлээрээ гологдож байна. Тэгээд тэр гологдсон, шахагдсан сэтгэлээс уур бухимдал биш, инээмсэглэл гарах ёстой юу. Үгүй. Бухимдал л гарна. Тийм учраас эрчүүдийн үйлддэг гэмт хэрэг цаашид нэмэгдэнэ. Цаазаар аваад ч нэмэргүй.

-Тэгэхээр яах хэрэгтэй вэ?

-Нийгэм судлаач, улс төрч, сэтгэлзүйч, багш нар зохих түвшинд судалгаа хийх хэрэгтэй байх. Нөгөө талаар эрчүүд маань дэлхий дахинд өөрчлөгдөөд байгаа эрэгтэйчүүдийн орон зай, хэв загвартай нийцэх хэрэгтэй болж байна. "Би заавал номер нэг байх ёстой" гэсэн дадсан зангаа орхих, үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Эхнэр ажлаа хийж байна. Би хоёр хүүхдээ, ар гэрээ хариуцсан шиг хариуцъя гэсэн эвлэрэх сэтгэл эрэгтэйчүүдэд хэрэгтэй байгаа юм. Мөн болсон болоогүй  олон сургуульд охин хүүхдээ эцэг эх нь явуулдаг. Хэрэв сургуульд явуулахгүй бол нэг хар юмтай суугаад олон хүүхэд гаргана гэж ярьдаг. Гэтэл хотод сурахаар ирсэн охидын хэдэн хувь нь чин үнэнээрээ суралцдаг бол. Цөөнгүй хэсэг нь массажист, зөөгч, угаагч гэх мэт ажил хийж, сургуульд сурч байгаа нэр зүүж байна. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, боловсролын салбарын дампуурал, гэр бүл доторх ажил үүргийн хуваарилалтаас болоод энэ бүхэн улам л буруу эргээд байна. Гэхдээ ганц Монгол ийм байгаа юм биш. Дэлхийн олон оронд энэ байдал ажиглагдаж байгаа. Харин Монголд л хэт даамжирсан хэлбэрээрээ илэрч байна гэж боддог. Энэ тохиолдолд мөнгөтэй нь гадагшаа зүтгэж, мөнгөгүй нь мөнгө олох нэрээр бас гадаадын улс орныг зорихоос өөр яахав. Гадаадад  15 жил ажиллаж байр, унаа, сургалтын төлбөрөө олсон залуус яагаад Монголдоо эргэж ирэхгүй байгаа юм бэ. Учир нь энд ирээд ажил байхгүй. Төрийн байгууллагад ажиллахын тулд авилгын системийг давах, хувийн бизнес эрхлэхийн тулд 60 гаруй хүний гарын үсгийг цуглуулах, дэлгүүр нээж ажиллуулъя гэхэд элдэв татварт дарамтлуулах гэх мэт олон асуудал тулгарна. Энэ бүх хүндрэл рүү тэд эргэж ирэхийг хүсэхгүй байгаа юм. Гадагшаа явсан монголчуудыг ирнэ гэж бодох нь одоо хоосон горьдлого болсон. 100 Монгол хүний 99 нь гадагшаа явахыг хүсч байгаа нь нууц биш. Учир нь Монголд шударгаар амьдрах боломж алга.

-Саяхан тоймч Б.Дашзэвэгтэй холбоотой нэгэн асуудал гарахад та өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Зарим хүмүүс таныг Б.Дашзэвэг гуайг өмөөрлөө хэмээн эгдүүцлээ илэрхийлж байсан?

-Хүн бүр өөрийнхөөрөө хүлээж авсан. Би хувьдаа өөрийн үзэл бодлоо монголчууд эртнээс "Хүүхэд хөгшин хүн адилхан” гэж ярьдаг байсантай холбон бичсэн. Бид хүүхдээ хангалттай харж хандаж, хүссэн бүхнийг авч өгч, зан ааш сэтгэлзүйн хувирлыг нь хүртэл анхаардаг. Тэгсэн хэрнээ хөгшид, ахмад настнууддаа хангалттай анхаарал тавьдаггүй. Яахав, ганц нэг баяраар сүү барьж орсныгоо болчихлоо гэж боддог. Гэтэл ахмадуудад олон асуудал тулгардаг. Нэгэн үе хамт олонтой явж байсан хүн тэтгэвэрт гарчихдаг. Хүүхдүүд нь сургууль соёлоо төгсөөд хүнтэй суугаад явчихдаг. Нийгэмд хэрэгтэй гэж үнэлэгдэж байсан ахмадууд маань хэнд ч хэрэггүй болчихсон юм шиг сэтгэлзүйн цохилтонд ордог. Энэ нь ч тэдний сэтгэл санаанд нөлөөлдөг. Мөн хүн бүр өөр өөрөөр өтөлдөг. Тухайлбал, миний нэг танилын аав нь хөгшрөөд ой санамжаа алдсан. Хамаатан садан, үр хүүхдээ танихгүй, өөрийгөө  хэн гэдгээ ч мэдэхгүй болсон. Бага зэрэг анхаарал сулруулахад гэрээсээ гараад алга болчихдог.  Ярьдаг ганц зүйл нь “Мөнх мундаг шүү” гэнэ. Мөнх гэдэг нь өөрөө л дөө. Бүх зүйлээ мартсан ч насаараа дуудуулж ирсэн нэр нь толгойд нь үлдсэн. Хүүхдүүд нь үүнийг  ойлгож чадлаараа асарна. Цай ууж, хоол идсэн, бие зассан гэдгээ мартчихна. Нэг удаа наадмын үеэр гэр бүлийнхэн нь бага зэрэг анхаарлаа сулруулчихсан чинь алга болчихсон. Гурав хоног хүүхдүүд нь найз нөхөдтэйгээ хайгаад байдаггүй. Бүх дэлгүүрийн үүдээр зургийг нь тарааж, эрэн сурвалжилсан. Гэтэл хорооллын супермаркетын үүдэнд нэг хөгшин байна гээд утсаар хүн ярьсан байгаа юм. Хүүхдүүд нь аавыгаа сайн арчилдаг болохоор яавч тэнэмэл гэж харагддаггүй. Тиймээс тэр хавийн хүмүүс анзаарч хооллож, ундалж байсан байгаа юм. Тухайн хөгшнийг маш олон сувгаар эрж хайж байж олсон. Үүнээс харахад хүн яаж ч өтөлж болно. Үүнийг бид таамаглах аргагүй. Хүн залуу насандаа сурсан сурцаар хөгшрөөд биеэ авч явж болно. Хүнд өсөх зовлон гэж байдагтай адил өтлөхийн зовлон гэж байдаг. Хөл, хэлд ороогүй, ээждээ “Юм идмээр байна” гэж хэлж чадахгүй үеийг өсөхийн зовлон гэдэг юм билээ. Үүнтэй адил өтлөхийн зовлон гэж бас байгаа юм. Энэ үед нь бид хөгшчүүлийгээ асрах хэрэгтэй. Насан өндөр болсон аав ээждээ анхаарал тавьж, сэтгэлзүйчид үзүүлж, ойлгож, дэмжээсэй гэсэн үүднээс би тэрхүү постыг бичсэн. Хэрэв хөгшчүүлдээ анхаарал халамж тавихгүй бол энэ байдал цаашдаа ч улам хүндэрнэ. Ахмадуудад хамтдаа цагийг өнгөрөөх орчин хэрэгтэй байна. Төр нь төвхнөхгүй явсаар байтал юун ахмад настан, хүүхдүүд, залуус гээд шийдвэр, анхаарал хүлээсэн асуудал улам бүр нэмэгдэж байна. 

-Та олон хүүхдийн ном гаргасан, өгүүллэг, яруу найргийн бүтээлүүд чинь ч алдартай. Гэтэл 2015 онд гэнэт “Хөх сарны явдал” хэмээх эротик зохиол гаргасан. Яагаад вэ?

