Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ мартсан нийслэлийн төсөв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Нийслэл Улаанбаатар хотын төсөв батлагдлаа.  2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна.

Төсвийн урсгал зардлын талаар мэдээллэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ шоовдорлосон  гэмээр төсөв болжээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн байдаг. Тэдэнд тусдаа зориулагдсан  хууль байгаа. Гэвч төр хангалттай хэмжээнд анхаарахгүй байх шиг. Тэднээс 46 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд. 54 мянган төрийн болон төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ажилд авах хуулиар хүлээсэн үүрэгтэй боловч 1442 иргэнийг ажлын байртай болгосон нь чамлалттай тоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь хувийн бизнес эрхэлдэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан өрөө тохижуулсан бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 10 дугаар цогцолборын  ажилд нийслэлийн мөнгө төсөвлөөгүй үлдээжээ. Хотын дарга С.Батболд төсвийн тодотголоор асуудлыг шийдэх боломжтой гэсэн. Замын тэмдэг, тэмдэглэгээ сайжруулахад хоёр тэрбум, урамшуулал зэрэгт 1.1 тэрбум төгрөг төсөвлөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орхигдуулжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top