“Гоо сарнай”-н эзэд тодорлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

 Нийслэлийн манлайлагч есөн бүсгүйг өргөмжлөх “Гоо сарнай 2017” хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос тав дахь удаагаа зохион байгуулж буй уг үйл ажиллагаагаар салбар бүрт манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулж, Гоо элчээр зарладаг уламжлалтай.

Эмэгтэй хүний язгуур чанар хүчирхэг. Тэр утгаараа улс орон, нийгэмдээ өөрийн гэсэн хувь нэмэр, үнэт зүйлээ буй болгож ирсэн бахдам түүхтэй. Тэр л түүхийн түүчээ болж, Монголынхоо нийгэмд үлгэр дууриалыг үзүүлж, үнэлэм сайхан амжилтыг гаргаж яваа бүсгүйчүүдээ тодруулан өргөмжлөх нь "Гоо сарнай"-н гол зорилго юм.

Ингээд эрхэмсэг бүсгүйчүүдээ өндөрт өргөж, үйлс хэргийг нь өргөмжилж явдаг Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Нийслэлийн нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарч ажилладаг. Би УИХ-ын гишүүн, Нийслэлийн нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, эх хүнийхээ хувьд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд хяналт тавихын тулд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг маань олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, хүүхдийг хамгаалалд төдийлөн хөрөнгө төсөвлөж чаддаггүй байсан. Тэгвэл анх удаа хүүхдийн хамгааллын чиглэлээр 5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж чадсан. Энэ нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт олон чухал ач холбогдолтой ажлыг хийх болно. Цаашдаа зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй Монгол Улсын хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна. Эмэгтэйчүүд маань ч “Гоо сарнай тэмцээнд оролцох хүсэлтэй болсон байна. Өнөөдөр есөн номинацад шалгарсан эмэгтэйчүүдээрээ бахархаж байна” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр Нийслэлийн НАМЭХ Дэд тэргүүн Б.Баярцэцэгийн сэтгэгдлийг сонслоо.  "Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн манлайлагч, үлгэр дуурайлал болсон эмэгтэйчүүдийг өргөмжлөх, эрч хүч, тэмүүлэлийг бий болгох  #ГОО_САРНАЙ_2017 ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маань 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг байгаа. Энэ удаа бид салбар бүрийн ажил үйлсээрээ манлайлагч 9 гоо элч, мөн 9 дүүргийн эмэгтэйчүүдийн холбооноос хамгийн шилдэг ажилласан дүүргээ шалгаруулж бүсгүйчүүлдээ урам өгч мөн хамтдаа 2017 оноо үдэж байна.
Гоо элч нар маань нийгмийн эeрэг өөрчлөлтийн төлөөх дуу хоолой болж хамтарч ажиллах юм. Бид 2018-2019 онуудад эмэгтэйчүүдийн манлайлал, хүүхдийн эрх, хүчирхийлэл, Эх хүүхэд-тогтвортой гэр бүл, Ногоон Улаанбаатар гэсэн олон сэдвээр төсөл хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна" гэлээ.

 

Нийслэлийн нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдйин холбооны тэргүүлэгч Б.Даваасүрэн “Нийслэлийн нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдйин холбооны гол зорилго бол нийгэмд эмэгтэйчүүдйин манлайлах чадварыг дээшлүүлэхэд чиглэгддэг.  Энэ ажлынхаа хүрээнд “Гоо сарнай” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Бид энэхүү арга хэмжээгээр нийгэмд хувь нэмрээ оруулсан, манлайлагч эмэгтэйчүүдээ алдаршуулдаг. Улмаар тэднийхээ ажлыг дэмжихийг хичээдэг. Энэ жилийн хувьд есөн номинацад Гоо элч нарыг тодруулж байна” гэлээ.

Нийслэлийн есөн "Гоо элч"

1. Боловсролын салбарын манлайлагч гоо элчээр “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Ч.Цэцгээ тодорсон юм.

2. Соёл урлагийн салбарын манлайлагч гоо элчээр ДЭКО төслийн санаачлагч Поп дива С.Наран.

3. Хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч гоо элчээр “Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Маамуу” брэндийн ерөнхий продюсер Г.Гантуяа

4. Хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч гоо элчээр “Палома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Байгаль.

5. Урлахуйн салбарын манлайлагч гоо элчээр Үндэсний хувцасны “Силк капитал” урланг үүсгэн байгуулагч Н.Ариунбилэг.

6.Бизнесийн салбарын манлайлагч гоо элчээр “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг.

7. Эко салбарын манлайлагч гоо элчээр НҮБ-ын REDD+ ойжуулалтын хөтөлбөрийн 2017 оны элч төлөөлөгч, Дэлхийн мисс-2016 тэмцээний  шилдэг    11 оролцогчийн нэг А.Баярцэцэг.

   8. Биеийн тамир, спортын салбарын манлайлагч гоо элчээр шатрын Олон улсын хэмжээний мастер, 2016 оны "Ази тивийн аварга" Ү.Үүрийнтуяа хамгийн залуу гоо элчээр тодорсон юм.

9. Эрүүл мэндийн салбарын манлайлагч гоо элчээр Монгол Улсын гавьяат эмч, профессор, дэлхийн топ 5 мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн. Түүний хувьд хүндэтгэх шалтгааны улмаас үйл ажиллагаанд ирээгүй бөгөөд шагналыг нь түүний төлөөлөл ирж авсан юм.

 

 

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

 

 

 

 









Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зиндаагийнханд(202.9.43.93) 2018 оны 01 сарын 03

Сайхан арга хэмжээ, олон аниргүй ажилсаг бүсгүйчүүдэд урам хайрладаг шүү.

0  |  0
Top