-Би уран бүтээлээ 3-5 жилээр төлөвлөчихдөг. Хүүхдийн ном болон “Хөх сарны явдал” романаа зэрэг туурвиж эхэлсэн. Гэвч нийгмийн хүлээж авах сэтгэлзүйг тооцож хүүхдийн номоо эхэлж хэвлүүлсэн. Тухайн үед эротик роман битгий хэл, ганц хайрын шүлгийг л яруу найрагчтай нь холбон шүүмжилдэг байсан цаг. Намайг роман гаргасны дараагаар дэмжих нэгэн байхад, үзэн ядах ч хүн байна гэдгийг анхнаасаа ойлгож байсан. Би монгол зохиолч ингэж бичиж болохгүй гэж бодсон. Эхний дэвтэр дээр сэтгэлийн хөдлөлөөр хөнгөн хандсан явдал бий. Энэ номоо үргэлжлүүлж бичих үгүйгээ бодсон. Гэвч олон уншигч үргэлжлүүлж бичээч гэж хүсэлт тавьсан болохоор, мөн надад алдаагаа залруулах хүсэл байсан учраас дахиад л шүүрэн авсан даа. Одоо бараг дуусах гэж байна. Тэгэхдээ эртний монголчуудын эр, эмийн харилцаанд хандаж ирсэн хандлагыг хувь хүн болоод буддын шашин талаас нь судалсан. Олон талаас нь судалж оруулж байгаа. Энэ цагийнханд сургамжтай зүйл ч ихийг олсон. Бусдын юу гэж шүүмжлэх нь надад хамаагүй. Гагцхүү би энэ зохиолоо монголчуудыг олуулаа болоход өчүүхэн ч гэсэн түрлэг нэмэхсэн гэж бичсэн. Хятадын нэгэн алдартай эмэгтэй зохиолчийн эротик роман Хятадын ард түмнийг тэрбум болгосон гэдэг юм билээ. 

-Залуус хайр дурлалын тухай ярих хориотой үе хүртэл байсан. Магадгүй энэ нь залуусын бүрэг ичимхий болоход нөлөөлсөн байх?

-80 гаруй жилийн хаалттай нийгмээс үүдэн залуусын хайр сэтгэл хайрцаглагдаж ирсэн байдаг. Олны нүдэн дээр үнсэлцэж болохгүй, бага зэрэг богинохон банзал өмссөн охидоо биеэ үнэлэгч гэж адалдаг, бэлгийн амьдралын тухай ярьсан хүмүүсийг балиар заваан гэдэг. Хайртай охиноо ширүүхэн шиг эргүүлсэн залууг шоронд хорих нь холгүй, гэр бүл салалтыг намын үзэл суртлын хороогоор хэлэлцдэг байсан үе бий. Энэ мэтээс болоод залуусын маань бие биенээ хайрлах хайр, хайр дурлалд хандах хандлага асар их төөрөлдсөн юм болов уу гэж хардаг. Энэ сэдвээр сэтгэлзүйчид надаас илүү өгөөжтэй ярих болохоор орхиё доо.

-Таны гаргасан үлгэрийн ном хүүхдүүдэд их хэрэгтэй бүтээл болсон. Яагаад үргэлжлүүлэн туурвиагүй вэ?

-Бид өнөөдөр хүүхдүүдээ уншихгүй байна гэж зэмлэдэг. Гэтэл унших зүйлгүй байна. Тухайлбал, бухан чинээ бяруу байжээ, үхрийн чинээ чулуу аваад шидэж гэнээ гэдэг. Эсвэл 15 толгойтой атгаалжин хар мангасын тухай гэх мэт үлгэрүүдийг өнөө цагийн хүүхдүүд уншихгүй байна. Гадаадын орчуулгын үлгэрээс өөр сонголт алга. Миний хувьд яагаад энэ цагийн үлгэрийг туурвиж болохгүй вэ гэж бодсон. Эхлээд унших номыг нь хангалттай бэлтгэж өгөөд дараа нь уншсангүй гэж хүүхдээ загнах хэрэгтэй. Анх номын дэлгүүрт номоо аваачиж өгөхөд тавиурууд орчуулгын алдаатай үлгэрийн номоор дүүрэн байсан. Харин өнөөдөр  шинэлэг үлгэрийн номоор дэлгүүрүүд тавиураа чимэх болсонд талархдаг. Энэ бол миний хүсэж байсан зүйл. Би үргэлжлүүлээд үлгэрийн ном бичиж болох байсан. Гэвч миний салбар биш болохоор дахин бүтээл гаргаагүй. Миний гаргасан зургаан үлгэрийн ном энэ чиглэлийн анхны бүтээл биш. Том хүүгээ нэгдүгээр ангид байхад зориуд төлөвлөж, бүх хуудсыг нь тооцоолон зурж байгаад “Нарантуул” захаас туулай, бамбаруушны зурагтай даавуунууд авч билээ. Тэр даавуугаараа чихмэл ном буюу зургаан хуудастай бандгар ном оёж байлаа. Бамбарууш, туулайны зурагтай, зарим нүүрэндээ жижиг халаастай. Түүнд нь 0-10 хүртэлх тоонуудыг цаасан дээр хэвлээд хийсэн. Манай хүүгийн анги 26 хүүхэдтэй байсан. Тэдэнд зориулж бэлтгэсэн нөгөө чихмэл номоо хотоос Говь-Алтай руу шуудангаар явуулж байлаа. Энэ бол өөрийн сонирхлоор хийж хүүдээ болон хүүгийнхээ ангийнханд хүргэж байсан миний анхны хүүхдийн ном. Тухайн үед найзуудынхаа хүүхдүүдэд бас илүү тоогоор хийж өгсөн. Дуучин Сараагийн хүү Эрхмээд шинэ жилийн өмнөхөн өгснөө  санаж байна.

-Таныг Японд амьдарч байсан тухай сонссон. Ер нь гадаадын улс орнуудаар хэр их аялсан бэ?

-Японд олон улсын сэтгүүлч, зохиолчидтой хамт чуулж, хоёр сарын сургалтад суун, илтгэл тавьж, газар үзэх боломж надад олдсон. Тухайн үед Японд хоёр сар ганцаараа амьдарч, 21 орны өөр аялгатай англи хэлээр ярьдаг хүмүүстэй уулзсан. Орчноо солих сонирхолтой байсан. Нэг их махассанаа санадаг юм. Нэг хоолны газар ороод бууз хараад "Буузы, буузы" гээд зургийг нь заагаад захиалсан. Гэвч ногоотой байж таарсан /инээв/. Өдөр болгон миний амьдарч байсан газрын үүдэнд нэг эмээ ирж өндөг зардаг байсан юм. Эмээгээс өндөг аваад хайруулын таваг байхгүй болохоор дандаа чанаж иддэг байж билээ. Сүүлд тооцоод үзэхэд сэтгүүлчийнхээ ажлын дагуу 10 гаруй орноор аялсан байсан. Улс орон бүрт очихдоо номын дэлгүүрээр нь орно. Тэгэхдээ дандаа хүүхдийн номыг сонирхоно. Ямар утга санаа өгүүлж байгаа гээд л зураг, хэвлэлтээсээ эхлээд сонирхол татна. Очсон газар болгоноосоо ном авна. Нэг мэдэхэд л гэрээр дүүрэн зарим нь огт ойлгох аргагүй япон, араб зэрэг гадаад хэлтэй номуудтай болсон байсан. Гэхдээ хүүхдийн л ном болсон хойно ойлгомжтой. Бүх дэлхийн хүүхдүүд нэг хэлтэй юм шиг л. Хөвгүүдээ том болсон хойно ах дүүсийн хүүхдүүддээ тараагаад өгчихсөн.

Би уйдамхай болохоор дандаа өөр зүйл рүү тэмүүлдэг

-Та шинийг эрэлхийлж, шинэлэг зүйлсийг турших дуртай байх?

-Дуртайдаа биш би зүгээр л уйдамхай. Уйдамхай болохоор дандаа өөр зүйл рүү тэмүүлдэг. Хүн дандаа нэгэн хэвийн зүйлээ хийж, нэг л тойргоор гүйгээд байвал утгагүй. Би өөрт сонин санагдсан, таалагдсан зүйлээ л хийх дуртай. Амьдралыг чанасан мах гээд бодчих. Тэр махыг юугаар хачирлаж идмээр байна. Тухайлбал, цөцгий, гоньд, будаа, чинжүү, байцаа эсвэл хан боргоцой жигнээд дээр нь тавиад идмээр байна уу. Энэ чиний л асуудал. Үүнтэй адил хүн өөрийн амьдралаа юугаар хачирлаж аз жаргалтай байлгах нь өөрийнх нь шийдэх хэрэг.

-Таныг казинод ажиллаж байсан тухай хүмүүс ярьдаг. Үнэн үү?

-Монголын анхны казино “Casinos Mongolia” гэж 1998 онд Чингис зочид буудалд байгуулагдаж байсан. Тэнд дилерээр ажиллаж байлаа. 1996 онд анх “Өнөөдөр” сонинд ажилд орсон. Тухайн үед Лигдэн гуай, Монхоо, Пүрэвдаш эрхлэгч гээд дандаа том акулуудын дэргэд нийгмийн томоохон асуудалтай хутгалдаад ирсэн чинь ажил амьдрал маань нэг л нүсэр болчихсон. Улс төр, нийгэм, боловсролын салбараар бичнэ гэдэг маш хүнд. Тиймээс амьдралын хэв маягаа юм уу, ажлаа өөрчилмөөр санагдаж эхэлсэн. Зөөгч, загвар өмсөгч хийж байгаа хүмүүс сайхан санагдах болсон гэх үү дээ. Байнга сурвалжлага, ярилцлага хийж, нийгмийн сэдвүүдээр бичих нь хүний бодол, сэтгэхүйг нүсэр болгодог юм билээ. Гэтэл “Casinos Mongolia”-д англи хэлний мэдлэгтэй дилер авна гэсэн зарлал олж харлаа. Тухайн үед хамт ажилладаг байсан охинтойгоо очиж шалгалт өгөхөд тэнцсэн. Дилерийн ажлын цаг нь орой эхэлдэг байсан болохоор “Өнөөдөр” сонин дээрээ 9 цаг гээд очиж өдрийн сурвалжлага гэх мэт ажлуудаа амжуулаад, орой 18, 20 цаг гээд казино дээрээ очиж дилерийнхээ ажлыг хийдэг байлаа. Яг тэр амьдралын хэмнэлээр жил шахам ажилласан.


-Тухайн үед тэгж их ачаалалтай ажиллаад ядарч байгаагүй юу?

-Тэр үед бүгд тэгж ажилладаг байсан. Хэдхэн цаг унтаад ажилдаа шогшино гэдэг хэвийн үзэгдэл. Нэг удаа жүжигчин Өлзийхүүгээс ярилцлага авахаар цаг товлоход бид хоёрын цаг зөрөөд болж өгөхгүй байсан. Тэгсэн өглөө 6 цагт намайг ирж амжих уу гэсэн юм. Өглөө зургаан цагт жүжигчин Өлзийхүүгийн гэрт нь очоод ярилцлагаа авч байлаа. Тухайн үед жүжигчин Өлзийхүү тоглолт, зураг авалт бэлтгэл гээд завгүй. Би сонин, казино гээд бас завгүй байсан. Завгүй хүүхнүүд өглөө 6 цагт уулзаж ярилцлага хийж байлаа. Нийгэм нь өөрөө зав чөлөөгүй байсан гэж боддог.

-Таныг казинод ажиллаж байхад буутай хүн казиног сүрдүүлсэн явдал болж байсан гэсэн?

-Зах зээлийн нийгэмтэй танилцаж амжаагүй, казинод мөрийтэй тоглоом тоглох сэтгэлзүйн бэлтгэлгүй байсан монголчууд гэнэт казинотой болсон. Казиногоос болоод маш олон айл хохирсон. Олон өрх байр, машинаа алдсан. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёулаа  Цагаан сараар хүртэл казинод тоглоод харьдаггүй үе хүртэл байсан. Тэгээд яахав, хүн чинь байгаа бүх зүйлээ казинод алдахаар бухимдаж эхэлнэ. Тухайн үед намайг ээлжгүй байхад нэг залуу казиногийн хамгаалалтыг нэвтэрч орон “Би орох оронгүй, унах унаагүй боллоо. Та нар одоо ханаж байна уу. Би бүх зүйлээ алдлаа. Танай казино миний хохирлыг төл” гэж буу гаргаад тааз руу буудаж байсан гэж сонссон. Энэ үед Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр АН-ын "казино" Энхбаатар тэргүүтэй нөхөд өргөн барьж байсан үе. Хууль нь батлагдаагүй байхад хоёр ч казино Монголд ажиллаж байсан. Хууль батлагдаагүйн улмаас энэ хоёр казино хаагдсан түүх байдаг.

-Одоо ч гэсэн казино байгуулах асуудлыг хөндөж байгаа. Энэ тухайд таны бодол?

-Казинотой болохын тулд ард түмний сэтэглзүйг бэлдэх хэрэгтэй. Машин, байрны зээлтэй хэн нэг нь ганц орой тоглоод л зээлээ дарах мөнгө олчихно гэж бодож, илүү их алдаж, хэрэг төвөгт орооцолддог. Казинотой болчихвол Монгол эдийн засгийн хямралаас гарна гэж байгаа. Энэ бол худал. Монголд байгуулагдсан казинод хэн ирж тоглох вэ. Утаатай Улаанбаатарт ирж утааг нь үнэрлээд казинод тоглож байх гаднынхан хаана байна. Энэ аймшигтай бөглөрлөөс гадаадынхан байтугай монголчууд өөрсдөө зугтаж байна. Мөнгөтэй нь гадаад руу зугтаж байна. Яахав, яарч болсон болоогүй казино нээе гэж бодъё. Орос, Хятадаас ирж тоглох л байх. Харин энэ талын ойлголт муутай монгол залуус нь байгаа бүхнээ алдана. Алдсанаасаа болж хямарна. Хямарснаасаа болоод хэрэгт орооцолдож, амиа хорлох, хар тамхинд орох гэх мэт нийгмийн хар бараан, сүүдэртэй тал нэмэгдэнэ гэж боддог. Казино нь зөв газраа өгөөжтэй. Гэвч бид тэр өгөөжийг хүртэх хэмжээнд улс орноо бэлдэж чадаагүй байна.

-Үхэхийн цагт хэдэн тэрбум доллараар тоологдох мөнгөтэй байлаа гээд оршуулгын газрын хамгийн баян хүүр болох уу-

-Та өнөөгийн улс төрийг юу гэж боддог вэ. Ард иргэд их ч шүүмжлэх юм. Гэвч ямар ч өөрчлөлт алга. Гэтэл сүүлдээ ганц Хурц гэдэг хүнээс төрийн түшээд айх боллоо гэж ярьж байна?

-Хурц өөрөө хариулбал их бодитой хариулт болох байх. Гэхдээ ганцхан хүнээс бүгд айгаад, чичирч, ухаан алдах гэж байгаа бол хохь нь гэж хэлье. Төр төвхнөхгүй байна гэж ярьж байна. Тэгвэл энэ төрийг ард түмэн өөрсдөө сонгосон. Монголчууд ходоодоороо сонголт хийдэг үе байсан. Тэр үеэ даван туулсан. Гэвч эргээд ходоодоороо сонголт хийдэг үе рүүгээ орж байна. Энэ бол яах аргагүй ухралт. Мөн иргэдийг хохироодог, авлига авдаг, мөнгө угаадаг хүмүүс ханаж цадахгүй байна. Яагаад ханаж цадахгүй байна вэ. Ямар их зүйлийг шингээж, нааш цааш нь гүйлгэдэг юм. Ханаж, цадах мэдрэмж нь хаачаа вэ гэж их гайхдаг. Үхэхийн цагт хэдэн тэрбум доллараар тоологдох мөнгөтэй байлаа гээд оршуулгын газрын хамгийн баян хүүр болох уу. Ядуу байгаад үхлээ гэхэд оршуулгын газрын хамгийн ядуу хүүр болох уу. Би хувьдаа энэ нь бидний нүүдэлчин араншинд байдаг болов уу гэж боддог. Бид жилийн дөрвөн улиралд нүүж амьдардаг байсан ард түмэн. Энэ миний хоймроо залдаг эрхэм судар, аавын минь үлдээсэн авдар ч юм уу, дахин давтагдашгүй гайхалтай сайхан эдлэл хэрэглэл юмаа гээд бэлгэдлийн чанартай эд зүйлээ ачаад нүүх боломж байгаагүй. Яг өнөөдрийн хэрэгцээтэй байгаа тогоо, шанага, гэрээ аваад л нүүж байсан. Бусдыг нь бүгдийг хаясаар ирсэн. Одоо бидний дулаан байшинд суугаад арай ядан туулж байгаа тэсгэм хүйтэн өвлийг тэр үеийн монголчууд яаж давж байсан юм бол оо. Тэрхүү хүнд хэцүү түүхтэй холбоотой юм болов уу гэж боддог. Үүнээс үүдэн үнэлэх зүйлгүй, цадаж ханах мэдрэмж байхгүй болсон болов уу гэж боддог. Нөгөө талаасаа хөрөнгөтэй байж үзээгүй ард түмэн гэнэтхэн л өмч хувьчлал руу орсон. Өндөр албан тушаалд очиход доод албаныхан нь мөнгө бариад ороод ирдэг нийгэм рүү орсон. Юу ч үгүй байсан хүн гэнэтхэн их хөрөнгөтэй болохоор олдсон бүх зүйлийг шүүрээд хураагаад, хураагаад байдаг. Хөрөнгөө тоймлож чадахгүй болтлоо хураадаг юм биш үү. Тийм болохоор цадах мэдрэмж гэж байдаггүй юм болов уу. Бас нэг зүйл нь айдас. Нийгэм ороо бусгаа байгаа болохоор өнөөдөр өөрт нь байгаа бүхэн юу ч биш юм шиг санагддаг байж болох юм. Хэзээ нэгэн цагт алдах юм шиг айдсаасаа болж, түмний хөрөнгийг идэж суудаг юм болов уу. Сүүлийн хоёр гурван жилд гарч байгаа өөрчлөлт нь энэ идэж байгаа хүмүүс нь ядаж айдаг болж байна. Унаж байгаа унаа, амьдарч байгаа орон байраа олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байх боллоо.

-Та сая Монголчууд ходоодоороо санал өгдөг болсон гэлээ. Энэ байдал юун дээр ажиглагдаж байна вэ?

-Хөдөө орон нутагт очиход “Очоод саналаа өгмөөр л байна. Гэвч мотоцикл асахгүй” гэнэ. Асаагаад өгчихлөө гэхээр “бензин байхгүй” гэж хэлнэ. Бензин хийгээд өгөхөөр “Гол гаталж чадахгүй” гэнэ. Нэр дэвшигч нь машин тэргээр сонгогчийгоо гол гатлуулж сонгууль өгүүлдэг. Сонгогч, нэр дэвшигч хоёрын хоорондын ялгаа хэт ихэссэний хамгийн тод жишээ энэ. Хүн бүр дороо бодолтой суурьтай байж, өнөөдрийн нийгэм, улс орон үр хүүхдэд минь үлдэнэ гэдгийг ойлгож, өөрөөсөө эхлээд цэгцэлж амьдрах хэрэгтэй. Улс орон гэдэг хэзээ эвдэрч унах нь мэдэгдэхгүй морин тэрэг шиг болжээ.

-Ард түмэн төрийн тэргүүнээ аль хэдийн сонгосон. Энэ сонголт хэр оновчтой байсан гэж та харж байна?

-Баттулга гэдэг хүнийг ард түмэн сонгосон. Гэхдээ АН нөгөө л сонгуульд авдаг 40 орчим хувийн саналаа л авсан. Энэ бол баярлаад байх мэдээ биш. Гэвч олонхийн сэтгэлзүй, итгэл найдвар, горьдлого дээр энэ хүн гарч ирсэн. Хүрэлсүхийг ч мөн ард түмэн сонгосон. Ард түмэн энэ хүнийг юм хийнэ гэж итгэж найдаж, тал талаас нь дэмжиж гаргаж ирсэн. Нийгмээрээ долгилж байж энэ хоёр залууг сонголоо. Одоо бид үр дүн хүлээж байна. Гэхдээ хоёр морь уначихаад түрүүлсэнгүй гээд балбаад байж болохгүй. Хөгжилд хүрэхийн тулд, энэ хоёр хүндээ дэмжлэг болохын тулд хууль зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг засаглалын ойлгомжгүй байдалд Ерөнхий сайдаар бурхан, бумба заларч буугаад ч, Ерөнхийлөгчөөр Баттулга байтугай Очирваань, Майдар хоёр сонгогдож, төрийн арслантай тамгыг атгаад ч урагшлахгүй. “Том Жэрри” гээд хүүхэлдэйн кино шиг бие биенээ хөөж гүйсээр 30 шахам жилийг барлаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн гурван дүртэй энэхүү сериал хэзээ ч дуусашгүй, хэдэн зуун ангиар үргэлжлэх кино юм даа.

-Сонголт хийхэд иргэдийг дарамталдаг. Аль нэг намаас ажлаас нь хална гэж сүрдүүлэх тохиолдол ч бий. Ийм байхад яаж зөв сонголт хийх вэ?

-Өнөөдөр бид төрийг буруутгаж байна. Гэвч энэ бидний сонгосон сонголт. Бид шударга бус байдалтай тухай бүр тэмцэх хэрэгтэй. Зөв гэсэн сонголтоо хийх хэрэгтэй. Дарамталсан бол дарамталсныг нь мэдээллийн хэрэгслээр зарлах хэрэгтэй. Яагаад айж, гэлбэлзээд, гэм хийсэн юм шиг хойш суугаад байна. Зүрх зориг хаана байна. Хэрэв та тэгж чадахгүй бол таны өнөөдөр үүрч байгаа дарамт үр хүүхдэд чинь үлдэх болно. Хойч үе маань илүү их дарамтыг туулах болно. Энгийн жишээ гэхэд эцэг эхчүүд багшийг шүүмжлэхээс айж байна. Учир нь хүүхдийг нь дарамтална, илүү үзнэ гэж айдаг. Үүнтэй адил өнөөдөр өөрт чинь тулгараад байгаа авлигал, албан тушаалын дарамт, намын харьяалал даган орж ирж байгаа бэртэгчин байдлыг дэлгэн тавьж зарла. Хэрэв тэгэхгүй бол таны өнөөдөр амсаж буй зовлонг үр хүүхэд чинь хэд дахин нэмж туулна гэдгийг санах хэрэгтэй. Эрх чөлөө, эрх ямба, хөрөнгөө алдаад ч гэсэн дор бүрнээ шударга байж чадвал энэ нийгмийн идээ бээр нь тухай, тухайн газраа шахагдах болно. Энэ зарчмыг би сэтгүүлчийнхээ хувьд ч баримталдаг. Энэ улс орон миний үр хүүхдэд үлдэнэ. Өнөөдрөөс хэд дахин хүнд нийгмийг миний хүүхэд итгэлээрээ шаналж, зүрхээрээ бэтгэрч туулах болно. Бид хэдхэн төгрөгөөр худалдагдах болгондоо, шударга бусын төлөө дуугүй өнгөрөх бүрт үр хүүхдэдээ асар хүнд ачааг үлдээсээр байгаа гэдгээ санах хэрэгтэй. Хүн болгон дуугарч, шударга байж, уншиж боловсорч байж энэ хямралын ард гарна.  Ард түмэн нь төрөө болсонгүй, чадсангүй, идлээ гэж шүүмжилж чичилдэг. Гэвч яг үнэндээ бүх шатанд бид өөрсдөө шударга бусын намагт шагайгаа хүртэл живчихсэн. Түүнтэйгээ тэмцэж чадахгүй, боловсрохгүй байна. Нэг жишээ хэлье л дээ. Хүүхдүүдэд хандив цуглуулах нэрийн дор тансаг хүлээн авалт хийж байгаа хэсэг хүн байна. Тэгж илүү зарлага гаргаж, хэлбэр загвар хөөцөлдөлгүй, жүжиглэлгүйгээр зорьсон зүйлээ л хүүхдүүдэд өгөх хэрэгтэй. Энэ мэт бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөх хэрэгтэй олон зүйл байна. Төрдөө бурууг үүрүүлж байхаар өөрсдөөсөө эхлээд өөрчлөлтийг хийе.

-Фэйсбүүк ашигладаггүй хүн гэж өнөө үед бараг байхгүй. Ялангуяа бага насны хүүхдүүд фэйсбүүкийг идэвхитэй ашигладаг. Та хүүхдэдээ фэйсбүүк ашиглахыг зөвшөөрдөг үү?

-Хүүхдээ 15 нас хүртэл фэйсбүүк нээж өгөх хэрэггүй гэж боддог. Өөрөөр нь хүмүүжүүлж, хийх зүйлтэй байлгах хэрэгтэй. Хүүхдүүд фэйсбүүкт бүгд л алдаатай бичиж, цагаа хэрхэн өнгөрөөж байгаагаа постолж, ахмад хүмүүсийн буруу үлгэр дууриалал үзүүлэхээр постуудыг харж байна. Эгчмэд, ахмад хүмүүс рүү балчир хүүхдүүд мессенжерээр захиа бичиж байна. Хүүхдээ сошиал ертөнцөд эрт оруулснаар бусдын мэдэлд өгч байна гэсэн үг. Таны хүүхэд юунд дурлаж, хэнийг дагаж, ямар үг хэллэгийг сонсож байгааг мэдэх аргагүй. Хүүхдүүд ямар мэдээллийг шүүж авахаа мэдэхгүй. Тиймээс цахим ертөнц гэдэг зүйлийг бид нуруутай угтаж, хөрсөн дээрээ буулгах хэрэгтэй. Түүнээс биш юм үзээгүй юм шиг үхэхээ мэдэхгүй хөрөнгө хурааж, гэр бүлээрээ фэйсбүүкт донтон амьдрах ямар хэрэг байна. Манай бага хүүд одоо ч фэйсбүүк байхгүй. Инстаграммийн хуудастай. Би хааяа инстаграмм руу нь орж хардаг юм. Далай ламын хэлсэн үг байдаг даа. Өтлөхдөө жаргая гэвэл үрээ сайн өсгө гэж. Бид шинэ цагийн монгол хүнийг бэлтгэх үе ирээд байна. Ээж, аав, гэр бүл, багш, олны танил хүмүүс, балчир үрсүүдтэйгээ, хог түүдэг хүмүүстэйгээ, ажилтай ажилгүй иргэдтэйгээ хамт шинэ цагийн шинэ монгол хүнийг төлөвшүүлэхэд зүтгэх цаг хүссэн хүсээгүй тулж ирлээ. Хэрэв тэгэхгүй бол энэ газар нутаг дээр толгой нь хоосон, монгол гэх хэдэн залуус,  ашиг хонжоо хайсан эсвэл амьдрах газар хайсан гаднын хүмүүс амьдарч, Монгол хэмээх нэрийг төлөөлөх болно. Аливаа зүйлд цаг үе гэж байдаг. Тухайлбал, Их хаадын үе, бага хаадын үе, Манжийн дарлалын үе, хувьсгалын үе, ардчиллын үеүдэд монгол түмэн өөрийнхөөрөө зохицож, улс орны цохилох зүрх болон амьдарсаар ирсэн. Тиймээс яг энэ цаг үеэ дагасан хувьслын хуулиар одоо шинэ үеийг төлөвшүүлэх шаардлага бидэнд ирээд байна.

-Та өмнөх үеийнхний тухай дурсамжаа хуучилж болох уу. Яруу найрагч Дашбалбар багшийнхаа тухай дурсан яривал ямар вэ?

-Дашбалбар багш дөрвөн жилийн турш манай Дорно дахины утга зохиолын их сургуульд Өрнө дорнын утга зохиолын хичээл заасан. Өдөр болгон хоёр цаг орно. Дашбалбар багш маань тухайн үеийн оюутан бидний амьдрал руу гал дөл, үзэл бодол, өөрийн уран бүтээлтэйгээ орж ирсэн хүн. Надтай хамт сурч байсан оюутнууд ч санал нийлнэ. Дашбалбар багш бол Монголын утга зохиолын түүхэнд зөвхөн яруу найрагч гэдгээрээ биш, яруу найраг дахь гүн ухаан гэдэг утгаараа үлдсэн гэж боддог. Энэ хүнээс би өөрийнхөөрөө бичиж сурсан. Яруу найраг, зохиолд хандах хандлагаа өөрийнхөөрөө бойжуулж чадсан. Зохиолоо дураараа бичих боломжийг бидэнд олгосон. Багш маань зөвхөн Сергей Есениний намтрыг нь заагаад өнгөрч болох байсан. Гэтэл тэр хүний зан ааш, амьдралд хандах хандлага, үхэл, шүлгүүддээ өөрийгөө илэрхийлсэн хэлбэр, Сергей Есениний мэдрэмж, гал шиг шатаж өнгөрөөсөн залуу насны амьдралыг тэр чигт нь бидний оюун бодлын дэнсэн дээр авчирч тавьдаг байсан. Үүнээс би өөрийнхөөрөө, дураараа бичиж туурвих хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ нь надад урам зориг өгсөн.


-Таны нэг ярилцлагыг уншихад  та хийж бүтээсэн зүйлтэй болсон цагтаа л О.Дашбалбар гуайн шавь нь гэж бардам хэлнэ гэсэн байсан. Одоо шавь нь гэж бардам хэлэх үү?

-Утга зохиолын салбарт нэг хандлага байдаг. Би тэр, энэний шавь гэж багш нараараа гайхуулдаг хэрнээ өөрсдөө хүний өмнө гаргаад тавьчих бүтээл байдаггүй. Багшийн нэр хүндэд дулдуйдаж, агуу том, аугаа гэдэг үгийг олон хэрэглэдэг хүмүүс байна. Монголчууд Дулдуйтын Равжаа, Цогт Хунтайж, Хуульч Сандаг, Дашдоржийн Нацагдорж, Бэгзийн Явуухулан, Очирбатын Дашбалбар нарыг уран бүтээлүүдтэй нь  шүүн тунгаагаад авч үлдэж чадсан ард түмэн. Тэгэхээр ард түмний энэхүү он цагийн шүүлтүүрээр Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв шиг үлдэхийг хүсвэл өөрийн гэсэн бүтээлтэй байж, туурвих хэрэгтэй байх. Ширээний ард суугаад нүсэр зохиол, нийтлэлүүдтэй зууралдана гэдэг бол амар зүйл биш. Бусад хүмүүс наргиж, цэнгэж, амарч байхад, толгойд гэнэт ороод ирсэн шүлгээ буулгаж суух нь бас тийм ч таатай биш юм. Уран бүтээлчийн амьдрал гэдэг өөр. Энэ амьдралаар амьдарч, бүхнийг туулсан цагтаа би тэр хүний шавь гэдгээ нүүр бардам хэлэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл Дашбалбар гэдэг хүний нэр алдарт дулдуйдаж Эмүжин гэдэг хүн бий болох нь чухал биш гэдэг утгаар нь хэлсэн үг л дээ.

-Та багшийгаа давж чадах болов уу?

-Би давах давахгүй тухай ярьмааргүй байна. Учир нь зохиолч болгон өөр өөрийнхөө цаг үед зохиол бүтээлээ туурвисаар байдаг. Би энэ яваа насандаа хоёрхон хүнд л атаархаж байсан. Нэг нь Мадонна. Би хоёр сайхан хүүтэй хүн. Тиймээс Монголын хүүхдүүдэд буян болоод үлгэрийн ном гаргая гэж бодож, мөрөөдөж явсан. Гэвч ажлын хажуугаар амжихгүй, нөхцөл боломж нь бүрдэхгүй, олон жилийг алдсан. Гэтэл Мадонна маань зургаахан сарын дотор үлгэрийн зургаан ном гаргачихсан. Тэгэхэд би Мадоннад атаархсан. Мадоннагийн ард 100 шахам хүнтэй баг, редактор, продюссер, менежментийн баг ажилласан. Харин би хоёр хүүтэйгээ, зургийн ангийн гурван оюутантай хамтарч номоо гаргасан. Цаг хугацааны хувьд минийх оройтсон. Тэгээд л би атаархсан. Хоёр дахь нь болохоор намайг сургууль төгссөний дараа Дашбалбар багшийн “Оюун санааны яруу найраг” гэдэг ном хэвлэгдсэн. Энэ ном яруу найргийн талаарх ойлголтыг шинэ түвшинд гаргасан уран бүтээл болж чадсан. Багшийн минь бүтээл зүгээр нэг шүлгийн ном байгаагүй. Өнөөдөр мөр холбодог хэн ч шүлгийн ном бичиж чадна. Харин "Оюун санааны яруу найраг" тэс өөр түвшинд туурвисан бүтээл байсан. Монголын яруу найргийн сэтгэлгээг өөр түвшинд гаргаж ирсэн гэдгийг онцолмоор байна. Тэгэхэд би өөрийн эрхгүй Дашбалбар багш яаж ингэж агуу байж чадав аа, би ийм байж чадах болов уу гэж бодсон.

-Таны шүлгүүдийг уншихад уянгалаг хэрнээ тэрслүү, зөрүүд хандлага ажиглагддаг?

-Уншиж байгаа хүн өөрөөсөө асуух хэрэгтэй байх /инээв/. Хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаа мэдэх аргагүй. Нэг жишээ авъя. Чиний өмнө дандаа шар өнгийн цаас тавиад байя. Тэгвэл чи тэр цаасыг шар гэдгийг нь ч анзаарахаа болино. Сүүлдээ тэр шар өнгө чиний хувьд утгаа алдана. Тэгвэл яг зэрэгцүүлээд хар, цагаан цаас тавья. Тэгэхэд чи тэр шар өнгийн цаасны утгыг олж харна. Үүнтэй адил хэдхэн мөр шүлгэнд тухайн хэлэх гээд байгаагаа санаагаа уншигчдад хүргэхийн тулд зэрэгцүүлж, сөргөлдүүлэх, бодлогошрол үлдээх зэрэг аргыг хэрэглэж болно. Хоёрдугаарт миний сэтгэлзүйн онцлогтой холбоотой байх. Яагаад гэвэл би аливаа зүйлийг хэтэрхий олон талаас нь боддог.  Миний олон талаас хардаг өнцөг маань шүлгүүд дээр минь ажиглагддаг байх. Мөн би бүтээл болгон дээрээ уншигчдад бодох орон зай үлдээхийг хүсдэг. Дүгнэлтээр бүтсэн дөрвөн мөрт шүлгийг уншигчдад хүргэхэд бодох орон зай үлддэггүй. Уншигч уншаад л үзэл бодлоор балбуулаад үлддэг. Бодох орон зайг үлдээсэн шүлэг, нийтлэлийг уншигч уншихад зохиолчид төрж байсан сэтгэгдлүүдийг бодож, зохиолчтой хамт амьдарч, зөрчилдөх боломж үлддэг. Би ер нь бусдад тулгах дургүй. Энэ бол оюун санааны харгислал.

-Та эхнэртэй хүнд дурлаж байсан уу. Шүлгэнд тань тийм агуулга их байдаг?

-Үгүй. Уншиж байгаа хүний хэрхэн хүлээж авахаас л шалтгаалж байгаа байх. Эмэгтэй хүнийхээ хувьд  баримталдаг гол зарчим надад бий. Нүүр бардам хэлэхэд би эхнэртэй эрчүүдээс хол явдаг. Цаашдаа ч тийм байх болно. Тэгээд ч Эмүжин гэдэг чинь хоёрдмол, нууцлагдмал байж чадах хүн мөн үү, миний тэвчээр хүрэхгүй.

-Нууц амраг гэж байх ёстой зүйл үү?

-Хажуудах ханиа зовоохгүй ухаантай зохицуулаад явдаг хүмүүс байдаг байх. Заримд нь тийм хэрэгцээ ч байж болох юм. Эхнэрээсээ олж харж чадахгүй байгаа зүйлээ өөр нэгэн эмэгтэйгээс олж хараад эвтэйхэн зохицуулаад явдаг хүмүүс ч байдаг л байх. Би энэ амьдралыг туулаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Иймэрхүү харилцаанаас болоод өнөөдрийн нийгэмд ойлгомжгүй олон зүйл үүсч байна. Тэгэхээр тухайн хүний сэтгэлзүй, амьдран буй орчин, сонголт, ухаанаас хамаарна. Хэрэв тийм харилцаа байгаа бол ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш хоёр, гурван гэр бүл дамнаж үймүүлэн, үр хүүхдээ нус нулимстай нь хутгаж, түүнээс болоод эхнэр нь нөхрөө хардаад аминд нь хүрсэн тохиолдол ч бий. Тийм байдалд хүртэл даамжруулалгүй авч явж чадахгүй бол энэ харилцаа огт хэрэггүй.

-Удирдлагадаа ажилладаг сэтгүүлчийг биеэ үнэлэгч шиг амьдруулж байгаа бол тэр нь эздийн буруу-


-Өнөөдрийн нийгмийн олон бусармаг асуудлыг сэтгүүлчид худалддагтай холбож ярьж байна?

-Үнэхээр сэтгүүлчид худалдагдаж байгаа. Тэгвэл сэтгүүлчид яагаад худалдагдаад байна. Тэдэнд байр, машины зээл нь дарамт болж байна. Өглөөний 8 цагаас шөнийн 10 цаг хүртэл ажилладаг. Мөн улсын баяр наадам, осол, гамшиг гэх мэт үед зөвхөн сэтгүүлч үзэг, микрофоноо бариад ар гэрээ мартан мартан зогсож байдаг. Ийнхүү хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Гэвч сэтгүүлчийн цалин үүрч буй ачаа, хариуцлагатай нь харьцуулахад дэндүү бага байгаа.  Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн рекламаар л орлого олдог. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгүүлчдэдээ өгөөмөр загнаж чадахгүй байна. Тиймээс сэтгүүлчид худалдагдаж байна. Нийгмийн оюун санаа руу мэдээлэл цутгаж байдаг чухал алба учраас сэтгүүлчдэд худалдагдах байтугай алдах эрх байхгүй Тиймээс сэтгүүлчдийнхээ нийгмийн байдалд бодлогоор анхаарал тавих хэрэгтэй.  Цаашдаа сэтгүүлчид худалдагддаг, түүний хэрээр монголчуудын оюун санааны цөм рүү гаднын сонирхол асар ихээр орж ирж, зөрчил үүсгэдэг байдал даамжирна. Тиймээс сэтгүүлчдээ хангалттай сайн цалинжуул. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь мөнгө олж байгаа бол, оршуулгын газрын хамгийн баян хүүр болох гээгүй бол сэтгүүлчдээ хангалттай цалинжуул гэж хэлмээр санагддаг.  Сэтгүүлчийн амьдралыг өөрийн биеэр туулсан хүний хувьд хэлж байгаа юм. Цалин гэдэг өөрөө хэвлэлийн эрх чөлөө болсон. Хэрэв сэтгүүлчээ хангалттай цалинжуулж чадахгүй байгаа бол тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээ татан буулга. Барууны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоймчид гэхэд 5000, 8000 доллараас дээш цалингаар үнэлэгддэг. Амьдралынх нь бүх зүйл баталгаатай. Тэдэнд худалдагдах шалтгаан байхгүй. Дэлхий ертөнцийн хаана ч явж байсан нийтлэлээ ажиллаж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүүгээ мэйлээр илгээчихдэг. Цалингаа картаар авдаг. Гэтэл манай Монголын сэтгүүлчид тийм байж чадахгүй байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, таксины мөнгө хүнээс зээлж, сурвалжлага, нэвтрүүлгээ бэлдэж байна.  Ийм тохиолдолд яаж улс орон, нийгмийн оюун санааны сахиур байж чадах вэ. Хэвлэлийн салбар уналтад орж, сэтгүүлч хүний нэр хүнд юу ч биш боллоо. Сэтгүүлч хүнийг гуйлгачин, биеэ үнэлэгч шиг амьдруулах гэж энэ томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулаа юу. Удирдлагадаа ажилладаг сэтгүүлчийг биеэ үнэлэгч шиг амьдруулж байгаа бол тэр нь эздийн буруу. Тэр тусмаа энэ салбар руу халин орж ирсээр байгаа бизнес болон улстөрийнхний буруу. Сэтгүүлч хүн түрээсийн байранд амьдардаг, хоногийн бор хоолоо арай ядан залгуулж байвал хэвлэл мэдээллийн салбар худалдагдсаар л байх болно. Хэвлэлийн эрх чөлөөний хуультай байгаад  ч нэмэргүй .

- Ярилцсан танд баярлалаа

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 29 )

зар [ 202.21.106.113 ]      |     12-р сарын 12 -нд, 04:35 минутанд

Тэц-4 урд зам дагуу үйлдвэр 1 га газартай нь хамт зарна 88145555

Хотын залуу [ 43.228.131.110 ]      |     12-р сарын 07 -нд, 05:22 минутанд

Балдоржид хайртай байсан гэдэг. Яагаад болохгүй гэж.

saihan [ 66.181.184.248 ]      |     12-р сарын 06 -нд, 07:51 минутанд

ene emegtein yariltlagiig hezee ch unshsan bugd l sonirhol tatah yumaa.ali ch hevleld yariltslaga ugsun ,post oruulsan bug l ondoo ondoo..hezee ch uidahgui..esvel asuultaa ooroo belddeg yum bolov uu gemeer..gehdee medeej ugui baih l da.

МОНГОЛЖИН [ 103.10.21.86 ]      |     12-р сарын 05 -нд, 05:45 минутанд

УХААЛАГ САЙХАН БҮСГҮЙДЭЭ САЙН САЙХНЫ ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Зочин [ 66.181.166.134 ]      |     12-р сарын 05 -нд, 02:25 минутанд

Өлөн Сэтгүүлчид гэдэг нэр яааг таарна. Учир нь том том хэвлэл, мэдээллийн байгууллагууд сэтгүүлчиддээ гуйлгачин шиг цалин өгдөг. Өгдөг ч гэж дээ бөөн асуудал болно. Удирдлагадаа хэн илүү матаа хийж, бөгс долоож гүйнэ, тэдэнд арай илүү цалин өгнө. Ажлын төлөө гүйдэг, олон жилийн туршлагатай, хариуцлагатай, нүдэн дээр нь үнэнийг нь хэлчихдэг сэтгүүлчийг тухайн дарга нэг нүдээрээ ч харахгүй ккккк. Өлөн сэтгүүлчийн зовлон ийм л бдаг

Жагаа [ 202.21.119.46 ]      |     12-р сарын 04 -нд, 19:14 минутанд

Ямар ч ухаантай юм.мундаг эмэгтэй юмаа.хэлэх ч үг алга.

Дэмжигё [ 103.229.121.56 ]      |     12-р сарын 04 -нд, 11:41 минутанд

Үнэн байхаа. Нөгөө хүүхэд хүчинддэг, гаж донтон Дашзэвэг өвөөд л лав хайртай байсан гэсэн дээ, хөөрхий минь.

зочин [ 202.9.41.233 ] 12-р сарын 04 -нд, 13:27 минутанд

энэ пост бичсэн хүн солиотой байхаа а үгээ бодооч тэнэгэээ

зочин [ 27.123.212.137 ]      |     12-р сарын 04 -нд, 10:21 минутанд

Энэ жилийн Болор цом-”д санаатай байх. Яагаад асуусангүй вэ

Teneglel [ 103.229.123.131 ] 12-р сарын 04 -нд, 12:10 минутанд

Emujin metiin uwurmuts zaluu setgelgeitei zohiolchod Bolor tsom metiin hotsrogdson dood tvwshnii temtseend ordoggvi ymaa! Anhnaasaa ch ordoggvi baisan! Bolor tsomiig tiim hvndtei shagnal gej bodoh hereggvi

Saikhan [ 183.177.101.107 ] 12-р сарын 05 -нд, 02:13 минутанд

mash saikhan yariltclaga bolson bn.Zub bodolyoi hun yumaa

batjargal [ 66.181.184.90 ] 12-р сарын 05 -нд, 02:40 минутанд

ta nadruu zaaval hariu uguurei.erhiilugchiin songuulid hend ugsun be

Zochin [ 103.57.94.61 ]      |     12-р сарын 04 -нд, 10:17 минутанд

Zub bdoltoi hvn bn sn erchvvd zunduu bn shd setgel saitai mungu tugrug taaruu ch jinhen hani bloh hvmvvs hvntei suugaa che ehnertei erchvvd boovondoo zahiragdj amidrdg yum hania huurj bga hvn heniig ch huuran zalilan hangui hvn olj ab

Daruu negen [ 66.181.161.28 ]      |     12-р сарын 04 -нд, 09:59 минутанд

Mash saihan yriltslaga boljee bayrlalaaa

Зочин [ 103.26.195.206 ]      |     12-р сарын 04 -нд, 07:45 минутанд

Зөв . Ухаангүй чөтгөрүүд ойлгохгүй. Өөрийнхөөрөө явах сайхан. Дундыг баригч,Даргын цүнх зөөгч байсан нөхөр сайд, төрийн нарийн бичиг болж байна.

Govi Altai [ 27.123.214.106 ]      |     12-р сарын 04 -нд, 06:09 минутанд

Za Zailaa,ongorson tyyx,tyylj irsen amidaral,udam ugsaag chine medne sh dee,ichij amidar minii dyy,ER XYNIIG XYNDELJ SUR xamgiin exleed,gaah tyi,

ogi [ 82.0.97.141 ] 12-р сарын 04 -нд, 07:27 минутанд

Hun ungursun amiralaasaa turshlagajij unuudriin ” bi ”-g bii bolgodog. Mun hun udam ugsaa sain bnu? muu bnu? tuhain hunii songolt bish gol ni unuudur ene hun hen be gedeg l gol ni ! Ah huu ungursun amidral aldaagui zuv yavsan baij bolno, udam ugsaa sain baij bolno. Hedii tiim bsanch unuudur ta huniig uzel bodliinh tuluu doromjilood deerees ni nulimah setgehuitei bna ! Bas boloogui hundlel husjee. Uuruusuu ichvel yasii Govi Altai guai !

Иргэн [ 202.70.33.164 ] 12-р сарын 04 -нд, 08:12 минутанд

Маш гоё хэлжээ. Баярлалаа Имүжин

batjardal [ 66.181.184.90 ] 12-р сарын 05 -нд, 02:42 минутанд

yamar urt yartslaga be erunii zuv

и [ 27.123.212.141 ]      |     12-р сарын 04 -нд, 05:11 минутанд

дашбалбарын шавь гэхээр ямар хэрэг байх вэ дээ , дашбалбар бол таракторын тмс төгссөн тэнэгүүд, нийгмийн доод давхаргын шийтээн болсон амьтан байсандаг

зочин [ 202.9.41.233 ] 12-р сарын 04 -нд, 05:20 минутанд

энэ коммэнт бичсэн хүшн эрүүл үү

уншигч [ 66.181.178.222 ] 12-р сарын 04 -нд, 05:46 минутанд

Тракторын гээд зөв биччих. Хүнийг ингэж муулж байгаа чи ямар л олигтой байв гэж дээ

зочин [ 66.181.161.36 ] 12-р сарын 04 -нд, 05:49 минутанд

энэ комент бичсэн нөхөр сэтгэцийн өөрчлөлттэй хүн бололтой. Аугаа найрагчийг минь юу гэнэв.

Zochin [ 66.181.161.28 ] 12-р сарын 04 -нд, 10:01 минутанд

Estoi teneg bvvr doodohoosoo teneg amitan

сандаг [ 202.179.26.182 ]      |     12-р сарын 04 -нд, 05:01 минутанд

эмүүжин бол энэ цаг үеийн хамгийн гэгээлэг манлайлагч эмэгтэйчүүдийн нэг мөөн тэр хүүхэд хэнийх байх нь угаасаа хамаагүй зарим нэг чалчиг далчиг эрчүүд үүнийг хөндөхө боливол таарна сайн ч сайхан ч хүүхэн мөнөөсөө мөн ,эмүүжинг би танихгүй ч хийсэн ажил хэлж байгаа үгээр нь таних болсоны хувьд хэлж байна. эмүүжин дүүд амжилт хүсье .

sara [ 61.50.96.118 ] 12-р сарын 10 -нд, 04:44 минутанд

unen heljee.nadad bas taalagddag

Jalair [ 108.92.148.34 ]      |     12-р сарын 04 -нд, 03:53 минутанд

Emegtei hunii uhaan hetiideheer er huniig uuntugluh n ih baidag.Gesen hirnee diilenhi n aaviigaa sainaar dursdag.teheer er huniig golj shileh n utgagui yum shig.Emegtei huniig teneg mulguu bai gesendee bish,em hunii baih yostoi gazar,hiih yostoi ajil, heleh yostoi ug n er huniihees arai uur.Arga bileg uur uuriin chanaraa l hadgalj baij humuunii niigem, amidral tegshreh uchirtai biz,Odoo tsagt bol tolgoi n chuluu bolson erchuudiig, bugs n buluu bolson ems udirdaad arga bilig emtersen bna.

mundag [ 82.0.97.141 ] 12-р сарын 04 -нд, 07:09 минутанд

Estoi goliig ni olj hellee!

йиу [ 202.9.42.15 ]      |     12-р сарын 04 -нд, 03:29 минутанд

Умард гэдэг чинь зураач Дамбын Одгэрэлийн хүүхэд шүү дээ

зочин [ 66.181.161.36 ] 12-р сарын 04 -нд, 05:51 минутанд

Тийм бол сайн л байна.Мундаг зураачийн л удам бна ш дээ

санаа [ 202.179.26.182 ] 12-р сарын 04 -нд, 07:16 минутанд

кк дүүпүү гаршдээ одгэрэл

ё [ 202.72.245.122 ]      |     12-р сарын 04 -нд, 03:28 минутанд

Эмэгтйэ хүний амьдрах урлагийн нэг хэсэг бол зөв гэнийг авч үлдэх.

УУЛ [ 203.169.48.146 ]      |     12-р сарын 04 -нд, 03:27 минутанд

Тиймээс яг энэ цаг үеэ дагасан хувьслын хуулиар одоо шинэ үеийг төлөвшүүлэх шаардлага бидэнд ирээд байна.

УУЛ [ 203.169.48.146 ]      |     12-р сарын 04 -нд, 03:27 минутанд

Тиймээс яг энэ уаг үеэ дагасан хувьслын хуулиар одоо шинэ үеийг төлөвшүүлэх шаардлага бидэнд ирээд байна.

зочин [ 112.72.11.122 ]      |     12-р сарын 04 -нд, 03:26 минутанд

Мундаг ухаалаг эмэгтэй энэ хүнээс жишээ авмаар юм ухаан муутай олон эр хүнийг нийлүүлснээс ч илүү юм даа төр засгийн томчууд мөнгөтэй хүмүүс даанч уншихгүй байх даа Эмүжинд амжилт хүсье өөрийнхөөрөө байх нь аз жаргал шүү дээ

ээ [ 202.9.42.15 ]      |     12-р сарын 04 -нд, 03:21 минутанд

талийгаач Балдоржтой явалддаг байж билээ

и [ 27.123.212.141 ] 12-р сарын 04 -нд, 05:13 минутанд

балдорж чинь алуурчин байсан

Unshigch [ 66.181.185.169 ] 12-р сарын 04 -нд, 05:59 минутанд

Bgaagaaraa bgan bushuu. Yund hemleed bdiin bee

зочин [ 202.9.41.18 ]      |     12-р сарын 04 -нд, 03:01 минутанд

Эмүжин ухаалаг эмэгтэй. Ажлын амжилт хүсье.

Бүтэн уншигч [ 202.9.43.91 ]      |     12-р сарын 04 -нд, 03:00 минутанд

Үнэн үгтэй ухаалаг бүсгүй.Баярлалаа. Цаг үеэ дагаж намирахгүй өөрийнхөө үзэл бодлыг хэнээс ч хараат бус илэрхийлж чаддаг нийтлэлүүдийг чинь үргэлж уншдаг.Санаж буй бол зуслан дээр нуруугаа үүрээд алхчихдаг байсан Баска ах нь байнөө.

зочин [ 150.129.142.252 ]      |     12-р сарын 04 -нд, 02:46 минутанд

Яг үнэн юм бичжээ. Өнөөдөр ийм л болсон. Та нар боддоо 60 гарсан авгай нөхрийнхөө дэргэд 30 гаруйхан настай залууд сээтэн хаяад сууж байхыг би мэдэх л юм байна.

2 [ 103.87.255.42 ]      |     12-р сарын 04 -нд, 02:34 минутанд

2 ХҮҮҮХЭД ЧИНЬ 2 ӨӨР ЭЦЭГТЭЙ ЮМ УУ, ЭЦГҮҮДИЙГ НЬ ТАНИЛЦУУЛААЧ

Zochin [ 202.9.43.91 ] 12-р сарын 04 -нд, 03:19 минутанд

Чи эхлээд өөрийнхөө эцгийг ээжээсээ асуу.ямар муухай санаатай хар энергитэй новш вэ.юмыг гэгээлэг талаас нь хар амьдрал чинь сайхан болно

зочин [ 202.9.41.233 ] 12-р сарын 04 -нд, 03:48 минутанд

ямахр муухай хүн бэ ингэж асуудаг.Хүний хувийн амьдрал чамд ямар хамаатайн. Эхлээд энэ хүний юу гэж бичсэнийг уншаач.

k [ 202.9.40.130 ] 12-р сарын 04 -нд, 04:56 минутанд

Heregt durtai usan tolgoi vee.hvnii amidral uur b.dag

с [ 27.123.212.141 ] 12-р сарын 04 -нд, 05:17 минутанд

их уурлаад байхыг бодоход олон хүнтэй явалдаж байгаад хэн нь хэнийх нь вэ гэдгийг сайн мэддэгүй юм байна лдаа

irgen [ 202.179.26.189 ]      |     12-р сарын 04 -нд, 02:31 минутанд

bodit baidald oir bna daa

irgen [ 202.179.26.189 ]      |     12-р сарын 04 -нд, 02:31 минутанд

bodit baidald oir bna daa

зочин [ 202.9.41.233 ]      |     12-р сарын 04 -нд, 02:19 минутанд

хүндэлж явдаг зохиолч минь өнөөдрийн нийгмийг үнэн зөв хэлжээ

U [ 103.229.122.231 ]      |     12-р сарын 04 -нд, 02:14 минутанд

sexdiye